| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2023/00439/И |
| Дугаар | 139/ШШ2024/00058 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 139/ШШ2024/00058
| 2024 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 139/ШШ2024/00058 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг, Олон шанд гэх нутаглах, Нордовыхон овогт Жамбалын Жамъянлхам /РД:ЗА56030405/,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Боржигоны 19 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Төгрөг хайрхан овогт Аръяагийн Алтанцог /ЗЮ62012923/
Нэхэмжлэлийн шаардлага: Сэкүүлийн билигт чулуу нэртэй хондны өмчлөлийн гэрчилгээг Ж.Жамъянлхамын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Жамъянлхам
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Хариуцагч А.Алтанцог
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Жамъянлхам нь А.Алтанцогд холбогдуулан Сэкүүлийн билигт чулуу нэртэй хондны өмчлөлийн гэрчилгээг Ж.Жамъянлхамын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.Жамъянлхам шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.Алтанцог Сэкүүлийн билигт чулуу нэртэй хондыг зарна гэж хэлэхээр нь манай өвгөн би, хариуцагч , түүний нөхөр Өлзийбаяр бид дөрөв хамт сууж байгаад нөхөр бид хоёр худалдаж авсан юм. 2020 оны 4 дүгээр сард өвгөн тэтгэврийн зээл аваад 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 4 ямааны мах өгсөн. Өлзийбаяраас газрын гэрчилгээгээ авсан. Бид газрын гэрчилгээг 4 жил хадгалж байгаад 2023 оны намар 8 дугаар сард А.Алтанцог дээр очиж газраа шилжүүлэхээр очоод газар шилжүүлэхтэй холбоотой нотариатын зардлыг би төлсөн. Хороо бууцны татварыг би 4 жилээр төлсөн. Манайх уг бууцыг худалдаж авснаас хойш үргэлж тэр газар нутаглаж байгаад Батчулуун гэдэг хүн энэ зун ирээд би бууцыг авсан гэж хэлээд байшин буулгаад гаргаад, хороо бариад байсан. Тэр хавийн айлууд дургүйцээд олон малтай айл буучихлаа, хороо бууцаа авах л хэрэгтэй шүүхэд өргөдөл өг гээд шуугиад эхэлсэн. Тэгээд би шүүхэд хандсан. Иймд Одоо би бүр гайхаад учрыг нь олохгүй байна. Сэкүүлийн билигт чулуу нэртэй хондны өмчлөлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.
Хариуцагч А.Алтанцог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Өлзийбаяр Ж.Жамъянлхамд хороогоо 1.500.000 төгрөгөөр зарна гэж хэлж байсныг би зөвшөөрөөгүй. Манай нөхөр өөрөө дур мэдээд энэ хүнд зарахаар болсон. Эдгээр улсууд эхлээд 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд машинтай явах гэтэл 300.000 төгрөгийг дараа өгье гэж энэ хүн хэлэхээр нь би нөхөртөө юуны 300.000 төгрөг вэ, 1.300.000 төгрөгөөр зараад байхдаа яадаг юм гэрчилгээгээ буцааж ав гэж хэлэхэд манай нөхөр гэрчилгээгээ аваагүй. Газрын албаныхан намайг өөрийнхөө нэр дээр өмчилж ав гэсний дагуу би хороогоо өөрийнхөө нэр дээр өмчилж авсан юм. Ингээд би хороогоо зарахаа болилоо гэж нэхэмжлэгчид хэлсэн чинь надаас 1.000.000 төгрөгийн хүүд 5.000.000 төгрөг нэхсэн. Надад 4 эцэнхий гулууз авчирч өгсөн. Надад өгсөн газрын төлбөрт өгсөн төлбөр нь 1.405.000 төгрөг болсон. 1.405.000 төгрөгийг нь би өгнө. Хороогоо энэ хүнд зарахгүй, 2020 оны 7 дугаар сард хийгдсэн наймаа учраас нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс Бичигтийн хондны бууцны газрын кадастрын зургийг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч Ч.Сумъяадоржийн мэдүүлэгийг авсан байна.
Хариуцагчаас 0000214238 дугаартай Аръяагийн Алтанцогийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 4 дүгээр сард А.Алтанцог болон түүний нөхөр Өлзийбаяраас Сэвхүүлийн билэгт чулуу нэртэй газрыг 1.500.000 төгрөгөөр худалдан авсан, хариуцагч газрын гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа учир уг газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэхыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Бичигтийн хондны бууцны газрын кадастрын зургийг үндэслэн А.Алтанцогоос Сэвхүүлийн билэгт чулуу нэртэй газрын өөрийн өмчлөлд шилжүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч А.Алтанцог ...би хороогоо зарахгүй, 2020 оны 7 дугаар сард худалдсан ч 3 жил гаруй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багт байрлах Сэвхүүлийн бичигт нэртэй газрыг 2020 оны 4 дүгээр сард А.Алтанцог, Ж.Жамъянлхамд 1.500.000 төгрөгөөр худалдах хэлцлийг амаар тохиролцож, хариуцагч А.Алтанцог газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Жамъянлхамд шилжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
4.2. Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/230 дугаар захирамжаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Сэвхүүлийн бичигт нэртэй 5000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
5. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багт байрлах Сэвхүүлийн бичигт нэртэй газрыг 2020 оны 4 дүгээр сард А.Алтанцог, Ж.Жамъянлхамд 1.500.000 төгрөгөөр худалдах хэлцлийг амаар тохиролцсон, зохигчдын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заажээ.
6.1. Зохигчид 2020 оны 4 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж газар худалдсан ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ гэж зааснаас үзвэл 2020 оны 4 дүгээр сараас нэхэмжлэгчид гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа нь 2023 оны 4 дүгээр сард дууссан байна.
6.2. Нэхэмжлэгч дээрх хугацааны дотор гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг шаардсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, эсхүл хугацааг сэргээх нөхцөл байдал үүссэн үндэслэлээр сэргээх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж.Жамъянлхамын нэхэмжлэлтэй А.Алтанцогд холбогдох Сэвхүүлийн билигт чулуу нэртэй хондны өмчлөлийн гэрчилгээг Ж.Жамъянлхамын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ