Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 157/ШШ2024/00027

 

 

 

 2024         01          30                                                  157/ШШ2024/00027

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч “****************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “*************” ХХК-д холбогдох хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг  чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлж ирүүлснийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү (цахимаар) нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “****************” ХХК нь хариуцагч “*************” ХХК-д холбогдуулан “хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг  чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1 Нэхэмжлэгч**************** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч компани нь 2013 оноос Хэнтий аймгийн Дархан сумын "Хажуу Улаан" нэртэй газарт нэгж талбарын ************* дугаартай, 1006.02 гектар хэмжээтэй газрын солбилцлуудтай, ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж ашиглаж байна. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 156 дугаартай шийдвэрээр 1006.02 гектар хайгуулын талбайгаас 115.44 гектар талбайг улсад буцаан өгснийг бүртгэж үлдэж байгаа 890.58 гектар талбайг XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглүүлж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөлтэй талбайд "*************" ХХК нь зөвшөөрөлгүйгээр жоншны баяжуулах үйлдвэр барьсан бөгөөд учрыг тодруулахад Хэнтийн аймгийн Дархан сумын засаг даргын 2015 оны 06 сарын 26-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 35 га газрыг иргэн С.**************эд эзэмшүүлсэн гэх бөгөөд уг талбай нь нэхэмжлэгч компанийн эзэмшдэг газартай давхацсан гэсэн тайлбар гаргадаг. Бодит байдал дээр хариуцагч "*************" ХХК нь иргэн С.**************эд эзэмшүүлсэн гэх 35 га газартай огт хамааралгүй хэсэгт буюу нэхэмжлэгч компанийн шууд эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд баяжуулах үйлдвэрийн барилгыг барьсан байгаа бөгөөд нэхэмжлэгч компани хууль ёсоор эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулах, цаашилбал ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна. Дээрх асуудлаар анх 2017 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 03 сарын 02-ны өдрийн 04148 дугаартай захирамжаар хэрэг үүсгэн хянан хэлэлцэж байсан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3702 дугаартай захирамжаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох "Цагаан баялаг" ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон болон тусгай зөвшөөрлийг "****************" ХХК-д шилжүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 355 тоот шийдвэрээр олгосон талбайгаас иргэн С.**************ийн эзэмшиж буй 36 га газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүсэж хэлэлцэгдэж байсан тул 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 18007 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалтыг үндэслэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дурдсан захиргааны хэрэг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ... сарын ...-ны өдрийн.....дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болсон бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нөхцөл байдал арилсан тул нэхэмжлэлийг дахин гаргаж байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.2-д "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэж тус тус заасан.

"****************" ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан сумын "Хажуу Улаан" нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдах ямарваа нэг үндэслэл үүсээгүй, хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд эрх зөрчигч "*************" ХХК-д үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавьж, эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан ч баяжуулах үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй талбайгаа эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна.

Иймд "****************" ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан сумын "Хажуу Улаан" нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй зөвшөөрөлгүй барьсан "*************" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгыг нүүлгэн шилжүүлж, газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ. /хх-ийн 1-3  хуу/

 

1.2 Нэхэмжлэгч “****************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын “...албадан чөлөөлж өгнө үү” гэдэг хэсгийг “газар чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэж тодруулж байна.” гээд 

“Нэхэмжлэгч **************** компани Хэнтий аймгийн Дархан сумын Хажуу улаан нэртэй газарт нэгж талбарын *********** дугаартай хэмжээ бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж байсан. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр ************* компани 2015 оноос жонш баяжуулах үйлдвэр барьж ашиглаж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд зөвшөөрөлгүйгээр барилга барьсан байна үүнийгээ чөлөөлж өг гэдэг ийм шаардлагаа тавьсаар ирсэн. Хариуцагч талаас юу гэж тайлбарладаг вэ гэхээр **************эд эзэмшүүлсэн 35 га газар дээр гэрээний дагуу ************* компани нь жонш баяжуулах үйлдвэр барьсан байгаа гэдэг ийм агуулгаар тайлбарлаад чөлөөлж өгөхгүй гэдэг нөхцөл байдал яригдаад маргаан маань өнөөдрийг хүртэл явж байна. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол юунд зөрчигдөж байгаа вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа мөртлөө тухайн талбайд одоо хүртэл хайгуулын ажлаа бүрэн гүйцэд хийж чадахгүй. Үйлдвэрийн барилга барьж хашаа барьснаар саад учруулж байгаа нөхцөл байдал байгаа. Энэ асуудлаар ашигт малтмалын газрын тосны газар, Кадастрын хэлтэс, холбогдох төрийн байгууллагуудад нь хандсан. Гэтэл тусгай зөвшөөрлийн ХАБ-ын тусгай зөвшөөрлийн нэгж талбарын дугаар болон талбайн хувьд Геодези зураг зүйн газраас баталсан UTM-д тусгагдсаны дагуу хууль ёсоор олгогдсон талбай ямар нэг байдлаар давхцал болон хөдөлсөн барьсан зүйл огт байхгүй гэдэг ийм тайлбар гаргаж өгсөн байдаг. Яг энэ асуудлаар өмнө нь Захиргааны хэргийн шүүх дээр иргэн **************ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэл үүсгээд хэрэг явж байсан нөхцөл байдал байдаг. Өөрийнх нь эзэмшиж байгаа 36 га газарт давхцуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Тэгэхээр энэ давхцалтай эсэхийг нь хүчингүйд тооцож өгнө үү гэдэг ийм нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаад энэ Ашигт малтмал газрын тосны газар хариуцагчийг татаад явж байсан ийм маргаан байсан. Гэхдээ энэ хэргийн нэхэмжлэлийг буцаагаад маргаан хаагдсан байдаг. Энэ асуудлаар дахиж шүүхэд иргэн **************э нэхэмжлэл гаргаагүй гэдэг үйл баримт байгаа. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатын шүүхээс холбогдох лавлагааг авч хэрэгт гаргаж өгсөн. Ийм учраас өнөөдрийн байдлаар Ментэ интернэйшнл компанийн хууль ёсоор эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хариуцагч ************* компанийн жоншны үйлдвэр байгаад байна гэдэг ийм үйл баримт тогтоогдож байгаа юм. Тийм учраас энд нэхэмжлэгчийн зүгээс зөрчигдөж байгаа эрх хууль ёсны ашиг сонирхлоо сэргээхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шударга эзэмшигч эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан. Энэ заалтын дагуу хариуцагч ************* компаниас баяжуулах үйлдвэрийн барилгыг нүүлгэж газрыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч “*************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гурван үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа байгууллага хоёрын хооронд маргаан үүсэж байгаа. Үүнийг хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудаас нь харж болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 10 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэхэд ямар шаардлага тавьдаг вэ гэдгийг нарийвчлан зохицуулсан. Энэ нь хуулийн зохицуулалтаар өмчлөх эрхийг бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж тухайн үл хөдлөх хөрөнгийн эрхийг уг газрын нэгж талбарын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ гээд ийм хуультай. Энэ хуулийнхаа дагуу ************* компани сендвичин буюу баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсныгаа шүүхэд нотлох баримтаар өгсөн. Тэгэхээр хууль, ёсны дагуу эзэмшиж, өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгө юм.

 Хоёрдугаарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч маань газрын гадаргууг эзэмших ашиглах эрхийг хуулиараа авдаггүй. Магадгүй нэхэмжлэгч Иргэний хуулийн 92 дугаар зүйл, 106 дугаар зүйлийг үндэслээд шаардах эрхээ тодорхойлж байх шиг байна. Гэвч нарийвчилсан буюу Ашигт малтмалын тухай хуулийг энэ тохиолдолд хэрэглэнэ. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд юуг зааж өгсөн гэдгийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг заагаад өгчихсөн. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан 21.1 дүгээр зүйлд зааснаар ямар эрхтэй юм гэхээр хайгуулын талбайн хилийн дотор Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал эрх, хайх ийм л эрхийг авч байгаа. Энэ эрх олгож байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшил талбай нь эзэмшил бусдын эзэмшил болон өмчлөх эрхтэйг давхцахгүй байх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өнөөдөр Улаанбаатар хот эсхүл Монгол Улсад байгаа олон суурин газрууд бүгд хайгуулын талбайд багтчихсан явж байгаа. Гагцхүү ямар тохиолдолд маргаан үүсдэг вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг эрх хайх ажлаа хийхэд нь газар эзэмшигч болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нэвтрэн өнгөрөх, дайран дамжин өнгөрөх, энэ эрхийг нь хэрэгжүүлэхгүй байвал маргаан үүсдэг. Маргааныг яаж шийддэг юм гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д маш тодорхой заагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг л шүүх, иргэний хууль, газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. Тэрнээс биш нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа шиг бид нар хайгуулын зөвшөөрөл эзэмшдэг. Та нар манай хайгуулын талбай дээр байшин барьчихсан байна. Үл хөдлөх хөрөнгө өмчилчихсөн байна. Энийгээ албадан чөлөөлөх ч гэдэг юм уу, эсхүл албадан чөлөөлөхийг даалгах гэдэг ийм байдлаар нэхэмжлэлээ тодорхойлох нь үндэслэлгүй байна.

 Гуравдугаарт мэдээж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчихсан байгаа Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10.8-д Улсын бүртгэгч нэгж талбарын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч нягтална. Өөрөөр хэлбэл манай байгууллагад өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо улсын байцаагч нягтлан шалгах ажиллагаа хийх нь байна. Улсын бүртгэлийн хуулийн 9.11-д нь юу гэдэг юм гэхээр улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн цахим мэдээллийн сан хариуцсан улсын байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна. Өөрөөр хэлбэл хариуцагч компани газар эзэмших эрхгүйгээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсад бүртгүүлээд ашиглаж өмчилж болохгүй. Ийм хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хуульд заасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байна.” гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтууд (хх-ийн 9-10 хуу),

- “Эрдэнэс Инженеринг ХХК, **************** ХХК-д 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17/15 дугаартай явуулсан албан бичиг хавсралтын палан зураг (хх-ийн 63-66 хуу),

- “Пугамэп” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17/19 дугаартай албан бичиг, хавсралт 1,  хавсралт 3 (хх-ийн 67-70 хуу),

- Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 7/2316 дугаартай албан тоот (хх-ийн 62 хуу),

- 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/97 дугаартай Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичиг (хх-ийн 61 хуу)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ (хх-ийн 50 дугаар хуудас)-г шинжлэн судлав.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

    

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Нэхэмжлэгч компани нь 2013 оноос Хэнтий аймгийн Дархан сумын "Хажуу Улаан" нэртэй газарт нэгж талбарын ************* дугаартай, 1006.02 гектар хэмжээтэй газрын солбилцлуудтай, ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж ашиглаж байна. ...Гэтэл нэхэмжлэгч компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөлтэй талбайд "*************" ХХК нь зөвшөөрөлгүйгээр жоншны баяжуулах үйлдвэр барьсан. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.2-д "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэж тус тус заасан. ...Эрх зөрчигч "*************" ХХК-д үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавьж, эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан ч баяжуулах үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй талбайгаа эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна. ...Иймд "****************" ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан сумын "Хажуу Улаан" нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй зөвшөөрөлгүй барьсан "*************" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгыг нүүлгэн шилжүүлж, газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү” гэж.

 

              2. Хариуцагч “*************” ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.          

“Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа байгууллага хоёрын хооронд маргаан үүсэж байгаа. ... ************* компани сендвичин буюу баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тэгэхээр хууль, ёсны дагуу эзэмшиж, өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгө юм. ... Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал эрх хайх ийм л эрхийг авч байгаа. Энэ эрх олгож байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшил талбай нь эзэмшил бусдын эзэмшил болон өмчлөх эрхтэйг давхцахгүй байх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. ... Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг л шүүх, Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. ..Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчихсан байгаа Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10.8-д Улсын бүртгэгч нэгж талбарын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч нягтална. Өөрөөр хэлбэл манай байгууллагад өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо улсын байцаагч нягтлан шалгах ажиллагаа хийх нь байна. Улсын бүртгэлийн хуулийн 9.11-д нь юу гэдэг юм гэхээр улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн цахим мэдээллийн сан хариуцсан улсын байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна. Өөрөөр хэлбэл хариуцагч компани газар эзэмших эрхгүйгээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсад бүртгүүлээд ашиглаж өмчилж болохгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хуульд заасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байна.” гэж.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, “Эрдэнэс Инженеринг ХХК-ийн албан бичиг, “Пугамэп” ХХК-ийн албан бичиг, хавсралт 1, 2, 3, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/1305 дугаартай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч "****************" ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын “Хажуу” гэх газар 1006.02 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус хайгуулын талбайд хариуцагч “*************” ХХК нь үйлдвэрлэлийн зориулалтай барилга барьсан асуудал нь маргааныг үүсгэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын талбайд үйлдвэрийн барилга баригдсан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хайгуулын эрх нь өмчлөх эрхтэй давхцаагүй байх хуулийн шаардлага тавигдаагүй мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуульд заасан шаардлагын дагуу авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан бол мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэжээ. Нэхэмжлэгчийн хуульд заасан зөвшөөрлийн үндсэн дээр өөрийн эзэмшилд авсан хайгуулын талбайд хариуцагч “*************” ХХК нь барилга барьсан үйл ажиллагааг хууль бус гэж үзэж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээрх хуулийн заалттай нийцэж байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг ойлгохоор заасан бол мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, 21.1.6-д хайгуулын ажил хийх зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих эрхтэй болохыг дурджээ.

Энэхүү эрхийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дээрх эрхээ эдлэхэд газар эзэмшигч болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нэвтрэх, дайран өнгөрөх эрхийг нь хэрэгжүүлээгүй тохиолдолд маргаан үүсдэг” гэх тайлбар нь явцуу хүрээнд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг талбайдаа нэвтрэн орох, дамжин өнгөрөхөд нь саад болсон үйлдэл, үйл ажиллагааг хэрхэн шийдвэрлэх талаарх Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасан зохицуулалт болохоос хайгуулын талбайд нь барилга, байгууламж барьсан, оршин суусан тохиолдолд шаардах эрхгүй байхаар хуульчилсан зохицуулалт биш юм.

 

Хэрэгт авагдсан баримтаар тус хэргийн хариуцагч нь гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-н 43 хуу/ Газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад холбогдох хууль, журмын дагуу зөвхөн газар ашиглах эрхтэй талаар хуульчилсан. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч “*************” ХХК-ийг хууль ёсоор газар өмчилж, эзэмшиж буй мэтээр тайлбарлаж газрыг ашиглаагүй гэсэн тайлбарыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Мөн “*************” ХХК-ийг хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө өмчилсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт буюу Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан баримтуудыг шүүхэд ирүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтыг өөрөө цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч "****************" ХХК-ийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийн газрыг чөлөөлөхийг хариуцагч “*************” ХХК-д даалгаж шийдвэрлэв.

                

            4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож хариуцагч  “*************” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "****************" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “****************” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан сумын нутаг "Хажуу" гэх газар байрлах ******* тоот хайгуулын тусгай зөвшөөртэй талбайд байрласан хариуцагч "*************" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгыг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч “*************” ХХК-д даалгасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч "*************" ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****************” ХХК-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР