Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1534

 

МАГАДЛАЛ

2019.08.19                                                 Дугаар 1534

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01386 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б Д ХХК-д холбогдох

           

          20 915 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Б-ийн 3846 УНО улсын дугаартай Норд бенз маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг өмчилдөг бөгөөд “У Ф ” ББСБ-д барьцаанд тавьж зээл авч уг байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Уг тээврийн хэрэгсэлээ өөрийн найз болох Б.Н-аар жолоодуулж ачаа тээвэрлэлтийн ажилд явуулдаг байсан. 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Б.Н Улаанбаатараас ачаа ачиж зүүн аймгуудын чиглэлд гарсан бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг Бага дөтлүүр гэх газар замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасан. Б.Н бид хоёр ажилд явахаасаа 3 хоногийн өмнө Б Д-аар жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн. Осол гарсны дараа Б Д ХХК-д хохирлоо гаргуулахаар шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгсөн. Гэтэл Б Д ХХК-иас  2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/971 тоот албан бичгээр хохирлын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тухай мэдэгдэхдээ даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.9-д “Тээврийн хэрэгслийн ашиглалтын горим зааврыг зөрчсөнөөс учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй” гэх үндэслэлээр татгалзсан. Гэтэл жолооч Б.Н тээврийн хэрэгслийн ашиглалтын горим зөрчөөгүй, тээврийн хэрэгслийн жолооны механизм болон тормосны механизм ажиллахгүй байсан бол Улаанбаатар хотоос гараад 70 гаруй км газар явах боломжгүй. “Машин ямар ч асуудалгүй явж байгаад гэнэт замын тойруу дээр дартал гэнэт руль хатуурах шиг болоод замын хажуу руу орсон” гэж жолооч хэлдэг. Иймд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэлгүй.

          Түүнчлэн даатгалын гэрээнд зам тээврийн осолд 100 хувь нөхөн төлбөр олгохоор, хэрэв жолоочийн буруутай үйлдлээс болвол 90 хувь нөхөн төлбөр олгохоор тус тус заасан. Иймд уг зам тээврийн ослоос гарсан хохирлыг даатгагч 100 хувь хариуцах ёстой гэж үзэж байна. Үнэлгээ хийлгэхэд 20 150 000 төгрөгийн хохирол гарсан тул Б Д ХХК-иас  0310520514 дугаартай даатгалын гэрээний дагуу миний өмчлөлийн 3846 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 20 915 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даатгалын зүйлд хохирол учрах болсон анхдагч шалтгаан нь гэрээний 3 дугаар зүйлд заасан эрсдэлд хамаарахгүй байна. Тодруулбал, Даатгалын гэрээний 2 дугаар зүйл нэр товьёоны тайлбар хэсгийн 6-д зааснаар “Даатгалын тохиолдол” гэж даатгалын зүйлд гэрээнд заасан эрсдлийн улмаас хохирол учрах, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор заасан бөгөөд гэрээний 1 дүгээр зүйлд заасны дагуу даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгох үүрэг хүлээх юм. Гэвч даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан нь гэрээний 3 дугаар зүйлд заасан 18 төрлийн эрсдэлд хамаарахгүй байх ба ямар нэгэн гадны нөлөөгүйгээр тээврийн хэрэгслийн ердийн ашиглалтын явцад өөрт нь болсон гэмтлийн улмаас осолдож хохирол учирсан болох нь даатгуулагчийн нөхөн төлбөр хүссэн өргөдөл, эрх бүхий байгууллагын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шарадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Д ХХК-иас  20 915 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 750 төгрөгөөс 262 525 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 225 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б Д ХХК-иас  262 525 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ц.Б-долгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: Даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдол нь гэрээний ерөнхий хасалт хэсгийн 9 дүгээр хэсэгт заасантай ямар байдлаар нийцэхгүй, ямар үндэслэлээр шүүх хариуцагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлийг хүлээн авахаас татгалзсан талаар огт дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүх Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйл ерөнхий хасалт хэсгийн 9-д заасан “Тээврийн хэрэгслийн ашиглалтын горим зааврыг зөрчсөнөөс учирсан” гэх нөхцөл Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Ү-ийн 2018 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн 91 дугаартай тодорхойлолтоор нотлогдож буй нөхцөл байдлыг дүгнэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “Гэрээний ерөнхий хасалт хэсгийн 12-т заасан “Тээврийн хэрэгслийн ердийн эвдрэл, автомашины ашиглалтаас хамаарсан элэгдэл хорогдлоос шалтгаалж учирсан хохирол”-д хамааран гэх үндэслэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй. Жолооч Б.Н ын “Даваа уруудаж яваад түс тас гэх чимээ гараад машины жолооны хүрд хатуурч гацаад тормоз ажиллагаагүй болж замын хажуу далан руу унасан” гэх мэдүүлэг, нөхөн төлбөрийн материалд бүрдсэн бусад баримтаас үзэхэд даатгалын зүйлд даатгуулагч, жолооч болон гуравдагч этгээдээс огт шалтгаалаагүй, түүний ердийн ашиглалтын явцад үүссэн эвдрэлийн улмаас тохиолдол болж даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. Даатгалын гэрээний дагуу даатгалын зүйлийг арчлан хамгаалах, эрсдэлээс урдчилан сэргийлэх нь даатгуулагчийн өөрийн үүрэг бөгөөд гэрээгээр даатгалын зүйлийг урдчилан таамаглах боломжгүй эрсдэлээс даатгадаг. Хэрэв даатгуулагч нь дээрх үүргээ үл биелүүлж эрсдэлийг санаатай бий болгосон буюу эрсдэл учирсанд ноцтой гэм буруутай тохиолдолд гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эсвэл хохирлын тодорхой хэсгийг хариуцах байдлаар зохицуулдаг. Даатгуулагч Б.Н /жолооч/ дээрх үүргээ үл биелүүлж тормосны систем ажиллагаагүй болсон бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон болох нь Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Ү-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай тодорхойлолтоор тогтоогддог. Тормосны систем ажиллагаагүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох нь даатгалын зүйлд хохирол учруулах эрсдэлтэй гэдгийг урдчилан таамаглах боломжтой бөгөөд энэ нөхцөлд хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан үүргээ ноцтой зөрчсөн түүний улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний ерөнхий хасалт хэсгийн 9-д дээрх ноцтой зөрчлийн улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөр олгохгүй тухай тусгайлан зохицуулсан байна. Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч талаас талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.9-д “Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний эрх олгох үзлэгт оруулаагүй бол нөхөн төлбөр олгохгүй" тухай заасан бөгөөд даатгуулагч даатгалын зүйлийг замын хөдөлгөөний эрх олгох үзлэгт оруулаагүй, үзлэгт оруулсан тухай тэмдэглэгээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдээгүй талаар тайлбарласан. Гэвч анхан шатны шүүхээс дээрх нөхцөлийг огт харгалзан үзээгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б Д ХХК-д холбогдуулан 20 915 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, гэрээний хугацаанд даатгуулагч нь өөрийн өмчлөлийн 3846 УНО улсын дугаартай, Beiben ND3253 B38 маркийн ачааны автомашиныг жолооч Б.Нт түр шилжүүлж, Б.Н нь энэ хугацаандаа замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан заалтыг зөрчсөнөөс дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болж замын хажуу руу орж онхолдож зам тээврийн осол гарснаар даатгалын тохиолдол бий болгосон үйл баримт тогтоогдож байна.

Уг гэрээнд талууд харилцан хүлээх нөхцөлийн талаар зааж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийжээ. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний А Э ХХК-ийн гаргасан үнэлгээнд нийт 20 915 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, талууд тогтоогдсон хохирлын хэмжээнд маргаагүй байна.

Харин хариуцагч байгууллага нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлд заасан эрсдэлд хамаарахгүй гэсэн үндэслэл зааж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан “Даатгалын     тохиолдол нь гэнэтийн, урьдчилан таамаглах боломжгүй, ирээдүйд бий болох эсэх нь тодорхой бус, даатгуулагчийн хүсэл зоригоос үл хамаарсан шинжийг хангасан байна гэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагч нь даатгуулагч гэрээний дагуу шаардлага гаргаагүй гэж татгалзсан үндэслэл тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Даатгалын гэрээнд заасан тохиолдол бүхий нөхцөл байдал буй болсон үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд даатгалын гэрээний эрх үүрэг үүссэн болон даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Түүнчлэн, хэрэгт авагдсан автомашинд учирсан хохирлын хэмжээний талаарх үнэлгээг талуудын байгуулсан гэрээний зүйл заалтуудтай нийцүүлэн хариуцагч байгууллагаас 20 915 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ