Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/05568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, *** /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт байрлах, *** /РД: ***/-д холбогдох

3,241,041,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн өмгөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2022 оны 11 сарын 10-ны өдөр 22/05 дугаартай нүүрс тээвэрлэлтийн гэрээг байгуулсан.

Ингээд уг гэрээний дагуу хариуцагч *******-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 406171914 тоот дансанд 2022 оны 11 сарын 11-ний өдөр 785,809,500 төгрөг, 2022 оны 11 сарын 22-ны өдөр 797,936,500 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 827,500,250 төгрөг, 2023 оны 01 сарын 02-ны өдөр 829,795,250 төгрөг, нийт 3,241,041,250 төгрөгийг шилжүүлсэн.

Хариуцагч ******* нь 2022 оны 11 сарын 10-ны өдөр гэрээ байгуулж төлбөрийг шилжүүлснээс хойш гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд нэг ч удаа нүүрс тээвэрлэлт хийгээгүй.

Манай байгууллагаас хариуцагч *******-д гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй, ямар нэг хариу өгөөгүй тул 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 23/10 дугаартай албан тоотоор дээрх тээвэрлэлтийн гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн.

Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 3,241,041,250 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал Л.Бумчимэг шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *******-тай хариуцагч ******* нь 2022 оны 11 сарын 10-ны өдөр 22/05 дугаартай нүүрс тээвэрлэлтийн гэрээг байгуулан гэрээний дагуу 2022 оны 11 сарын 11-ний өдөр 785,809,500 төгрөг, 2022 оны 11 сарын 22-ны өдөр 797,936,500 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 827,500,250 төгрөг, 2023 оны 01 сарын 02-ны өдөр 829,795,250 төгрөг, нийт 3,241,041,250 төгрөгийг хүлээн авсан.

Манай компани нэхэмжлэгч *******-тай байгуулсан нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүргийг биелүүлэхийн тулд Есөнбаяр хурд ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Есөнбаяр хурд ХХК нь Бест оф Монголиан транс ХХК-тай 2022 оны 11 сарын 15-ны өдөр 22/100 дугаартай нүүрс тээвэрлэлтийн гэрээг, Мөнх аригун майнинг сервис ХХК-тай 2022 оны 11 сарын 22-ны өдөр нүүрс тээвэрлэлтийн гэрээг, Мандах наран мишээл ХХК-тай 2022 оны 12 сарын 06-ны өдөр болон 2022 оны 12 сарын 21-ний өдөр тус тус нүүрс тээвэрлэлтийн гэрээг, Эмералд хилл ХХК-тай 2023 оны 04 сарын 13-ны өдөр ТТГ2023041001 дугаартай тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээг тус тус байгуулан гэрээний үүргийг гүйцэтгүүлсэн.

*******-ийн хувьцаа эзэмшигч Yang Zihao нь Энержи ресурс ХХК-ийн уурхай дээр очоод өөрийн биеэр амаар захиалга өгдөг байсан.

Энержи ресурс ХХК-ийн уурхайн хашаанаас 10 гаруй км зайд байрлах Цогтцэций сум дахь нүүрсний ачилт буулгалтын талбай хүртэл 15,477 тонн нүүрс тээвэрлэсэн.

*******-ийн хувьцаа эзэмшигч Yang Zihao захиалга өгсөнтэй холбоотой баримт байхгүй.

Есөнбаяр хурд ХХК нь Мандах наран мишээл ХХК-д 2022 оны 12 сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 26-ны өдөр 75,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 03-ны өдөр 125,000,000 төгрөг, нийт 230,000,000 төгрөг шилжүүлсэн.

Энэ нь нийт 10,000 тонн нүүрсний төлбөр ба 5,769 тонн нүүрсийг Мандах наран мишээл ХХК тээвэрлэсэн.

Мөн Есөн баяр хурд ХХК нь Мандах наран мишээл ХХК-д 2022 оны 12 сарын 21-ний өдрийн нүүрс тээвэрлэлтийн гэрээний дагуу Цогт цэций сум дахь нүүрс ачилт буулгалтын талбайгаас Ханги боомт дахь нүүрс ачилт буулгалтын талбай хүртэл 5,000 тонн нүүрс тээвэрлүүлэхээр 785,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоогийн байдлаар 3,000 тонн нүүрс тээвэрлэсэн байгаа.

Бест оф монголиа транс ХХК-д Есөн баяр хурд ХХК нь 20,000 тонн нүүрс тээвэрлүүлэхээр 380,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн ба одоогоор 6,458 тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд 13,542 тонн нүүрс тээвэрлэхээр байна.

Мөнх аригун майнинг ХХК-д Есөн баяр хурд ХХК нь урьдчилгаа 25,000,000 төгрөг бэлнээр, 38,675,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба тус компани ойролцоогоор 250 тонн нүүрс тээвэрлэсэн байна.

Нийт 15,477 тонн нүүрс тээвэрлэсэн ба гэрээнд заасан 1 тонныг 335 юань бөгөөд үүнийг нэхэмжлэгч *******-иас мөнгө шилжүүлсэн үеийн ханш 476,38 төгрөгөөр тооцож үзэхэд 2,469,932,642 төгрөг болж байгаа.

Үлдсэн үнийн дүнд гэрээний дагуу нүүрс тээвэрлэхэд бэлэн байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу заавар өгөхгүй байгаа тул зогсонги байдалтай байгаа.

Иймд нэхэмжлэгч *******-ийн 3,241,041,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

*******-ийн нүүрс гэсэн зүйл байхгүй. Энержи ресурс ХХК-иас нүүрс авах эрхтэй компаниудаас нүүрс авсан ба энэ талаарх баримтуудыг гарган өгөх боломжгүй.

Ийм учраас нүүрс тээвэрлэсэнтэй холбоотой пүүний баримтууд ******* болон *******-ийн хооронд хийгдээгүй, дандаа гуравдагч, дөрөвдөгч этгээдүүдийн хооронд хийгдсэн, нүүрсийг ийм компанид өгөөрэй гэдэг, цаашаагаа тээвэрлэлт хийх компанид бас хүлээлгэн өгдөг. Маш олон баримт байгаа ч хэргийн оролцогч нартай шууд хамааралтай баримт байхгүй учраас гаргаж өгөөгүй гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ю лонг блуминг ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

*******-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 406171914 тоот дансанд 2022 оны 11 сарын 11-ний өдөр 785,809,500 төгрөг, 2022 оны 11 сарын 22-ны өдөр 797,936,500 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 827,500,250 төгрөг, 2023 оны 01 сарын 02-ны өдөр 829,795,250 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд,

2022 оны 11 сарын 10-ны өдрийн 22/05 дугаар бүхий нүүрс тээвэрлэлтийн гэрээ,

*******-д хүргүүлсэн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 23/05 тоот хүсэлт, 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 23/10 тоот гэрээ цуцлах, төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг, 2023 оны 06 сарын 11-ний өдрийн 23/14 тоот шаардлага,

Тус шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 17033 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

Хариуцагч ******* нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбар,

*******-ийн Есөнбаяр хурд ХХК-тай 2022 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан 2/06 дугаартай хамтран ажиллах гэрээ,

Есөнбаяр хурд ХХК-ийн Бест оф Монголиан транс ХХК-тай 2022 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан 22/100 дугаартай нүүрс тээвэрлэлтийн гэрээ,

Есөн баяр хурд ХХК-ийн Мөнх аригун майнинг сервис ХХК-тай 2022 оны 11 сарын 22-ны өдөр байгуулсан нүүрс тээвэрлэлтийн гэрээ,

Есөн баяр хурд ХХК-ийн Мандах наран мишээл ХХК-тай 2022 оны 12 сарын 06-ны өдөр байгуулсан 01 тоот нүүрс тээвэрлэлтийн гэрээ,

Есөн баяр хурд ХХК-ийн Мандах наран мишээл ХХК-тай 2022 оны 12 сарын 21-ний өдөр байгуулсан нүүрс тээвэрлэлтийн гэрээ,

Есөн баяр хурд ХХК-ийн Эмералд хилл ХХК-тай 2023 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан ТТГ2023041001 дугаартай тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээ,

Есөн баяр хурд ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 406102178 тоот дансны хуулга,

*******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл,

*******-ийн Есөн баяр хурд ХХК-д 2023 оны 01 сарын 03-ны өдөр 82,750,025 төгрөг, 2023 оны 01 сарын 03-ны өдөр 664,065,475 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 824,931,062 төгрөг, Сийлон ХХК-д 2022 оны 11 сарын 15-ны өдөр 2,309,850 төгрөг, Бест оф монголиа транс ХХК-д 2022 оны 11 сарын 14-ний өдөр 450,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд,

Есөн баяр хурд ХХК-ийн Чинбат Алтанхуягт 2022 оны 12 сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 392,500,000 төгрөг, 2023 оны 01 сарын 03-ны өдөр 125,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 06-ны өдөр 392,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд,

Есөн баяр хурд ХХК-ийн Отгонбаатар Алтанхуягт 2022 оны 11 сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 200,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд,

Есөн баяр хурд ХХК-ийн Долгормаа Нямбаярт 2022 оны 12 сарын 21-ний өдөр 38,675,000 төгрөг шилжүүлсэн баримт,

Бест оф монголиа транс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Есөн баяр хурд ХХК-ийн *******-д хүргүүлсэн тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 3,241,041,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2022 оны 11 сарын 10-ны өдөр 22/05 дугаар бүхий Нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулан, уг гэрээгээр хариуцагч буюу тээвэрлэгч ******* нь нэхэмжлэгч буюу захиалагч *******-ийн нүүрсийг Энержи ресурс ХХК-ийн уурхайн амнаас Говьсүмбэр аймгийн Чойр өртөө болон Төв аймгийн Мааньт өртөөнд тээвэрлэн хүлээлгэн өгөх, тээвэрлэгч тал тухайн гэрээнд заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн захиалагч талаас ачаа тээвэрлүүлэхээр хандсан тухай бүрт захиалгын дагуу ачааг тээвэрлэн хүргэх үйлчилгээ үзүүлэхээр, захиалагч тал гэрээнд заасны дагуу харилцан тохиролцсон үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 22/05 дугаар бүхий гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зуран тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 13-16 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т Нийт тээвэрлэх ачаа нь 200,000 тонн байх ба тээвэрлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс нь 1 тонн ачаа тутамд 335 юань байх ба үүнд НӨАТ-ын үнэ орсон болно. Тээврийн хөлсийг эхний ээлжинд 5,000 тонны төлбөрийг захиалагч талаас тээвэрлэгч талд төлбөрийг зохих дансанд шилжүүлж төлнө,

2.3-т Ачаа тээвэрлэлтийн гүйцэтгэлийн төлбөрийг 2.1-т заасны дагуу *******-ийн Худалдаа хөгжлийн банкны 406171914 тоот төгрөгийн дансанд захиалагч тал болох ******* шилжүүлнэ. Тээвэрлэгч тал гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу акт үйлдэж, баталгаажуулснаар тээврийн төлбөрийн нэхэмжлэх хуудас бичих бөгөөд захиалагч талаас төлбөрийг төлнө гэж заажээ.

Дээрхи нүүрс тээвэрлэлтийн гэрээг тээвэрлэгч *******-иар гүйцэтгүүлэхээр захиалагч ******* нь тээвэрлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 406171914 тоот дансанд 2022 оны 11 сарын 11-ний өдөр 785,809,500 төгрөг,

2022 оны 11 сарын 22-ны өдөр 797,936,500 төгрөг,

2022 оны 12 сарын 27-ны өдөр 827,500,250 төгрөг,

2023 оны 01 сарын 02-ны өдөр 829,795,250 төгрөг, нийт 3,241,041,250 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч тал уг мөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй.

/ХХ-ийн 9-12 дугаар тал/

Тээвэрлэгч буюу ******* нь дээрх гэрээний үүргийг гүйцэтгэхийн тулд гуравдагч этгээдтэй буюу Есөн баяр хурд ХХК-тай 2022 оны 11 сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан уг гэрээгээр талууд *******-тай байгуулсан нүүрс тээвэрлэх гэрээний ажлыг удирдан зохион байгуулах, аливаа тээврийн компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулан тээврийн ажлыг гүйцэтгүүлэх, хяналт тавих харилцааг зохицуулахаар тохирсон гэсэн байна.

*******-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхээр Есөнбаяр хурд ХХК нь Бест оф Монголиан транс ХХК-тай 2022 оны 11 сарын 15-ны өдөр 22/100 тоот нүүрс тээвэрлэлтийн гэрээ,

Мөнх аригун майнинг сервис ХХК-тай 2022 оны 11 сарын 22-ны өдөр нүүрс тээвэрлэлтийн гэрээ,

Мандах наран мишээл ХХК-тай 2022 оны 12 сарын 06, 2022 оны 12 сарын 21-ний өдрүүдэд нүүрс тээвэрлэлтийн гэрээ,

Эмералд хилл ХХК-тай 2023 оны 04 сарын 13-ны өдөр ТТГ2023041001 тоот тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээ тус тус байгуулсан гэжээ.

Мөн тээвэрлэгч буюу хариуцагч ******* нь Есөн баяр хурд ХХК-д 2023 оны 01 сарын 03-ны өдөр 82,750,025 төгрөг, 2023 оны 01 сарын 03-ны өдөр 664,065,475 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 824,931,062 төгрөг, Сийлон ХХК-д 2022 оны 11 сарын 15-ны өдөр 2,309,850 төгрөг, Бест оф монголиа транс ХХК-д 2022 оны 11 сарын 14-ний өдөр 450,500,000 төгрөг,

Есөн баяр хурд ХХК нь Чинбат Алтанхуягт 2022 оны 12 сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 392,500,000 төгрөг, 2023 оны 01 сарын 03-ны өдөр 125,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 06-ны өдөр 392,500,000 төгрөг, Отгонбаатар Алтанхуягт 2022 оны 11 сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 200,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн хэмээн хариуцагч Чимэгэ Солюшн ХХК тайлбарлаж байна.

Ийнхүү тээвэрлэгч буюу хариуцагч ******* нь захиалагч буюу нэхэмжлэгч *******-тай 2022 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүргийг гүйцэтгэхийн тулд бусадтай буюу Есөн баяр хурд ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, Есөн баяр хурд ХХК нь өөр бусад тээврийн компаниудтай гэрээ байгуулан захиалагч *******-тай байгуулсан гэрээний үүрэгт 15,477 тонн нүүрсийг Энержи ресурс ХХК-ийн уурхайн амнаас Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь нүүрс ачилт буулгалтын талбайд тээвэрлэн хүргэсэн гэж маргаж байна.

/ХХ-ийн 42-88, 107-121, 125-127 дугаар тал/

Гэтэл захиалагч *******, тээвэрлэгч ******* нарын байгуулсан 2022 оны 11 сарын 10-ны өдрийн нүүрс тээвэрлэлтийн гэрээнд зааснаар тээвэрлэгч нь Энержи ресурс ХХК-ийн уурхайн амнаас Говьсүмбэр аймгийн Чойр өртөө болон Төв аймгийн Мааньт өртөөнд тээвэрлэн хүргэхээр тохирсон байна.

Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн ачааг тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхээр Есөн баяр хурд ХХК-тай гэрээ байгуулан төлбөрийг төлсөн, цаашлаад Есөн баяр хурд ХХК нь өөр хуулийн этгээдтэй гэрээ байгуулан төлбөрийг төлөн ачааг тээвэрлүүлсэн гэж байх боловч энэ нь тухайн гэрээний дагуу ачааг тээвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Тухайлбал ачаа тээвэрлэлтэд ямар даацын хэдэн тээврийн хэрэгсэл явсан, тэдгээрийн улсын дугаарын жагсаалт, хэдий хугацаануудад хичнээн хэмжээний тээвэрлэлт хийсэн болох, ачааг хэн, хэзээ хүлээн авсан гэх зэрэг баримтуудыг үндэслэн гэрээний дагуу ачаа тээвэрлэлт хийгдсэн гэж үздэг болно.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, 386.2-т Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө,

386.3Ачааг хэд хэдэн тээврийн хэрэгслээр, эсхүл өөр өөр төрөл буюу тодорхой хэсэгт хувааж тээвэрлэхээр бол тээвэрлэгч, ачаа илгээгч талууд ачааны төрөл, тээврийн хэрэгслийн тоогоор дагалдах бичиг үйлдэхийг шаардах эрхтэй,

387 дугаар зүйлийн 387.1Дагалдах бичигт дараахь зүйлийг тусгасан байна,

387.1.1дагалдах бичиг үйлдсэн газар, он, сар, өдөр, 387.1.2ачаа илгээгчийн нэр, хаяг, 387.1.3тээвэрлэгчийн нэр, хаяг, 387.1.4ачааг тээвэрлэгчид шилжүүлэх он, сар, өдөр, газар болон хүргэх газар, 387.1.5хүлээн авагчийн нэр, хаяг, 387.1.6-т ачааны болон сав, баглаа, боодлын ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээ, 387.1.7тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар, 387.1.8ачааны жин буюу хэмжээний талаархи бусад тэмдэглэл, 387.1.9тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/, 387.1.10хуульд заасан бусад нөхцөл зэргийг тусгасан байхыг шаарддаг болно.

Захиалагч *******, тээвэрлэгч ******* нарын байгуулсан 2022 оны 11 сарын 10-ны өдрийн гэрээний 1.2-т Тээвэрлэгч тал энэхүү гэрээнд заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн захиалагч талаас тээвэрлүүлэхээр хандсан тухай бүрт захиалгын дагуу ачааг тээвэрлэн хүргэх үйлчилгээг үзүүлнэ,

3.1-т Тээвэрлэгч тал нь захиалагч талын заасан газраас ачааг анх хүлээн авахдаа уурхайгаас гарсан пүүний бичгийн дагалдах бичигт заасан мэдээллийг шалгаж авах бөгөөд гэрээний 2.3-т зааснаар ачааг хүлээн авснаар ачааны эрсдэл, тээвэрлэлтийн эрх, үүрэг тээвэрлэгч талд шилжинэ,

3.2-т Тээвэрлэгч тал ачааг заасан газарт хүргэж дагалдах бичигт заасан ачааг хүлээн авах эрх бүхий этгээдэд талбайд буусан ачааны пүүний бичгийг үндэслэн хүлээлгэн өгөх бөгөөд хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд үүсэх ачааны хорогдлыг 10,000 тонн тутамд 100 тонноос хэтрүүлэхгүй байна. Хэтрүүлсэн тонн тутмын нүүрсний төлбөрийг тээвэрлэгч талд шилжүүлэх тээврийн хөлснөөс хасаж тооцно гэж заажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ян Зи Хао /Yang Zihao/ Энержи ресурс ХХК-ийн уурхай дээрээс аман байдлаар захиалга өгч байсны дагуу нүүрсийг тээвэрлэсэн гэх боловч үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй бөгөөд талууд хууль болон гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Тээвэрлэгч тал энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй хэмээн заасаар атал тээвэрлэгч Чимэгэ Солюшн ХХК нь дээрх үүргээ зөрчин гэрээний үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Чимэгэ Солюшн ХХК нь Есөн баяр хурд ХХК-тай, Есөн баяр хурд ХХК нь өөр бусад хуулийн этгээдтэй нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан, төлбөр төлсөн баримтууд ирүүлсэн ба энэ нь *******-ийн нэхэмжлэлтэй 3,241,041,250 төгрөг гаргуулах тухай дээрх иргэний хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй тул тухайн гэрээ тус бүрийн талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиалагч ******* нь тээвэрлэгч *******-д хүргүүлсэн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 23/05 тоот хүсэлтэд:

... манай компани 4 удаагийн төлөлт буюу тухайн өдрийн ханшаар тооцож нийт 3,241,041,250 төгрөг шилжүүлсэн болно. Манай компани санхүүгийн жилийн тайлангийн хяналт орж байгаа тул танай компани тээвэрлэлтийн /пүүний бичиг/ баримт болон тооцоо нийлэх акт 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө гарган өгч бидний ажилд тусална уу гэжээ.

Захиалагч ******* нь тээвэрлэгч *******-д 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 23/05 тоот хүсэлт хүргүүлснээс хойш тодорхой хугацааны дараагаар буюу 2023 оны 05 сарын 29-ний өдөр 23/10 тоот Гэрээ цуцлах, төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн ба уг мэдэгдэлд:

Танай компанитай 2022 оны 11 сарын 10-ны өдөр байгуулсан 22/05 дугаартай нүүрс тээвэрлэх гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна. Гэрээнд заасан тээвэрлэлтийн ажил огт хийгдээгүй тул бидний шилжүүлсэн 3,241,041,250 төгрөгийг 2023 оны 06 сарын 05-ны өдрийн дотор манай байгууллагын Голомт банкны 3215128885 дансанд шилжүүлнэ үү.

Дээр дурдсан хугацаанд манай төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд бид хуулийн эрх бүхий байгууллагад хандах болно гэсэн байна.

Мөн захиалагч ******* нь 2023 оны 06 сарын 11-ний өдөр 23/14 тоот шаардлагыг тээвэрлэгч *******-д хүргүүлсэн бөгөөд 2022 оны 11 сарын 10-ны өдрийн нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар 2023 оны 06 сарын 19-ний өдрийн дотор биечлэн ирж уулзах талаар мэдэгджээ.

Тээвэрлэгч ******* нь 2023 оны 04 сарын 24, 2023 оны 05 сарын 29, 2023 оны 06 сарын 11-ний өдрүүдийн хүсэлт, мэдэгдэл, шаардлагад хариуг захиалагч *******-д өгөөгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 17-19 дүгээр тал/

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь энэ тухайгаа хариуцагч Чимэгэ Солюшн ХХК-д мэдэгдэж байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах, цуцлах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагч талд шаардлага хүргүүлсээр атал хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул захиалагч ******* нь гэрээ хэрэгжээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба тээвэрлэгч Чимэгэ Солюшн ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул захиалагч ******* гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн хөлсөө буцаан шаардсан үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан хариуцагч *******-иас 3,241,041,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан хариуцагч *******-иас 3,241,041,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,363,157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 16,363,157 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 18506 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх гэж заасны дагуу хариуцагч ******* /РД: *******/-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 3,241,041,250 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН