Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1056

 

 

 

 

 

    2021            12            16                                       2021/ДШМ/1056   

 

Ц.Д-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Отгонбаатарын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Д-ид холбогдох эрүүгийн 2109000000306 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д-,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 9 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 3 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 4 сар 2 хоногийн хорих ял болгон дүйцүүлж, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

Шүүгдэгч Ц.Д- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “намайг гэрээс гаргахгүй зодоод байна” гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2-187 тоотод ирсэн Сүхбаатар дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер Б.Д-ын шаардлагыг эсэргүүцэн эрүүлжүүлэх байр луу хүргэхээр тээврийн хэрэгсэлд суулгах явцад “хүчээр машинд суулгах гэлээ” гэж эсэргүүцэн дүрэмт хувцаснаас нь татах, чангаах, нулимах, хөлөөрөө жийх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, цагдаагийн албаны “Renault Duster” загварын 14-37 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын цонхыг хөлөөрөө жийж хагалан 649.900 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 38-449 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Ц-тай “ажил дээрээ байсангүй, гэр орондоо ирсэнгүй, хуурай хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цэвээндоржийн Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц. Д-ийг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 490 /дөрвөн зуун ер/ цагийн хугацаагаар тогтоож, түүний цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 490 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж эдлэх ялыг 154 /нэг зуун тавин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д-оос 649.900 /зургаан зуун дөчин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст олгож, хохирогч Д.Ц- нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Д-ид холбогдох хэргээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү үзэхдээ “...Харин шүүгдэгч Ц.Д-ийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр... дуудлагын дагуу очсон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер Б.Д-ыг “хүчээр машинд суулгах гэлээ гэж үг хэллэгээр” эсэргүүцэх, дүрэмт хувцаснаас нь татах, чангаах, нулимах, хөлөөрөө жийх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэж үзэж... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдол нь хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Д-ийн дээрх үйлдэлд “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох гэмт үйлдэл түүний улмаас бий болсон хор уршиг тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна” гэж шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд тухайн нотлох баримтыг няцаан үгүйсгэж байгаа ямар баримт, хууль зүйн үндэслэл байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс хийгээгүй байна. Тухайлбал хавтас хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Д-ын “... 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Бэлх-113 чиглэлд Сүхбаатар дүүргийн 13-14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бэлх-10-аас 11 цаг 48 минутанд 99613331 гэсэн дугаарын утаснаас хамтран амьдрагч ажил дээр агсам тавиад байна гэх дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 2-187 тоотод очиход мужааны газар байсан... Тэгээд Ц.Д- гэгчийг жолооч цагдаа М.Ганбаярын хамт машинд сууж бай үлдээсэн... гарч иртэл манай жолооч зөрчил гаргасан этгээдийг машинд суулгах гэсэн чинь машинд суухгүй гэж хэл амаар доромжлоод хувцас хунараас зулгааж, хууль ёсны тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан тул машин руу хоёр талаас нь өргөөд хүчээр суулгасан. Тэгээд би өөрөө хажууд нь гавтай гарыг нь бариад суусан. Нөгөө нөхөр орилж чарлаад намайг буулга гэж орилоод учир зүггүй албаны машины жолоочийн эсрэг талын хойд хаалга руу хөлөөрөө өшиглөж байгаад баруун талын хойд цонхыг хагалсан... миний өөдөөс харааж нулимсан... цагдаагийн машинд суухыг шаардсан шаардлагыг үл биелүүлж машинд суухгүй гэж эсэргүүцсэн. ...” гэх мэдүүлэг /хх 26-27, 29/,

хууль ёсны төлөөлөгч А.Батзоригийн “...“Renault Duster” загварын 14-37 УАМ улсын дугаартай машины цонхыг дуудлаганд явж байгаад хагалуулсан талаар хэлж байсан. ..." гэх мэдүүлэг /хх- 33/,

гэрч М.Ганбаярын “...дэслэгч Э.Д-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан юм. Бэлх-10-аас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 2-187 тоотод нөхөр ажил дээр ирээд агсам тавиад байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч 10 минутын дараа очиж шалгахад... Ц.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тавьсан хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байхаар нь Ц.Д-ийг тээврийн хэрэгсэлд суулган авч явах гэтэл хойд сандал дээр хэвтээд хөлөөрөө жолоочийн арын цонхыг хагалсан... хантааз бохир болгосон. ...” гэх мэдүүлэг /хх 35-37/,

гэрч Б.Байгалмаагийн “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ц- цагдаа дуудаад өгөөч гээд миний утсаар өөрөө цагдаа дуудсан, нөхөр нь өмнө 2-3 удаа манай ажил дээр согтуу ирээд ноцолдоод явж байсан юм. Цагдаа нэлээн удаж байгаад ирж над руу залгахаар нь дагуулж очсон... нэг цагдаа нь нөхрийг нь аваад нөгөө цагдаа нь Ц- бид хоёрыг дээшээ аваад гарсан... цагдаа байхад ална гээд орилоод байсан. ...” гэх мэдүүлэг/хх-74-75/, “Дамно” ХХК-ийн 2020 онд “Моннис моторс” компани оруулж ирсэн Ренаулт Дастер маркийн автомашины хойд талын шилийг 649.900 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43-44/ зэрэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Сүхбаатар дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер Б.Д-, М.Ганбаяр нар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2-187 тоотод очиж шалгах явцад Ц.Д- нь “хүчээр машинд суулгах гэлээ гэх үл хэллэг”-ээр эсэргүүцэх, дүрэмт хувцаснаас нь татах, чангаах, нулимах, хөлөөрөө жийх зэргээр эсэргүүцсэн үйлдлээр үйл баримт нь бүрэн тогтоогдсон. Түүнчлэн энэхүү үйлдэл Ц.Д-ийн “Renault Duster” загварын 14-37 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын цонх, шилийг хөлөөрөө жийж хагалж гэмтээсэн үйлдлээр давхар нотлогдон тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, хууль сахиулагчид тухайн эсэргүүцэгчийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаагүй, хуульд заасан албан үүргээ гүйцэтгэх, хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан аливаа үйлдэл, үг хэллэгээр эсэргүүцэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохоор байна. Дээрх үйл баримт болон хэрэгт цугларсан прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нотлох баримтуудаар Ц.Д-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байтал, шүүх “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох гэмт үйлдэл түүний улмаас бий болсон хор уршиг, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Мөн хавтаст хэрэгт авагдаж, улсын яллагчийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт, түүний ач холбогдол бүхий хэсгийг хэрхэн үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон талаараа дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Д-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх Ц.Д-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2-187 тоотод дуудлагаар очсон Сүхбаатар дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер Б.Д-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийг эрүүлжүүлэх байр луу хүргэхээр тээврийн хэрэгсэлд суулгах явцад “хүчээр машинд суулгах гэлээ” гэж эсэргүүцэн дүрэмт хувцаснаас нь татах, чангаах, нулимах, хөлөөрөө жийх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн  үйлдлийг “...хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох гэмт үйлдэл, түүний улмаас бий болсон хор уршиг, тэдгээрийн шалгаант холбоо тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэн, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо яллах талын нотлох баримтууд ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн, няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн дүгнэлт тодорхойгүй болсон байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгдэгч Ц.Д- нь хамтран амьдрагч Д.Ц-гийн ажил дээр очиж хэрүүл маргаан үүсгэн, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэн, автомашинд суулгах үед цонхыг нь хөлөөрөө өшиглөж хагалсан үйлдлүүдийг анхан шатны шүүхээс хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн атлаа “...хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох гэмт үйлдэл, түүний улмаас бий болсон хор уршиг, тэдгээрийн шалгаант холбоо тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Тодруулбал, уг гэмт хэргийн объектив тал нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхитэй үйлдэл бөгөөд хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байхад үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаанд холбоотой байх ёстой мэтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, М.Д-ид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Үүнээс  гадна анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй, 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /хх 143/ тамга дарж ёсчлоогүйгээс гадна шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн талаар бичээгүй зэрэг алдааг анхааруулан тэмдэглэж байна.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүртэл Ц.Д-ид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Д-ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН