| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2022/04520/И |
| Дугаар | 182/ШШ2024/00970 |
| Огноо | 2024-03-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/00970
2024 03 01 182/ШШ2024/00970/ШШ2023/01307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч Б.Цолмон, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт Болортуяагийн******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 125,568,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 3,000,000 төгрөг нийт 228,568,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Алтанбагана
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв
Чингэлтэй дүүргийн прокурор *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түмэнхүслэн нар оролцов.
Зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оноос эхлэн эрүүгийн ******* дугаартай хэрэгт сэжигтнээр цагдан хоригдсоноос хойш 2021 оныг хүртэл уг хэрэгт хууль бусаар мөрдөгдөн удаа дараагийн шийдвэрээр нийт 654 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдож байгаад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар магадлалаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж цагаатгагдсан.
Миний бие анх насанд хүрээгүй гэрчээр 2013 оны 08 дугаар сард мэдүүлэг өгснөөс хойш 7 гаран жилийн хугацаанд хүнийг санаатай алах гэмт хэрэгт шалгагдан хууль бусаар мөрдөн мөшгөгдөж, 654 хоног хууль бусаар цагдан хоригдож, ял шийтгэгдэж, сэтгэл санаа, бие махбодь, эд хөрөнгө, эрх чөлөө, ирээдүйн амьдралаараа хохирсон.
Насанд хүрээгүй байхаас эхлэн бүтэн 7 гаруй жилийн турш хууль хяналтын байгууллагын хараан дор байнгын айдас түгшүүр дунд амьдарч ирсэн бөгөөд миний амьдралыг орвонгоор нь эргүүлж өгүүлж баршгүй хохирол учруулсан.
Миний бие дээд сургуульд элсэн суралцаж байсан боловч уг асуудлаас болж сургууль завсардан мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон бөгөөд цаашид сайхан амьдрах бүхий л нөхцөл бололцоог хаасанд гомдолтой байна.
Нэхэмжлэлд дурдаж буй цагдан хоригдсон 654 хоног нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 654 хоног цагдан хоригдсон нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт учир түүнийг дахин нотлох шаардлагагүй.
Цагдан хоригдсон 654 хоногийн 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгөөр тооцож, 125,568,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлын хувьд 7 жилийн хугацааны бие мах бодь, сэтгэл санаа, ар гэр бүл хохирсон учраас нэхэмжилсэн.
Тухайн цаг үед 2013-2015 оны хооронд МУБИС-д суралцаж, сургалтын төлбөр 3,000,000 төгрөгийг төлсөн байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, ...улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана гэснийг тус тус үндэслэн үндэслэлгүйгээр цагдан хоригдсон хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ нөхөн сэргээлгэхээр учирсан хохирлоо тооцож Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар хандаж байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг болон тодорхой төрлийн ялуудыг өөр хооронд нь дүйцүүлж, сольдог жишгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иймд хууль бусаар цагдан хоригдсоны нөхөн олговорт 125,568,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, сургуульд суралцах боломжгүй болсон эд хөрөнгийн хохиролд 3,000,000 төгрөг нийт 228,568,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Чингэлтэй дүүргийн прокурор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Алтанбагана нь цагдан хоригдсон 654 хоногийн 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгөөр тооцож, 125,568,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192,000 төгрөг байхаар тогтоосон ба нэхэмжлэгч нь үүнийг цагдан хоригдсон 1 хоног тутамд 192,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг болон их сургуульд суралцах боломжгүй болсон ба эд хөрөнгийн хохиролд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлах ёстой. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг тусгасан.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд сэтгэл санааны гэм хорыг нэхэмжилсэн шаардлагыг хангах боломжгүй. Шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг тухайн маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх боловч мөн хуулийн 4.3 дахь хэсэгт зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.
Сэтгэл санаанд учирсан гэм хор болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хор нь эдийн бус гэх төрөлд хамаарах боловч агуулга, хэлбэрийн хувьд ялгаатай тул эдгээр харилцаанд эрх зүйн нэг хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх боломжгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь МУБИС-д суралцаж байх хугацаандаа 3,000,000 төгрөг төлсөн гэдэг. Хэрэгт авагдсан баримтаас харахад МУБИС-д суралцаж байх хугацаандаа 2013-2014 оны хичээлийн жилд 1,450,000 төгрөгийг төлсөн баримт авагдсан учир 3,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
4. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-3/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-4/, Насанд хүрээгүй гэрчийг байцаасан тэмдэглэл /хх-5-19/, Сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлэх тухай тогтоол /хх-21, 35/, Сэжигтнийг цагдан хорих тухай захирамж /хх-22-23, 37-38/, Яллагдагчийн цагдан хорих санал хүргүүлэх тогтоол /хх-24, 39/, Яллагдагчийг цагдан хорих тухай захирамж /хх 25-26, 41-42/, Сэжигтнээр тооцох тогтоол /хх-28, 43/, Сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх-29-30, 44-45/, Яллагдагчаар татах тогтоол /хх-31, 46/, Цагдан хорьж мөрдөх хугацаа сунгах тухай захирамж /хх-48-49, 53-54, 208-226, 233-241/, Яллах дүгнэлт /хх-66-80/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоол /хх-86-112/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 812 дугаар магадлал /хх-115-125/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол /хх-126-157/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дугаар магадлал /хх-158-190/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай тогтоол /хх-196-207/, яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай захирамж /хх-242/, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж /хх-243-244/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоол /хх-249-250, 2хх1-11/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар магадлал /2хх 12-25/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаартай тогтоол /2хх 26-30/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 444 дугаар цагаатгах тогтоол /2хх 33-41/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 822 дугаар магадлал /2хх 42-52/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаартай тогтоол /2 хх-53-57/, Хэргийг прокурорт буцаах тухай захирамж, Хэргийг харъяалах шүүхэд шилжүүлэх тухай захирамж /2х 58-69/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 742 дугаар цагаатгах тогтоол /2хх 70-77, 94-99/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаар магадлал /2хх 78-84/, Математик, байгалийн ухааны сургуулийн дүнгийн тодорхойлолт /2хх-100/
5. Шүүхийн журмаар Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулиас нотлох баримт гаруулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Алтанбагана нь цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 125,568,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 3,000,000 төгрөг нийт 228,568,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ шүүхийн удаа дараагийн шийдвэрээр нийт 654 хоног хууль бусаар цагдан хоригдож Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар магадлалаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж цагаатгагдсан.
2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг болон тодорхой төрлийн ялуудыг өөр хооронд нь дүйцүүлж, сольдог жишгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн үед хорих ялыг торгох ялаар солих байсан бол өдрийн 192,000 төгрөгөөр тооцох байсан.
Мөн хуулийн байгууллагын хяналтад байнгын айдас түгшүүр дунд амьдарч, ял шийтгэгдэж, сэтгэл санаа, бие махбодь, эд хөрөнгө, эрх чөлөө, ирээдүйн амьдралаараа хохирсон учир сэтгэл санааны болон эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулна гэж тайлбарлаж байна.
3. Төрийг төлөөлж оролцсон прокурор нэхэмжлэгч нь цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлын хэмжээг тооцохдоо цагдан хоригдсон хоног тутмыг 192,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Шүүх сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд сэтгэл санааны гэм хорыг нэхэмжилсэн шаардлагыг хангах боломжгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг тухайн маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй.
Нэхэмжлэгч нь МУБИС-д суралцаж байх хугацаандаа 3,000,000 төгрөг төлсөн гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2013-2014 оны хичээлийн жилд 1,450,000 төгрөгийг төлсөн баримт авагдсан учир шаардлага үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбарыг гаргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Б.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн ******* дугаартай хэрэгт, 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж насанд хүрээгүй гэрчээр байцааж, улмаар сэжигтнээр тооцож, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж Б.Алтанбаганыг гэм буруутайд тооцон, 6 жилийн хугацаатай хорих ял шийтгэж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1082 дугаар шийтгэх тогтоол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 812 дугаар магадлалаар хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаан шийдвэрлэж,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Б.Алтанбаганыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дугаар магадлалаар Б.Алтанбаганыг цагаатгаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай тогтоолоор магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Алтанбаганад холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. /1хх 86-207/
Улмаар Б.Алтанбаганыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар магадлалаар цагаатгаж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, анхан шатны шүүхээр өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хэлэлцүүлэхээр буцааж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 444 дүгээр цагаатгах тогтоолоор Б.Алтанбаганыг цагаатгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 822 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаартай тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэжээ. /1хх 249-250, 2хх 1-30, 33-57/
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШТЦ/742 дугаар цагаатгах тогтоолоор хэрэгсэхгүй болгож, Б.Алтанбаганыг цагаатган шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаар магадлалаар хянаад цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдсан ба уг шийдвэрээр Б.Алтанбаганыг цагаатгаж, тус эрүүгийн хэрэгт 654 хоног цагдан хоригдсон үйл баримтууд тогтоогдсон байна. Шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан.
Хуульд зааснаар эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хуулийн дагуу шалгаж, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Гэвч зохих хууль, журмын дагуу ажиллагааг явуулсан боловч тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдоогүй бол түүний эсрэг хэрэгжүүлсэн эрхийн хязгаарлалт нь хууль бус ажиллагаа болно.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй учир эрх бүхий этгээдээс хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн эрхийн хязгаарлалт нь хууль бусд тооцогдож, ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ. Тодруулбал тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зохицуулжээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.
6. Нэхэмжлэгч нь Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг болон тодорхой төрлийн ялуудыг өөр хооронд нь дүйцүүлж, сольдог жишгийг үндэслэн цагдан хоригдсон нэг өдрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192,000 төгрөгөөр тооцон, 654 хоногт цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 125,568,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна гэж тус тус заасан.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, торгох ялаар шийтгүүлж буй этгээдийн цагдан хоригдсон хоногийг түүний торгох ялын хэмжээнээс буюу эдлэх ялаас хасаж тооцох дээрх зарчмыг цагдан хоригдсон хугацааны хохирлын хэмжээг тодорхойлоход баримтлах үндэслэлгүй.
7. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоохоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зохицуулжээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192,000 төгрөг буюу 1 цагт 1,142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх,
тус хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг буюу 1 цагт 1,428 төгрөг 60 мөнгө байхаар тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр тус тус шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан баримт, тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Алтанбагана нь 2015 оны 03 дугаар 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 654 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдсон.
Шүүхээс дээрх хугацаа болон нэхэмжлэгчийн цагдан хоригдож байх хугацаанд мөрдөгдөж байсан цалин, хөлсний доод хязгаарыг үндэслэн хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлыг 6,001,090.8 төгрөг гэж үзлээ.
Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192,000 төгрөг байх үед 5,197,376.4 /192,000 төгрөг :21,5 хоног * 582 хоног/ төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг байх үед 803,714.4 /240,000 төгрөг :21,5 хоног * 72 хоног/ төгрөг, нийт 6,001,090.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанбаганад олгох үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Миний бие анх насанд хүрээгүй гэрчээр 2013 оны 08 дугаар сард мэдүүлэг өгснөөс хойш 7 гаруй жилийн хугацаанд гэмт хэрэгт шалгагдан хууль бусаар мөрдөн мөшгөгдөж, ял шийтгэгдэж, сэтгэл санаа, бие махбодь, эд хөрөнгө, эрх чөлөө, ирээдүйн амьдралаараа хохирсон. Хууль хяналтын байгууллагад шалгагдахдаа байнгын айдас түгшүүр дунд амьдарч ирсэн бөгөөд миний амьдралыг орвонгоор нь эргүүлж, мэргэжил эзэмшин, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий байна.
9. Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгахаар заасан.
Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирлын хэмжээг 100,000,000 төгрөг гэж тодорхойлохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг өдөрт тооцох жишгээр тогтоосон гэж тайлбарласнаас үзвэл тухайн гэм хорын агуулга нь эд хөрөнгийн шинжтэй гэж үзэхээр байна.
Дээрх агуулгаар шүүхээс нэхэмжлэгчийг цагаатгаж шийдвэрлэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу цалин, хөлсний доод хязгаарыг баримтлан нэхэмжлэгч Б.Алтанбаганын холбогдсон эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн 2015 оноос түүнийг цагаатгах тогтоол гарах 2021 он хүртэл 6 жилийн хугацааг тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 30,240,000 /420,000 төгрөг * 72 сар /6 жил// төгрөгийг хангаж шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж үзлээ.
10. Хэрэгт авагдсан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн албан бичигт нэхэмжлэгч Б.Алтанбаганыг 2013-2014 оны хичээлийн жилд Биологи-Эрүүл мэндийн багшийн ангид /M.BH13D005/ кодтой элсэн суралцаж, сургалтын төлбөрт 1,450,000 төгрөг төлсөн болохыг түүнчлэн Б.Алтанбаганын суралцаж буй бакалаврын хөтөлбөр нь 6,800,000 төгрөгийг бүрэн төлж төгсөх хөтөлбөр болохыг тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг болон нэхэмжлэгч нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологи-Эрүүл мэндийн багшийн бакалаврын хөтөлбөрийг суралцаж төгссөн бол 6,800,000 төгрөгийг бүрэн төлөх нөхцөл байдал, түүний гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хугацаа, хязгаарлагдсан эрх, цагдан хоригдсон хугацаанд алдагдсан боломж, арилгах боломжгүй нөхцөл байдал зэргийг харьцуулан их сургуульд суралцах боломжгүй болсноос эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 3,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.
11. Иймд Засгийн газрын нөөц сангаас 39,241,090 төгрөг / 6,001,090 төгрөг + 33,240,000 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанбаганад олгож, нэхэмжлэлээс үлдэх 189,326,910 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
12. Нэхэмжлэгч Б.Алтанбаганын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 39,241,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанбаганад олгож, нэхэмжлэлээс үлдэх 189,326,910 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Б.Алтанбаганын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН
Т.ЭНХТУЯА