Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1688

 

МАГАДЛАЛ

2019.09.13                                                Дугаар 1688

 

Б.О-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2019/01947 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.У-д холбогдох

           

          Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О болон О.У нар   урьд нь гэр бүлийн харилцаатай байж байгаад 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан юм. 2016 оны 5 дугаар сард анх Тоёота приус-20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.О-н ээж Т.Э нь хүүдээ зориулж худалдан авч өгсөн. Гэтэл хариуцагч О.У 2017 онд нэхэмжлэгчийг хууран мэхэлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн уг автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байдаг. Улмаар хариуцагч О.У нь Б.О болон төрсөн эх Т.Э нарт холбогдуулж Тоёота приус-20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашиныг тэдний хууль бус эзэмшлээс гаргуулахаар шүүхэд хандсан. Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч О.У шүүхэд “...маргаан бүхий автомашиныг Т.Э өөрийн хөрөнгөөр авсан үйл баримтад маргахгүй” гэсэн тайлбарыг гаргаж байсан бөгөөд уг тайлбарыг үндэслэж шүүх тээврийн хэрэгсэл гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхээс хариуцагчийг Тоёота приус-20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашины өмчлөгч биш гэж үзсэн учир нэхэмжлэгч Б.О шүүхэд хандаж уг автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлага гаргасан. Гэтэл машины бичиг баримт хариуцагч О.У-н нэр дээр байдаг. Зохих бүртгэлийг хийлгэхгүйгээр нэхэмжлэгч өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Тоёота приус-20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашиныг одоо нэхэмжлэгчийн төрсөн ээж Т.Э унаж хэрэглэж байгаа, бодит эзэмшил нь нэхэмжлэгчид байгаа гэсэн үг. Иймд Тоёота приус 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашины өмчлөгч болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир автомашиныг нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тоёота приус-20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашиныг хамгийн анх нэхэмжлэгч нь “Б Г Г” ББСБ-ын барьцаанд тавьсан. Тухайн үед бид гэрлэлтээ цуцлуулаагүй, хамт амьдарч байсан. Би автомашин барьцаанд байгааг мэдээд 2 000 000 орчим төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн. Уг автомашиныг анх нэхэмжлэгч авсан ч гэсэн бидний дундын хөрөнгө юм. Үүний дараа нэхэмжлэгч автомашиныг өөрөө сайн дурын үндсэн дээр миний нэр рүү шилжүүлсэн. Тэрээр “...чи хүүхдээ зөөдөг учир машинтай байх хэрэгтэй” гэж надад хэлж байсан. Ийм учраас бид хоёр хамт Авто тээврийн үндэсний төв дээр очиж бүртгэлийг хийлгэсэн. Бүртгэл хийхэд нэхэмжлэгч өөрөө байсан болох нь автомашины хувийн хэргээс харагдана. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр надад бизнес хийхэд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан учир би автомашиныг “Т А” ХХК-д барьцаанд тавьж 10 000 000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах үед нэхэмжлэгч “...бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэж хэлж байсан. Гэтэл дараа нь автомашины талаараа маргаан гаргаад эхэлсэн. Нэхэмжлэгч автомашиныг барьцаанд тавьсан байхад нь би суллаж өгсөн, мөн тэрээр эхнэр, хүүхдүүддээ машинаа өгнө гэж өгсөн атлаа одоо шүүхэд маргаан гаргаж байгаад гомдолтой байна. Би өмнө нь нэхэмжлэгч, түүний нэхэмжлэгч ээж нарт холбогдуулан шүүхэд автомашинаа бодитоор авахаар хандсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч би тухайн үед завгүй байж байгаад гомдлоо гаргаж чадаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх тухай Б.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо: Шүүх маргаж буй машиныг Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Хүчин төгөлдөр болсон өмнөх 2 шүүхийн шийдвэрийг харгалзаж үзэхгүйгээр, өмнөх шийдвэрийн уялдаа холбоо байхгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Гэрлэлт цуцлахад дундын өмчийн маргаангүй, зөвхөн хүүхдийн тэтгэмжийн төлбөр дээр шийдвэр гарсан болно. Уг автомашин угаасаа тэдний гэр бүлийн өмч байгаагүй, Б.О-н эх Т.Э-ын өмч байсан, Б.О-н нэр дээр гэрчилгээтэй байсныг О.У нь санаатайгаар залилан хийж, шунахайн сэдлээр дарамт үзүүлж, элдэв арга хэрэглэж өөрийн нэр дээр болгосон байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч О.У-д холбогдуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...О.У нь миний ээжийн худалдан авсан Toyota Prius-20 маркийн, 69-98 УББ улсын дугаартай суудлын авто машины гэрчилгээг хулгайд алдсан гэж худал мэдүүлэн өөрийн нэр дээр шинээр гэрчилгээ авсан нь нотлогдсон...” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...барьцаанд тавиад зээл авсан байсан, мөнгийг би төлсөн учир хууль ёсны эзэмшигчээс нь шаардах үндэслэлгүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г.Лувсансамбуу, Б.О нарын хооронд байгуулагдсан авто машин худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь маргааны зүйл болох авто машиныг худалдан авсан, үнийг нэхэмжлэгчийн ээж Т.Этөлсөн, нэхэмжлэгч нь Япон улсад суралцах зардал, сургалтын төлбөрийн зээл авахаар “Т А” ХХК-иас зээлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд уг авто машиныг барьцаалуулахдаа хариуцагч О.Угийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн байна.

Улмаар “Т А” ХХК нь дээрх авто машиныг фидуцын гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлсэн ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00905 дугаар шийдвэрээр Т.Э-ынэзэмшлээс нэхэмжлэлд заасан авто машиныг гаргуулах “Т А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч О.У нь Т.Э-с нэхэмжлэлд заасан машиныг гаргуулахаар нэхэмжилснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03171 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, шийдвэр хүчин төгөлдөр болсон, хариуцагч нь тухайн авто машины гэрчилгээг алдсан гэж дахин гэрчилгээ авахдаа өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Учир нь нэхэмжлэлд заасан суудлын авто машины эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчид шилжүүлэхдээ нэхэмжлэгч нь О.У-тай харилцан тохиролцсон, түүний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн. Т А ХХК-тай зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн тул хариуцагч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх үүрэгтэй юм.

Түүнчлэн, зээлийн барьцааны асуудлыг шүүх шийдвэрлэснийг дээр дүгнэсэн болно. Шүүх тухайн маргааныг шийвэрлэхэд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар Toyota Prius-20 маркийн, 69-98 УББ улсын дугаартай суудлын авто машины эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.О-ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч О.У-д даалгасугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...“үлдээсүгэй” гэснийг “үлдээж,” “хариуцагчаас        70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                     ШҮҮГЧИД                                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                         М.НАРАНЦЭЦЭГ