Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1054

 

 

 

 

     2021           12           16                                   2021/ДШМ/1054

 

А.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч А.Д,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр А.Дд холбогдох 2105001111213 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Этэй маргалдаж, толгойн тус газар нь архины шилээр цохиж, түүний биед “зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, зүүн бугалга, нуруунд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч А.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэлээ жич гаргах хохирогч Б.Эийн эрхийг нээлттэй үлдээж, А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Ган-Эрдэнэ бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгч ялаас чөлөөлөгдсөн бол энэ тухай заана” гэж заасан шаардлагад нийцээгүй байна.

            Учир нь, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, баримтаар гаргаж өгсөн хохирлыг нөхөн төлсөн буюу Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг бүрэн хангасан ба шүүх түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх заалтыг орхигдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 Шүүгдэгч А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Этэй маргалдаж, толгойн тус газар нь архины шилээр цохиж, түүний биед “зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, зүүн бугалга, нуруунд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Эийн гаргаж өгсөн гэмтлийн зургуудыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4-12/, хохирлын баримтууд /хх 13-15, 100-101, 104-105/ зэрэг нотлох баримтууд болон,

“...Б.Эийн биед зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, зүүн бугалга, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэсэн 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 492 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 49-51/,

хохирогч Б.Эийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 21-ний орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Артөрийн гэрт Нямдорж бид хэд ганц нэг шил архи, пиво ууж хөлбөмбөг үзэхээр болсон. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Бид гурав юм яриад архи, пиво уугаад сууж байгаад нэлээн согтсон. 23 цаг өнгөрөөд А.Д гаднаас 1 шил 0.75 литрийн Улаанбаатар гэх нэртэй архи аваад орж ирсэн. Би А.Дтэй юм ярьж байгаад тоглоомноос болж хоорондоо жаахан ам мурийсан. Би тамхи татах гэж босоод нойл ороод буцаж ирээд ширээний хажууд сандал дээр суухад А.Д ширээний эсрэг талд сууж байсан ширээн дээрээс шилэн стакан аваад над руу шидэхээр нь би бултсан чинь А.Д нь хоосон Улаанбаатар архины шил ширээн дээрээс барьж босож ирээд толгой руу цохиод байсан. 4-5 удаа толгой дээр цохиод шил нь хагарсан. А.Дий шил барьсан гарыг хоёр гараараа түлхэж байсан боловч шил нь нүүрэн тус газар хүрч хөмсөгний дээд талд болон ухархай дээр зүсэгдэж шарх үүсэж цус гарсан. Энэ үед гаднаас Гантөр, Соко хоёр орж ирээд миний дээрээс А.Дийг аваад “яаж байгаа юм” гээд болиулаад, надаас цус гарсан учир Гантөр, Соко, А.Д бид дөрөв Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад очсон. ...А.Д нь эмчилгээний зардал гэж 100.000 төгрөг өгч, шархны бинт, сорвины тос, эм, витамин зэрэг өгч байсан. ...” /хх 24-28, 29-30/,

гэрч Б.Аийн “...найз Б.Э, Нямдорж нар заал авчихаад ирлээ гээд нэг шил Улаанбаатар гэх нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн. Тэгээд бид 3 тэр архийг хувааж уусан. 23 цагийн үед А.Д ажиллаасаа ирлээ гээд орж ирсэн. А.Д бас гаднаас 1 шил архитай орж ирсэн санагдаж байна. ...Гал тогооны тэнд шил хагарах чимээ сонсогдсон. Тэгээд би очиход Б.Эийн толгойноос цус гараад толгойгоо бариад сууж байсан. А.Д хажууд нь зүгээр зогсож байсан. Бид нар ууж байхдаа хэрэлдэж, маргалдаагүй. Намайг унтсаны юу болсныг би мэдэхгүй байна. Б.Э, А.Д хоёр хөлбөмбөг үзэж байхдаа хэрэлдээгүй, харин нэг нэгнийгээ үгээр хийж тоглоом шоглоом хийж байсан. Энэ хоёр сүртэй маргалдаагүй. ...” /хх 38-39/,

гэрч Ц.Гийн “...гэрт нь хамт ороход Б.Эийн толгойн баруун билүү зүүн зулай хэсгээс цус гараад А.Д болохоор нүүр нь цус болчихсон гал тогооны хэсгийн коридор хэсэгт зогсож байсан. Коридор хэсэгт шилэн стакан хагарчихсан харагдаж байсан. ...” /хх 42-44/

яллагдагч А.Дийн “...Б.Э миний хамар руу цохиход би нойлын хаалга налж унахад нойлын хаалга унаад би нөгөө тийшээ унасан. Би босож ирээд Б.Ээй зууралдаад нэг цохьсон. Тэгтэл Б.Э миний хөлийг хамж барьж аваад газар унагаад миний зүүн хөлийг өчөөд байсан. Миний хөл нуруу хугарах гэж байгаа юм шиг өвдсөн. Тэгэхээр нь дургуй хүрээд ойр хавьд юм хайсан чинь архины шил байхаар нь аваад Б.Эийн толгой руу цохьсон чинь архины шил толгой дээр нь хагарсан. Б.Э хажуу тийшээ унахаар нь би дээр нь гараад гараараа нүүр хэсэг рүү нь 1-2 удаа цохьсон. Нэг харсан чинь Б.Эийн толгой, нүүрнээс цус гарсан байхаар нь больсон. ...” /хх 82-84/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Дийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор Г.Ган-Эрдэнээс “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх заалтыг орхигдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. ...” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтанд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Харин А.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болсон байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно. ...” гэж заасныг баримтлан А.Дд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалт буюу түүнд ял оногдуулсан заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлийн “...А.Дийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байна. ...” гэх агуулга бүхий хэсэг нь үндэслэлтэй байх тул түүний эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...А.Дд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/700 шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Дд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ