| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0277/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/255 |
| Огноо | 2017-09-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Э.Сумъяажав
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч Ч.Б-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-т холбогдох эрүүгийн 1738000290047 тоот хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ч.Б-,
Шүүгдэгч Ч.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд бөгийн нутгаас иргэн Н.Ч-ийн 1 тооны хээр алаг үрээг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Ч.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутгаас иргэн Н.Ч-ийн 1 тооны хээр алаг үрээг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Ч-ийн: 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр манайх нүүдэл хийж явахдаа адуунаас хээр алаг зүсмийн тамгагүй, зөв талын чихэндээ ганзага имтэй соёолон үрээ алдсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Өвгөд багийн дарга С-той утсаар ярьж багийн төвийн ар талд танай хээр алаг үрээг нядалсан байна гэхээр нь би газар дээр нь очиж үзэхэд мөн байсан. Толгой шийрийг нь хаяад явсан байсан. Би Ч.Б-тай наймаа хийж тохирсон зүйл байхгүй. Ч.Б- нь би тантай наймаа хийгээ биздээ гээд гөрдөөд байгаа юм. ...Аав нь миний хохиролд 10 ишигтэй ямаа, 10 төлгөн хонь өгсөн. Ишигтэй ямаа нэгийг нь 50.000 төгрөгөөр, төлгөн хонио нэгийг нь 50.000 төгрөгөөр бодож өгсөн. Хохирлоо барагдуулсан болохоор одоо надад гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,
Гэрч Б.Б-н: 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хашхүү гаднаас орж ирээд Ч.Б- 3 залуугийн хамт пиво уугаад сууж байна. Одоо дагаж очоод нэг адуу авбал ав гэсэн. 500.000 төгрөгний өрөндөө өгч байгаа юм гэсэн. Бөөнөөрөө яваад адууг авъя гээд манай нөхөр Д-, Х-, Д- бид нар Ч.Б-ыг дагаад Өвгөд багийн төв рүү явсан. Ч.Б- Х-тэй явж адуу авч ирээд багийн төвийн арын хашаан дээр хашиж байгаад 4 хөл шийр цагаан морь барьж аваад бид нар наад талын жалганд нядалж Д- бид 2 гэдсийг нь арилгасан. Манай адуу нүүдлээр явалгүй үлдсэн эмнэг юм гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Гэрч П.И-н: Намайг пивонд явсан хойгуур хөрөө рамны Х- тэр 2 дээр ирээд Ч.Б-аас өрөндөө адуу авахаар болсон гэж тэр 2 ярьсан. Ч.Б- ах надад ах нь Н.Ч-т ахаас нэг морь авсан, оронд нь нэг морь өгсөн. Намар хонь өгөхөөр болсон байгаа. Тэр морь нь Өвгөдийн багийн төвийн урд байгаа тэр морийг аваад Хашаад гаргаж өгчихье гэж хэлсэн. Би ч таны морь юм бол тэгье гэсэн. Тэгээд бид 3 пивоо ууж дуусаад Х-д очоод явах болсон. Багийн төвийн хойд талд байдаг хашаан дээр нөгөө хээр алаг морийг Х-а ах , Ч.Б- 2 мотоциклоор хөөж авч ирж бид нар хашаанд хашиж байгаад Ч.Б- ах барьж авсан. Тэгээд хашааны урд талын хонхорт хээр алаг морио нядалсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Гэрч Б.Д-н: Тэгээд манай нөхөр бид 2 Д-, Б- нарыг аваад Ч.Б-ыг машиндаа суулгаад манай машинаар Өвгөд баг руу явсан. Өвгөдийн багийн төвийн тэнд очиход адуу харагдахгүй байсан. Ч.Б- би олоод ирье гээд манай нөхөртэй хамт яваад 3 адуу тууж ирсэн. Бид нар харж байгаад 4 шийр нь цагаан сүүлний дээд хэсэг нь цагаан нэг адууг авъя гэсэн. Багийн төвийн ар талын адууны хашаан дээр хашиж байгаад барьж аваад наад талын хонхорт нь нядалсан. Б- бид 2 гэдсийг нь цэвэрлэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Гэрч Б.Д-, Д.П-, Ж.Ч- нарын мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 24-р тал/
Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Анх Н.Ч-т бид хоёр наймаа хийсэн юм. Сүүлдээ Н.Ч-т нь бид хоёрын хооронд наймаа хийсэн зүйлгүй гэж яриад байгаа юм. Би оронд нь алаг морь өгсөн байсан. Дараа нь алаг морь авахгүй гээд буцааж өгөхөөр нь хонь, ямаа өгсөн юм...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ:
Иймд шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 33-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1738000290047 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Б-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР