Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/

Хариуцагч: Б*******,

Хариуцагч: Г*******нд холбогдох газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгон хүлээн зөвшөөрүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Б*******,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч Г*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гэрч Ц.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Э ХХК-иас тус шүүхэд хандан Б*******,ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/ тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Э ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх тухай[2] нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Э ХХК нь Б*******,ын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаалаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Б т 3.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон.[3]

2.2. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ[4] авч, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулсан.[5]

2.3. Г*******наас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 тоот албан бичгээр[6] Б*******,*******ны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад зааснаар газар ашиглах эрхийг цуцлах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хүргүүлсний дотор тус жагсаалтын 23-т нэхэмжлэгч багтсан.

2.4. Дээрх жагсаалтыг Б*******,*******ны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүлээж аваад 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09/4178 тоот албан бичгээр материалын бүрдэл хангаж ирүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр буцаасан.[7]

2.5. Түүний дараа Г*******наас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгээр бүрдэл хангуулсан жагсаалтыг дахин илгээсний дотор жагсаалтын 23-т нэхэмжлэгч мөн багтсан.[8]

2.6. Ингээд Б*******,ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/ дугаартай тушаал гарч, тус тушаалын хавсралтын 13-т нэхэмжлэгч Э ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.[9]

2.7. Нэхэмжлэгч Э ХХК-иас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20/03 тоот Санал авах тухай[10], мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21/06 тоот Санал гаргуулах тухай албан бичгүүдээр Г*******нд газар ашиглах эрхээ сунгуулахаар хандсан гэж тайлбарладаг.

2.8. Мөн Г*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/390 тоот албан бичгээр[11] газар ашиглах эрхийг сунгах хүсэлт дэмжигдсэн, мөн өдрийн 21/391 тоот албан бичгээр[12] б*******д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээ хийлгүүлэхээр уламжилсан гэж тайлбарладаг.

2.9. Нэхэмжлэгчийн зүгээс ... Гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч компанийн хувьд үүргээ зохих журмын дагуу хуульд заасан хугацаанд нь тогтмол биелүүлсээр ирсэн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий захиргааны акт гарч Газрын тухай хуулийн 40.1.5 буюу Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6 буюу газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр зохицуулж шийдвэрлэсэн. Уг мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шуудангаар хүлээж аваад 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаад маргаж байгаа. Маргаан бүхий захиргааны актад дурдагдсан 40.1.5 болон 40.1.6-д заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ... Сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй ... Манай компани газар ашиглах эрхээ сунгуулахаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20/03 тоот, мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тоотоор хандаж байсан бөгөөд Г*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/390 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг сунгах хүсэлт дэмжигдсэн байхад манай энэ хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагч Б*******,ын зүгээс ... Маргаан бүхий захиргааны актыг эрх зүйн алдаагүй акт гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар хүсэлт шийдвэрлэх процессын шатандаа явж байх үед газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт гарсан нь үндэслэлгүй байсан гэдэг талаар тайлбарладаг. Гэтэл маргаан бүхий акт зөвхөн 09 дүгээр сарын 01-ний өдөр гэнэт гарсан юм биш. Өмнө нь мэдээж сонсох ажиллагаанууд хийгдсэн, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанууд хийгдсэн ... Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхээ сунгуулах талаар Г*******гаар дамжуулан яаманд хандсан гэдэг боловч тийм хүсэлт яаманд огт ирээгүй, бүртгэгдээгүй ... Мөн дээрээс нь нэмэлтээр газар ашиглагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар ашиглах эрхээ сунгуулахаар хүсэлтийг гаргах ёстой. Газрын тухай хуулийн 37.1-д зааснаар дараах үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч компани тус хугацаанд газар ашиглах эрхийнхээ гэрчилгээг сунгуулъя гэдэг хүсэлтийг Б**************анд ирүүлээгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.11. Хариуцагч Г*******ны зүгээс ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргаа нь хуулиар тогтоогдсон иргэн, аж ахуй нэгж газрын газар ашиглах тухай хуулийн агуулга бүхий хүсэлтийг үндэслээд төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх ... чиг үүргийг л хэрэгжүүлдэг ... Өдрийн сонины 2021 оны 10 сарын 22-ны дугаарт 79 аж ахуй нэгж, 6 иргэнд сонсох ажиллагаа зохион байгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн боловч үүнээс тодорхой хэмжээнийх нь ирээд, тодорхой хэмжээнийх нь ирээгүй. Энэ ирээгүй аж ахуй нэгж дотор Э******* компани байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байгаа. Эхний шаардлагын хууль зүйн үндэслэл нь Э******* компани 2015 оны А/27 дугаар тушаалын дагуу Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Г*******рын Баянцагаан уулын нэртэй газарт 3 га газрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олж авсан байдаг. Гэрээгээ 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулаад 5 жилийн хугацаатай ашиглана гэсэн байгаа. Гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч компанийн хувьд үүргээ зохих журмын дагуу хуульд заасан хугацаанд нь тогтмол биелүүлсээр ирсэн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий захиргааны акт гарч Газрын тухай хуулийн 40.1.5 буюу Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6 буюу газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр зохицуулж шийдвэрлэсэн. Уг мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шуудангаар хүлээж аваад 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаад маргаж байгаа. Маргаан бүхий захиргааны актад дурдагдсан 40.1.5 болон 40.1.6-д заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу бол газрын төлбөрийг төлөөгүй гэж байгаа боловч хэрэгт байгаа баримтаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газрын төлбөр тооцоо нийлсэн акт дээр газрын төлбөрийн үлдэгдэлгүй явж байгаа гэсэн агуулгатай дүгнэлт хийгдсэн. Мөн дээрээс нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г*******рын захиргаа болон Э******* компани гэрээг дүгнэсэн акт үйлдсэн байдаг. Тухайн акт дээр 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар газар ашиглагч нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж дүгнэсэн. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газрын зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр хуанлийн 2 жил дараалсан бүтэн хугацаанд ашиглаагүй байхыг ойлгоно гэж Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар байгаа. Гэтэл гэрээ дүгнэсэн актаас маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацааг тооцвол жил гаруйн хугацаа байгаа. Хуульд заасан шаардлага хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийг цуцалж байна гэж үзэж байгаа. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш газрын төлбөр төлөгдөөгүй байдаг. Гэхдээ Г*******раас Б*******анд хүргүүлсэн жагсаалтад дурдсанаар газрын төлбөр төлдөг гэсэн агуулга бүхий тайлбарыг хүргүүлсэн байдаг. Бид гэрчээр Н*******ны газрын төлбөрийн мэргэжилтнийг гэрчээр асуулгасан. Тухайн гэрч юу гэж хэлдэг вэ гэхээр газрын төлбөрөө төлдөг байсан. Төлөөгүй нь ямар шалтгаантай вэ гэхээр программ дээр төлбөрийн нэхэмжлэх үүсдэггүй учраас энэ компани төлбөрөө төлөх боломжгүй болсон гэдгийг тайлбарладаг. Манай зүгээс төлбөрөө зохих журмын дагуу төлж байсан. Гэхдээ газрын төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүй болчихсон учраас бид төлөх боломжгүй болсон. Яагаад гэвэл газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргасан явж байсан чинь ийм захиргааны акт гарчихлаа гэдэг үндэслэлээр маргаан явж байгаа. Дүгнэх юм бол нэхэмжлэгч байгууллагын хувьд 40.1.5 болон 40.1.6-д заасан газар ашиглах эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдүүлэх нөхцөл байдал байхгүй байхад захиргааны байгууллагаас газар ашиглагчийн эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа юм. Хоёр дахь шаардлагын хувьд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах эрхийг сунгуулах эрхтэй. Хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргана гэж заасан байгаа. Э******* компанийн хувьд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах эрхийн хугацаа нь дуусах байсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт албан бичгээр хандсан байдаг. Тухайн үед корона вируст халдварын цар тахал дэлхий нийтээр тархсан, Монгол улсад тохиолдол бүртгэгдэж эхэлж байсан үе байдаг. Захиргааны байгууллагуудын хувьд корона вирусийн цар тахлыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүрээнд тодорхой бус орон тооны бүрэлдэхүүнтэйгээр орон тоог цөөрүүлж ажиллаж байсан. Хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх гэхэд нь Баянзүрхийн товчоогоор зорчигчдыг оруулж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан гэдэг үндэслэлээр Г*******рын хамгаалалтын захиргаанаас хүсэлт хүлээж авах боломжгүй байгаа, боломжтой бол хүсэлтээ хүлээж авч шийдвэрлэнэ гэсэн хариу өгсний үндсэн дээр 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дахин хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 06-нд хүсэлтээ гаргасны дагуу Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж өгсөн. Мөн 07 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрх сунгахыг дэмжсэн албан бичиг болоод, 07 дугаар сарын 29-ний өдрөө мөн б*******д нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт хийлгэхийг уламжилж байна гэсэн албан бичгүүдийг үйлдэж өгсөн байдаг. Тухайн баримтуудаа үндэслээд Э******* компанийн хувьд газар ашиглах эрхээ сунгуулахаар Б**************анд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр И-монголиа сайтаар дамжуулаад хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Холбогдох мэргэжилтнүүдээс нь өнгөрсөн хугацаанд асууж тодруулах явцад юу гэж хэлж байсан гэхээр өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх процесс ажиллагаа явж байна. Хариу гарахаар мэдэгдэнэ гэдэг тайлбар өгсөөр байгаад өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас гаргасан журам байдаг. Газар ашиглах эрх олгосон гэрчилгээ олгох журам дээр газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлт өргөдлийг хүлээж авна. Хүлээж аваад өргөдлийн бүрдэл шаардлага нь хангагдаж байна уу гэдгийг үзээд, хэрвээ өргөдлийн бүрдэл шаардлага хангахгүй бол энэ талаараа хүсэлт гаргагчид хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасан. Мөн дээрээс нь шийдвэр гаргах явцад шийдвэр гаргах боломжгүй байвал талаараа хариу мэдэгдэх хуудсаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ гэсэн уулийн зохицуулалттай. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн Э******* компанийн газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар хариуг албан ёсоор өгөөгүй байдаг. Хуульд заасны дагуу газар ашиглах эрх сунгуулах хүсэлт шийдвэрлэх процесс ажиллагаа өнөөдрийг хүртэл дуусаагүй үргэлжилж байхад энэ эрхийн актыг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх сунгуулах шийдвэр гаргах ажиллагаа өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй үргэлжилж байгаа учраас энийг тогтоох нь нэхэмжлэгчид ач холбогдолтой байна. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэхээр байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.

Хариуцагч нарын тайлбарыг сонссон. Түүнтэй холбогдуулаад нэмэлт тайлбар хэлье. Хариуцагч Б*******ын төлөөлөгч нь сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж яриад байгаа. Гэтэл бид нотлох баримтаа шинжлэн судалсан. Судлахад сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж манай зүгээс үзэж байгаа юм. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2 дахь хэсэгт 21 болон түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдэнэ гэж заасан. Хариуцагч нарын хувьд Өдрийн сонинд мэдэгдсэн гээд байдаг. Тэр мэдэгдлийн дагуу ямар нэгэн аж ахуй нэгж ирж тайлбар өгөөгүй гэдгийг сая хариуцагч тайлбарлалаа. Энэ сонсох ажиллагааг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хандсан байдлаар хэрэгжүүлж чадаагүй байна гэж хараад байна. Тэр нь Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас гарч байгаа тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл энэ сонсох ажиллагааны хүрээнд нэг ч аж ахуй нэгжүүд ирээгүй гэж байгаа юм. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж чадаагүй байна гэж харж байна. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана гээд 27.3,1, 27.3.2, 27.3.3 дэр заасан. Өдрийн сонин дээр мэдэгдсэн гээд байгаа нь энэ шаардлагыг хангасан нь тусгагдаагүй, агуулга байхгүй байгаад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27.4 дэх хэсэгт сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна гэж заасан. Сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн оруулах гэх мэт. Гэтэл ямар арга хэлбэрээр зохион байгуулаад байгаа юм бэ гэдэг нь тухайн сонсгол гээд байгаа мэдэгдэл дээр тодорхой дурдагдаагүй. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж чадаагүй гэж манай зүгээс харж байна. Сонсох ажиллагаа гэдэг нь эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар, нотлох баримт гаргуулж авах ажиллагаа шүү дээ. Гэтэл энэ боломжоор нь хангаагүй, сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгээгүй байж хийсэн гэж ингэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Сая шүүгч бас тодруулаад байсан. Газрын тухай хуулийн 40.1.6 гэдэг үндэслэл дурдчихсан байгаа, 40.1.5 гэдэг байхгүй агуулга бас яригдаад байгаа. Энийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдэг тайлбарыг сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан. Газрын албанаас газрын төлбөрөө төлдөг. Гэхдээ энэ төлбөрийн үлдэгдэл гарсан нь ямар учир шалтгаантай вэ гэвэл газрын төлбөрийн мэргэжилтэн н.Ггаас асуусан байдаг. Энэ хүн төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй байгаа учраас энэ байгууллага төлөх боломжгүй байсан гэдгийг ярьдаг. Манай зүгээс ч мөн бид газрын төлбөрийг хугацаанд нь төлөөд явж байсан. Гэтэл газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах шийдвэр гаргах процесс ажиллагаа явагдаж байгаа учраас төлж чадаагүй байсан гэдэг үндэслэлээр яриад байгаа юм. 2 жил дараалан ашиглаагүй дээр мөн тодруулж хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. 2021 оны 07 сарын 28-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрч тодорхой зүйлүүдийг тайлбарлаж хэлсэн. Гэрээгээ дүгнэхдээ газрын зориулалтын дагуу ашиглаж байгаа, газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэхийг тодруулж байгаад дэмжсэн бичгээ олгодог гэж ярьсан. Энэ баримтуудаас юу харагдаж байна гэвэл Э******* компанийн хувьд газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан гэдэг нь тодорхой харагдана. Э******* компанийн хувьд газар ашиглахдаа ямар зориулалтаар авсан бэ гэхээр аялал жуулчлалын зориулалт. Гэхдээ нарийн үйл ажиллагаа явуулах хэлбэр нь б*******д эерэг нөлөө үзүүлэх эко системээр ашиглана гэж газар ашиглах эрхээ авсан байдаг юм байна лээ. Энэ талаар бид үзлэгийн үеэр шүүгчид тайлбарлаж хэлж байсан санагдаж байна. Гэр барьж ашиглаж байсан, отог буудал бариад ажиллаж байсан гээд. Энэ дээр заавал барилга байшин барьсан байх юм бол тэрийг ашигласанд тооцно гэсэн хуулийн шаардлага байхгүй. Энийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэжээ.

3.2. Хариуцагч Б*******,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрэх боломжгүйгээр итгэмжлэл олгогдсон. Маргаан бүхий захиргааны актыг эрх зүйн алдаагүй акт гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар хүсэлт шийдвэрлэх процессын шатандаа явж байх үед газар ашиглах эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт гарсан нь үндэслэлгүй байсан гэдэг талаар тайлбарладаг. Гэтэл маргаан бүхий акт зөвхөн 09 дүгээр сарын 01-ний өдөр гэнэт гарсан юм биш. Өмнө нь мэдээж сонсох ажиллагаанууд хийгдсэн, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаанууд хийгдсэн. Энд Э******* компаниас оролцоогүй байдаг. Тухайн үед бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдэж байхад Газрын албанаас газрын төлбөр төлдөг эсэх талаарх мэдээллийг авсан. Үүн дээр Э******* компани газрын төлбөрийг хэрхэн төлдөг талаар Н*******наас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний 23/665 гэсэн албан бичгээр ирүүлэхэд газрын төлбөрөө төлдөг гэсэн байдаг боловч үлдэгдэлтэй харагдаж байдаг. Газрын төлбөрийн тухай хуулиараа газар ашиглагч нь газар ашиглалтынхаа төлбөрийг газар ашиглаж байгаа эсэхээсээ үл хамаараад улирал бүрд төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл үлдэгдэлтэй гарч байгаа нь Газрын төлбөрийн тухай хуулийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх гэдэг асуудал яригддаг. Гэтэл нэхэмжлэгч компанийн хувьд хугацаанд нь төлөөгүй, бүрэн төлөөгүй гэдэг нөхцөл байдал үүгээр тогтоогдож байгаа. Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сард төлөх ёстой. Энэ газрын төлбөрийн хугацаа өнгөрөхөөс өмнө урьдчилж төлөх зохицуулалт. Гэтэл газар ашиглаж байгаад төгсгөлд нь бөөндүүлж байгаад төлдөг ч юм уу, үлдэгдэлтэй гарч байна гэдэг нь хугацаанд нь төлөөгүйг гэдгийг нотолж байгаа. Мөн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн байдаг. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт дээр тухайн үед тооцоо нийлэх үед тухайн компани газрын төлбөрөө төлсөн эсэхийг он сараар нь гаргаж ирдэг. Жишээ нь, би 2020, 2021 оны төлбөрийг төлөөгүй байж байгаад 2022 онд төлөөд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт авах юм бол 2020, 2021 оны төлбөрийг төлсөн гэж харагддаг. Яагаад гэвэл төлчихсөн учраас. Үүн дээр хэзээ төлсөн, бүрэн төлсөн үү, хугацаанд нь төлсөн үү гэдэг асуудал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар харагддаггүй учраас тухайн захиргааны актыг гаргах үед бодит нөхцөл байдал ямар байсан бэ гэдэг нотлох баримтыг илүү үнэлж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй буюу Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл бий болсон гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч компани газар ашиглах эрхийг 2015 онд авсан байдаг. Маргаан бүхий акт гарах хүртэл газар дээрх төсөл, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаагаа бүгдийг нь хийсэн юм уу гэдэг дээр шалгалт явуулдаг. Гэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч нэхэмжлэгч компани газар ашиглах үйл явцад ямар үйл ажиллагаа хийгдсэн бэ гэдэг талаар нотлох баримтыг хангалттай ирүүлээгүй байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2008 оны тайлбар байдаг. Энэ тайлбар дээр Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь газар дээрээ барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж нарийвчилж тайлбарласан байдаг. Гэтэл маргаан бүхий актыг гарах үед нэхэмжлэгчийн газар дээр газрын үзлэг шалгалтыг хийсэн. Нэхэмжлэгчийн газар дээр Улсын Дээд шүүхийн тайлбар дээр гарсан шиг барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байгаа нь тогтоогддог. Үүнээс үзвэл тухайн газрыг ашиглах эрх авахдаа ийм зориулалтаар бид ашиглана гэж авчирсан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй байгаа гэдэг нь тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал бүрдсэн. Мөн дээрээс нь нэмэлтээр газар ашиглагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар ашиглах эрхээ сунгуулахаар хүсэлтийг гаргах ёстой. Газрын тухай хуулийн 37.1-д зааснаар дараах үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч компани тус хугацаанд газар ашиглах эрхийнхээ гэрчилгээг сунгуулъя гэдэг хүсэлтийг Б**************анд ирүүлээгүй. Үүний дагуу Газрын тухай хуулийн 39.1.1-д зааснаар газар ашиглах эрх нь дараах тохиолдолд дуусгавар болно. Энэ бол газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож байгаа асуудал биш дуусгавар болно гэдэг нь жам ёсны шинжтэй. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрхээ анх авахдаа газар ашиглах гуравласан гэрээг байгуулсан. Энэ гэрээ 5 жилийн хугацаатай. Энгийн нөхцөлд ч гэсэн тодорхой гэрээ хийгээд гэрээний хугацаа дуусах юм бол аяндаа өөрөө дуусгавар болдог. Энэ гэрээний хугацаа дууссан учраас хүчингүй болгож байна гэдэг аливаа шийдвэр гарах нөхцөл байхгүй. Үүнтэй адилхан газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа дуусчихсан байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 39.1.1-д зааснаар сунгуулах хүсэлтийг гаргаагүй тохиолдолд газар ашиглах эрх өөрөө дуусгавар болдог. Гэтэл газар ашиглах эрхээ 2015 онд аваад, 5 жилийн хугацаатай байдаг гэдгийг өөрсдөө мэдэж байсан боловч газар ашиглах эрхийг нь сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй байгаа нь тухайн газрыг үргэлжлүүлэн ашиглах хүсэл сонирхолтой байгаагүй гэдгийг илэрхийлж байгаа баримт гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдааны явцад зарим яриа сонсогдохгүй байсан учраас миний ойлгоогүй үлдсэн зүйл гарсан юм шиг байна. Сонсох ажиллагаа хийгдсэн эсэх тал дээр нэхэмжлэгч талаас маргаж байх шиг байна. Сонсох ажиллагааг захиргааны байгууллагын зүгээс хууль журмын дагуу хийсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 2.2-т 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол шууд хүргүүлэх эсвэл тухайн орон нутагт хүрэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслээр, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлж болно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээд байгаа Өдрийн сонины Энэ тухай булан дээр харах юм болбол 79 аж ахуй нэгжид хүргүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой сонсох ажиллагаанд аж ахуй нэгж компаниуд оролцсон. Эндээс аж ахуй нэгжүүд оролцоод зарим тохиолдолд очиж үзлэг хийгээд алдаа гарсан уу гэдэг асуудал яригдаад хамгийн эцсийн байдлаар Б**************анд цуцлах саналыг ирүүлэхэд 49 аж ахуй нэгж болж багассан байсан. Энэ нотлох баримтаар ч харагдаж байгаа. Ингээд сонсох ажиллагааны явцад оролцох компаниуд нь оролцож маргаан бүхий актаас эрх ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзсэн хүмүүсийн тайлбар мэдүүлгийг аваад, хасах хүмүүс нь хасагдаад эцсийн байдлаар ингэж гарсан. Сонсох ажиллагаанд оролцоогүй нь тухайн захиргааны актыг гаргахгүй байх үндэслэлд хамаардаггүй. Сунгуулах хүсэлтээ өгөгдсөнтэй холбоотой процессын ажиллагаа явагдаж байсан учраас төлбөрөө төлөөгүй гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл Б**************ны зүгээс сунгуулахтай холбоотой ямар ч процесс ажиллагаа явагдаагүй. Яагаад гэвэл сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй. Г*******рын хамгаалалтын захиргаанаас гарсан дэмжих бичиг сунгуулах хүсэлт дээр санал авч байгаа л хэлбэр. Түүнээс биш дэмжих бичиг авлаа гээд баталгаатай сунгагдана гэсэн асуудал биш. Тийм учраас захиргааны байгууллага буюу Б************** дээр газар ашиглах эрхийг сунгахтай холбоотой ямар ч процесс ажиллагаа явагдаагүй байсан. Тийм учраас маргаан бүхий акт гаргах үндэслэл болоод байгаа нөхцөл байдлууд нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа юм шиг тайлбар мэдүүлэг өгөөд байгаа нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.3. Хариуцагч Г*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* компани манай байгууллагад холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл дээрээ Э******* компанийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах, нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэхээр шаардлага холбогдуулж гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргаа нь хуулиар тогтоогдсон иргэн, аж ахуй нэгж газрын газар ашиглах тухай хуулийн агуулга бүхий хүсэлтийг үндэслээд төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх, тусгай хамгаалалттай газрын хууль тогтоомж, хамгаалалтын горимыг хангуулах, хамгаалалт горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, зохих журмын дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагад ашиглуулах газрыг тогтоох зэрэг хуульд тусгайлсан чиг үүргийн хүрээнд үүргээ хэрэгжүүлдэг. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өдрийн сонины 2021 оны 10 сарын 22-ны дугаарт 79 аж ахуй нэгж, 6 иргэнд сонсох ажиллагаа зохион байгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн боловч үүнээс тодорхой хэмжээнийх нь ирээд, тодорхой хэмжээнийх нь ирээгүй. Энэ ирээгүй аж ахуй нэгж дотор Э******* компани байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна. Мөн энэ зар дээр тодорхой заагаад өгсөн. Ирээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27.4.1, 27.4.2, 27.4.3-д заасан үйл ажиллагааг хийхийг мэдэгдье. Хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Б*******,ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/ тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

1.1. Маргаж буй Б*******,ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/ тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын хавсралтын 13-т нэхэмжлэгч Э ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан гэж хариуцагч үзжээ.

1.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь ... Газрын тухай хууль ... энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: гээд, мөн хэсгийн 1 дэх заалтад Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; гэжээ.

1.3. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: гээд, мөн зүйлийн 39.1.4 дэх заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд, мөн зүйлийн 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус зохицуулжээ.

1.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй аливаа этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээс хэрэглэж болох бөгөөд харин тухайн тохиолдолд маргаж буй актад үндэслэсэн зөрчил нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон байх учиртай байна.

1.5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, нэхэмжлэгч анх газар ашиглах эрх олж авах хугацаанд үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар газрын төлбөр төлөх үүрэг нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулснаар үүснэ.

1.6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлахад, нэхэмжлэгч Э ХХК-ийн зүгээс газар ашиглах гэрээгээр тохиролцсон газрын төлбөр төлөх үүргээ биелүүлдэг тухай тайлбарыг Г*******ны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгийн хавсралтын 23-т дурдсан[13], хэдий тийм боловч хариуцагчийн зүгээс тус компанийг 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1 531 836 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан нь мөн жагсаалтад дурдагдсан гэж маргасан.

1.7. Гэвч 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хэвлэсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад[14] 2021-03-31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байна гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарыг дуустал газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсныг нотолж байх бөгөөд түүнээс хойш газрын төлбөрөө төлөөгүй явдал нь дараах байдлаар нэхэмжлэгчээс шууд хамааралгүй байжээ.

1.8. Тодруулбал, газрын төлбөрөө үргэлжлүүлэн төлөөгүй нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болж, улмаар сунгалт хийгдээгүй байсантай холбоотой байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н*******ны газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ггаас авсан гэрчийн мэдүүлэгт ... Газар ашиглагч өөрөө нэхэмжлэх үүсгэх боломжгүй, газрын албаны мэргэжилтэн үүсгэнэ. Газар ашиглах эрх нь дуусгавар болсон тохиолдолд нэхэмжлэх үүсгэх боломжгүй. Газар ашиглах эрх олгосон байгууллага нь хугацаа сунгасан тохиолдолд болно ...[15] гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

1.9. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.10. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

1.11. Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.

1.12. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

1.13. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас судлахад, нэхэмжлэгч Э ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс тухайн газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй, тухайн газар дээрээ ямар нэг барилга, байгууламж, зам талбай бариагүй болох нь шүүхээс газар дээр хийсэн үзлэг[16] болон хариуцагч Г*******наас хийсэн хээрийн судалгаагаар[17] тус тус тогтоогдлоо.

1.14. Иймд хариуцагчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий А/ дугаартай тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

1.15. Өөрөөр хэлбэл, дээрх зөрчлийн тухайд хариуцагч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж зааснаар холбогдох хээрийн судалгааг хийх замаар газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийг тогтоосон байх бөгөөд энэ агуулгаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан шийдвэр гаргасан гэж шүүх дүгнэлээ.

1.16. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хуульчилсан зарчим, агуулгаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар нэхэмжлэгчид 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/631 тоот албан бичгээр мэдэгдсэн[18], нэхэмжлэгч мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авчээ.[19]

1.17. Мөн хариуцагчаас Өдрийн сонин-ы 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаарт сонсох ажиллагааг явуулах болсон талаараа нийтэд мэдээлсэн[20] байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй гэж үзлээ.

1.18. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбаруудыг хүлээн авах боломжгүй болно.

Хоёр. Э ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Э ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх гэж тодорхойлсноос харахад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтад эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх; шийдвэр гаргуулахаар тодорхойлж байна.

2.2. Энэхүү нэхэмжлэлийн төрлийн тухайд голлох урьдчилсан нөхцөлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтад нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг; гэж тогтоожээ.

2.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгоход түүнд хуулийн дагуу үүсэх эрх байхаас гадна тухайн эрх зүйн харилцааг тогтоож хүлээн зөвшөөрснөөр түүнтэй зэрэгцэн нэхэмжлэгчид тодорхой эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг шаардана.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч дараах хууль зүйн үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Тодруулахад:

2.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /маргаж буй А/ дугаартай тушаалыг гаргах мөчид үйлчилж байсан/ Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна гэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: гэж тус тус заажээ.

2.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохдоо 5 жилийн хугацаатай олгох бөгөөд тухайн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ холбогдох эрх бүхий этгээдэд гаргасан байх үүрэгтэй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлт шийдвэрлүүлэх эрх хууль ёсоор үүсэх хугацааг хууль тогтоогч императив байдлаар тогтоож өгчээ.

2.8. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлахад, нэхэмжлэгчид 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгогдсон байх бөгөөд үүнээс хойш 5 жилийн хугацааг тоолоход 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна.

2.9. Дээр дурдсан Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан ... хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө ... гэснийг газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусах өдрөөс урагш тоолон үзэхэд нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ 2020 оны 05 дугаар сарын 12-ны дотор гаргах хуульд заасан үүрэгтэй байжээ.

2.10. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хугацаанд газар ашиглах гэрчилгээг сунгуулах талаар ямар нэг хүсэлтийг Б*******,*******анд хандаж гаргаагүй болох нь шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр тогтоогдсон.

2.11. Тухайлбал, шүүхээс баримт бичгийн үзлэг хийхдээ Б*******,*******ны ирсэн болон явсан бичгийн бүртгэлийн программд Э ХХК гэсэн өгөгдлөөр хайлт хийж үзэхэд ямар нэг бичиг бүртгэгдээгүй байна.[21]

2.12. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20/03 тоот Санал авах тухай[22], мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21/06 тоот Санал гаргуулах тухай албан бичгүүдээр Г*******нд газар ашиглах эрхээ сунгуулахаар хандсан гэж тайлбарладаг боловч эдгээр тоотууд нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй, түүнчлэн, эрх бүхий субъект болох Б*******,*******анд шууд хандаагүй бөгөөд тус яаманд ямар нэг байдлаар ирсэн гэдэг нь баримтаар нотлогдсонгүй.

2.13. Мөн Г*******ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/390 тоот албан бичгээр[23] газар ашиглах эрхийг сунгах хүсэлт дэмжигдсэн, мөн өдрийн 21/391 тоот албан бичгээр[24] б*******д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээ хийлгүүлэхээр уламжилсан гэж тайлбарладаг боловч эдгээр нь мөн л Б*******,*******анд ирсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй болно.

2.14. Энэ үйл баримтыг тодруулах зорилгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд Г*******ны даргын албан үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Дг гэрчээр дуудан мэдүүлэг авсан боловч дурдсан албан тоотууд Б*******,*******анд хүрсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой мэдүүлэг өгөгдөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2.15. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс E-Mongolia /И-Монголиа/ платформоор газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах талаар хүсэлт гаргаж байсан[25] гэх боловч хүсэлтийн агуулгаас харахад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гэж, шийдвэрлэсэн байдал нь ... газар ашиглах эрх сунгасан сайдын шийдвэр гарсны дараа дахин ирүүлнэ үү гэж тус тус тэмдэглэсэн байгаагаас үзэхэд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах талаарх агуулгатай байсан гэж дүгнэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

2.16. Иймд дээрх үндэслэлүүдээр Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан Б*******,ын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/ тоот Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 3 дахь тал

[2] Хх 83 дахь тал

[3] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 84-85 дахь тал /баримт бичгийн үзлэг хийн хуулбарлаж авсан/

[4] Хх 15-16 дахь тал

[5] Хх 8-9 дэх тал

[6] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 27-29 дэх тал

[7] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 38-39 дэх тал

[8] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 40-42 дахь тал

[9] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 32-34 дэх тал

[10] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 102 дахь тал

[11] Хх 7 дахь тал

[12] Мөн тэнд

[13] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 26 дахь тал

[14] Хх 12 дахь тал

[15] Хх 74 дэх тал

[16] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 75-80 дахь тал

[17] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 70 дахь тал

[18] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 15 дахь тал

[19] Хх 4 дэх тал

[20] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 48-50 дахь тал

[21] Хх 71-72 дахь тал

[22] 128/2022/0879/З индекстэй захиргааны хавтаст хэргийн 102 дахь тал

[23] Хх 7 дахь тал

[24] Мөн тэнд

[25] Хх 69-70, 104-107 дахь тал