Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2024/00002

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2024/00002

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 43-р хороо, 23-р хороолол 4а хэсэг, сургуулийн гудамж 1424 тоотод оршин суух, Бугасууд овогт Баянбүргээгийн Юмжирмаа /ПЮ79011805/

Хариуцагч: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 2-р баг, Мааньт хадан хошуу 2-1 тоотод оршин суух, Годон овогт Нямсүрэнгийн Ууганбаатар /ИС86032411/, Буурал найдан овогт Отгондэмбэрэлийн Аззаяа /ЗЛ79021505/ нараас

Нэхэмжлэлийн шаардлага: 3000000 / гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00468/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Аззаяа нь А.Аззаяа, Б.Ууганбаатар нараас 3000000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч Б.Аззаяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Нэхэмжпэгч иргэн Б.Юмжирмаа /РД: ПЮ790111805/ нь нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн олон үндэстний хоолны газарт №49 дугаартай хоолны газрыг ажиллуулдаг.

Иргэн Н.Ууганбаатар, О.Аззаяа нар нэг гэр бүлийн хүмүүс /эхнэр, нөхөр болно/ бөгөөд тэд 2021 оноос 2023 оны 06 сар хүртэлх хугацаанд Дүнжингарав худалдааны төвийн олон үндэстний хоолны газарт №9 дугаартай хоолны газрыг ажиллуулж байсан. Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар өөд өөдөөсөө зэрэгцээ байрлалтай хоолны газрыг ажиллуулж байсан буюу нэг дор ажиллаж байгаагийнхаа хувьд бие биенээ таниж мэддэг болсон юм. Хариуцагч Н.Ууганбаатар нь мөнгөний яаралтай хэрэгцээтэй байгаа, зээлсэн мөнгөө хүүтэй буцааж өгнө гэж хэлэн нэхэмжлэгч Б.Юмжирмаагаас мөнгө зээлдүүлэхийг гуйсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, 2022 оны 12 сарын 30-ны өдөр болон 2023 оны 01 сарын 27-ны өдөр нийт 1 000 000 (нэг сая) төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн байдаг. Ийнхүү зээлдүүлэгчээс мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр Б.Юмжирмаа, Н.Ууганбаатар нарын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан. Гэвч хариуцагч Н.Ууганбаатар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Б.Юмжирмаагаас зээлж авсан 1 000 000 (нэг сая) төгрөгөөсөө ганц ч төгрөгийг төлөлгүй гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч Н.Ууганбаатарын эхнэр хариуцагч О.Аззаяа мөн л мөнгөний яаралтай хэрэгцээтэй байгаа, зээлсэн мөнгөө хүүтэй буцааж өгнө гэж хэлэн нэхэмжлэгч Б.Юмжирмаагаас мөнгө зээлдүүлэхийг гуйсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, 2023 оны 03 сарын 10-ны өдөр 2 500 000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн байдаг. Ийнхүү зээлдүүлэгчээс мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр Б.Юмжирмаа, О.Аззаяа нарын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан. Гэвч хариуцагч О.Аззаяа нь зээлсэн мөнгөнөөсөө 500 000 (таван зуун мянга) төгрөгийг 2023 оны 05 сарын 31-ний өдөр Б.Юмжирмаад төлсөн ба үлдэх 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөсөө ганц ч төгрөг төлөлгүй гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагч Н.Ууганбаатар, О.Аззаяа нарыг зээлсэн мөнгөө буцааж өгөхийг удаа дараа аман хэлбэрээр (хамгийн сүүлд гэхэд энэхүү нэхэмжлэл гаргахаас 1 сар гарангийн өмнө/ нэхэмжлэгч нь утсаар холбогдож зээлсэн мөнгөө буцаан өгөхийг шаардсан байдаг, шаардаж, мөнгөө буцаан өгөх боломжит хугацааг нэхэмжпэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хангалттай өгч байгаа хэдий ч ямар нэгэн үр дүн огт гарахгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч Н.Ууганбаатараас 1 000 000 (нэг сая) төгрөгийг, хариуцагч О.Аззаяагаас 2 000 000 (хоёр сая) төгрөгийг буюу хариуцагч нараас нийт 3 000 000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Юмжирмаад олгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Юмжирмаа нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвд хоолны газар ажиллуулдаг. Хариуцагч нар тус Дүнжингарав худалдааны төвд хоолны газар ажиллуулдаг байсан. Хариуцагч Н.Ууганбаатар мөнгөний яаралтай хэрэгцээ байна гээд нэхэмжлэгчээс мөнгө зээлүүлэхийг санал болгосон байдаг. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 сарын 30-ны өдөр, 2023 оны 01 сарын 27-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 1000000 төгрөгийг хариуцагч Н.Ууганбаатарт шилжүүлсэн. Зээлийн гэрээ амаар байгуулагдсан. Мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно. Б.Юмжирмаагийн зүгээс зээлсэн мөнгөө буцааж төлөхийг хариуцагч нараас шаарддаг. Хариуцагч Н.Ууганбаатар буцааж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Н.Ууганбаатарын эхнэр О.Аззаяа мөнгөний яаралтай хэрэгцээ байна гэдэг шалтгаанаар 2500000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан. Энэ нь дансны хуулгаар батлагдана. Хариуцагч О.Аззаяа 500000 төгрөгийг өгсөн. 2000000 төгрөгийг буцааж өгөөгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар хариуцагч Н.Ууганбаатараас 1000000 төгрөг, хариуцагч О.Аззаяагаас 2000000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, нэхэмжлэгч Б.Юмжирмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, Капитрон банкны харилцах дансны хуулга /хэргийн 5-7 хуудас/, Ганжаргалын Ганбаатар гэх харилцах дансны хуулга /хэргийн 8-р хуудас/, Ганжаргалын Ганбаатарын хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээ /хэргийн 8-р хуудас/, Б.Юмжирмаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-11 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 13-р хуудас/, О.Аззаяагаас Н.Ууганбаатарт олгосон итгэмжлэл /хэргийн 17-р хуудас/, нэхэмжлэгч О.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт /хэргийн 32-33 хуудас/, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас /хэргийн 34-р хуудас/, Монгол шуудан ХК-ийн бичиг хүргэсэн тухай баримт /хэргийн 31-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч Н.Ууганбаатар нь 2022 оны 10 сарын 30-ны өдөр, 2023 оны 01 сарын 27-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 1000000 төгрөгийг, хариуцагч О.Аззаяад 2500000 төгрөгийг зээлүүлсэн. Хариуцагч О.Аззаяа нь 250000 төгрөгөөс 500000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 2000000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

3. Хариуцагч Н.Ууганбаатар, О.Аззаяа нарт 2023 оны 11 сарын 24 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2023 оны 12 сарын 08 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.

4.Нэхэмжлэгч Б.Юмжирмаа нь хариуцагч Н.Ууганбаатараас 1000000 төгрөг, хариуцагч О.Аззаяагаас 2000000 төгрөгийг нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

5.Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Н.Ууганбаатар, О.Аззаяа нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

9.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Годон овогт Нямсүрэнгийн Ууганбаатар /ИС86032411/-аас 1000000 /нэг сая/ төгрөг, хариуцагч Буурал найдан овогт Отгондэмбэрэлийн Аззаяа /ЗЛ79021505/-аас 2000000 /хоёр сая / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Бугасууд овогт Баянбүрээгийн Юмжирмаа /ПЮ79011805/-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 / жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ууганбаатар, О.Аззаяа нараас 62950 / жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Юмжирмаад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ