Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1578

 

МАГАДЛАЛ

 2019.08.28                                                Дугаар 1578

Т.Г-н нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 182/ШШ2019/01059 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т Б ХХК-д холбогдох         

          2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай “Орон сууцны зээлийн    гэрээ”-ний үүргийг дуусгавар болгох, банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөрт төлсөн 216 528 987 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, О.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Г 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т Б-тай 517 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 4 байр, 13 тоот 150 м.кв талбайтай орон сууц болон 2 ширхэг автомашины зогсоолыг 490 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Тус орон сууцыг худалдан авах гэрээг байгуулахдаа урьдчилгаа төлбөрт 49 000 000 төгрөг төлж, үлдэх 441 000 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр байгуулсан. Уг мөнгийг би ашиглаагүй. Банкнаас миний нэр дээр данс нээж мөнгийг шилжүүлсэн бичилт хийсэн даруйдаа энэ хэмжээгээр “П” ХХК-ийн авлагыг хаасан бичилт хийсэн. Байр Т.Г-н өмчлөлд шилжээгүй зэргээс үзэхэд бодит байдалд Т Бнаас 490 000 000 төгрөг гараагүй. Харин тэр мөнгөндөө хүү бодож Т.Г-с их хэмжээний мөнгө авчээ. Тухайн гэрээг Т Б-н ажилтны санал болгосны дагуу байгуулсан. Энэ нь Т Б лавлагаа барагдуулахын тулд зориуд зохион байгуулсан ажиллагаа байсан. Т Б 2013 онд “П” ХХК-д барилгын угсралтад зориулж их хэмжээний зээл олгосон байна. 2014 онд Т Б, “П” ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулж, орон сууцуудыг худалдан авах иргэдэд зээл олгох нөхцөлтэй гэрээ байгуулжээ. “П” ХХК-ийн зээлийг төлүүлэхээр Т Б-н гүйцэтгэх захирал 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/363 дугаартай “Хөтөлбөр батлах тухай” тушаал гаргаж “П” ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийг баталжээ. Хөтөлбөрийн дагуу орон сууцны борлуулалт хийсэн банкны ажилтанд гэрээний үнийн дүнгийн 1 хувийн урамшууллыг олгох, Т Б-с авсан “П” ХХК-ийн чанаргүй зээлийг /Б.Э/-р барагдуулахыг Т Б-н төв салбарт даалгажээ. Хоёр этгээд нь үгсэн тохирч иргэдэд хөнгөлөлттэй зээл олгосон нэрээр “П” ХХК-ийн өглөгийг Т Б-н авлагыг барагдуулах хууль бус тохиролцоо хийж, “П” ХХК-ийн өглөгийг иргэн Т.Г руу шилжүүлсэн байна. Т.Г зээлээр авахыг санал болгосон орон сууц нь Т Б-н зээлийн өрийг төлүүлэх хөтөлбөрт багтсан байсан нь баримтуудаар батлагдсан. Өнөөдрийг хүртэл уг орон сууцны барилгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй, Т.Г байраа аваагүй. Энэ талаар хариуцагч Т Б-д өмнө нь удаа дараа шаардлага тавьж байгаа боловч үүргээ биелүүлээгүй буруугаа “П” ХХК руу түлхсэн хариу өгдөг. Т.Г орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 38 654 865 төгрөг, хүүнд 128 875 122 төгрөг, урьдчилгаа төлбөрт 49 000 000 төгрөг, нийт 216 528 987 төгрөгийг банкинд төлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нэмэлт хугацаа тогтоож байсан ч өнөөдрийг хүртэл орон сууцыг түүнд шилжүүлэх үүргээ Т Б, “П” ХХК биелүүлээгүй байна. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ Т Б, “П” ХХК-иудыг биелүүлэхийг шаардаж 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус тус гэрээнээс татгалзсан мэдэгдлийг       хүргүүлсэн ч Т Б, Т Б-н Тусгай активын албанаас татгалзлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Т.Г нь Т Б-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-нээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тус тус татгалзаж үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөрт төлсөн 216 528 987 төгрөгийн хохирол гаргуулна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 216 528 987 төгрөгийг Т Бнаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Г, Т.М нарын орон сууцны зээл авах хүсэлтийн дагуу Т Б-н зээлийн хорооны хурлаар хэлэлцэж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай зээлийн гэрээ байгуулж 441 000 000 төгрөгийг жилийн 8 /сарын 0.66/ хувийн хүүтэй, 240 сар /20 жил/-ын хугацаатай олгосон. Зээлдэгч нар зээлээр худалдан авч байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах, 4 байрны 13 тоот, 150 м.кв талбайтай орон сууц, 2 автомашины зогсоолыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай батлан даалтын гэрээгээр тухайн орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч “П” ХХК батлан дааж үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээний чөлөөт байдлыг хангаж, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг байгуулах үндэслэл зээлдэгч болох Т.Г болон батлан даагч этгээд болох П ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн орон сууцны захиалгат ажлын гэрээ юм. Зээлийн гэрээнд заасан талуудын үүрэг бол зээлдүүлэгч Т Б нь тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхтэй холбогдсон байдаг. Тус банк үүргээ гүйцэтгэж мөнгөн хөрөнгийг хугацаанд нь шилжүүлсэн. Зээлдүүлэгч Т Б зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Зээлдэгч талын худалдан авч байгаа орон сууцыг барьж ашиглалтанд бүрэн оруулж өгөх үүргийг “Орон сууцны захиалгат ажлын гэрээ”-ний 1.6, 3.1, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргийг Батлан даалтын гэрээний 2.2.2, 4.2 заалтаар тус тус “П“ ХХК хүлээсэн байдаг. Банк үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах үүргийг нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн гэрээгээр хүлээгээгүй, хүлээх ч боломжгүй юм.

Т Б нэхэмжлэгч Т.Г, Т.М нартай зээлийн гэрээ байгуулж, бага хувийн хүүтэй, урт хугацаатай Моргэйжийн зээлийг олгохдоо зээлдэгч нарыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх зэрэг зохисгүй байдлыг гаргаагүй бөгөөд тухайн орон сууцыг гүйцэтгэгч компанитай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу тэдний санал болгосон боломжит зээлдэгч нарыг судлах, зээл өгөх үүргээ гүйцэтгэсэн. Т Б-с “П” ХХК-тай байгуулж олгосон зээлийн гэрээнд заасан үүргээ компани биелүүлээгүй. Гэрээний маргаан үүсээд байгаа билээ. Хамтран ажиллах болон зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг Т Б-с тус компанид удаа дараа хандаж шаардаж байгаа бөгөөд тэдний зүгээс 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 23, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 29, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 34, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 41, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 28 тоот албан бичгүүдээр барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгасан тухай, улсын комисст тухайн орон сууцыг хүлээлгэн өгч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хандаж байгаа, сүүлд газрын маргаантай асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан талаар мэдээлэл ирүүлээд байна. Мөн нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Т Б-д ирүүлсэн хүсэлтийн дагуу үүссэн нөхцөл байдлыг тодорхой дурдаж 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 386 тоот албан бичгээр зээлдэгч Т.Г-д банкнаас хариу хүргүүлж байсан. Т Б-с зээлдэгчид зээл олгохдоо ямар нэгэн байдлаар хууран мэхэлж төөрөгдүүлэх замаар зээл олгоогүй, зөвхөн банкны ажилтан нарт олгодог нөхцлөөр нэхэмжлэгчид зээл олгосон. Т Б нь санхүүгийн зуучлал явуулдаг бизнесийн байгууллагын хувьд үйл ажиллагаа идэвхжүүлэхийн тулд харилцагч болон өөрийн ажилтан нарын дунд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг борлуулах аяныг явуулдаг, урамшуулдаг чиг үүргийг буруугаар ойлгон тайлбарлах, өөрт давуу байдал болгож гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм.

Нэхэмжлэлийн үндэслэлд “өнөөдрийг хүртэл уг орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, барилгын ажил бүрэн дуусаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаагүй, Т.Г байраа аваагүй, энэ талаар удаа дараа шаардлага тавьж байгаа боловч үүргээ биелүүлсэнгүй” гэж Т Б-г буруутгаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болгосон байна. Хүчин төгөлдөр 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай зээлийн гэрээнд гэрээний тал болох Т Бийм үүрэг хүлээгээгүй, мөн энэ үндэслэлээр гэрээнээс татгалзах, зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгийг буцаан шаардах эрхийг зээлдэгч нарт олгоогүй байна. Зээлдэгч нарын хүсэл зоригийн дагуу хийсэн гэрээг үндэслэн банк зээл олгож, зээлдэгч Т.Г тухайн орон сууцны төлбөрийг төлж, байрыг хүлээн авч оршин сууж байгаа. Мөн зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж зээлийн төлбөр, хүүг буцаан төлж байснаас үзэхэд ноцтой төөрөгдөж, хууран мэхэлж, хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл, журам байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т Б ХХК-д холбогдох Т Б-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай Орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох 216 528 987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 673 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Г орон сууцны зээлийн гэрээг Т Б-н ажилтны санал болгосны дагуу байгуулсан. Энэ нь “Т Б” авлагаа барагдуулахын тулд зориуд зохион байгуулсан ажиллагаа бөгөөд “Т Б” 2013 онд “П” ХХК-д барилгын угсралтад зээл олгосон. 2014 онд “Т Б”, “П” ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулж, орон сууцуудыг банкны зээлээр борлуулах, банк нь энэхүү байранд захиалга өгч орон сууцыг худалдан авах иргэдэд зээл олгох нөхцөлтэй гэрээ байгуулжээ. “П” ХХК-ийн зээлийг төлүүлэхээр “Т Б”-ны Гүйцэтгэх захирал 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/363 дугаартай “Хөтөлбөр батлах тухай” тушаал гаргаж “П” ХХК-ийн чанаргүй зээлийн өрийг төлүүлэх маркетингийн хөтөлбөрийн дагуу орон сууцны борлуулалт хийсэн банкны ажилтанд гэрээний үнийн дүнгийн 1 хувийн урамшууллыг олгох, Т Бнаас авсан “П" ХХК-ийн чанаргүй зээлийг /Б.Э/-аар барагдуулахыг “Т Б”-ны төв салбарт даалгажээ. Хоёр этгээд үгсэн тохирч иргэдэд хөнгөлөлттэй зээл олгосон нэрээр П ХХК-ийн өглөг, Т Б-н авлагыг барагдуулахаар тохиролцоо хийж, П ХХК-ийн өглөгийг Т.Г-н зээлээр хаасан нотлох баримтууд байхад шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах үндэслэлээ нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй. Т Б, П ХХК нар үүргээ биелүүлээгүй учраас Т.Г гэрээнээс татгалзсан.

Т Б, П ХХК нар орон сууцыг Т.Г-н өмчлөлд шилжүүлээгүй 6 жил шахам хугацаа өнгөрсөн. Т Б зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6-д заасан үүргээ зөрчиж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байхад зээл олгосон, өглөг, авлага хаасан бичилтүүд хийсэн. Барьцааны гэрээ байгуулаагүй. Энэ бүхэн Т Б, П ХХК нар ашиг сонирхлоор нэгдэж, гэрээгээр хүлээсэн үүргээ санаатай зөрчин, Т Б-н захирлын 363 дугаартай “Хөтөлбөр батлах тухай” тушаал, 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн өдрийн Т Б, П ХХК-ийн хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлсэн ажиллагаа юм. Т.Г олон удаа “Т Б”, П ХХК руу орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг хүссэн, шаардсан боловч “Т Б”, “П” ХХК нар бурууг бие бие рүүгээ түлхэж 6 жил шахуу хугацааг өнгөрөөсөн. Т.Г нь арга буюу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны захиалгат ажлын гэрээ, орон сууцны зээлийн гэрээнээс тус тус татгалзсан нь Иргэний хуулийн 204, 205, 225, 227 дугаар зүйлд заасан ажиллагаа юм.

Т.Г-д орон сууцны зээлийн гэрээгээр олгосон 441 000 000 төгрөгийг Т Б нь П ХХК-ийн чанаргүй зээлийг хааж, буцааж авсан учраас тэрээр Т Б-д ямар нэг өглөг байхгүй. Харин Т.Г ашиглаагүй, аваагүй орон сууцны төлөө 216 528 987 төгрөгийг Т Б-д шилжүүлсэн учраас буцаан авах нэхэмжлэл шаардлага гаргасан. Мөн Т Б, П ХХК орон сууцыг ашиглалтад оруулаагүй, Т.Г-д өгөөгүй учраас түүнээс орон сууцыг гаргуулах асуудал байхгүй.

Т.Г-г Т Б-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулахаас өмнө Т Б болон П ХХК хоорондоо Нүхтийн ам дагуу байрлах П хотхоны 4, 5 дугаар барилгуудын гэрээний хавсралтад заасан орон сууцуудыг банкны зээлээр борлуулах, банк нь энэхүү байранд захиалга өгч орон сууц худалдан авах иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээл олгох зорилготой 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан зэргээс үзэхэд тухайн орон сууцуудыг зохих ажиллагаа нь Т Б, П ХХК-ийн хамтран хэрэгжүүлсэн төсөл юм. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу 216 528 987 төгрөгийг Т Бнаас гаргуулах эрхтэй юм. Орон сууцны зээлийн гэрээг Т.Мягмарсүрэн, Т.Г-той хамтран Т Б-тай байгуулсан. Энэхүү гэрээтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхэд Т.М-н хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байсан. Гэтэл шүүх Т.М-г хуралд оролцуулаагүй, Т.Г-н нэхэмжлэлээр маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм.

Мөн нэхэмжлэгч 1 240 595+70 200=1 310 795 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх нь үндэслэлтэй байсан тул илүү төлсөн 2 362 950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шүүх шийдвэрлэх ёстой байтал улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Т.Г хариуцагч Т Б ХХК-д холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээнээс татгалзаж, банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 517 дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөрт төлсөн 216 528 987 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 441 000 000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлэхээр тохиролцжээ.

Уг гэрээнд талууд харилцан хүлээх эрх үүргийн талаар зааж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийжээ. Тиймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Тодруулбал, дээрх гэрээний дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн дансанд мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалгат ажлын гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ болон түүнтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ “П” ХХК нь биелүүлээгүй гэх үндэслэлээр “Т Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж байгаа нь хуульд нийцээгүй.

Учир нь “Т Б” ХХК нь орон сууц захиалах гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх этгээд биш бөгөөд, дээрх орон сууцыг ашиглалтад оруулах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх үүргийг хүлээгээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч тал орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарч байж барьцааны гэрээ байгуулагдана, банк үүргээ биелүүлээгүйгээс захиалагчийн эрх зөрчигдөж байна гэж тайлбарлаж байх боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 240 595 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

            ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ