Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/05420

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, РД:***, *** овогт *** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***тоот, РД:, ***ХХК-д холбогдох 59,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022-06-04-ний *******-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Багант өргөө 44 байрны 9 давхрын 81,31 м,кв-тай 3 өрөө орон сууцыг 1 м,кв-ыг нь 2,300,000 төгрөгөөр тооцож 187,013,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож захиалга өгсөн. Гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу 2022-06-05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022-09-13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022-10-03-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 59,000,000 төгрөгийг хариуцагч *******-ийн ******* тоот Хаан банк дахь дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл хариуцагч компани нь анх гэрээ байгуулахад л барилгын шав тавьж байна гэж хашаа татсан байсан ба түүнээс хойш 2023 оны 04 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой барилга өнөөдрийг хүртэл нэг ч тоосго өрөөгүй, ямар ч ажил хийгдээгүй, цаашид ямар ч үр дүн гарахгүй болох нь илт тодорхой болсон. Тухайн барилгыг барих зөвшөөрөл нь хүртэл гараагүй болохыг олж мэдсэн. Иймд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 59,000,000 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.******* нь *******-ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын Баганат-44 төслөөс 9 давхрын 81.31 м.кв талбайтай, 3 өрөө бүхий 902 тоот орон сууцыг захиалан бариулахаар болж, тус компанитай 2022-06-04-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу график гарган тухайн орон сууц захиалгын гэрээний төлбөрийг төлөх ёстой байсан бөгөөд тус гэрээний 2.4-т заасны дагуу 2022-06-04-ний өдөр урьдчилгаа 50 сая төгрөгийг төлөх ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь түүний нэхэмжлэлд дурдсан төлбөрийн эргэн төлөлтийн нөхцөлөөс харагдаж байгаа бөгөөд гэрээний төлөлтийг хэрхэн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар гэрээг цуцлах санаачилга гаргаагүй бөгөөд компанийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүд эдийн засгийн нөхцөл байдал, барилгын үнийн өсөлт зэргээс хамаарч удаашралтай явагдаж байгаа. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж энэхүү захиалгын гэрээний биелэлтийг хангах зорилгоор ажлаа гүйцэтгэж байгаа, орон сууцыг 2023 оны 4 улиралд захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг бид хүлээсэн. Энэ хугацаа дуусаагүй байхад гэрээний 5.2-т заасныг үндэслэн алданги нэхэмжилж буй үндэслэлгүй юм. Гэрээний заалтын алданги утга зүйн өөр нөхцөл байдлыг илэрхийлсэн зохицуулалт. Захиалагч тал гэрээг цуцлах хүсэлтэй байсан бөгөөд бидний байгуулсан гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс хойш цуцлах бол гэрээний нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх торгууль төлөх төлбөрийн буцаалтыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа олгоно. Манай компани нь Иргэний хуулийн 205 дугаар зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй тул үндэслэлгүй нэхэмжлэлийг биелүүлэх боломжгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: УТХ төлсөн баримт, 2023-04-24-ний өдрийн 4688 дугаар итгэмжлэл, 2022-06-04-ний өдрийн ГКТ22/БХ-44-902 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 2022-06-05-ны өдрийн 50,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022-09-13-ны өдрийн 3,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2022-10-13-ны өдрийн 6,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 3 хуудас гэрэл зураг зэрэг баримтуудыг, хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023-08-01-ний өдрийн 08-03 дугаар итгэмжлэл, Э.Одончимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч *******омпаниас 59,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч О.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2022-06-04-ний өдөр *******-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Багант өргөө 44 байрны 9 давхрын 81,31 м,кв-тай 3 өрөө орон сууцыг 1 м,кв-ыг нь 2,300,000 төгрөгөөр тооцож 187,013,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож захиалга өгсөн. Гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу 2022-06-05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022-09-13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022-10-03-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 59,000,000 төгрөгийг ******* тоот Хаан банк дахь дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл хариуцагч компани нь анх гэрээ байгуулахад л барилгын шав тавьж, 2023 оны 04 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой барилгын ажил эхлээгүй байгаа тул 59,000,000 төгрөгийг гаруулахаар шаардлага гаргасан.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Нэхэмжлэгч төлбөр төлөх хуваарийн дагуу 2022-06-04-ний өдөр урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь түүний нэхэмжлэлд дурдсан төлбөрийн эргэн төлөлтийн нөхцөлөөс харагдаж байгаа бөгөөд гэрээний төлөлтийг хэрхэн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар гэрээг цуцлах санаачилга гаргаагүй бөгөөд компанийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүд эдийн засгийн нөхцөл байдал, барилгын үнийн өсөлт зэргээс хамаарч удаашралтай явагдаж байгаа. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж энэхүү захиалгын гэрээний биелэлтийг хангах зорилгоор ажлаа гүйцэтгэж байгаа, орон сууцыг 2023 оны 4 улиралд захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг бид хүлээсэн гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022-06-04-ний өдрийн ГКТ22/БХ-44-902 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 2022-06-05-ны өдрийн 50,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022-09-13-ны өдрийн 3,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2022-10-13-ны өдрийн 6,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 3 хуудас гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар нэхэмжлэгч О.******* 2022-06-04-ний өдрийн ГКТ22/БХ-44-902 тоот орон сууц захиалан бариулах гэрээний 2.4-т зааснаар гэрээний төлбөр 137,013,000 төгрөгийг 48 сарын хугацаанд сар бүрийн 13-ны өдрийн Хаан банкны 5920488563 дансанд төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээж, 2022-06-05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022-09-13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022-10-13-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус төлж биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэгт 2023-11-23-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг 2023-11-28-ны өдөр өөрөө хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэн байна.

Нэхэмжлэгч О.******* нь гэрээ цуцлах үндэслэлээ барилга баригдаж эхлээгүй гэж, гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 59,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

7. Нэхэмжлэгч О.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******-аас 452,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 59,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 452,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******-аас 452,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА