Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1531

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.19                                                Дугаар 1531                                     Улаанбаатар хот

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01766 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М, Е Б ХХК нарт холбогдох,

Орон сууцны тайлбайн зөрүү болон бусад зардалд 4 256 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.М, Б.М, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Э,

Хариуцагч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж,

Хариуцагч Б.М-ийнөмгөөлөгч: А.З,

Хариуцагч “Е.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.М-тэй гэрээ байгуулж Баянгол дүүрэг 18 дугаар хороо хотхоны 12 давхарын А блокийн 7 давхарт 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр тооцож 97.5 м.кв талбайтай орон сууцыг зарим нэг өөрчлөлт хийлгэхээр гэрээндээ тусгаж Орон сууц захиалагчтай хийх гэрээг байгуулсан. Байрандаа 2013 онд нүүж орсон. Гүйцэтгэгч нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол Улсын барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон барилгын норм стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээний 1.2-т заасан талбайгаас 2.59 м.кв дутуу, өөрөөр хэлбэл 94.91 мкв талбай орон сууцыг хүлээлгэн өгсөн. Энэ нь орон сууцны хэмжилт хийсэн Т Г ХХК-ийн гаргасан сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж 2.59 х 1 550 000 төгрөгөөр үржүүлж 4 014 500 төгрөг нэхэмжилсэн. Иймд Б.М, “Е.Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 3 өв залгамжлагчаас талбайн зөрүү 4 014 500 төгрөг, орон сууцны хэмжилт хийсэн зардал    183 000 төгрөг, дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад төлөх 54 000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авсан хураамжид төлсөн 5 000 төгрөг нийт 4 256 500 төгрөгийг тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Улсын дээд шүүхийн 2017 оны тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Өөрөөр хэлбэл, Б.Эын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад буй 4 344 700 төгрөгийн төлбөрийг Б.М хариуцах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “Е.Б” ХХК болон Б.Э нарын хооронд байгуулагдсан гэрээнд заасан м.кв зөрүүтэй гэж нотлогдсон тохиолдолд тухайн төлбөрийг орон сууцыг худалдан борлуулсан “Е.Б” ХХК нь хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно. Иргэний хуульд заасанчлан хувьцаа эзэмшигч нь компаний өр төлбөрийг хариуцахгүй тул “Е.Б” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг Б.М хувьцаа эзэмшигчийн хувьд ч хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй билээ. Хэрэв талбайн м.кв зөрүү үүссэн болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд талбайн зөрүүг Б.Э-д орон сууц худалдан борлуулсан “Е.Б” ХХК хариуцах ёстой. Иймд Б.Э-ийн нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Е Б” ХХК буюу Б.М, Б.М, Б.М, БЦнараас тус бүр 1 050 625 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, үлдэх 54 000 төгрөгийн шаардлага, хариуцагч иргэн Б.Мт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Б.М, Б.М, Б.Ц нараас тус бүр 20 547 төгрөг нийт      82 190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч Б.М, Б.М, БЦнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшеөрч хариуцагч Б.М, Б.М, Б.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.М-тэйгэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээ нь “Е Б” ХХК-ийг төлөөлж байгуулсан үйл баримт огт байхгүй байхад шүүх маргаан бүхий гэрээ, тэдгээрийн оролцогчдыг буруу тодорхойлсон байна. Түүнчлэн гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс ч үүнийг нотолж Б.М мөнгийг авсан болохыг нотолсон байдаг. Тиймээс гэрээний доголтой холбоотой асуудлыг гэрээний оролцогч бус этгээд хариуцах нь хууль зүйн үндэслэлгүйн дээр шударга бус юм. Б.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр нас барж түүний 5 хүүхэд болон Б.М нарын 6 хүн нь түүний хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллатааны явцад дээрх өв залгамжлагч нарыг бус “Е Б” ХХК-ийг хариуцагчаар татсан ба өв задгамжлагч нар нь “Е Б” ХХК-ийн эд хөрөнгийг хариуцах, захиран зарцуулах, хуваан авах өв залгамжлагч нар бишээс гадна төлөөлөх эрх бүхий этгээдүүд ч огт биш юм. Иргэний өв залгамжлал хийгээд Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигч компанийн өрийг хариуцахгүй байх, компанийн өрийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй байх суурь зарчмыг үгүйсгэсэн байна. Гэрээний оролцогч огт биш,” Е Б” ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд хамааралгүй, хувьцаа эзэмшигч ч огт биш этгээдүүдэд хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээний доголдолын төлбөрийг хариуцуулж    буй нь шударга бус юм. Тиймээс Б.Эын нэхэмжлэлтэй Б.М, Б.М, Б.М, БЦ нарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.М, Б.М, БЦ нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.М Е Б ХХК нарт холбогдуулан орон сууцны тайлбайн зөрүү болон бусад зардалд 4 256 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Б.М, Б.М, БЦ нарыг мөн хариуцагчаар татсан байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нарыг хэргийн оролцогч нараар татсан шүүгчийн захирамж гаргаагүй байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэр болон Удиртгал, Тодорхойлох хэсэгт Б.М, Б.М, БЦ нарын нэр болон тайлбар бичигдээгүй шууд Тогтоох хэсэгт дээрх нэр бүхий этгээдээс тус бүр 1 050 625 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх “Е.Б” ХХК-ийг хариуцагчаар татсан шүүгчийн захирамж гаргасан атлаа энэхүү компанийг хэн төлөөлөх нь тодорхойгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч болох этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй юм.

Түүнчлэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодруулаагүй гэж үзнэ. Эрх зүйн харилцааг зөв тодорхойлсоноор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлт хийх шаардлагатай юм.

Хэдийгээр зохигч нар энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах журамд үндэслэх учиртай.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01766 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч Б.М, Б.М, БЦ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 61 641 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                 ШҮҮГЧИД                                                         А.МӨНХЗУЛ

       М.НАРАНЦЭЦЭГ