Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Насанд хүрээгүй хохирогч Г.Н , түүний хууль  ёсны төлөөлөгч Б.А ,

Шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох 201707000044 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, ...... сумын ........ хороолол .......... тоотод оршин суудаг, 1965 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ........... сумын дунд сургуульд ..... ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ......................регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Б-ийн Г  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 03 сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн ................ сумын .......... хорооны нутаг дэвсгэрт 16-17 ГАҮ улсын дугаартай аксент маркын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хязаалан насны морь унаж явсан 11 настай Г.Н-ыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайн хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 03 сарын 07-ны өдөр Б.Г  нь 16-17 ГАҮ улсын дугаартай аксент маркын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хязаалан насны морь унаж явсан 11 настай Г.Н-ыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Г  нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Гэмшиж байна. Дахиж ийм хэрэг төвөгт холбогдохгүй. Би эмчилгээний болон бодит зардлыг төлнө гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Г.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Морь хөлслөөд Хадаасангийн зах хүрээд буцаж явахад Өсөхөө ах Ганхүү ах хоёрын морь давхисан тэгсэн миний унаж байсан халзан үрээ араас нь амаа авч дагаж давихаад тэгтэл урдаас машин гарч ирээд мөргөсөн. Баруун хөл шилбээрээ хоёр цуураад, шагайгаараа хугарсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны нэгдсэн эмнэлгийн зүүн талын замаар хойшоо явж байгаад Сутай хорооны зүүн талын зам дээр 3 морьтой хүүхэд давхиж байсан. Нэг нь миний баруун гар талаар гарчихаар явж байсан болохоор би зам голлоод гарчихья гэж бодоод явж байтал нөгөө хүүхэд морьныхоо амийг хүчирэхгүй миний машины урд тал руу орчихсон тэгээд мөргөлдсөн...би 20 км цагийн хурдтай явж байсан болохоор зөрөөд өнгөрчихнө гэж бодоод явж байсан нөгөө хүүхэд ч хажуугаар өнгөрөөд явах гэж байсан болохоор зогсоох арга хэмжээ авах гэж оролдоогүй гэнэт тулаад ороод ирсэн болохоор мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг/хх 57-58-рт/,

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэм буруугаа ухаарч гэмшиж байна. Дахин ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг/хх 177-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 03 сарын 07-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би Билэгбаатарын хүрэн халзан үрээг, Өс сартай халтар морь, Г хүрэн зүсмийн морийг унаад хадаасан гэх газар хүртэл хөлс аваад буцаад хашааруугаа Сутай хорооны доод засмал замаар явж байтал Өс , Г  нарын морь хазаар дараад аваад давхихад миний унасан халзан үрээ араас нь таваргасан. Гэнэт урдаас цагаан өнгийн машин гарч ирээд миний унаж явсан морийг дайрч унагасан. Тэгээд миний баруун хөлний  шилбэ орчим хоёр цуурч, шагай орчимд хөл хугарсан...” гэх мэдүүлэг/хх  23-рт/,

Хохирогч С.Б-ын “...Б  бид хоёр тухайн өдөр хоёр их насны   морь  хөлслөх  болоод   Г ,   Өс    хоёроор   морьдоо  унуулаад явуулах гэтэл  Б-н  морины хүүхэд  Нямбаатар  нь би морь уная гээд байхаар нь миний хүрэн халзан хязаалан үрээг мордуулаад явуулсан юм. Морьдыг хөлслөөд явахад бид нар байнга дагаж явдаг юм. Сутай хорооны хашаанаас гарахад заавал  замаар хөндлөн гарах шаардлага гардаг юм. Ихэнхдээ замын хөвөөгөөр явж байгаад хөндлөн гарч явдаг юм. Б  бид хоёр хамт морьдоо уяж байсан учир эцэг эхээс нь зөвшөөрөл авч  ирсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх 142-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Намайг морио унаад хадаасангийн тэр хавьд хүрчихээд буцаад ир гэж хэлсэн. Ямар нэгэн замын хөдөлгөөнд оролцоорой гэж хэлээгүй. Гэрлүүгээ явах замд замын хөвөөгөөр явж байгаад хөндлөн гараад хашааруугаа ордог юм...” гэх мэдүүлэг/хх 144-рт/,

Насанд хүрээгүй  гэрч  О.Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Өс , Н  бид гурав Хадаасан гэх газарт морь хөлслөөд буцаад хашааруугаа явж байтал Өс-ын унаж явсан сартай хүрэн морь гэнэт давхиад явахад Н Өс  бид хоёрын ард явж байтал миний өмнөөс жижиг цагаан машин гарч ирэхэд миний унаж явсан  морь зүүн талаар Өс-ын унаж явсан морь баруун талаар нь гарахад ард явсан Н-ын морийг мөргөх шиг болсон. Тэгээд би морио эргүүлээд ирэхэд Нямбаатарын унаж явсан морь газар дээр хэвтээд Н  машиныхаа зүүн талын хажууд нь байсан юм...” гэх мэдүүлэг/хх 28-рт/,

Насанд хүрээгүй гэрч Д.Өс-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Н нь Г  бид хоёрын ард давхиулж явтал өмнөөс цагаан өнгийн жижиг машин гарч ирэхэд Гантөмөрийн унаж явсан морь зүүн талаар миний унаж явсан морь баруун талаар нь гарахад ард явсан Н-ын унаж явсан морийг машин мөргөх шиг болсон. Тэгээд би морио эргүүлээд ирэхэд Н-ын хүрэн халзан морь газар дээр хэвтээд, Нямбаатар машины зүүн талд байсан...” гэх мэдүүлэг/хх 29-рт/,

Иргэний  хариуцагч   Ш.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017  оны  03  сарын  07-ны  өдөр өөрийн хоёр морийг хөлслөхөөр 2 хүүхэд мордуулаад явуулах гэхэд би энэ морийг чинь унаад цуг явчихаад ирье гээд Билэгбаатарын морийг унаад  явсан юм. Г.Н нь жил болгон ирж миний хурдан морийг унаж өгдөг хүүхэд байгаа юм. 2017 оны 02 сарын сүүлээр Г.Н-ыг аав ээжид нь хэлээд аймагт морь унуулахаар авч ирүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 154-рт/,

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тухайн хүний морийг унахыг зөвшөөрөөгүй харин Б  морио унуулна гээд Тонхил сумаас манай хүү Н-ыг хавар 2017.02 сарын сүүлээр аймагруу авч явсан юм. Гэхдээ Б  нь Бил  гэдэг хүний морийг уядаг байсан юм байна лээ тэгээд тухайн осол болдог өдөр Бил-ын морийг хөлслүүлэхээр унуулсан байсан...” гэх мэдүүлэг/хх 145-146-рт/,

Итгэлт-Эстимейт ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №22/17 тоот шинжээчийн “...статистикийн мэдээ мэдээлэл, зах зээл дээр худалдаалагдаж байгаа хязаалан насны адууны үнийг дундажаар 1.500.000 төгрөгийн үнээр тогтоов...” гэх дүгнэлт /хх 161-162-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №103 тоот “...1.Г.Н-ын биед баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх акт/хх 44-45-рт/,

Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт/хх 168-169-рт/,

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт/хх 5-8-рт/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл/хх 17-рт/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл/хх 147-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрэл зургийн үзүүлэлт/ хх 5-8-рт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх/хх-17-рт/, насанд хүрээгүй хохирогч Г.Н-ын мэдүүлэг/хх-23-рт/, гэрч О.Г , Д.Өс  нарын мэдүүлэг/ хх-28-29-рт/, шүүгдэгч Б.Г-ын мэдүүлэг/хх 57-рт/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг/хх 144-рт/, эд зүйл бусад нотлох баримтыг хүлээн авсан тэмдэглэл/хх 147-рт/, хохирлыг гаргаж өгсөн баримт/хх149-151-рт/, иргэний хариуцагч Ш.Б-н мэдүүлэг/хх 154-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 161-рт/, автын ослын дүгнэлт/хх 168-169-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх 1-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 68-69-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй бөгөөд түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг уншиж сонсгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Г-ыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол талуудаас гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй болно.

 

Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох 201707000044 дугаарын хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч нь гэм буруутай болох нь тогтоогдож байгаа зүйлчлэлийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, болгоомжгүй байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн 201707000044 дугаарын хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогчид 2017 оны 3 сарын 7-нд 50.000 төгрөг, 3 сарын 10-нд 200.000 төгрөг нийт 250.000 төгрөг эмчилгээнд зарцуулахаар өгсөн болох нь  насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин хавтаст хэргийн 150, 151-р хуудсанд байгаа баримт болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгчээс нотлох баримтаар тогтоогдсон 439.950 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.Н-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Хохирогч С.Бил  нь шүүх гаргасан хүсэлтдээ шүүх хуралд оролцох боломжгүй тул холбогдох этгээдээс хохирол 8 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ....дан ганц Галсанжамцын буруутай үйлдэл биш, насанд хүрээгүй хохирогчийн буруутай үйлдэл байгаа тул тухайн үед асран хамгаалагчаар явж байсан хүмүүсийн буруу байгаа тул шүүгдэгч Галсанжамцын адил шүүгдэгч болох ёстой, морины хохирол эргэлзээтэй шалгагдаж тогтоогдоогүй иргэний харилцаагаар маш нарийн зохицуулагдаж байж энэ хохиролыг хэн хариуцах вэ, Б  юу, Бил  нь өөрөө хариуцах ёстой  юу гэдэг нь шалгагдаж байж өөрсдөө баримтаа бүрдүүлж байж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна ... гэжээ. Шүүх дээрхи хүсэлт болон дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Тухайн үед насанд хүрээгүй хохирогчийн унаж явсан адууны үнэлгээг Есөнбулаг сумын эд зүйлийн үнэлгээний комисс болон хөрөнгийн үнэлгээчин Р.Ц нар нь 8.000.000 төгрөгөөр харин “Итгэлт Эстимэйт” ХХК-ний үнэлгээчид 1.500.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Есөнбулаг сумын эд зүйлийн үнэлгээний комисс болон хөрөнгийн үнэлгээчин Р.Ц  нар нь эд зүйлийн үнэлгээг гаргахдаа хавтаст хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн үнэлгээ гаргаагүй зөвхөн хохирогчийн хурдан удмын адуу байсан гэх мэдүүлэгт үндэслэн өөрөөр хэлбэл уг хязаалан настай адууны хурдан удмыг нотлох баримт хэрэгт байхгүй байхад хурдан удмын адуу гэж үзэж зах зээлийн дундаж үнэ ханшийг үндэслэж дүгнэлт гаргасан байна. Харин “Итгэлт Эстимэйт” ХХК-ний үнэлгээчид нь дүгнэлт гаргахдаа хавтаст хэргийн холбогдох материалуудад үндэслэн хязаалан настай адууны зах зээлийн үнэ ханшийг үндэслэн дүгнэлт гаргажээ.  Өөрөөр хэлбэл уг хязаалан настай адууг хурдан удмын адуу байсан гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байх тул зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн гаргасан  Есөнбулаг сумын эд зүйлийн үнэлгээний комисс болон хөрөнгийн үнэлгээчин Р.Ц  нарын гаргасан үнэлгээг шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд  “Итгэлт Эстимэйт” ХХК-ний үнэлгээчид нь дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж гэм буруутай этгээдээс уг адууны үнийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч нь ердийн хөсөг ашиглан тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан замаар зорчиж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь шинжээчийн 2017 оны 8 сарын 18-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч дээрхи зөрчил нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон асран хамгаалагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагчаар татаж хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзлээ. Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 3 сарын 7-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд тухай үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж заажээ. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар тогтоогдсон Ш.Б  болон хохирогч С.Бил , насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас адууны үнийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-аас 439.950 төгрөг гаргуулж 18 насанд хүрээгүй хохирогч Г.Н-т, адууны үнэ болох 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч С.Бил-т тус тус олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD бичлэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй байх тул шүүгдэгчийн эзэмшлийн аксент маркийн 16-17 ГАҮ улсын дугаартай автомашинийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2017 оны 7 сарын 3-ны өдөр 60.000 төгрөг, 2017 оны 8 сарын 23-ны өдөр 30.000 төгрөг тус тус  төлсөн, бусад зардалд төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох 201707000044 дугаарын хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Тайж овогт Б-ийн Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-аас 439.950 төгрөг гаргуулж 18 насанд хүрээгүй хохирогч Г.Н-т, 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч С.Бил-т тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан DVD бичлэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн эзэмшлийн аксент маркийн 16-17 ГАҮ улсын дугаартай автомашинийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолийг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г-ын №860568 дугаартай жолоочийн үнэмлэх, №000920844 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.

7. Шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 30.000 төгрөг төлсөн, бусад зардалд төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА