Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 139/ШШ2024/00014

 

 

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 139/ШШ2024/00014

Дундговь аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байр 41 тоотод оршин суух, Мишиг тайж овогт Нямын Ганбат /ЗЕ60113019/,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Ундраа 8 тоотод оршин суух, Баяуд овогт Цэндоогийн Наранбат /ЗЮ77080514/,

Нэхэмжлэлийн шаардлага: 6045000 / зургаан сая дөчин таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00481/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам, гэрч Д.Нямсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Ганбат нь Ц.Наранбатаас 6045000 / зургаан сая дөчин таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч Н.Ганбат нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Ням овогтой Ганбат би Цэндоогийн Наранбаттай амаар гэрээ байгуулж өдрийн 465.000 төгрөгөөр тохиролцож Сайнцагаан сумын төвд Залуус хорооллын 20 айлын орон сууцны угсралтын ажлыг өөрийн кранаар хийж гүйцэтгэхээр тохирч 2019 оны 9 сарын 26-наас 2019 оны 11 сарын 9-нийг хүртэл 43 хоног хийж гүйцэтгэсэн. Гэтэл Наранбат нь илүү 13 хоног крантай минь хөлслөн ажиллуулсны 6.045.000 төгрөгийг өгөхгүй хөгшин настай намайг залилан дээрэлхэж хохироогоод байна. Миний бие энэ асуудлаар цагдаад хандсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж иргэний шүүхэд ханд гэсэн. Иймд Цэндоогийн Наранбатаас 13 хоногийн кранистаар хөлслөн ажиллуулсны төлбөр болох 6.045.000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Ц.Наранбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэндоо овогтой Наранбат миний бие 2019 онд Залуус хороололд 5 давхар хувийн орон сууцыг Б.Сайнбаяр, Л.Дондий нартай хамтран хөрөнгө нийлүүлж уг барилгыг барих явцад краны ажлыг хийлгэхээр Ням овогтой Ганбатыг ажиллуулсан. Тухайн үед Ганбаа ахад бүх төлбөр тооцоог төлж барагдуулсан бөгөөд энэ олон жилийн дараа ийм өргөдөл гаргаж байгаад гайхаж байна. Кранист Ганбат нь барилгын ажил гүйцэтгэх явцдаа архи ууж ажил алдагдуулж, зарим үед хүү болох Галаа ирж ажилладаг байсан. Галаад төлбөр тооцоог хийсэн ажил, цагаар нь өгчихөөр уурлаж надад өгөх байсан мөнгийг хүүд өглөө гэж ууралдаг байсан. Ер нь бол өглөө ажилдаа ирээд өдрийн 12 цаг гэхэд алга болдог, өөр барилга дээр ажиллах, Баттөгсийн үерийн далан дээр ажиллах, архи уух гэх мэтээр ажил алдагдуулдаг байсан. Мөн олон удаа архи ууж ажил алдагдуулж алга болоход үргэлж араас нь хаана байгаа газраас нь олж авдаг байсан. Нэг удаа аймгийн төвөөс урагш Өрхийн хаднаас хүүхнүүдтэй байхад нь олж авч байсан гэтэл согтуу ажил хийх боломжгүй байсан. Хамт явсан Б.Сайнбаяр гэрчлэнэ. Барилгын ажил кранистаас болж алдагдсан тохиолдол энэ мэт маш олон болсон. Тухайн үед ажиллаж байсан ажилчдаас гэрчээр асуусан ч болохоор байна. Нэг өдрийн краны ажил зогсоход барилгын туслах ажилчдын цалин болон хоолны зардал гэхэд багадаа 1 сая төгрөг болдог. Харин эргээд Ганбаа ахаас мөнгө нэхэмжлэхээр олон хоног ажил алдагдуулж барилгын ажил 10 гаран хоногоор сунгаж дууссан. Энэ хугацаанд ажилласан мөнгөө нэхэмжлээд байх шиг байна. Үлдсэн 10 хоногт ч бүрэн ажиллаж өгөөгүй хүн юм. Гэрээнд заасан мөнгөө 100% барагдуулсан дансны хуулга байгаа.

Миний бие 2019 оноос хойш 3 барилга барьж ашиглалтанд оруулсан. Надад ямар ч хүн төлбөр тооцооны асуудал гаргаж, гомдсон нэг ч ажилтан байхгүй. Барилгын ажилчдаас гэрчээр асуулгаж болно. Н.Ганбат 2023 оны 09 сард элдэв хүнээр утсаар залгуулж дарамтлуулж, алуулна, талуулна би бол рекэтчин хүн гэх мэтээр дарамт үүсгэсэн. Энэ мэт увайгүй үйлдэл хийж, бусдын ажлыг сэтгэлээсээ хийж өгч чадахгүй байж шуналын сэдэлтэй хүн юм. Иймд Н.Ганбат гэдэг хүний өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх, иймд өргөдлийг хүлээн авахгүй байна уу гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сайнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ганбат нь Ц.Наранбаттай 2019 оны 09 сарын 26-ны өдөр автокранистыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт 20 айлын орон сууцны барилгын ажилд түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Нэг сарын хугацааны төлбөрөө авсан. Нэг өдрийн хөлс 465000 төгрөгөөр тохиролцсон байсан тул илүү ажиллуулсан 13 өдрийн хөлс болох 6045000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Төлүүлэхээр удаа дараа шаардлага гаргаж байсан боловч төлдөггүй. Цагдаагийн байгууллага болон эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжгүй байна гэж хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. 13 хоногийн буюу 2019 оны 10 сарын 13-ны өдрөөс хойш илүү 13 хоног кранистаар ажилласан хөлсөө гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Наранбатаас шүүхэд хариу тайлбар ирүүлсэн. Н.Ганбаттай 2019 оны 09 сарын 26-ны өдөр кран түрээслэх гэрээг 2019 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатайгаар сарын 14000000 төгрөгийн хөлс төлөхөөр байгуулсан. Ц.Наранбат нь тухайн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Залуус хороололд 20 айлын 5 давхар орон сууцыг Дондий, Сайнбаяр гэх хүмүүс хамтран хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулсан мөнгөө нэг дансанд төвлөрүүлээд барилгын ажлын гүйцэтгэлд тухайн мөнгөө захиран зарцуулж, холбогдох тооцоог хийдэг байсан. Энэ барилгын цаана хөрөнгө оруулагч гурван хүн байдаг. Гэрээг Ц.Наранбат Н.Ганбаттай байгуулсан. Гэрээний хувьд маргах зүйл байхгүй. Дундговь аймагт крантай хоёр гурван хүн байдаг. Аймагт барилга барьж байгаа бүх л хүн гуйж авдаг. Эхлээд мөнгө хөлсийг нь өгдөг. Өмнө нь ч хамтраад ажиллаж байсан. Энэ хүмүүсийн хувьд эргээд гуйх нүүр байдаг. Кран хүн болгонд байдаггүй. 2019 оны 09 сарын 26-ны өдрөөс хойш ажиллаагүй биш 5,6,7 саруудад ажиллаж байсан. Тухайн үед наадмын талбай, үерийн далан янзлах гээд явчихдаг. Краныг царайчилж ажилладаг байсан. Заримдаа архи уугаад явчихаар нь хүү Галбадрах нь ирж ажилладаг. Бүр олдохгүй бол Цогт, Мөнхбаатар гэдэг хүмүүсийг өдрийн цагаар гуйж ажилладаг. Сүүлдээ Н.Ганбат гуай алга болоод байхаар нь хариуцлагажуулах үүднээс гэрээ байгуулсан. Барилга хугацаандаа ашиглалтад орох байсан боловч зарим хүчин зүйлээс болоод хугацаандаа орж чадаагүй. Гэрээ байгуулахын тулд урьдчилгаа 7000000 төгрөг төлсөн. Дараа нь гэрээг дүгнээд 2019 оны 11 сарын 10-ны өдөр үлдэгдэл үнэ гэх агуулга бүхий 13200000 төгрөгийг Н.Ганбатын 54501060408 тоот данс руу тушааж гэрээг дуусгасан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Н.Ганбат гуайг олон газар ажилладаг, олон хүнтэй гэрээ хийж ажилладаг учраас андуурч гаргасан юм болов уу гэж харж байна. Цагдаагийн байгууллагад шалгуулсан байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нотлогдохгүй байна. Бид мөнгөө төлчихсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, 2019 оны 09 сарын 26-ны өдрийн машин механизмын түрээсийн гэрээ /хэргийн 3-4 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 9-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 17-р хуудас/, Дундговь аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоол /хэргийн 35-36 хуудас/, Н.Ганбатын Цагдаагийн газар гаргасан гомдол /хэргийн 37-40 хуудас/, гэрч Ц.Наранбатын мэдүүлэг /хэргийн 41-43 хуудас/ баримтууд, хариуцагч талаас ирүүлсэн Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн 230 дугаартай албан бичиг /хэргийн 22-р хуудас/, Ц.Наранбатаас Ж.Чимэддуламд олгосон итгэмжлэл /хэргийн 28-р хуудас/, гэрч Д.Нямсүрэнгийн дансны хуулга /хэргийн 45-63 хуудас/ баримтууд цугларчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2019 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан Машин механизмын түрээсийн гэрээ-нд заасан 1 сарын хугацаанаас хэтрүүлэн ажиллуулсан 13 хоногийн хөлс 6045000 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч тал дараах байдлаар тайлбар, татгалзлаа үндэслэж байна. Үүнд: Гэрээнд заасан хөлсийг бүрэн төлсөн, түүнээс гадна гэрээнд зааснаас илүү хөлсийг төлсөн. Гэрээний дагуу ажлын хөлсийг шаардаж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт ирүүлсэн Ц.Наранбат, Н.Ганбат нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Машин механизмын түрээсийн гэрээ -гээр түрээслүүлэгч нь түрээслэгчид 6408УБ улсын дугаартай автокраныг 1 /нэг/ сарын хугацаатай, нэг сарын 14000000 /арван дөрвөн сая/ төгрөгийн төлбөртэйгээр түрээслэхээр талууд тохиролцсон болох нь нотлогдож байна. Энэхүү гэрээний дагуу 1 сарын хугацааны төлбөр 14000000 төгрөг төлөгдсөн үйл баримтад талууд маргаагүй болно.

Гэрээнд заасан хугацаанаас 13 хоног илүү ажилласны төлбөр 6045000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Нямсүрэнгийн Энэ барилгыг Ц.Наранбат, Б.Сайнбаяр, Л.Дондий нар хөрөнгө нийлүүлж барьсан. Л.Дондий нь миний аав байгаа юм. Миний нэр дээр данс нээж зөвхөн энэ барилгатай холбоотой орлого зарлагын гүйлгээг хийж байсан. Барилгатай холбоотой гарсан зардлууд зориулалтаараа бичигдэж гүйлгээ нь хийгдсэн байгаа. Энэ дансны хуулгыг гаргаж ирүүлсэн гэх мэдүүлгийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй бөгөөд Дондийн Нямсүрэнгийн ХААН банкны 5466129086 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансны хуулганд бичигдсэн 5450160408 данстай харьцсан 2019 оны 09 сарын 26-ны өдрийн karan ganbaa uridchilgaa гэх гүйлгээний утгатай 7000000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2019 оны 11 сарын 10-ны өдрийн karan ganbaa geree uldegdel гэх гүйлгээний утгатай 13200000 төгрөгийн зарлагын гүйлгээгээр нэхэмжлэгчийн ХААН банкны харилцах дансанд дээрх мөнгө шилжин ирсэн болохыг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байна. Энэхүү 5450160408 гэх данс нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Машин механизмын түрээсийн гэрээ-ний 6.2-т заагдсан /хэргийн 4-рт/ түрээсийн төлбөр шилжүүлэх данстай тохирч байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 20200000 /хорин сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар /хэргийн 45-63-рт/ нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас 13 хоног илүү ажилласан ба хоногийн хөлс 465000 төгрөгөөр тооцож 6045000 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн байна. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанаас 13 хоног илүү ажилласан болохоо нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Ганбатад талуудын хооронд байгуулсан Машин механизмын түрээсийн гэрээ-ний үнэ 14000000 төгрөгийг бүрэн төлсөн ба гэрээний үнээс 6200000 төгрөгийг илүү төлжээ. Илүү төлсөн 6200000 төгрөгийг тооцвол нэхэмжиллийн шаардлагаас 155000 төгрөг илүү төлсөн байна. Эдгээрээр харахад хариуцагч тал нь нэхэмжлэгч талд гэрээнд заасан түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, гэрээнд заасан хугацаанаас 13 хоног илүү ажилласан хугацааны төлбөрийг мөн төлсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Мишиг тайж овогт Нямын Ганбат /ЗЕ60113019/-ын Баяуд овогт Цэндоогийн Наранбат /ЗЮ77080514/-аас 6045000 / зургаан сая дөчин таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111670 /нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун далан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ