Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/05681

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч:***-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** хороолол, РД:**, *** хотхоны 36-В байр *** тоот өрөөг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Өмгөөлөгч***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ноос шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2014-01-15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, гэрчилгээгээ авч, үйл ажиллагаа явуулж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "орон сууцны байшингийн доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-д Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууцны өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж тус тус заасан.

Гэтэл СӨХ-ны дундын өмчлөлийн техникийн өрөө 366 байрны 216а, 108а, 36в байрны 73 тоот техникийн өрөөнүүдийг улсын бүртгэлийн Ү-2204089688, Y2204089689, Ү-2204089690 дугаарт бүртгэж, бусдад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж орон сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байсныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021-03-29-ний өдрийн 231 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-07-09-ний өдрийн 395 дугаар магадлалаар иргэн Г.Мөнхцолмонгийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхонд байршилтай, 36/Б байрны 108а тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204089689 дугаарт бүртгэгдсэн 000593956 дугаар, 216 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204069690 дугаарт бүртгэгдсэн 000593957 дугаар, 36/В байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204089688 дугаарт бүртгэгдсэн 000593955 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

СӨХ-ны дундын өмчлөлд байх техникийн өрөөг бусад хүн эзэмшиж, ашигласны улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж чадахгүй байх, үүний улмаас өмчлөгчдийн эд хөрөнгө, аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл бүрдсэн. Иймд 73 тоот техникийн өрөөг Ч.Батмөнхийн эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2023 оны 09 сараас СӨХ-ийн үйлчлэгч Цэнд-Аюуш амьдарч байгаа, Ч.Батмөнх гэрийн эд зүйлээ аваагүй учир чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ гэв.

Хариуцагч Ч.Батмөнх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхонд байршилтай, 36B байрны 73 тоот байранд амьдардаггүй. Миний хамаатны ах С.Энхтөр нь энэ байрны эзэн бөгөөд хөдөө ажилладаг. Миний хувьд С.Энхтөр ахын гэрийг түүний эзгүйд эргэж тойрч хааяа очдог. Шуудангаас ярьж байна, танд шуудан ирсэн байна гэхээр нь цаг тохироод байгаа газраас нь очиж шуудан авахад миний нэр дээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бичиг байсан. Тэгээд би гайхаад тус шүүх дээр очиход надад нэхэмжлэл өгснийг С.Энхтөр ахад хэлсэн. Чамд ямар ч хамаагүй, чи энэ талаараа бичээд өгчих, намайг бол шүүхээс дуудаагүй гэсэн. Би Төв аймагт амьдардаг бөгөөд энэ асуудлаар дахин дахин шүүхэд очих боломжгүй тул итгэмжлэл хийлгэж, өөрийгөө төлөөлүүлэхээр төлөөлөгч оролцуулж байна. Надад маш төвөгтэй зардал чирэгдэл болж байгаа тул гомдолтой байна.

Хариуцагч Ч.Батмөнх энэ байранд амьдарч байгаагүй гэсэн тайлбарыг анхнаасаа өгч байсан. Шүүхээс үзлэг хийхэд уг байранд Ч.Батмөнх амьдраагүй болох нь нотлогдсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс УТХ төлсөн баримт, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021-05-03-ны өдрийн 1/3223 албан тоот, 2021-03-029-ний өдрийн 0231 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-07-09-ний өдрийн 395 дугаар магадлал, 2022-04-20, 2021-09-15-ны өдрийн мэдэгдэл, Мэргэжлийн хяналтын газрын 2022-03-10-ны өдрийн 02-02/829 албан тоот, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2021-11-10-ны өдрийн ТГ/21/11 өрөө түрээсийн гэрээ, Төрийн банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй,

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Бурмаа, Ц.Норов нарыг асуусан, Улсын бүртгэлийн газар хариуцагч Ч.Батмөнхийн Мөнхнаран, Мөнх-Эрдэнэ нарын төрсний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулсан, 2023-09-14-ний өдөр үзлэг хийж баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Түмэн наст Сууц өмчлөгчдийн холбооны хариуцагч Ч.Батмөнхөөс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 36B байрны 13 дугаар давхрын 67,7 м,кв талбайтай 73 тоот техникийн өрөөг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "орон сууцны байшингийн доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-д Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууцны өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж тус тус заасан.

Гэтэл СӨХ-ны дундын өмчлөлийн техникийн өрөө 36в байрны 73 тоот техникийн өрөөнүүдэд улсын бүртгэлийн Ү-2204089688, Y2204089689, Ү-2204089690 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгож сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байсныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021-03-29-ний өдрийн 231 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-07-09-ний өдрийн 395 дугаар магадлалаар иргэн Г.Мөнхцолмонгийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхонд байршилтай 36/В байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-204089688 дугаарт бүртгэгдсэн 593955 дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2021-11-10-ны өдөр өрөө түрээслэх гэрээг байгуулж Ч.Батмөнхөд 2022-05-10-ний өдрийг хүртэл түрээслүүлсэн боловч гэрээний хугацаа дуусгавар болсон тул чөлөөлүүлэх шаардлага гаргасан.

3. Хариуцагч Ч.Батмөнхөөс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхонд байршилтай 36/В байрны 73 тоот өрөөнд миний бие амьдарч байгааг, ах Энхтөрийн гэрийг эргэж тойрч байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021-11-10-ны өдрийн ТГ/21/11 өрөө түрээсийн гэрээ, Төрийн банкны дансны хуулга зэрэг баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд энэ хугацаанд хариуцагч Ч.Батмөнхийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 13 дугаар давхарт байршилтай 36/В байрны 73 тоот техникийн өрөөг түрээслэн оршин сууж байсан гэж үзэхээр байна.

Шүүхээс нэхэмжлэгч *******-ны хүсэлтээр 2023-09-14-ний өдөр үзлэг хийхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 13 дугаар давхарт байршилтай 36/В байрны 73 тоот техникийн өрөөнд Ч.Батмөнх биш иргэн Г.Цэнд-Аюуш эзэмшиж, ашиглаж байсан. Мөн нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сараас *******-ны үйлчлэгч Г.Цэнд-Аюуш эзэмшиж ашиглаж байгаа гэх үйл баримт дээр нэхэмжлэгч маргаагүй, түүний хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр гаргасан нөхцөл байдал арилсан, хариуцагч Ч.Батмөнхийг түүний эрхийг нь зөрчиж байна гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож хуульд зааснаар шийдвэрлэх.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Түмэн наст сууц өмчлөгчдийн холбооны хариуцагч Ч.Батмөнхөөс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэннаст хотхоны 13 дугаар давхарт байршилтай 36/В байрны 73 тоот техникийн өрөөг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА