| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/05607/И |
| Дугаар | 102/ШШ2024/01122 |
| Огноо | 2024-03-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/01122
| 2024 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/0 | * хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо пийс таур * давхар * тоот М ХХК.
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо тэм-* дугаар байр * тоотод оршин суух, 1982 онд төрсөн 42 настай, Хараат хайрхан овогт Дугаржавын Ц
14,155,890.16 төгрөг гаргуулах үндсэн, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан * дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.Цд холбогдуулж гэрээний үүрэгт 14,155,890.16 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгчид холбогдуулж 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан * дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани Д.Цтэй 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр * тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж * аймгийн * сум * боомтод хэрэгжиж буй авто замын төслийн ажилд * ширхэг өөрөө буулгагч *-аар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Гэрээгээр ажлыг 45 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэх, техник тус бүр дээр 4,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр бодож 12,000,000 төгрөгийг олгож, үлдэгдэл төлбөрийг ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн 15 хоногоор тасалбар болгон ажилласан хоног цагаар тооцож тооцоо нийлж баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гүйцэтгэлийн төлбөрийг өгөхөөр тохирсон. Гэвч хариуцагч Д.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагаас ажлын талбайд ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг хүртэл 15 хоног ажиллаж гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж, нэхэмжлэгч талд мэдэгдэлгүйгээр ажлын талбайг орхиж * хотод ирсэн байсан. Үүнээс болж төслийн ажил зогссон. Бид уулзаж төлбөр тооцоогоо дуусгах, эсвэл буцаж очиж ажиллах талаар шаардлага тавьсан боловч тохиролцож чадаагүй. Тухайн газар нийтдээ 30 машин ажиллаж, манай компаний үндсэн 10 ажилтан нэмэгдэж ажиллаж байсан. 10 гаруй контейнер байрлуулж, хоол хангамжийн ямар нэг асуудал үүсч байгаагүй. Харин Д.Ц нь манай ерөнхий инженертэй харилцаа тохирохгүй, таарахгүй байгаа талаар надтай ирж уулзахдаа ярьсан тул манайх инженертээ сануулах, Д.Ц жолооч нартаа хэлж сануулахаар болон цаашдаа ойлголцоод ажиллах талаар тохиролцсон. Гэтэл ажлаа зогсоох талаар хэлж ярьж мэдэгдэлгүй 2 хоногийн дараа ажлаа орхиод явсан байсан. Манайд замын хуудас өгөөгүй, тооцоогоо ч хийхгүй алга болсон. Манайх дараа нь хөөцөлдөж байж замын хуудас авсан. Машин хэдэн өдөр ажилласан болохыг замын хуудас, GPS-ээр тогтоодог. GPS * гарахад нь суурилуулалтын компани суулгаж өгсөн. Тус төхөөрөмжөөр машинд хэдэн литр түлш орсон, хэд үлдсэн, тухайн машин *аас хэдэн литр бензинтэй гарсан зэрэг мэдээллийг хардаг. Жишээ нь * машин өдөртөө 372 цаг, шөнөдөө 310 цаг нийт 2,548,387 төгрөгийн ажил хийсэн, * машин 5,032,258 төгрөгийн ажил, * машин 4,838,709 төгрөгний ажил хийснээр нийт 19,375,245 төгрөг төлөгдсөн гэх мэт гардаг юм. Шатахууны зардлыг тооцохдоо мөн л GPS-ийн түлш хэмжигчээр хэмжсэн. Уг төхөөрөмж нь машины явсан км болон түлш зарцуулалтыг хэмждэг. Гэрээний 2.7-д зааснаар хариуцагч талд *аас *явах шатахууны 2,058,750 төгрөгийг дансаар өгсөн. Гэрээний 2.8-д зааснаар ажлыг хаяж явсан бол захиалагч тал шатахууны төлбөрийг хариуцахгүй урьдчилан олгосон шатахууныг гүйцэтгэлийн төлбөрөөс хасаж тооцохоор заасны дагуу шатахууны мөнгийг нэхэмжилнэ. Гүйцэтгэгч тал манайд буцахаа хэлж ярилгүй мөн л шатахуун авч явсан тул ирж, буцах шатахууны зардал 4,246,845 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх машинд суурьлуулсан GPS-ийг авна гэхээр өгөхгүй, суурилуулалтын төлбөрийг нь төлнө гэсэн хариу өгдөг. Хариуцагч тал 12,419,354.84 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Манай компаниас гарсан нийт зардал 19,375,245 төгрөг үүнээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 12,419,354.84 төгрөгийг хассан. Зөрүү 6,955,890.16 төгрөг үлдсэн дээр гэрээний 4.2.2-д заасны дагуу 20 хувийн торгууль 7,200,000 төгрөгийг нэмж нийт 14,155,890.16 төгрөгийг Д.Цгээс нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр *дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж *аймгийн * сум * боомтод хэрэгжүүлж буй автозамын ажилд
*, *, * улсын дугаартай 3 авто машинаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа техник тус бүр 4,000,000 төгрөгийн урьдчилгааг гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлж авсан. Гэрээнд зааснаар техник очиж ажилласан боловч ажиллаж боломж, орон байр, хоол ундаар хангаагүй. Орон байр нь хүйтэн байсан тул бид машиндаа байрлаж байсан. Тэнд ажиллаж буй хүмүүс компани цалин мөнгөө өгдөггүй, өр шир ихтэй гэж ярьснаас гадна хөдөлмөр хамгаалал муу, ажлын байранд шороо их босож өмнөх газар харагдахгүй, үзэгдэх орчин муугаас осол гаргачих гээд хэцүү байсан учир нэхэмжлэгч талд хэлэхэд компаний дотоод асуудал та нарт хамаагүй гээд шаардлагыг хүлээж аваагүй. Бид урьдчилгаанд өгсөн мөнгийг давуулан, хийх ажлаа чанартай гүйцэтгэж дууссан учир цаашид ажиллах боломжгүй гэдгээ амаар хэлэхэд тоогоогүй учир * хот руу буцсан. Дээрх ажил гүйцэтгэсэн 3 машин нь Д.Цгийнх биш гэдгийг нэхэмжлэгч тал мэдсээр байж гэрээ хийсэн тул төлбөрийг төлөхгүй. 12,419,354.84 төгрөгийг хариуцагч цааш нь жолооч нарт шилжүүлсэн. 15 хоног ажиллахдаа шатахууны 4,246,845 төгрөгийн хэмжээнд дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн. GPS суурилуулсан зардал 3,128,400 төгрөгийг суурилуулсан компанид нь төлнө. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О тайлбарлахдаа: Ажил гүйцэтгэсэн 3 техник нь хариуцагч Д.Цгийнх биш гэдгийг мэдсээр байж М ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр *дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тухайн авто машин нь Д.Цгийн нэр дээр байхгүй. Гэрээний урьдчилгаа төлбөрийг техник тус бүрийн эзэд рүү шилжүүлсэн. Автомашины өмчлөгч бүр өөр өөрийн техникээр М ХХК-ийн хий гэсэн ажлыг холбогдох зааврын дагуу гүйцэтгэсэн. Ажилд гарахдаа өөрсдөө гарын үсэг зурж, аюулгүйн зааварчилгаа авч байсан. Хуульд зааснаар М ХХК нь ажил хийсэн автомашины өмчлөгч нэг бүртэй гэрээ хийж мөнгийг өөрсдийнх нь данс руу шилжүүлэх байсан. Гэрээг хууль зөрчиж хийсэн тул талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан *дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч М ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд төлөөлөгч Б.А тайлбарлахдаа: Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43.2, 43.2.1-д заасан хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, талууд хүсэл зоригоо илэрхийлж баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан гэж заасныг үндэслэн гэрээг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан гэрээний саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгчээс техник тус бүр дээр урьдчилгаа төлбөр нийт 12,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, гэрээний дагуу *аймгийн * сумын * боомтод хэрэгжиж буй төслийн талбайд *, *, * техникүүд очиж гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж байсан. Мөн гэрээний урьдчилгаа төлбөр, шатахууны төлбөрийг хүлээн авсан тул гэрээ хүчин төгөлдөр. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, М ХХК-ийн * банкны дансны хуулга, түлшний төлбөр шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, Г ХХК-ийн нэхэмжлэх, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Г ХХК-ийн албан бичиг, өөрөө буулгагч автомашины гүйцэтгэлийн тооцоо, шатахууны суутгал, Машин механизмаар гүйцэтгэсэн ажлын замын хуудас, Г ХХК-ийн түлшний тайлан
6. Хариуцагчаас *, *, * автомашины техникийн тодорхойлолт зэргийг баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлээс 11,755,890 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь “хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг хүлээж авсан боловч ажлаа дуусгалгүй орхиод явсан. Машин хэдэн цаг ажиллаж, ямар хэмжээний шатахуун хэрэглэсэнг GPS эс болон замын хуудсаар тогтоодог. Хариуцагч тал *аймагт ирэх болон буцах шатахуунаа манайхаас авсан, 12,419,354.84 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, суурилуулсан GPS өгөлгүй авч явсан тул зөрүү мөнгийг гэрээнд заасан торгуулийн хамт нэхэмжилнэ” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодохойлсон.
3. Хариуцагч нь “гэрээ байгуулсан боловч ажил гүйцэтгэсэн 3 техник минийх биш. Урьдчилгаа мөнгөнд тохирсон ажлыг хийгээд буцсан. Суурилуулалтын компанид GPS мөнгийг төлнө. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
5. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “ажил гүйцэтгэсэн 3 техникийн эзэмшигч нь Д.Ц биш байхад хууль зөрчиж хийсэн, ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус” гэж тайлбарласан.
6. Нэхэмжлэгч нь “хариуцагч 3 техникээр ажил гүйцэтгэхээр хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг зөвшөөрч байгуулж, хөлсийг хүлээж авсан” гэх тайлбарыг гаргасан.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.1. Зохигчийн хооронд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч Д.Ц *аймгийн * сум * боомт чиглэлийн авто зам, талбайн бүтээн байгуулалтын төслийн ажилд өөрийн эзэмшлийн *, *, *улсын дугаартай өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслээр чулуу, хайрга, шороо тээвэрлэх ажил гүйцэтгэх, захиалагч М ХХК ажлын хөлсийг тохирсон хугацаанд төлөхөөр тохиролцсон.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийг техник тус бүрт 4,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
7.2. Ажил гүйцэтгэх гэрээний 2.2, 2.3, 2.5-д урьдчилгаа төлбөрийг техник тус бүр 4,000,000 төгрөг шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн 15 хоногоор тасалбар болгон ажилласан хоног, цагаар тооцож тооцоо нийлж баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гүйцэтгэлийн төлбөрийг олгох, гэрээний хугацаа гүйцэтгэгчийн тээврийн хэрэгсэл техник ажлын талбайд ирж ажлыг бодитоор гүйцэтгэж эхэлсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд үргэлжилэхээр тохиролцжээ.
Хариуцагч Д.Ц нь 3 техникийн урьдчилаа төлбөр 12,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэн авч 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 17-ны өдрүүдэд нийт 15 хоног ажилласан болох нь талуудын тайлбар, * банкны хуулгаар тогтоогдсон.
7.2. Зохигч Ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний хугацааг ажил эхэлсэнээс хойш 45 хоногийн хугацаанд үргэлжилэхээр гэрээний 2.5-д заасан боловч хариуцагч ажиллах боломж нөхцөлөөр хангаагүй гэх үндэслэлээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, гэрээний 4.3.5-д гэрээг цуцлах тухай хүсэлтээ ажлын 5 хоногийн өмнө мэдэгдэх гэж зааснаар захиалагч талдаа мэдэгдэлгүй гэрээний үүргээ зөрчсөн буруутай байна.
Ажил гүйцэтгэх гэрээний 2.7, 2.8-д гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх техникийг ажил гүйцэтгэх газар очих болон ирэх шатахууны зардлын нэг талыг Захиалагч М ХХК, нэг талыг гүйцэтгэгч Д.Ц хариуцах, гэрээ хугацаанаас өмнө захиалагч талаас үл хамаарах шалтгаанаар гүйцэтгэгч тал тээврийн хэрэгслийг буцаасан тохиолдолд захиалагч тал гэрээний 2.7-д заасан шатахууныг хариуцахгүй ба урьдчилан олгосон шатахууныг гүйцэтгэлийн төлбөрөөс хасаж тооцохоор гэрээнд заажээ.
Захиалагч М ХХК нь гэрээний 2.7-д зааснаар *аас гарах 3 өөрөө буулгагч техникийн түлш 750 л шатахнууы үнэ 2,058,750 төгрөгийг хариуцагч Д.Цгийн дансанд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байна.
Талууд гэрээний дээрх заалтаар ажил гүйцэтгэх газар очих болон ирэх шатахууныг хувааж хариуцахаар тохирсон байхад хариуцагч гэрээнээс татгалзаж буцахдаа захиалагч байгууллагаас 2,188,095 төгрөгний шатахуун авсан, гэрээ цуцлагдсан тохиолдолд захиалагч М ХХК шатахнууны зардлыг хариуцахгүй байхаар тохирсон тул нэхэмжлэгч хоёр талын шатахууны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
7.3. Гэрээгээр захиалагч, ажил гүйцэтгэгч нь гэрээний төлбөрийг явсан өдөр, сараар нь баталгаажуулсан замын хуудас болон GPS-ийг үндэслэн олгохоор тохирч М ХХК нь 3 тээврийн хэрэгсэлд 3,128,400 төгрөгний үнэ бүхий хяналтын төхөөрөмжийг суурилуулсан болох нь Г ХХК-ийн албан бичиг, нэхэмжлэхээр тогтоогдсон тул хариуцагч төхөөрөмжийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь өөрөөс гарсан зардал ажлын хөлс 12,000,000 төгрөг, шатахууны зардал 4,246,845 төгрөг, GPS-ийн үнэ 3,128,400 төгрөг нийт 19,375,245 төгрөгнөөс гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасаж 6,955,890.16 төгрөг, гэрээний 4.2.2-т зааснаар гэрээт ажлыг гүйцэтгээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол нэг сарын төлбөрийн үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж зааснаар торгуульд 7,200,000 төгрөг шаардсан боловч торгуульд 4,800,000 төгрөгийг гаргуулж нийт /6,955,890.16+4,800,000=11,755,890/ 11,755,890 төгрөгийг хариуцагч Д.Цгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулж 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №*Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.
8.1. Талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулан, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч Д.Ц гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэхээр урьдчилгаа төлбөрийг өөрийн дансаар хүлээн авч ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн болох нь гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Ажил гүйцэтгэх гэрээний 3.2.1-т гүйцэтгэгч Д.Ц нь ажлыг гэрээнд заасан буюу графикт хугацаанд батлагдсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч ажиллах нөхцөл боломж хангагдаагүй гэх үндэслэлээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь уг гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
Мөн *, *, *улсын дугаартай өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслээр чулуу, хайрга, шороо тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээг зөвшөөрч байгуулан, ажлыг хөлсийг шилжүүлж авсан тул тээврийн хэрэгслийн эзэмшигч нь биш байхад гэрээ байгуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч М ХХК-нд холбогдох хариуцагч Д.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Цгээс 11,755,890 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгож, үлдэх 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгээс 203,044 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-нд холбогдох 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №*Ажил гүйцэтгэх гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хариуцагч Д.Цгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.К