Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1053

 

 

 

 

     2021           12           16                                   2021/ДШМ/1053

 

Ц.Пд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Пын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1811018241105 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.П нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Премиум Палас” барилгын 303 тоотод иргэн Ш.Н, Ц.Т, Г.Б, П.М, Д.Э, Г.Б, Ц.М, Х.Н, А.А, П.Б, мөн Ц.Цийн хүү Р.Ө, Т.Нгийн хүү П.У, П.З, О.Ггийн хүү Б.Х, Р.Рын хүү Р.Д нарыг “Япон улсруу ажилд зуучилж явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Ш.Нгээс 5.798.000 төгрөг, Ц.Тээс 2.598.000 төгрөг, Ц.Цээс 2.798.000 төгрөг, Т.Нгаас 12.298.000 төгрөг, Г.Бэс 5.798.000 төгрөг, П.Мэс 5.798.000 төгрөг, Д.Эгаас 5.798.000 төгрөг, О.Ггаас 1.298.000 төгрөг, Г.Бээс 4.548.000 төгрөг, Ц.Маас 3.298.000 төгрөг, Х.Нгаас 2.048.000 төгрөг, Б.Раас 5.798.000 төгрөг, А.Агээс 4.548.000 төгрөг, П.Баас 5.798.000 төгрөг тус тус залилж аван үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 68.222.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Паас нийт 49.624.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Нд 5.798.000 төгрөг, Ц.Цт 2.798.000 төгрөг, Т.Нд 6.298.000 төгрөг, Г.Бд 3.298.000 төгрөг, П.Мд 3.298.000 төгрөг, Д.Эд 5.798.000 төгрөг, О.Гд 298.000 төгрөг, Г.Бт 4.548.000 төгрөг, Ц.Мд 3.298.000 төгрөг, Х.Нд 2.048.000 төгрөг, Б.Рад 2.798.000 төгрөг, А.Ад 3.548.000 төгрөг, П.Бд 5.798.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Пд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.П гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 510 тоот дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь хүсэлтийг гаргаж байна.

1. Өөрийн хэнэггүй, хүнд итгэмтгий зан, сэтгэлийн хөөрөл, болчимгүй, хүнд хэт итгэх, өөрөө бусдын үгэнд орж хийсэн алдаандаа энэ өдрийг хүртэл гэмшин харамсаж сэтгэл зүйн хүнд байдалтай байгаа минь надад үнэхээр сургамж болж, өтөл насандаа өвчин зовлондоо шаналж, үр хүүхэд, ач зээгийнхээ өмнө нүүр хийх газаргүй болж байгаадаа туйлын их гэмшиж байна.

Иймд дахин буруу үйлдэл гаргахгүй гэдгээ төрийн ажилтан та бүхэнд тангараглан амлалт өгч байгааг минь хүлээн авч, алдаагаа ойлгож ухамсарлаж буйг минь харгалзан үзэж хорихоос бусад ял шийтгэл олгож өгнө үү.

2. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 409 дүгээр ангид сар гаран хүмүүжиж, их зүйлийг ойлгож, тунгаан бодож ухаарлаа. Өндөр настай би урьд өмнө ийм зүйл хийж байгаагүй болохоор сэтгэл санаа минь хямралтай, биеийн байдал хоёр удаа муудаж Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэгдэн ирж II-р шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ авч байна. Эрүүл мэндийн хувьд:

Элэгний цериоз, судасны өргөсөл, зүрхний эмгэг, даралт унадаг, зүрхний хэм өндөрсөх, бөөрний архаг үрэвсэлтэй зэрэг хууч өвчний улмаас (Хапиверитас) Эмнэлгийн ерөнхий их эмч Амарсанаагийн хяналтад тогтмол эм тариа хэрэглэдэг болно. Энэ хугацаанд элэгний гол эм маань 14 хоног тасарсан учир хүнд байлаа.

Ерөнхий биеийн байдал суларч, ядрах, хэвлийн хэсгээр цанхайж, хэл ам хуурайшиж, унтамхай болох, хоол унданд дургүй болох, үе үе даралт ихсэх, багасах, даралт унах, толгой эргэх, хоолой өвдөх, өтгөн хатах, гэдэс дүүрч хавагнах, айж цочих, зүрх дэлсэж байнга ам хатах зовиурууд өдөр тутам илэрч байна. Ийм зовиур, шинж тэмдэг байгаа хэдий ч хяналтад үзүүлэх, эмчилгээ хийлгэх нөхцөл байдалгүйн улмаас биеийн байдлаа сэтгэлийн тэнхээгээр даван туулахыг хичээж үнэндээ нэг ч хонох хүнд байна.

Иймд та бүхэн өндөр нас, миний биеийн байдал, III-р шатлалын эмнэлэгт хийлгэх эмчийн заалттай судас боолгох мэс засал, анх удаагийн үйлдэл, алдаагаа ойлгож байгааг минь харгалзан үзэж хорихоос бусад ялаар шийтгэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.

3. Би эрүүл байж, хохирогчидтойгоо уулзаж ярилцаж хохиролгүй болгох талд байнга анхаарч, холбоотой байх болно. Дахин ингэж хэнэггүй байхгүй гэдгээ амлаж байна. Хохирогч нартай хэл амаа ололцох болно. Чин үнэнээ хэлэхэд хорих ялыг даван гарах биеийн хүч тамир, сэтгэлийн тэнхэл шавхагдаж байна. Мэс засалдаа ормоор байна. Эрүүл болж хохирлоо төлөх чин сэтгэл байгаа тул намайг өршөөж, хорих ялаас өөр ялаар шийтгэж өгнө үү.

4. Эрхэм прокурор, шүүгч та бүхнээс биеийн байдал, насыг минь харгалзан үзэж дахин ийм буруу үйлдэл гаргахгүйд минь надад итгээд хорих ялаас бусад ялаар шийтгэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байх тул хүсэлтийг минь хүлээн авна уу. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Буянхишигт 3.750.000 төгрөг, Ринчинхандад 2.800.000 төгрөг, Мөнгөнзулд 1.200.000 төгрөг, Мөнхбаярт 298.000 төгрөг, нийт 8.048.000 төгрөг төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, хохирлоос төлж байгаа, 64 настай, элэгний церриоз, хатууралтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг нь 2018 оноос хойш шалгагдаж байгаа. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт нэг ч төгрөг төлөөгүй. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 20.000.000 гаруй төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхээс 49.624.000 төгрөгийг шүүгдэгчгээс гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 8.048.000 төгрөгийг төлсөн байна. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг харахад эрхэлэсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө бүртгэгдээгүй, түрээсийн байранд амьдардаг гэх хувийн байдал тогтоогдсон. Иймд торгуулийн ял биелэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ц.П нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Премиум Палас” барилгын 303 тоотод “Япон улс руу ажилд зуучилж явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 14 иргэнд нийт 68.222.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Нн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд /1хх 45-47/, Эн Жи Тайёо ХХК, Ш.Н нарын байгуулсан ажил олгогчийн гэрээ /1хх 49-50/, Эн Жи Тайёо ХХК-ийн захирал Ц.Пын “Ш.Нд хохирлыг төлж барагдуулна” гэх тодорхойлолт /1хх 51/, хохирогч Ц.Тийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд /1хх 60, 62-63/, тодорхойлолт /1хх 64-66/, ажил олгогчийн гэрээ /1хх 67-68/, хохирогч Ц.Цийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /2хх 102-110/, хохирогч Т.Нгийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /2хх 214-227/,  хохирогч Г.Бийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 3-11/, хохирогч П.Мийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 25-33/, хохирогч Д.Эгийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 42-46/, хохирогч Г.Бийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 70-75/, хохирогч Ц.Мын Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 80-84/, хохирогч Х.Нгийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 89-91/, хохирогч Б.Рын Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 134-138/, хохирогч А.Агийн Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 168-174/, хохирогч П.Бы Эн Жи Тайёо ХХК-д мөнгө өгсөн баримтууд, ажил олгогчийн гэрээ, тодорхойлолт /3хх 215-227/, Эн Жи Тайёо ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 131/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 16-21/,  хохирлын тооцоо /4хх 17-20/,

“...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/257, А/582 дугаар тушаалаар хамтран баталсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу шаардлага хангасан хуулийн этгээдэд мэргэжлийн сургалт явуулах бүртгэлийн гэрчилгээ олгодог. Дээрх журмын хүрээнд “Эн Жи Тайёо” ХХК нь бүртгэлийн гэрчилгээ аваагүй болно. ...” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10/3054 дугаартай,

“...Ажиллах хүч гадаад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 5 дугаар зүйлд Ажиллах хүч гадаадад гаргах тухай гэрээнд тусгах ерөнхий нөхцлүүдийг заасан байдаг. Уг хуулийн 6.3-т Байгууллага нь ажиллах хүч гадаадад гарах талаар гадаадын байгууллагатай гэрээ байгуулсны дараа Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл хүссэн өргөдлөө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргахаар заагдсан байдаг. Мөн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6.4-т зааснаар Ажиллах хүч гадаадад гаргах талаар хийсэн гэрээг үндэслэн зуучлах зөвшөөрлийг олгодог болно. ...” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/3048 дугаартай,

“...Эн Жи Тайёо ХХК нь Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авахаар тус яаманд хандаж байгаагүй бөгөөд энэхүү тусгай зөвшөөрөл олгогдоогүй болно. ...” гэсэн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 7/826 дугаартай Монгол Улсын Хөдөлмөр, Нийгэм  Хамгааллын яамны албан бичгүүд /1хх 102, 104, 106/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Ш.Нн “...2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эн Жи Тайёо ХХК-ний байранд өөрийн ээж Мөнхцэцэгийн хамт очоод Ц.П, А, О нартай уулзахад “манайх албан ёсны эрхтэй байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа, Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажилд жуучилж өгнө” гээд “эхний ээлжинд та нарыг хэлний сургалтанд хамруулаад, дараа нь Япон улс руу 2017 оны 9 дүгээр сар гэхэд явуулна” гээд 4 сарын хугацаанд Юу Лангүйж хэлний сургалтын төвд хичээлд суулгасан. ...Эхний ээлжний мөнгөө өг гээд байхаар нь 2017 оны 4 дүгээр сарын дундуур 1.350.000 төгрөгийг Оын Хаан банкны дансаар өгсөн. 2 хоногийн дараа 350.000 төгрөг бэлнээр Оын албан өрөөнд өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1.150.000 төгрөгийг Од дансаар өгсөн. Үүний дараа 1.000.000 төгрөг бэлнээр Од өгсөн. Дараа 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн. ...Би гомдолтой байна. Мөнгөө буцааж авмаар байна. ...” /1хх 40-44/,

хохирогч Ц.Тийн “...Ц.П гээд эмэгтэй бидэнтэй уулзаад Эн Жи Тайёо ХХК-ний хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас албан ёсны зөвшөөрөл авчихсан байгаа гээд бид нарт нэг гэрээ харуулж байсан. “Нийт 6.500.0000 төгрөг өгөх юм бол манай байгууллагаас бүх бичиг баримтыг бүрдүүлээд та нарыг сургалтанд хамруулаад одоо явах гэж байгаа ээлжний хүмүүстэй хамт явуулж болно. Энэ ээлжийн хүмүүс нь удахгүй Япон руу явах гэж байгаа” гэж хэлсэн. ...2017 оны 3 дугаар сарын эхээр сургалтын гэрээ байгуулна гэж байсан. Тухайн үед надаас 1.500.000 төгрөгийг байгууллагын менежер гэх Оын Хаан банкны дансаар авч байсан. ...Би сургалтын төлбөр гэж 1.500.000 төгрөг, өөр бусад төлбөрт 4.000.000 төгрөг, нийтдээ 5.500.000 төгрөг өгсөн. ...” /1хх 52-57, 58-59/,

хохирогч Ц.Цийн “...Миний хүү 2016 оны 10 дугаар сард “Япон улс руу гэрээгээр ажилд явуулж өгнө” гэсэн зарын дагуу Эн Жи Тайёо ХХК-тай холбогдож, ажилд зуучлах гэрээ байгуулсан ба уг гэрээг 3.500.000 төгрөгөөр байгуулж байсан. ...Сургалтын 250.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна. ...” /2хх 115-123/,

хохирогч Т.Нгийн “...би 2 хүү болох Ууганбаатар, Зоригтбаатар нарыг Япон улс руу явуулчихвал дээр юм байна гэж бодоод сонирхоход надад В гэх хүнтэй уулзахыг санал болгосон ба уг хүн Эн Жи Тайёо ХХК-руу зуучилж өгч байгаа гэсэн. ...Би 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эн Жи Тайёо ХХК-ний 5174008448 дугаарын дансанд 1.500.000 төгрөгийг Ууганбаяр гэх гүйлгээний утгатайгаар, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эн Жи Тайёо ХХК-ийн 5174008448 дугаарын дансанд 1.500.000 төгрөгийг Зоригтбаатар гэх гүйлгээний утгаар, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Зоригтбаатар, Ууганбаатар гэх гүйлгээний утгатайгаар тус бүр 1.250.000 төгрөгийг Эн Жи Тайёо ХХК-ний 5174008448 дугаарын дансанд өөрийн 5017159024 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Зоригтбаатар, Ууганбаатар гэх гүйлгээний утгаар тус бүр 1.250.000 төгрөгийг мөн Эн Жи Тайёо ХХК-ийн дансанд нөхөр Пүрэвээгийн 5099446567 данснаас шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Зоригтбаатар, Ууганбаатар гэх гүйлгээний утгатайгаар тус бүр 1.250.000 төгрөгийг Эн Жи Тайёо ХХК-ний данс руу нөхөр Пүрэвээгийн данснаас шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зоригтбаатар, Ууганбаатар гэх гүйлгээний утгатайгаар тус бүр 1.250.000 төгрөгийг Эн Жи Тайёо ХХК-ний дансанд өөрийн данснаас шилжүүлсэн ба нийтдээ 13.000.000 төгрөгийг ба Эн Жи Тайёо ХХК-тай холбогдоход зуучилж өгсөн В гэх хүнд 1 хүний 500.000 төгрөг гээд нийт 14.000.000 төгрөг өгсөн. ...Би нийт 14.000.000 төгрөг өгч байснаас Вд өгсөн 1.000.000 төгрөг, сургалтын төлбөрт өгсөн 3.000.000 төгрөг зэргийг нэхэмжлэхгүй. Харин ажлын гэрээ байгуулсантай холбоотой өгсөн нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол мөнгөө барагдуулж явмаар байна. Гомдолтой байна. ...” /2хх 206-213/,

хохирогч Г.Бийн “...Би 2017 оны 3 дугаар сард найз Эрдэнэбатын ээжээс нь “Япон улс руу ажлын гэрээгээр явуулдаг компани байна” гэж сонсоод Эрдэнэбатын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Премиум төвийн 3 дугаар давхарт 306 тоотод үйл ажиллагаа явуулах Эн Жи Тайёо ХХК-д очиж захирал гэх Ц.П гэдэг эмэгтэйтэй уулзсан. Ц.П нь хэлэхдээ “манай компани нь Япон улс руу гэрээт ажилтнаар хүмүүсийг явуулдаг, эхний ээлжний хүмүүсээ бүртгээд авчихсан. Та нар 2 дугаар ээлжинд хамрагдана” гэж байсан. ...Би нийт 6.500.000 төгрөгийг Эн Жи Тайёо ХХК-ний Хаан банкны 5174008448 дугаарын данс руу шилжүүлсэн. Үүнээс хэлний бэлтгэл гэж 1.500.000 төгрөг, үлдсэн 5.000.000 төгрөгийг визний мөнгө, очоод 1 сар амьдрах орон байр, хоолны мөнгө гэж авсан. ...” /2хх 245-248, 249-250, 3хх 1-2/,

хохирогч П.Мийн “...Би тухайн “Япон улс руу гаргаж өгнө” гэхээр нь нийт 6.500.000 төгрөг өгсөн. Үүнээс сургалтад суусан 1.500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин үлдсэн 5.000.000 төгрөгөө Ц.Паас яаралтай гаргуулан авмаар байна. ...” /3хх 12-15, 16-18, 19-20, 23-24/,

хохирогч Д.Эгийн “...Гэрээнд заасан хугацаандаа нийтдээ 6.500.000 төгрөгийг Эн Жи Тайёо ХХК-ний Хаан банкны данс руу шилжүүлсэн. 6.500.000 төгрөгнөөс 1.500.000 төгрөг нь сургалтын төлбөр, 5.000.000 төгрөг нь явах зардлын мөнгө гэж авсан. ...” /3хх 36-37, 38-41/,

хохирогч О.Ггийн “...Сургалтын төлбөрт өгсөн 1.500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин ажлын гэрээ байгуулсантай холбоотой өгсөн нийт 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол мөнгөө барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. ...” /3хх 47-52/,

хохирогч Г.Бийн “...Би нийт 5.250.000 төгрөг өгч байснаас Вд өгсөн 500.000 төгрөг, сургалтын төлбөрт өгсөн 1.500.000 төгрөг зэргийг нэхэмжлэхгүй. Харин ажлын гэрээ байгуулсантай холбоотой өгсөн нийт 3.750.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. ...” /3хх 61-67/,

хохирогч Ц.Мын “...Би нийт 7.000.000 төгрөг өгч байснаас Вд өгсөн 500.000 төгрөг, сургалтын төлбөрт өгсөн 1.500.000 төгрөг, Ад өгсөн 2.500.000 төгрөг зэргийг нэхэмжлэхгүй. Харин ажлын гэрээ байгуулсантай холбоотой өгсөн нийт 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол мөнгөө барагдуулж авмаар байна. ...” /3хх 76-79/,

хохирогч Х.Нгийн “...Би 2017 оны 4 дүгээр сард Эн Жи Тайёо ХХК Япон улс руу ажилд зуучилж өгдөг гэж зүс таних В гэдэг хүнээс сонсоод Вгаар зуучлуулсан. ...Чингэлтэй дүүрэгт байрлах Премиум палас зочид буудлын 3 дугаар давхарын 303 тоот өрөөнд байрлах Эн Жи Тайёо ХХК-ны захирал Ц.П гэх эмэгтэйтэй уулзсан. Тэгээд Ц.П байгууллагынхаа танилцуулгыг надад танилцуулсан. Тэгээд би компанийн үйл ажиллагаатай нь танилцаад Япон улс руу ажилд зуучлахаар болоод Ц.Птай гэрээ байгуулсан. ...Гомдолтой байна. Сургалтын төлбөр болох 1.500.000 төгрөг, Вд өгсөн 500.000 төгрөг дээр гомдол, саналгүй. Харин сүүлд өгсөн 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /3хх 85-88/,

хохирогч Б.Рын “...Эн Жи Тайёо ХХК-ийн захирал Ц.П гэх хүнтэй очиж уулзахад “би Япон улсад ажиллаж амьдарч байсан, найдвартай хөдөлмөрийн гэрээгээр Япон улс руу ажилд зуучилдаг” гэхээр нь би 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Эн Жи Тайёо ХХК-ний захирал Ц.П болон менежер М.О нартай “Ажил олгогчийн гэрээ” байгуулсан. ...Төлбөр болох 7.000.000 төгрөгийг буцаан олгосон зүйл байхгүй. ...” /3хх 140-142, 143-144/,

хохирогч А.Агийн “...2017 оны 3 дугаар сарын үед Эн Жи Тайёо ХХК-ний байранд очиж захирал Ц.П гэх хүнтэй уулзахад “Япон улс руу ажилд хөдөлмөрийн гэрээгээр зуучилж явуулна, уг ажилд явахын тулд та 1 хүний сургалтын 5 сарын төлбөртэйгөө нийлээд 6.500.000 төгрөг шаардлагатай, тэгээд уг мөнгөнөөсөө 1.500.000 төгрөгийг сургалтын төлбөрт авна” гэж хэлсэн. ...Төлбөрийг Эн Жи Тайёо ХХК-ний байранд очиж бэлнээр өгсөн. Тэгээд түүний дараа 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эн Жи Тайёо ХХК-ний 5174008448 дугаарын дансанд 300.000 төгрөгийг төлсөн. 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 5007536651 дугаарын данс руу 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг 5007536651 дугаарын данс руу шилжүүлсэн. Манай ээж Ариунжаргал бэлнээр 250.000 төгрөгийг Эн Жи Тайёо ХХК-ийн байранд очиж О гэх хүнд өгсөн. ...” /3хх 175-180/,

хохирогч П.Бы “...2017 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах Премиум палас барилгын 303 тоот өрөөнд байрлах Эн Жи Тайёо ХХК-н оффис дээр нь очиж уулзаад гэрээ хийхээр болоод Ц.Птай ажилд зуучлахаар гэрээ хийсэн. Заавал Япон хэлний 5 сарын хугацаатай сургалтанд суух ёстой гэсэн болохоор Шинэ Монгол сургууль дээр очиж 5 сарын хугацаанд Япон хэлний сургалтанд хамрагдсан. ...Би Япон улс руу ажилд зуучлуулахаар 5.000.000 төгрөгийг Оын данс руу хувааж шилжүүлсэн, мөн сургалтын төлбөр гэх 1.500.000 төгрөгийг бас Оын данс руу шилжүүлж байсан. Миний дансны хуулган дээр шилжүүлсэн талаар баримт нь байгаа. Ц.П нь Оын данс руу шилжүүл гэсэн болохоор нь шилжүүлж байсан юм. ...” /3хх 210-214/,

гэрч Д.Цийн “...2017 оны 6 дугаар сарын эхээр манай охин Ц.Т нь интернэтээс Эн Жи Тайёо ХХК-ний талаар мэдээлэл аваад “Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажил зуучилж өгнө гэж байна” гээд очиж уулзана гэж байсан. ...Эн Жи Тайёо ХХК-ний сургалтын менежер ажилтай О гэх хүний Хаан банкны дансаар мөнгөө 2 хувааж өгсөн. ...” /1хх 71-72/,

гэрч Б.Тын “...Манай компанийн зүгээс Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтан зуучлахаар албан ёсны гэрээ байгуулан, гэрээний хүрээнд ажилтан явуулахаар тохирсон байсан ба энэ үед Эн Жи Тайёо ХХК-иас өөрсдөө хамтран ажиллах санал тавьж, манай компанитай хамтран ажиллаж эхэлсэн. ...Манай компаниас ямар нэгэн байдлаар Эн Жи Тайёо ХХК-с мөнгө авч байгаагүй. Учир нь, явах эсэх асуудал нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа болохоор мөнгөө авалгүй хүлээж байгаа боловч Эн Жи Тайёо ХХК бүртгүүлсэн хүмүүсээсээ мөнгөө авчихсан байгаа гэдгийг саяхан мэдсэн. ...Бат-Амгалан захирал анх Ц.П эгчтэй гэрээ байгуулахдаа нэг хүнээс 5.000.000 орчим төгрөг авна гэж байсан. Үүнийгээ боломжоор нь 4 хувааж авна гэж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Ц.П эгч “би хүмүүсээсээ эхнээс нь мөнгөө аваад эхэлчихсэн. Одоо танайх руу мөнгөө шилжүүлэх үү” гэж асуухад Бат-Амгалан захирал “ажил болоогүй байна. Мөнгө төгрөгний ажил дууссаны дагаа авна” гэж хэлдэг байсан. Бат-Амгалан захирал болон Эвт олон трейд ХХК нь Ц.П эгчээс ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй. ...” /1хх 83-86, 2хх 126-128, 3хх 110-111/,

гэрч М.Оын “...Би Эн Жи Тайёо ХХК-д 2017 оны 1 дүгээр сараас эхлэн оффис менежер болон нягтлангаар ажилд орсон. Миний санаж байгаагаар нийт 17 хүн бүртгүүлсэн. Уг хүмүүс Юү Лан Гүэж-Улаанбаатар гэх сургалтын төвд бүртгүүлж суралцан 1.500.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Уг нь нийт 6.500.000 төгрөгний төлбөр авч байснаас 1.500.000 төгрөгийг сургалтын төвд суралцсан төлбөрт тооцож төлөөд үлдсэн мөнгийг Ц.П захирал авдаг байсан. Гэхдээ хүүхдүүд төлбөрийг янз бүрийн байдлаар цувуулаад өгдөг байсан. Одоо хэн хдээн төгрөг, хэрхэн өгсөн талаар сайн санахгүй байна. ...Би Эвт олон трейд ХХК-ийн талаар сайн мэдэхгүй. Манай захирал Ц.П нь уг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг бүртгэн сургалтанд хамруулан Япон улсад ажиллах ажилтан зуучилж өгдөг байсан. ...” /1хх 87-89, 2хх 129-130, 131-133, 3хх 92-94, 95-97/,

гэрч Д.Аийн “...Би 2016 оны 11 дүгээр сараас Эн Жи Тайёо ХХК-д гүйцэтгэх захирал болон менежерийн албан тушаалд Ц.П захиралын дор цалинжиж ажилладаг байсан. Би Эн Жи Тайёо ХХК 2016 онд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ба Япон улсаас авто машин оруулж ирж худалдан борлуулдаг байсан. Тэгээд Ц.П захирал нь Япон улсад олон жил амьдарсан, Япон танилууд ихтэй гээд харилцаад байдаг байсан. Миний мэдэж байгаагаар 17 хүн бүртгүүлэн сургалтанд сууж байсан. Уг хүмүүс нь Юү Лан Гүэж-Улаанбаатар сургалтын төвд 1.500.000 төгрөгийн төлбөрийг төлж сургалтанд суусан. Тэгээд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хуваагаад их, бага хэмжээгээр төлж байсан. Гэхдээ уг мөнгийг Ц.П захирал авдаг байсан. ...О нь манайд оффис менежер болон нягтлан байсан юм. Хүмүүсийн гэрээ байгуулахад бэлтгэж, төлбөр тооцоог авч байсан. Миний хувьд гэрээгээр ажиллах сонирхолтой хүмүүсийг олж өгч, уулзуулж байсан. Бид хоёр Ц.П захиралын даалгасны дагуу л ажлаа хийж байсан. ...” /1хх 90-91/,

гэрч Д.Тын “...Би 2014 оны 10 дугаар сараас хойш Юү Лан Гүэж-Улаанбаатар гадаад хэл сургалтын төвийг ажиллуулж байгаа ба манайх Япон хэлний сургалтын үйл ажиллагаа явуулдаг юм. 2017 оны 2 дугаар сард Эн Жи Тайёо ХХК-ийн захирал Ц.П гэх эмэгтэй манайхыг зорьж ирээд “Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажилтан явуулах гэж байгаа тул танай сургалтын төвтэй хамтран ажиллаж манайхаар дамжин Япон улс руу явуулах гэж байгаа хүмүүсээ сургамаар байна” гэсэн. Тэгээд ярилцаж байгаад хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эн Жи Тайёо ХХК-иас 17 хүнийг сургалтад хамруулсан. ...” /1хх 92-94/,

гэрч Г.Пгийн “...Өнөрдорж Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучлуулж явах гэж байгаа гээд манай эгч Цолмончимэг хөдөө амьдарч байсан тул над руу ажлын гэрээний мөнгө гэх 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд би уг мөнгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Премиум палас барилгын 303 тоотод байрлах Эн Жи Тайёо ХХК-ийн байранд очиж захирал Ц.П гэх хүнтэй уулзаж 1.650.000 төгрөг болон 350.000 төгрөгөөр 2 хувааж бэлнээр өгсөн юм. ...” /2хх 134-135/,

гэрч Ц.Сийн “...2019 оны 9 дүгээр сард сургалтаа төгссөний дараа манай хүү Буянхишиг Япон улс руу явахгүй удаад байсан ба энэ талаар нь тодруулж асуухаар бид нарын бичиг баримт дутуу байна гэх зүйлийг Ц.П захирал хэлсэн. Ингээд хүлээгээд байсан боловч “Япон явуулна, удахгүй явна” гэж Ц.П захирал худлаа ярьсаар байгаад өдий хүрсэн байна. ...” /3хх 68-69/,

яллагдагч Ц.Пын “...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /3хх 247-250/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Пыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Паас “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь, мөн элэгний церриоз, судасны өргөсөл, зүрхний эмгэг, даралт унадаг, зүрхний хэм өндөрсөх, бөөрний архаг үрэвсэл зэрэг хууч өвчний улмаас биеийн байдал суларч байна. Иймд III-р шатлалтын эмнэлэгт мэс засал хийлгэх шаардлагатай тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

Иймд шүүгдэгч Ц.Пын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/510 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.П нь 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 102 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох, түүнчлэн уг хугацаанд хохирол төлбөрөөс нийт 8.048.000 төгрөг буюу Буянхишигт 3.750.000 төгрөгийг, Ринчинхандад 2.800.000 төгрөгийг, Мөнгөнзулд 1.200.000 төгрөгийг, Мөнхбаярт 298.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Пын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П нь 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 102 /нэг зуун хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Ц.П нь 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 8.048.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ