| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2023/00477/И |
| Дугаар | 139/ШШ2024/00032 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 139/ШШ2024/00032
| 2024 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 139/ШШ2024/00032 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банк ХК,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1-р баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт *******ын ******* /ЕА/, овогт ын /ЗН/,
Нэхэмжлэлийн шаардлага: 5375884, 92 / таван сая гурван зуун далан таван мянга найман зуун наян дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00477/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк нь Г., Г.******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 5375884, 92 / таван сая гурван зуун далан таван мянга найман зуун наян дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Зээлдэгч Г., хамтран зээлдэгч Б.******* нартай ******* банк ХК 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 221400071637 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5.000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй анх авсан. Түүнээс хойш 2019.10.14-ний өдрийн 2214-71637 тоот гэрээгээр 4,000.000 төгрөг, 2021 оны 06 сарын 4-ний өдрийн ЗНГ-221400071637-2 тоот гэрээгээр 10,000,000 төгрөгний зээлийг олгон нийт 19,000,000 төгрөгний зээл олгож заасан төлбөрийн хуваарийн дагуу үүрэг хүлээсэн. Зээлийн барьцаанд 441 толгой мал, 5 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, малчны ком 1 ширхэг тус тус барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Г., хамтран зээлдэгч Б.******* нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр юм. Хариуцагч Г., Б.******* нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 2023 оны 11-р сарын 07-ны өдрийн байдлаар 157 хоног хугацаа хэтрээд байна. Зээлдэгч нартай биечлэн уулзаж мөн утсаар холбогдон удаа дараа зээлээ төлөх талаар сануулж байсан бөгөөд холбогдох журмын дагуу мэдэгдлүүдийг хүргүүлэн ажилласан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон. ******* банк ХК нь зээлдэгч Г., Б.******* нараас үндсэн зээлийн телбөр 5,244,800.49 /таван сая хоёр зуун дөчин дөрвөн мянга найман зуун төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 125,842.50 /нэг зуун хорин таван мянга найман зуун дөчин хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,241.93 / таван мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг, нийт 5,375,884.92 /таван сая гурван зуун далан таван мянга найман зуун наян дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Г., Б.******* нараас 5,375,884.92 төгрөгийг гаргуулж, барьцаа херөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нартай 2019 оны 04 сарын 15-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулан 5000000 төгрөгийг 24 сарын хугацаатай олгосон. Нэмэлтээр 2019 оны 12 сарын 14-ний өдөр 4000000 төгрөгийг, 2021 оны 06 сарын 04-ний өдөр нэмэлт гэрээгээр 10000000 төгрөг, нийт 19000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд 441 толгой мал, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, малчин комыг тус тус барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд зээлдэгч нар зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр юм. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 2023 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар 154 хоног хугацаа хэтрээд байна. Зээлдэгч нартай биечлэн уулзаж, утсаар холбогдон удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 06 сарын 03-ны өдөр дуусгавар болсон. Үндсэн зээлийн төлбөр 5244800,49 төгрөг, зээлийн хүү 125842,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5241,93 төгрөг, нийт 5375884,92 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.
4.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймагт амьдардаг. Мал багасчихаад ийм байдалтай байна. Нэхэмжилсэн мөнгийг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* банк ХХК нь Г., Б.******* нараас 5375884, 92 /таван сая гурван зуун далан таван мянга найман зуун наян дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2019 оны 4 сарын 11-ний өдрийн 221400071637 дугаар, 2021.06.04-ний өдрийн ЗНГ-221400071637-2 тоот гэрээ, барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.
3.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, ******* банк ХК-ий ******* салбарын итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/, 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 221400071637 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 5-7 хуудас/, 2021 оны 06 сарын 04-ний өдрийн ЗНГ-221400071637-2 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хэргийн 8-р хуудас/, 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 2214-71637 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хэргийн 9-р хуудас/, ******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10-р хуудас/, ******* банк ХК-ий 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 01/682 дугаартай итгэмжлэл /хэргийн 11-р хуудас/, 2023 оны 06 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 12-р хуудас/, 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хэргийн 13-р хуудас/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 14-17 хуудас/, ******* аймаг дахь Цагдаагийн газрын 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 40/56 дугаартай албан бичиг /хэргийн 24-р хуудас/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тойргийн нотариатчаас олгосон итгэмжлэл /хэргийн 25-р хуудас/ баримтуудаар ******* банк болон Г., Б.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.
4.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 5375884, 92 / таван сая гурван зуун далан таван мянга найман зуун наян дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 221400071637 дугаартай барьцаат зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.
6.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг гаргасан тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 5375884, 92 / таван сая гурван зуун далан таван мянга найман зуун наян дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овогт *******ын ******* /ЕА/, овогт ын /ЗН/ нараас зээлийн гэрээний үүрэгт 5375884, 92 / таван сая гурван зуун далан таван мянга найман зуун наян дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Г., Б.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө мал 278 толгой /адуу 31, үхэр 2, хонь 84, ямаа 161/, 5-н ханатай гэр /гурван давхар бүрээстэй/ 1 ширхэг, 4-н ханатай гэр /гурван давхар бүрээстэй/ 1 ширхэг, DDISH антенн, зурагт 1 ширхэгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171164 /нэг зуун далан нэгэн мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Б.******* нараас 171164 /нэг зуун далан нэгэн мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.*******