Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г /РД:/,                                           

Хариуцагч: Сад холбогдох сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, тушаалын дагуу 3 сарын хугацаанд албан тушаалын цалингаас суутгасан мөнгийг буцаан гаргуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл, нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Б.Г нь тус шүүхэд хандан Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/ дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тушаалын дагуу 3 сарын хугацаанд суутгаж байсан албан тушаалын цалингийн 20 хувиар суутгасан 296 017 төгрөг, докторын нэмэгдэл 10 хувь, төрийн алба хаасны нэмэгдэл 20 хувийг тус тус тооцон сар бүр суутган, уг суутгаснаас хамаарах нийт 1 154 466 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/ дүгээр тушаал хууль бус болохыг тогтоох, сахилгын шийтгэл оногдуулснаас учирсан гэм хорын хохирол 2 177 657 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.Г нь Сын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот тушаалаар Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн даргаар 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс түр томилогдон ажилласан.[1]

2.2. Улмаар тус яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны жагсаалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/36 тоот тушаалаар Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн даргаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан.[2]

2.3. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан үүргээ хугацаандаа биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэх үндэслэл байх тул сахилгын шийтгэл оногдуулах тушаал гарах болсон талаар сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдсэн.[3]

2.4. Үүний дараа Сын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/53 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох ажлын хэсэг байгуулагдсан.[4]

2.5. Уг ажлын хэсгээс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шалгалтын тэмдэглэлийн дүгнэлт хэсэгт ...Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гт 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Шуурхай хурлын тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Шуурхай хурлын тэмдэглэл, мөн ажлын цаг ашиглалтын мэдээг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.[5]

2.6. Үүний дагуу маргаж буй Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/ дугаартай Б.Гт сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарсан.[6]

2.7. Тус тушаалын 1-д ... Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гт албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа, хугацаанд нь биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүйг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ... Балжирсүрэнгийн Г миний бие С,,рын Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн даргаар 2020 оны 01 дүгээр сараас ажиллаж байна. Сын "Ажлын хэсэг байгуулах тухай" 2022 оны 07 сарын 29-ний өдрийн А/53 дугаар тушаал болон 2022 оны 09 сарын 05-ны өдрийн "Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалууд нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль журмуудад огт нийцэхгүй. Хэрэв шалгалтаар албан хаагчид шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон хэмээн үзвэл уг үндэслэл, холбогдох материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцуулах, тайлбар гаргах боломжоор хангахгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2021 оны эхний хагас жилийн үнэлгээний хуудас, 2021 оны А/198 тоот болон 2022 оны 11 сарын 28-ны өдрийн А/121 тоот тушаалуудаар ажлаа үнэлүүлсэн болно. Энэ тухай Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 01/2389 тоотоор хариу ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ авахгүй намайг хохироосоор байна... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс ... Б.Гт Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Тус сахилгын шийтгэлийг Сын 2021 оны А/16 дугаар тушаалаар баталсан "Соёлын яамны хөдөлмөрийн дотоод журам"-ын 4.2.10-т заасан "эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай хандаж, мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажилд ирэх, явах цагаа бүртгүүлж, ажлын цагийг чанд баримталж, үр бүтээлтэй ажиллах" гэсэн заалтыг Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Г зөрчиж, ажлын цагаа баримталдаггүй, бүртгүүлдэггүй, үр бүтээлтэй ашигладаггүй, гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл үйлддэггүй бөгөөд түүний 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажлын цаг ашиглалт 67.47 хувьтай байсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т зааснаар төрийн албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэж заасан. Б.Г нь удирдлагаас буюу С болон Төрийн нарийн бичгийн даргын хууль ёсны үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурлын тэмдэглэл, түүний биелэлтээс харагдана. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг нэгтгэн тайлбар, мэдээлэл өгвөл "Цахим соёл" арга хэмжээг танилцуулах, хэрэгжүүлэх үүрэг даалгавар 2021 онд өгөгдсөн боловч тус арга хэмжээ одоог хүртэл бүрэн хэрэгжээгүй, төлөвлөгөөт хугацаанаас хоцрогдолтой байна. Үүнээс үүдэлтэйгээр иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Соёл урлагийн газрууд вэб сайтгүйгээс иргэд соёлын салбарын мэдээ мэдээллийг цахимаар авах боломжгүй, Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байгаа нь Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтийн даргын албан үүргээ чанаргүй, хугацаанд нь гүйцэтгэдэггүйтэй шууд хамааралтай ба энэ нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт муу, хангалтгүй үнэлгээ авахад нөлөөлсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Соёлын яамны тусгай зөвшөөрлүүдийг e-mongolia цахим системд оруулах ажлыг удирдлагын өгсөн үүрэг даалгаврын хугацаанд биелүүлээгүй, удаашруулсан, хоцроосон, оруулаагүй. Харилцагч байгууллага болох І******* компанитай байгуулсан гэрээний агуу гэрээт ажлаа хэвийн явуулах гэхэд хүндрэл гарч харилцагч байгууллагаас манай яамнаас шалтгаалан хийгдэх ажлыг жагсаасан 6 удаагийн албан бичиг хүргүүлсэн, 1 албан бичигт огт хариу өгөөгүй алдаа, дутагдал гаргаж байсан. Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтэс тус ажлуудыг хариуцан, цаг хугацаанд нь хийх ёстой байсан боловч гэрээ сунгагдаж, төлөвлөгөөт ажил удааширсан. Яамны албан хаагчдын суурин компьютероос фейсбүүкт нэвтрэхгүй байх хязгаарлалтыг 2022.06.01-ний өдрийн дотор хийх үүрэг даалгаврыг өгсөн боловч 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар албан хаагчид албаны суурин компьютероос фейсбүүкт нэвтэрч байсан. ERP цахим системийн талаар яамны албан хаагчдад сургалт хийгээгүй, систем ашиглалт хангалтгүй байгаа гэх мэт албан үүргээ хангалтгүй билүүлсэн, алдаа дутагдал гаргасан байдаг. Дээрхээс харахад удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэггүй нь харагдаж байна. Иймд Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн харьяалах дээд нэгж болох Стратеги,рын даргаар ахлуулсан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох Ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж цугласан нотлох баримт, материалд үндэслэн Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн даргаар түр томилогдсон Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн тул Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр Б.Гт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/ тоот тушаал хууль бус болохыг тогтоолгож, сахилгын шийтгэл оногдуулснаас учирсан гэм хорын хохирол 2.086.917 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Сахилгын шийтгэл оногдуулсан Б/ тушаал нь хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзсэний тухайд:

Хариуцлага тооцохдоо ажлын цаг ашиглалт, ажлын гүйцэтгэлийг үнэлсэн. Ажлын цаг ашиглалтыг тооцохдоо цаг ашиглалтын тайланг харгалзаж үзсэн. 56 албан хаагч бүртгүүлснээс 18-д миний нэр байгаа. Огт бүртгүүлээгүй 9, 1-3 өдөр бүртгүүлсэн 3, 50 хувийн бүртгэлтэй 10 албан хаагч бий. Ийм үзүүлэлттэй бүртгэгдсэн байхад зөвхөн надад сахилгын шийтгэл тусгайлан оногдуулсан. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн цаг ашиглалтын тайланд намайг 67.47 хувийн бүртгэлтэй байхад надаас доор хувийн үзүүлэлттэй хүнд яагаад шийтгэл оногдуулахгүй байгаа нь тэгш бус ялгаварласан үйлдэл гэж үзэж байна .

Ажлын гүйцэтгэлийн тухайд:

1 дүгээр хавтаст хэргийн 29-36 дугаар талд байгаа мэдэгдэл хүргүүлэх тухай, сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, захиргааны шийдвэрийн хяналтын дагалдах хуудас, сайдад илтгэх хуудас, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын тодруулгуудаас харахад удаа дараа гэсэн шинж байдал тогтоогдохгүй байна. Сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учруулсан хохиролд тохирсон байх ёстой. Гэтэл зөрчлийн шинж нь юу болох, ямар хохирол учруулсан зэрэг нь тодорхойгүй байна. Сахилгын шийтгэл үе шаттай ногдуулах гэсэн хуулийн заалт байдаг. Тодруулбал Төрийн албан хаагчийн 48 дугаар зүйлийн 48.1.1 өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, 48.1.2.нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах; 48.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 48.1.4.төрийн албанаас халах; 48.1.5.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах; гэж тус тус заасан байхад надад цалингийн хэмжээг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулсан байдаг. Цаг ашиглалт муу гэдэгтэй санал нийлэхгүй байна. Ямар нэгэн байдлаар улсын ажлыг цалгардуулж, таслаагүй.

Ц*******тай уулзалт хийх, эдийн засгийн форум зохион байгуулах зэрэг ажлаар гадагш гарч байсан. Нийтийн хурлаар намайг цаг ашиглалт муу, 18 дугаарт жагссан байна гэж хэлэх боломжтой байсан. Ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан бол холбоо хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж тушаал гаргах ёстой байсан. Хэрэгт нотлох баримтаар ирсэн баримтуудыг надад огт танилцуулаагүй. 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан хэсэгт үүрэг даалгаврын тоо 37, үнэлгээний дундаж хувь 44.3 хэрэгжилт хангалтгүй гэсэн нь хэрхэн тооцоолж байгаа нь тодорхойгүй байна. Албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй хийгдсэн ажлууд олон байсан. 1, 2 дугаар улирлын ажлыг үнэлж надад 60 хувийн урамшуулал олгосон.Төрийн нарийн бичгийн даргын үүрэг даалгаврын биелэлтийг 95 хувь гэж дүгнэсэн. Энэ нь ажлын гүйцэтгэл муу гэж үнэлэх үзүүлэлт биш гэж үзэж байна.

Хууль зүйн үндэслэлтэй байх тухайд:

Төрийн нарийн бичгийн дарга С.О нь төрийн албан хаагчийн шаардлага хангахгүй бөгөөд хууль дүрэм журам зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 27 дугаар зүйлийн 27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан байдаг. Цаг ашиглалтын тухайд 17 дугаарт байхад шийтгэл оногдуулсан нь ялгамжтай ялгаварласан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харахад захиргааны актыг үйлдэхэд захиргааны бодит нөхцөл байдалд тохироогүй, эргэлзээтэй байна.

Захиргааны шийдвэр ил тод байх тухайд:

Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг баримтлахдаа байгууллагын дотоод журам, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 3236 дугаар тушаал зэргийг харгалзах ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд гомдол мэдээлэл ирснээс хойш 3 хоногийн дотор холбогдогчоос бичгээр тайлбар авна гэж заасан байдаг. Надад холбогдуулан хэнээс гомдол мэдээлэл ирсэн болохыг танилцуулаагүй. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд А******* ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн үл ойлголцол болсон агуулга бүхий албан бичгээс болж надад мэдэгдэл өгч 3 хоногийн дотор тайлбар авсан юм болов уу? гэж бодож байна. А******* ХК нь Төрийн нарийн бичгийн даргын хамаарал бүхий компани. Дуусаагүй ажлыг хүлээж ав гэж шаардаж байсан учраас И Монгол академид мэргэжлийн хүний үүднээс албан бичгээр хандаж зөвлөмж авсан. Зөрчлийг шалгах хугацаа нь 14 хоног байна. Зайлшгүй сунгах шаардлагатай гэж үзвэл 14 хоногоор нэмж сунгаж болно гэж журамд заасан байдаг. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр надад мэдэгдэж 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буюу 3 сарын дараа ажлын хэсэг томилсон тушаалыг надад танилцуулсан. Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах ажлын хэсэг байгуулах тухай тушаал 07 дугаар сарын 29-ний өдөр гарсан байсан.

Мэдээ, мэдээлэл цуглуулах хохирлын хэмжээг тогтоох баримт материалд дүн шинжилгээ хийж сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Ажлын хэсгийн ажилласан хугацаа 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, хуралдсан хугацаа нь 31-ний өдөр гээд алдаатай баримтуудыг үйлдсэн. Гүйцэтгэлийн үнэлгээг 30 хувиар дүгнэсэн материал хэрэгт байсан. н.Үжин гэх хүнтэй би хамт ажиллаж байгаагүй. Сахилгын шийтгэл оногдуулсны дараа шүүхээс баримт шаардахад нөхөн бүрдүүлсэн байх магадлалтай. Сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дүгнэлт гаргаж томилсон албан тушаалтан танилцуулна гэж заасан байдаг. Гэтэл энэ талаар надад огт танилцуулаагүй. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэх хуудас надад өгсөн. Тэр өдөр буюу 25-ны өдөр нь хариу тайлбар өгсөн байхад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан.

Шалгуулагчид холбогдох материалыг урьдчилан танилцуулж гарын үсэг зуруулж тайлбар гаргах, тэмдэглэл хийлгэх ажиллагаа огт хийгдээгүй. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эрх зүйн акт нь гарсан хэдий ч ямар нэг тэмдэглэл байхгүй. Тэмдэглэлийг 1 хувийг надад өгөөгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ гэж заасан байхад хүргүүлээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 3236 дугаар тушаалыг удирдлага болгон баримталсан боловч уг тушаалын 6 заалт зөрчигдсөн. Сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандахад хууль бус тушаал байна гэж дүгнэлт ирсэн. Эдгээр үндэслэлүүд нь сахилгын шийтгэл болох маргаан бүхий актыг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзэж байна гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч сахилгын шийтгэлийн үндэслэл холбогдох материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцуулах тайлбар гаргах боломжоор хангахгүйгээр шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг. Тайлбар гаргах хангалттай хугацааг нэхэмжлэгчид олгосон. Энэ талаарх баримт хэрэгт бий. Захиргааны актын хувьд тушаалын 1 дэх хэсгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гийг 3 үндэслэлээр буруутгаж тушаал гаргасан. Нэгдүгээрт албан тушаалын үүргээ биелүүлээгүй. Хоёрдугаарт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа зөрчсөн. Удирдлагаас бичгээр болон аман байдлаар тухай бүр үүрэг даалгавар өгдөг. Нэхэмжлэгчийн тухайд удирдлагаас үүрэг даалгавар өгдөг талаар маргадаггүй. Өгсөн үүрэг даалгаврын хугацаатай холбоотой асуудлын талаар яригддаг. Хугацаандаа үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Гуравдугаарт ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан. Цаг ашиглалтын тайлан системээс гардаг. Нэхэмжлэгч нь нэгжийн дарга нэгжийн ажилчидтайгаа барьцаж тайлбар хэлж байна. Нэгжийн ажилчидтай өөрийгөө харьцуулж болохгүй. Цаг ашиглалтын тайлангийн 17, 18 дугаар байрт жагссан байна гэж нэхэмжлэгч хэллээ. Төрийн албанд цаг ашиглалтын байр эзлүүлдэггүй. Цаг ашиглалтын асуудал яагаад яригдаж байгаа вэ? гэхээр өгсөн үүрэг даалгавар удаа дараа цаг хугацаандаа хэрэгжээгүй учраас цаг ашиглалттай уялдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд цаг ашиглалт маш хангалтгүй байсан. Цаг ашиглалтын тайлангаас үзвэл ажлаас гарсан хүний бүртгэл 0 хувьтай бүртгэгдсэн байгаа. Удирдлага зохион байгуулалтын хувьд дээд албан тушаалтан нь Стратеги,рын дарга юм. Газрын даргын цаг ашиглалт ямар байна вэ? Үнэхээр харьцуулах гэж байгаа бол дээд шатны албан хаагчтай харьцуулсан нь ёс зүйд нийцнэ. Гэхдээ энэ нь хэрэгт ач холбогдолтой зүйл биш. Ийм 3 үндэслэл бүхий үйл баримт нотлогдож байсан учраас үүнийг баримтлан тушаал гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. 5 сард биечлэн уулзалт хийсэн. Сонсох ажиллагааг 1 удаа хийнэ. Нэхэмжлэгч тайлбар өгсөн. Сонсох ажиллагаатай холбоотой тэмдэглэл бий. Дараа нь нэмэлт тайлбар өгсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 29, 30-32 хуудсанд тэмдэглэл, мэдэгдэл бий. 33-34 хуудсанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй талаарх баримт байгаа. 35-39 дүгээр хуудсанд удирдлага буюу Төрийн нарийн бичгийн даргын цохолт хийсэн бичиг бий. Хийгдэх ажлууд гүйцэтгэх хугацаатай бичигддэг. Яаралтай, хурдан ажиллах зэрэг бичилт хийгддэг байсан. Хавтаст хэргийн 51-52 хуудсанд нэхэмжлэгчийн өгсөн нэмэлт тайлбар байгаа. Удирдлагаас үүрэг даалгавар өгдөг гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Харин тэдгээр үүрэг даалгавар хугацаандаа биелэгддэггүй байсан нь тушаалын үндэслэлийн нэгэн хэсэг болсон. н.******* нь хяналт шинжилгээ үнэлгээний даргаар ажиллаагүй. Н.Ч******* гэдэг хүн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Түүний оронд н.******* томилогдсон. Шүүхээс нотлох баримт шаардсан учраас Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн 2022 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газраас өгч байгаа үүрэг даалгаврууд ямар түвшний хэрэгжилттэй байгааг системээс татаж өгсөн. Системээс татаж аваад тайлан хариуцсан хүн болон дээд шатны албан тушаалтан баталгаажуулж гарын үсэг зурсан. н.******* энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч бол нэгжийн дарга. Албан тушаалын зорилгод юу хариуцан ажиллахыг маш тодорхой зааж өгсөн байгаа. Тодруулбал: Соёлын салбарын хэмжээний мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хэвийн үйл ажиллагааг хангах бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, соёлын цахим үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна. Албан тушаалын зорилтын 3 дах зорилтын хүрээний 2 дахь хэсэгт салбарын нэгдсэн тоо, мэдээллийг цуглуулах, хянах, нэгтгэн боловсруулах, мэдээллийн сан үүсгэх, үр дүнг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх гэж заасан байгаа. Энэ нь А******* ХК-тай холбоотой асуудалд хамаарна. 3 дахь хэсэгт салбарын мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах, мэдээлэх, түгээх ажлыг удирдан зохион байгуулах гэж заасан. 4 дүгээр зорилтын хүрээний 1 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах, дүгнүүлэх ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, 2 дахь хэсэгт Яамны удирдлага, бусад нэгжээс шаардсан ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээлэл судалгаа шуурхай, чанартай гаргаж өгөх, мэдээ, мэдээллийг бодит үнэн зөв гаргасан байх, 5 дахь хэсэг Байгууллагын дотоодод мөрдөгдөж буй дүрэм журмын хэрэгжилтийг хангах гэж заасан байдаг. Албан тушаалд шууд харьяалан удирдуулах албан тушаалын тоо тухайн үед 2 байсан. Тэдгээрийн цаг ашиглалт шууд нэхэмжлэгчтэй холбоотой юм.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасан байдаг. Хууль нийцсэн үүрэг даалгаврыг бичгээр болон аман байдлаар өгч байсан. Тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг яамны төлөвлөгөөтэй уялдуулж батлуулдаг. Үүнээс нэгжийн төлөвлөгөөг, нэгжийн төлөвлөгөөнд суурилж тухайн албан хаагчийн төлөвлөгөө батлагддаг. Үүрэг даалгавартай холбоотой асуудлыг заавал гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд гэж ойлгож болохгүй. Соёлын яамны сайд Төрийн нарийн бичгийн даргад үүрэг чиглэл өгдөг. Төрийн нарийн бичгийн дарга нэгжийн дарга нарт тухай бүрд нь үүрэг даалгавар өгдөг. Зөвхөн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заагдсан ажлаас гадна тухай бүр үүрэг даалгавар авч ажилладаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж заасан байдаг. Энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан байдаг.

Зөрчлийн шинж байдлыг хангалттай харгалзаж үзсэн. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасны дагуу арга хэмжээ авсан.

Тухайн байгууллагын удирдлага болох Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал 7 хоног бүр болдог. Энэ хурлаар тухайн албан хаагчийн хийх ажлыг хүснэгт байдлаар гаргаж өгдөг. Биелэлтийг дараагийн 7 хоногт нь дүгнэдэг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж заасан байдаг. Тухайн 7 хоногийн шуурхай хуралд амаар болон бичгийн хэлбэрээр үүрэг даалгавар өгдөг. Хүснэгтэн албан даалгаварт өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авна гэж анхааруулж бичигдсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан хугацааг баримталсан.

Ажлын хэсэгтэй холбоотой тушаалын тухай нэхэмжлэгч тайлбар хэлсэн. Тухайн хүнийг буруутай эсэхийг нотлоход заавал ажлын хэсэг байгуулах шаардлагагүй. 1 дүгээр улиралд Б.Г ажил хийхгүй байна, удаан байна гэж үзсэн учраас сонсох ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийсэн. Нэхэмжлэгч байгууллагын удирдлагад хандсан байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан тушаалд байгууллагын дотоод аудитор эсхүл шууд удирдлага болох нь Стратеги,рын дарга нь зөрчил мөн эсэх, хариуцлага тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Стратеги,рын дарга н.Б******* ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Төрийн нарийн бичгийн дарга н.О*******, Цахим бодлого мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гт ямар үүрэг даалгавар өгсөн, түүний хэрэгжилт, биелэлтийг маш сайн мэдэж байгаа. Ажлын хэсгээр хуралдсан. Тэмдэглэлүүд байгаа.

Соёлын яамны дотоод аудитор н.Л ажлын хэсэгт голчлон ажилласан. Хүснэгтэлж өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийсэн эсэхийг шалгасан. Дээд шатны удирдлага хариуцлага тооцох нь үндэслэлтэй, үндэслэлгүй байна гэсэн 2 шийдвэрийн аль нэгийг л гаргана. Ингээд үндэслэлтэй гэж үзсэн учраас тушаал гарсан. Тэмдэглэлд дурдсан огнооны хувьд техникийн шинжтэй алдаа гаргасан байх. Нэхэмжлэгч өөрөө тайлбар өгөхөөс татгалзсан. Ажлын хэсгийг үл тоож хариу тайлбар өгөөгүй. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлын хэсэг байгуулах тушаал гарсан. Нэхэмжлэгч гарын үсэг зурахаас татгалзсан. Мэдээж зурахгүй байх эрхтэй. Мэргэжилтнээс хүлээн авч гарын үсэг зурахгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан. Төрийн албан зөвлөлийн хамтран ажиллах тухай албан бичигт тайлбар гаргах боломжоор хангаагүй гэсэн агуулга байдаг. Тайлбараа өгөх хангалттай цаг хугацааг нэхэмжлэгчид өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгууллагын удирдлага дээр дурдсан тайлбаруудыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй байх талаас нь ажлын хэсэг ажилласан. Нэхэмжлэгч ажлын хэсэгтэй уулзахаас татгалзсан. Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/ дугаартай Б.Гт сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалд үндэслэсэн хуулийн заалтуудаас үзэхэд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.11 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг байгаагаас эрх зүйн голлох үндэслэлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.3 дахь заалт байна.

2. Мөн дээрх тушаалаар нэхэмжлэгч Б.Гийг Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа, хугацаанд нь биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэж буруутган, түүний албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

3. Шүүх маргаж буй захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх бөгөөд дараах үндэслэлүүдээр хариуцагчаас гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг хуульд нийцээгүй гэж үзлээ. Тодруулахад:

4. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гээд, мөн зүйлийн 48.1.3 дахь заалтад албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; гэжээ.

5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах урьдчилан нөхцөлүүдийн нэг нь мөн хуулийн 37 дугаар зүйлд заасныг зөрчсөн зөрчил байх, тухайн зөрчлийг эрх бүхий этгээд шалган тогтоосон байхаар хуульчилжээ.

6. Хавтаст хэрэгт авагдсан маргаж буй Б/ дугаартай тушаалын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч Б.Гийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.16 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзжээ.

7. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: гээд, мөн зүйлийн 37.1.6 дахь заалтад харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;, 37.1.13 дахь заалтад албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;, 37.1.16 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; гэж тус тус зохицуулжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч Б.Гийг Соёлын яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтыг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хугацаанд нь биелүүлээгүй гэх зөрчилд мөн зүйлийн 37.1.6 дахь заалтыг, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэх зөрчилд мөн зүйлийн 37.1.16 дахь заалтыг хэрэглэсэн байна.

9. Тодруулбал, хариуцагчаас тайлбарлахдаа, нэхэмжлэгч Б.Гийн хашиж байсан Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын[7] 3 дугаар зорилтын 2-т Салбарын нэгдсэн тоо, мэдээллийг цуглуулах, хянах, нэгтгэн боловсруулах, мэдээллийн сан үүсгэх, үр дүнг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх, 3-т Салбарын мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах, мэдээлэх, түгээх ажлыг удирдан зохион байгуулах, 4 дүгээр зорилтын 1-т Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах тайлагнах, дүгнүүлэх ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, 2-т Яамны удирдлага, бусад нэгжээс шаардсан ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээлэл судалгааг шуурхай, чанартай гаргаж өгөх, 5-т Байгууллагын дотоодод мөрдөгдөж буй дүрэм журмын хэрэгжилтийг хангах гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч эдгээр үүргүүдээ биелүүлээгүй, мөн С болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж үзжээ.

10. Тухайлбал, Цахим соёл арга хэмжээг танилцуулах, хэрэгжүүлэх үүрэг даалгавар 2021 онд өгөгдсөн боловч тус арга хэмжээ одоог хүртэл бүрэн хэрэгжээгүй, төлөвлөгөөт хугацаанаас хоцрогдолтой. Соёл урлагийн газрууд вэб сайтгүйгээс иргэд соёлын салбарын мэдээ мэдээллийг цахимаар авах боломжгүй, Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байгаа нь Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтийн даргын албан үүргээ чанаргүй, хугацаанд нь гүйцэтгэдэггүйтэй шууд хамааралтай ба энэ нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт муу, хангалтгүй үнэлгээ авахад нөлөөлсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Соёлын яамны тусгай зөвшөөрлүүдийг e-mongolia цахим системд оруулах ажлыг удирдлагын өгсөн үүрэг даалгаврын хугацаанд биелүүлээгүй, удаашруулсан, хоцроосон, оруулаагүй. Харилцагч байгууллага болох І******* компанитай байгуулсан гэрээний дагуу гэрээт ажлаа хэвийн явуулах гэхэд хүндрэл гарч харилцагч байгууллагаас манай яамнаас шалтгаалан хийгдэх ажлыг жагсаасан 6 удаагийн албан бичиг хүргүүлсэн, 1 албан бичигт огт хариу өгөөгүй алдаа, дутагдал гаргаж байсан. Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтэс тус ажлуудыг хариуцан, цаг хугацаанд нь хийх ёстой байсан боловч гэрээ сунгагдаж, төлөвлөгөөт ажил удааширсан. Яамны албан хаагчдын суурин компьютероос фейсбүүкт нэвтрэхгүй байх хязгаарлалтыг 2022.06.01-ний өдрийн дотор хийх үүрэг даалгаврыг өгсөн боловч 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар албан хаагчид албаны суурин компьютероос фейсбүүкт нэвтэрч байсан. ERP цахим системийн талаар яамны албан хаагчдад сургалт хийгээгүй, систем ашиглалт хангалтгүй байгаа гэх мэт албан үүргээ хангалтгүй билүүлсэн, алдаа дутагдал гаргасан гэж хариуцагчаас үзсэн байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., мөн зүйлийн 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасан.

12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, захиргааны байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа /ялангуяа сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргахдаа/ тухайн шийдвэрт хамаарах бодит нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтуудаар маргаангүй тогтоосон байх шаардлага тавигдаж байна.

13. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагчаас нэхэмжлэгч Б.Гийг энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10-т дурдсан ажлын алдаа дутагдал гаргасныг хангалттай бөгөөд тодорхой байдлаар нотлон тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэлээ. Тодруулахад:

14. Хариуцагчийн зүгээс анх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлдсэн[8] байна.

15. Тус тэмдэглэлд ... Тогтоол, шийдвэрийн биелэлт, төлөвлөгөө, тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ж*******гийн нэгтгэн гаргасан Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурлаас Б.Гт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн /үнэлгээний дундаж хувь- 44.3 Хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн/ тайланг танилцууллаа ... гэсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан тус тайлангийн[9] эхний нүүрийг үзэхэд Үүрэг даалгаврын тоо гэх баганад 7, 10, 8, 12 гээд, нийт 37 гэсэн байх боловч нийт өгөгдсөн үүрэг даалгаврын тоо нь 61 байхад 37 үүрэг даалгаврын хэрэгжилтээр дүгнэн 44.3 хувь буюу хэрэгжилт хангалтгүй гэсэн нь ойлгомжгүй.

16. Соёлын яамны хяналтад байгаа Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтэс /Б.Гт холбогдох/-ийн Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй заалтын жагсаалт /2022 оны хагас жил/[10] гэх баримт байх боловч уг жагсаалтыг хэзээ үйлдсэн огноо байхгүй, 30 хувь гэх үнэлгээг хэрхэн яаж тогтоосон, ямар шалгуур үзүүлэлт, хугацааг үндэс болгосон талаарх өгөгдөл байхгүй байгаа энэ тохиолдолд тухайн зөрчлийг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэхгүй.

17. Хэргийн 1-р хавтасны 33-39 дэх талд Б.Гт удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, хангалтгүй ажилласан талаарх баримтууд байгаа гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байх боловч тухайн баримтуудыг судлан үзэхэд, удирдлагын цохолт бүхий илтгэх хуудаснууд байгаа нь нэхэмжлэгч Б.Гийн албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үйл баримтыг хангалттай нотлох агуулгагүй байна.

18. Мөн нэхэмжлэгчийг албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын гүйцэтгэл 44.3 буюу хэрэгжилт хангалтгүй гэж үнэлсэн гэх атлаа Сын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/121 дугаартай Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнгээр албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын[11] 1 дүгээр хавсралтаар Б.Гийн 2022 оны 1 дүгээр улирлын ажлын үнэлгээг 86.7 хувь, 2 дугаар улирлын ажлын үнэлгээг 86.7 хувь, тус бүр 30 хувь, нийт 60 хувийн мөнгөн урамшууллыг үндсэн цалингаас тооцож олгохоор шийдвэрлэсэн байгаа нь учир зүйн /логикийн/ зөрчилтэй.

19. Өөрөөр хэлбэл, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулах үед нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн хэрэгжилтийг 44.3 хувь гэж үнэлсэн гэдэг боловч 2022 оны 1, 2 дугаар улирлын үнэлгээгээр 86.7 хувь гэж үнэлэн, түүнд мөнгөн урамшуулал олгосноос үзвэл маргаж буй захиргааны актаар тогтоосон гэх албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил үгүйсгэгдэхүйц шинжтэй байна.

20. Түүнчлэн, хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгахдаа А******* ХК болон Соёлын яам нарын хооронд байгуулсан багц гэрээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, удаашралтай байсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг[12] бүхэлд нь судлан үзэхэд энэ нь дан ганц нэхэмжлэгч Б.Гээс шалтгаалсан хамааралтай биш буюу олон үе шаттай, олон багц ажил болох нь тогтоогдож байгаагаас гадна энэ талаарх нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбарууд үндэслэлтэй байна.

21. Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас зөрчлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй атлаа Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13 дахь заалтуудыг хэрэглэснийг хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл авахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

22. Харин нэхэмжлэгчийн ажлын цаг ашиглалт хангалтгүй гэх зөрчлийг шүүх үндэслэлтэй байна гэж үзсэн.

23. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлд[13] ... Ажлын цаг ашиглалтын мэдээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож нэгтгэгдэж гарсан. Ажиллавал зохих өдөр 83, ажилласан өдөр 60, бүртгэл дутуу тасалсан 21 өдөр байгааг Б.Гт танилцуулж, 2 өдрийн зөрүү байгааг олж тогтоохыг ахлах мэргэжилтэн Д.Баярцэнгэлд даалгалаа ... гэх тайлбар, Цаг ашиглалтын тайлангийн[14] /2022.01.01-2022.05.30-ны өдрийн/ 18-д цаг ашиглалтын хувь 66.17, Цаг ашиглалтын тайлангийн[15] /2022.01.01-2022.10.25-ны өдрийн/ 42-т цаг ашиглалтын хувь 55.34 хувь байгаа зэрэг үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтад заасан Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэсэн үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

24. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ гэж заасны дагуу холбогдох эрх бүхий захиргааны байгууллага буюу энэ тохиолдолд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сонгох санкц буюу сонгох боломжийг хэрэглэхдээ мөн хэсэгт заасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэх учиртай.

25. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэгт Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж заасны дагуу захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн эсэхийг шүүхээс дүгнэх эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтад заасныг зөрчсөн зөрчил нь түүнд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтад заасан шийтгэлийг оногдуулах үндэслэл болохгүй гэж үзлээ.

26. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас оногдуулсан сахилгын шийтгэл нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсонгүй.

27. Тиймээс маргаж буй Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/ дугаартай Б.Гт сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

28. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/ дугаартай тушаал хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

29. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа ... сахилгын шийтгэл оногдуулснаас учирсан гэм хорын хохирол 2 177 657 төгрөгийг хариуцагчаас гаргуулах-аар шаардсаныг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

30. Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/ дугаартай тушаалын улмаас нэхэмжлэгч Б.Гт 2022 оны 3, 4 дүгээр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгоогүй баримт[16] хавтаст хэрэгт авагджээ.

31. Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 1 480 083 төгрөг, цолны нэмэгдэл 10%, төрийн алба хаасны нэмэгдэл 25%, нийт цалин 1 998 112 төгрөг, цалингаас нийт суутгасан дүн 1 289 607[17] төгрөг, сахилгын шийтгэлийн улмаас олгогдоогүй 30 хувийн урамшууллын нэг улирлын дүн 444 024, нийт 888 050 төгрөг, бүгд 2 177 657 /хоёр сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгийн тооцоолол гарсныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.6, 37.1.13, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б.Гт сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/ дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, сахилгын шийтгэл оногдуулснаас учирсан гэм хорын хохирол 2 177 657 /хоёр сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ