Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/00840

 

 

 

 

 

 

 

 

               2024       02        26

182/ШШ2024/00840

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ХХЗХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,448,810,958.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан 1,448,810,958.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй төрийн байгууллага юм.

 Монгол Улсын Засгын газраас 2006 онд хөдөө орон нутгийг сүлжээтэй болгох тендерийг зарлаж, тус тендерт Жем интернейшнл ХХК шалгарсан. Түүний дагуу 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* болон ******* ХХК-иуд Монгол Улсад CDMA-450 систем ашиглах хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж, 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хүчинтэй байхаар тусгаж, 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ олгосон.

Дээрх гэрээ, гэрчилгээг үндэслэн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр талууд 179/08 NUM-02 тоот сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулж, гэрээгээр 93-хх-хххх, 98-хх-хххх багц дугаарыг *******ноос ******* ХХК-д олгож, 1 жилийн 24,000,000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон.

Үүний дараа ******* ХХК-иас ирүүлсэн сүлжээний дугаарлалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг үндэслэн, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулсан 179/08 NUM-02 тоот гэрээнд нэмэлт оруулж, хавсралтаар 93-0х-хххх, 93-4х-хххх, 98-хх-хххх, 97-0х-хххх, 91-1х-хххх багц дугаарыг олгож, төлбөр 20,400,000 байраар тохиролцсон.

Гэрээ байгуулснаас хойш *******ны 2011 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд 2012 оны 73 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

Зохицуулалтын үйлчилгээний хөлс өөрчлөгдсөнтэй холбогдуулан талууд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/NUM-06 тоот гэрээг талууд байгуулж, 93-0х-хххх, 93-4х-хххх, 98-хх-хххх, 97-0х-хххх, 91-1х-хххх багц дугаар, төлбөр 204,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Мөн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *******, ******* ХХК-ийн хооронд ЖМ15/518 NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулан, 83-0х-хххх, 83-1х-хххх багц дугаар олгож, төлбөр 24,000,000 төгрөг байхаар талууд хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан.

Бидний хооронд байгуулсан Монгол Улсад CDMA-450 систем ашиглах хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай гэрээний 6.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... дугаар эзэмшсэний төлбөрийг төлнө гэж, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЖМ/14/39/NUM-06, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518 NUM-06 дугаар гэрээнүүдийн 2-т “Энэхүү дугаарлалтын гэрээ нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө” 3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд заасны дагуу төлбөрийг ... жил бүр төлнө” гэж тус тус заасан.

Талууд харилцан тохиролцож 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЖМ/14/39/NUM-06 дугаар ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээг байгуулахдаа гэрээний 6 дугаар зүйлд “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор талуудын хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр талууд 179/08 NUM-02 тоот сүлжээний дугаарлалтын гэрээ болон 2009 оны 05 дугаар сарын 05, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд байгуулсан 179/08 NUM-02 тоот гэрээний нэмэлт гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцно” гэж тохиролцсон.

******* ХХК нь *******той дээрх нөхцөлөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч 93-0х-хххх, 93-4х-хххх, 98-хх,хххх, 97-0х-хххх, 91-1х-хххх, багц дугаарын төлбөрийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш, 83-0х-хххх, 83-1х-хххх багц дугаарын төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байсаар байна.

Сүлжээний дугаарлалтын гэрээ нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд ******* ХХК-ийн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, улмаар 2031 он хүртэл сунгасан.

*******ны зүгээс жил бүр төлбөр төлөх талаар албан бичгээр мэдэгддэг, өөрсдөө хүлээн зөвшөөрдөг боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Иймд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391 NUM-06 дугаар ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээний төлбөрт 1,312,832,876.71 төгрөг гаргуулах, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518 NUM-06 дугаар ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээний төлбөрт 135,978,082.19 төгрөг гаргуулах, нийт 1,448,810,958.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. ******* хуульд заасан эрхийн хүрээнд үнэ тарифыг тогтоох, судалгаа шинжилгээ хийх  эрх нь хуулиар олгогдсон.  2012 онд бол ******* үнэ тарифыг эрх хэмжээнийхээ хүрээнд10 дахин нэмэгдүүлсэн. Хариуцагчийн татгалзаад байгаа үндэслэл нь судалгаа шинжилгээ хийгээгүй гэх агуулга харагдаж байна. Энэ нь эрх зүйн үндэслэлд хамаарахгүй. Эрх зүйн үндэслэл гэдэг нь тодорхой эрх зүйн акт гаргахад хууль зөрсөн эсэхийг хардаг.

******* ХХК дугаарлалтын төлбөрт 269,000,000 төгрөг төлөөгүй байхад 269,000,000 төгрөг дугаарлалтын төлбөрт хасаад байна гэж байгаа бол 2015 оноос хойш энэ тухай яагаад маргаагүй юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн талбараар шууд 269,000,000 төгрөгийн зөрүү гараад байгаа асуудал байхгүй юм.

Талуудын хооронд 15, 16 жилийн хугацаатай гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаатай төдийлөн хамаагүй асуудал. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас төлбөр төлөхийг зөвшөөрсөн агуулга харагдаж байгаа. Тусгай зөвшөөрөл сунгахад хөшүүрэг хэрэглэсэн гэж байна. Энэ нь тийм байдал үүсгэхээс өөр аргагүй. Төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчөөд байхад нөгөө талд нь тусгай зөвшөөрлийг сунгах боломж байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхэлж байгаа. 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс шаардах эрх үүсэж байгаа. Иймд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Манай “*******” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажил болох хөдөө орон нутгийг сүлжээтэй болгох тендерт оролцож шалгаран түүний дагуу 2006 онд *******ноос тусгай зөвшөөрлөө авч Монгол Улсад хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг бий болгон, техник технологийн угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэн үйлчилж эхэлсэн түүхтэй. Тус компани нь үүрэн холбооны зах зээлд 100% үндэсний хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж юм.

“*******” ХХК нь ЗЖи буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн СDМА2000 1х/ЕV-DО, DС-НSPА+3.99G технологи дээр суурилсан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байсан бол 2017 оноос эхлэн мэдээлэл харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн 4G LTЕ технологийг нэвтрүүлэн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, интернэтэд өндөр хурдаар холбогдох боломжийг нээсэн.

Бид тусгай зөвшөөрлийн хүрээнд *******той дугаарлалтын гэрээг байгуулан өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан.

******* нь Харилцаа холбооны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан *******ны дүрмийн 2.1-д “******* нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 3.1.2-т “...Хууль тогтоомжууд ” гэж заасны дагуу 4.1, 4.3, 4.6-д тус тус заасан, мөн Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ******* ажиллана” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хууль зүйн зохицуулалтаас үзвэл, аж ахуйн нэгж байгууллагууд үр ашигтай ажиллах, өрсөлдөх боломжийг ******* олгох ёстой байтал үүргээ зөрчиж 2012 оны 73 дугаар тогтоолоор дугаарлалтын төлбөрийг 10 дахин нэмсэн нь “*******” ХХК-ийг зах зээлд өрсөлдөх боломжийг хязгаарласан гэж үздэг.

Учир нь “*******” ХХК нь тухайн үед үүрэн холбооны салбарт отгон нь гэхэд хилсдэхгүй, Засгийн газрын Алслагдсан сум сууринг холбоожуулах асар том төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байхад тарифыг 10 дахин нэмсэн нь санхүүгийн хувьд маш хүнд болсон бөгөөд тус зах зээлд үр ашигтай шударгаар өрсөлдөх боломжийг маань хаасан.

Тус шийдвэр гарах болсон шалтгаанаа ******* тайлбарлахдаа: Олон Улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлын хүрээнд” гэдэг. Гэтэл тус хэлж буй шалтгаан нь дугаарлалтын төлбөр нэмэх шалтгаан биш юм. Манай компанийн зүгээс дугаарлалтын төлбөрийг нэмсэн асуудлаар тухай бүр *******нд хандаж шийдвэрлүүлэхээр, хариу авахаар хандаж байсан бөгөөд бидний зүгээс *******ны хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, холбогдох захиргааны акт нь хууль бус байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хандахаар ажиллаж байгаа болно.

Бидний зүгээс *******нд нэн хүндэтгэлтэй хандаж холбогдох тушаал, шийдвэрийг биелүүлж ирсэн ч хууль зөрчсөн шийдвэртэй огтхон ч эвлэрч чадахгүй.

Мөн 2014 онд дугаарлалтын гэрээг байгуулахдаа “******* нь та бүхний хүсэлтийн дагуу ойрын хугацаанд дугаарлалтын үнийг нааштай шийдвэрлэнэ” гэсэн та бүхний амлалтад итгэж бид гэрээнд гарын үсэг зурсан. Мөн тусгай зөвшөөрлийн гэрээний хугацаанд дугаарлалтын гэрээг хүчинтэй байна гэсэн үгээр биднийг дарамтанд оруулж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн хэмээн тайлбарлах болсон. Танай дээрх үйлдлүүд нь хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн гэх үндэслэл бүрдсэн бөгөөд биднийг тусгай зөвшөөрлөөр маань барьцаалж байна. 

2.2. Нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтаас харахад, нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийн дүн нь 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 179/08 NUМ-02 тоот гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391 NUM-06 тоот гэрээ болон 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний дагуу тооцсон дугаарлалтын төлбөр байх боловч талууд 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 179/08 NUM-02 тоот гэрээг хожим 2014 онд хүчингүй болгосон байх ба уг гэрээний дагуу үүссэн төлбөрийг хэрхэх талаар талууд тохирсон, зохицуулсан зүйл хэрэгт авагдсан баримтад байхгүй байна.

Иймээс, 2012 онд хамаарах 20,400,000 төгрөг болон 2013 онд хамаарах 204,000,000 төгрөгийн төлбөрийг шаардах үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. Энэ талаар, хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэгчийн тооцооллоос харахад, 2014 оны ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний нийт 1,312,832,876.71 төгрөгийн төлбөрт 2012 болон 2013 оны дээрх төлбөрүүдийг багтаасан болох нь батлагдаж байна.

Харин, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний төлбөрт гэж нийт 1,312,832,876.71 төгрөг нэхэмжилсэн гэх боловч зарим шаардлага нь дээрх байдлаар уг гэрээнд үл хамаарах, мөн зарим шаардлагын хувьд шаардах эрхгүй гэж үзэж байна.

2.3. Монгол Улсын Иргэний хуулийн 74-р зүйлийн 74.1 дэх заалтад “... өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дах хэсэгт “... энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” гээд мөн хэсгийн 75.2.1 дэх заалтад “... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж тус тус зохицуулсан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж хуульчилсан (ИХ-76.1).

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391 -NUM-06 тоот гэрээний 3 дугаар зүйлд “... дугаарлалтын төлбөрийг ... ХХЗХ-ны         ... тоот дансанд жил бүр төлнө” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, талууд тухайн жилийн төлбөрийг тухайн жилдээ төлөхөөр буюу 2014 оны төлбөрийг 2014 онд гэх зэргээр он, онд нь багтааж төлөхөөр тохирсон байна.

Харин, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний 3 дугаар зүйлд “... дугаарлалтын эхний жилийн төлбөрийг дугаар олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг дугаар олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө ... ХХЗХ-ны ... дансанд жил бүр төлнө” гэж заажээ. Тодруулбал, талууд энэхүү гэрээгээр, эхний жилийн төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор, дараа дараагийн жилийн төлбөрийг тухайн жилийн 7 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлж байхаар тус тус тохирчээ.

Дээр дурдсан, ЖМ14/391-NUM-06 тоот болон ЖМ15/518-NUM-06 тоот гэрээнд аливаа өөрчлөлт оруулах тохиолдолд, 12 сарын өмнө урьдчилан мэдэгдэж, хэлэлцсэний үндсэн дээр хавсралтад тусгаж өөрчлөлт оруулах боломжтой байхаар тохирсон байна (гэрээ тус бүрийн 5 дугаар зүйлд тусгасан).

Монгол Улсын Иргэний хуулийн дээрх зохицуулалт, мөн талуудын тохирсон төлбөр төлөх хугацаа зэргээс авч үзвэл дараах байдлаар нэхэмжлэлд дурдсан гэрээнүүдтэй холбоотой төлбөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Үүнд: 2012 оны 20,400,000 төгрөгийн, 2013 оны 20,400,000 төгрөгийн 2014.06.11-ний өдрийг хүртэл 9,054,246 төгрөгийн шаардах эрх 2014.06.11-ний өдөр дууссан, хүчингүй болсон гэрээнд хамаарна.

2014.06.11-ний өдрөөс 2014.12.31-ний өдрийг хүртэл 113,457,534 төгрөгийн шаардах эрх 2015.0.01-нд үүсч, 2017.12.31-нд шаардах эрх дууссан, 2015 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2016.01.01-нд үүсч, 2018.12.31-нд дууссан, 2016 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2017.01.01-нд үүсч, 2019.12.31-ний өдөр дууссан, 2018 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2019.01.01-нд үүсч, 2021.12.31-ний өдөр дууссан, 2019 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2020.01.01-нд үүсч, 2022.12.31-нд дууссан, 2020 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2021.01.01-нд, 2021 оны 90,542,465.8 төгрөгийн шаардах эрх 2022.01.01-нд тус тус үүссэн бөгөөд шаардах эрх дуусаагүй.

 Дээрх тооцооны талаар, нэхэмжлэгчээс гаргасан тооцооны нэгтгэлд тусгахдаа, 2015 оны дугаарлалтын төлбөрт 269 сая төгрөг төлсөн гэж тусгасан боловч тэрхүү 269 сая төгрөгийг 2016 оны төлөх төлбөр дээр нэмж тусгасан байгаа нь энэхүү 269 сая төгрөгийг хариуцагч ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний төлбөрт төлөөгүй болохыг баталж байна.

Өнгөрсөн хугацаанд, хариуцагчийн зүгээс дугаарлалтын төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд 2022 болон 2023 онд гүйцэтгэсэн 180,000,000 төгрөгийн шижлүүлгийг залруулж, тусгай зөвшөөрлийн төлбөрт тооцож өгөхийг хариуцагч хүссэн боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байдаг. Түүнчлэн, зохигчдын хооронд 2022 онд үйлдсэн тооцооны актад, талууд дугаарлалтын төлбөрийн талаар нэгдсэн тооцоонд хүрээгүй буюу хоёр талын байр суурь өөр байгаа тул хамтран шийдвэрлэнэ гэж бичигдсэн байдаг. Дээрх байдлаар, хариуцагч тал анхнаасаа дугаарлалтын төлбөрийг зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэгчтэй тооцоо нийлж байгаагүй гэж үзэх үндэстэй байна. Иймд, дээрх 2022, 2023 оны шилжүүлгийн дүнг хүчин төгөлдөр шаардлагад тооцох боломжтой гэж үзэж байна.

2.4. ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний төлбөрийн талаар 2015 оны төлбөрийн шаардах эрх 2015.09.27-нд үүсч, 2018.09.26-нд, 2016 оны төлбөрийн шаардах эрх 2016.07.26-нд үүсч, 2019.07.25-нд, 2017 оны төлбөрийн шаардах эрх 2017.07.26-нд үүсч, 2020.07.25-нд, 2018 оны төлбөрийн шаардах эрх 2018.07.26-нд үүсч, 2021.07.25-нд, 2019 оны төлбөрийн шаардах эрх 2019.07.26-нд үүсч, 2022.07.25-нд, 2020 оны төлбөрийн шаардах эрх 2020.07.26-нд үүсч, 2023.07.25-нд тус тус дууссан.

Дээрх тооцооны талаар нэхэмжлэгчээс гаргасан тооцооны нэгтгэлд тусгахдаа, 2015 болон 2016 онд тус бүр 24 сая төгрөг нийт 48 сая төгрөг төлсөн гэж тусгасан боловч тэрхүү 48 сая төгрөгийг 2016 оны төлөх төлбөр дээр нэмж тусгасан байгаа нь энэхүү 48 сая төгрөгийг хариуцагч ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний төлбөрт төлөөгүй болохыг баталж байна. Иймд, дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон төлбөрийн шаардлагын хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/,

3.2. Итгэмжлэл /хх 8/,

3.3. *******ны 2023.08.15-ны өдрийн санхүүгийн тооцооны баримт  /хх 9/,

3.4. *******ны нэхэмжлэх /хх 10-11, 63-64, 67-68, 70-71, 73-74/,

3.5. Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай гэрээ, хавсралт /хх 12-31/,

3.6. *******ны 2007.12.20-ны өдрийн 59 дүгээр тогтоол /хх 32/,

3.7. ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын 2008.02.28-ны өдрийн 179/08 NUM-02 тоот гэрээ, хавсралт /хх 33-34/,

3.8. ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын 2008.02.28-ны өдрийн 179/08 NUM-02 тоот гэрээний нэмэлт гэрээ-2, хавсралт /хх 35-36/,

3.9. *******ны 2012.12.27-ны өдрийн 73 дугаар тогтоол, хавсралт /хх 37-38/,

3.10. *******ны 2014.04.25-ны өдрийн 13 дугаар тогтоол, хавсралт /хх 39-42/,

3.11. ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын 2014.06.11-ний өдрийн ЖМ14/391/ NUM-06 тоот гэрээ, хавсралт /хх 43-44/,

3.12. ******* ХХК-ийн 2015.07.30-ны өдрийн 01/2931 тоот албан бичиг /хх 45-46/,

3.13. ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын 2015.08.26-ны өдрийн ЖМ15/518 NUM-06 тоот гэрээ, хавсралт /хх 47-48/,

3.14. ******* ХХК-ийн 2016.07.19-ний өдрийн 01/3294 тоот албан бичиг /хх 49/,

3.15. ******* ХХК-ийн 2016.07.26-ны өдрийн 01/3408 тоот албан бичиг /хх 50/,

3.16. ******* ХХК-ийн 2016.08.29-ний өдрийн 01/4060 тоот албан бичиг /хх 51/,

3.17. ******* ХХК-ийн 2016.08.29-ний өдрийн 01/4061 тоот албан бичиг /хх 52/,

3.18. ******* ХХК-ийн 2018.02.01-ний өдрийн 01/384 тоот албан бичиг /хх 53/,

3.19. ******* ХХК-ийн 2018.07.09-ний өдрийн 01/2869 тоот албан бичиг /хх 54-55/,

3.20. ******* ХХК-ийн 2018.08.09-ний өдрийн 01/3157 тоот албан бичиг /хх 56/,

3.21. ******* ХХК-ийн 2019.08.06-ны өдрийн 02/5216 тоот албан бичиг /хх 57-58/,

3.22. ******* ХХК-ийн 2019.08.29-ний өдрийн 02/5667 тоот албан бичиг /хх 59/,

3.23. Монгол Улсын *******ны 2019.10.18-ны өдрийн 02/1406 тоот албан бичиг /хх 60/,

3.24. Монгол Улсын *******ны 2020.02.13-ны өдрийн 02/215 тоот албан бичиг /хх 61/,

3.25. Монгол Улсын *******ны 2020.05.14-ний өдрийн 02/802 тоот албан бичиг /хх 62/,

3.26. Монгол Улсын *******ны 2020.11.05-ны өдрийн 01/1954 тоот албан бичиг /хх 65/,

3.27. ******* ХХК-ийн тооцооны дэлгэрэнгүй гэх баримт /хх 66/,

3.28. Монгол Улсын *******ны 2021.02.25-ны өдрийн 02/261 тоот албан бичиг /хх 69/,

3.29. Монгол Улсын *******ны 2021.08.13-ны өдрийн 02/1227 тоот албан бичиг /хх 72/,

3.30. Монгол Улсын *******ны 2022.06.16-ны өдрийн 01/1022 тоот албан бичиг /хх 75-76/,

3.31. ******* ХХК-ийн 2022.06.21-ний өдрийн 01/5151 тоот албан бичиг, хавсралт /хх 77-79/,

3.32. ******* ХХК-ийн 2022.06.22-ны өдрийн 01/5234 тоот албан бичиг /хх 80-83/,

3.33. Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны 2022.11.10-ны өдрийн 02/1538 тоот албан бичиг /хх 84/

3.34. Монгол Улсын *******ны дансны хуулга /хх 85, 88/,

3.35. ******* ХХК-ийн 2022.11.17-ны өдрийн 01/10010 тоот албан бичиг /хх 86/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 90/

4.2. Итгэмжлэл /хх 91-92/

4.3. Хариу тайлбар /хх 97-99, 147-149/

4.4. ******* ХХК-ийн 2016.08.29-ний өдрийн 01/4060 тоот албан бичиг /хх 100/,

4.5. ******* ХХК-ийн 2016.12.01-ний өдрийн 01/5811 тоот албан бичиг /хх 101/,

4.6. ******* ХХК-ийн 2017.08.03-ны өдрийн 01/5296 тоот албан бичиг /хх 102/,

4.7. Харилцаа Холбооны Зохицуулах хороонд 2017.09.01-ний өдөр хүргүүлсэн албан бичиг /хх 103/,

4.8. ******* ХХК-ийн 2016.01.18-ны өдрийн 01/189 тоот албан бичиг /хх 104/

4.9. ******* ХХК-ийн 2018.02.01-ний өдрийн 01/384 тоот албан бичиг /хх 105/,

4.10. ******* ХХК-ийн 2018.02.27-ны өдрийн 01/735 тоот албан бичиг /хх 106/,

4.11. ******* ХХК-ийн 2019.08.06-ны өдрийн 02/5216 тоот албан бичиг /хх 107-108/,

4.12. ******* ХХК-ийн 2018.02.01-ний өдрийн 01/389 тоот албан бичиг /хх 109-110/,

4.13. ******* ХХК-ийн 2018.07.09-ний өдрийн 01/2869 тоот албан бичиг /хх 111/,

4.14. ******* ХХК-ийн 2019.08.29-ний өдрийн 02/5667 тоот албан бичиг /хх 112/,

4.15. ******* ХХК-ийн 2022.06.21-ний өдрийн 01/5151 тоот албан бичиг, хавсралт /хх 113-114/,

4.16. ******* ХХК-ийн 2018.03.27-ны өдрийн 04/400 тоот албан бичиг /хх 115-116/,

4.17. 2022.12.31-ний өдөр талуудын тооцоо нийлсэн баримт /хх 117/,

4.18. ******* ХХК-ийн 2023.08.10-ны өдрийн 01/1630 тоот албан бичиг /хх 118/.

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан  1,448,810,958.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391 NUM-06 дугаар сүлжээний дугаарлалтын гэрээний төлбөрийн үүрэгт 1,312,832,876.71 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518 NUM-06 дугаар сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээний төлбөрийн үүрэгт 135,978,082.19 төгрөг, нийт 1,448,810,958.9 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлно.

 

1.2. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч *******ноос 73 дугаар тогтоолоор дугаарлалтын үйлчилгээний хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй, үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, 2020 оныг дуустал хугацааны төлбөрийн үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2014 оны гэрээний үүрэгт 2012, 2013 оны төлбөрийн үүрэг шаардсан нь үндэслэлгүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг дугаарлалтын гэрээний төлбөрт суутган авсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. ******* болон Жем интернейшнл ХХК нарын хооронд 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай гэрээ байгуулагдаж,

гэрээгээр гэрээнд тогтоосон хугацаа, нөхцөлөөр тусгай зөвшөөрлөөр зөвшөөрөгдсөн суурин газруудад CDMA-450  систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх буюу Улсын болон Бүсийн мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах А-2 ангилал болон Үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх, Интернэтэд суурилсан ярианы үйлчилгээ эрхлэх, Интернэтийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрөл болон энэ зорилгоор хуваарилсан радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрлийг ******* олгох, эдгээр тусгай зөвшөөрлийг Жем интернейшнл ХХК-ийн байгуулах ******* ХХК авах харилцааг зохицуулсан байна. /хх 12-20/

 

2.2. Дээрх Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай гэрээний 1 дүгээр хавсралтаар Жем интернейшнл ХХК-ийн байгуулах ******* ХХК-д олгох Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 354/Б/CS0 4 дугаар гэрээг байгуулж,

А-2 Ангилал: Улсын мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл,

Бүсийн мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл,

Б Ангилал: Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл,

Интернэтэд суурилсан ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл,

Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг  2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 15 жилийн хугацаатай ******* ХХК-д олгосон. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар нэхэмжлэгч нь энэхүү зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд мөн байна. /хх 21-31/

 

2.3. Жем интернейшнл ХХК-ийн байгуулах ******* ХХК-д олгох Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний үндсэн дээр ******* болон ******* ХХК нар нь 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 179/08 NUM-02 тоот ******* ХХК-д олгох сүлжээний дугаарлалтын гэрээг,

2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн сүлжээний дугаарлалтын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 179/08 NUM-02 тоот гэрээний нэмэлт гэрээ-2-г тус тус байгуулж, Монгол Улсын Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэхэд нь зориулж олгосон  сүлжээний дугаарлалтын сери, ашиглалт үйлчилгээний болон нэмэлт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугааруудыг цахилгаан холбооны сүлжээнд ашиглахыг хавсралтаар баталгаажуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд заасны дагуу дугаарлалтын төлбөрийг жил бүр төлөхөөр тохиролцжээ.

 

2.4. *******ноос 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолыг баталж, тус хорооны 2011 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хэмжээ”-нд буюу сүлжээний дугаарлалтад: суурин болон интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээний 10,000 хэрэглэгчийн багц дугаарын жилийн төлбөр 600,000 төгрөг, суурин болон инернет протоколд суурилсан ярианы үйлчилгээний 100,000 хэрэглэгчийн багц дугаарын жилийн төлбөр 6,000,000 төгрөг, үүрэн холбооны үйлчилгээний 1,000,000 хэрэглэгчийн багц дугаарын жилийн төлбөр 120,000,000 төгрөг байхаар өөрчлөлт оруулсан байна.

 

2.5. Улмаар талууд *******ны 2013 оны 73 тоот тогтоол болон ******* ХХК-ийн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх 354/Б/CS 04 тусгай зөвшөөрлийн гэрээний 6.5-р заалтыг тус тус үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/ NUM-06 тоот ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээг байгуулж, хавсралтаар ******* ХХК-д 93-0х-хххх, 93-4х-хххх багц дугаарыг жилийн 60,000,000 төгрөгийн төлбөртэйгээр, 98-хх-хххх багц дугаарыг жилийн 120,000,000 төгрөгийн төлбөртэйгээр, 97-0х-хххх, 97-1х-хххх багц дугаарыг жилийн 12,000,000 төгрөгийн, нийт 204,000,000 төгрөгийн төлбөртэйгээр тус тус үүрэн холбооны хэрэглэгчийн дугаарын зориулалтаар олгосон байна.

 

2.6.  Мөн талууд Харилцааны холбооны зохицуулах хорооноос 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоол ******* ХХК-ийн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх 354/Б/CS 04 тусгай зөвшөөрлийн гэрээний 6.5-р заалтыг тус тус үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээг байгуулж, хавсралтаар ******* ХХК-д 83-0х-хххх, 83-1х-хххх багц дугаарыг жилийн 24,000,000 төгрөгийн төлбөртэйгээр,  үүрэн холбооны хэрэглэгчийн дугаарын зориулалтаар олгосон байна.

 

2.7. Талууд дээрх тусгай зөвшөөрлийн гэрээ болон сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулагдсан, тусгай зөвшөөрөл олгосон үйл баримтад маргаагүй болно.

 

3. Харин талууд дээрх 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/ NUM-06 тоот, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээнүүдийн төлбөр төлөх үүрэгтэй холбоотойгоор маргаж байна.

 

4. Хариуцагч ******* ХХК нь ******* аж ахуйн нэгж байгууллагууд үр ашигтай ажиллах, өрсөлдөх боломжийг олгох ёстой байтал үүргээ зөрчиж 2012 оны 73 дугаар тогтоолоор дугаарлалтын төлбөрийг 10 дахин нэмсэн нь ******* ХХК-ийг зах зээлд өрсөлдөх боломжийг хязгаарласан, санхүүгийн хувьд хүнд байдалд оруулсан, зах зээлд үр ашигтай шударгаар өрсөлдөх боломжийг хаасан гэж үзэж 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/ NUM-06 тоот, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээнд заасан төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.  

 

Учир нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.11-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын хөлсний хувь хэмжээг тогтоох бүрэн эрхтэй байна.

 

******* нь энэ бүрэн эрхийнхээ дагуу 2011 оны 15 дугаар тогтоолоор Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг баталж, энэхүү тогтоолд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт оруулсан байна.

 

Хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар эрх бүхий байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргах эрхтэй бөгөөд хариуцагч ******* ХХК нь *******ны 2012 оны 73 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад хандаагүй болохоо тайлбарласан, тус тогтоолыг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, ******* ХХК-д олгох Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 354/Б/CS0 4 дугаар гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу хуваарилсан дугаарыг эзэмшиж, түүнд нийцүүлэн өөрийн сүлжээний дугаарлалтын төлөвлөгөөг гарган мөрдөж, батлагдсан аргачлалын дагуу дугаар эзэмшсэний төлбөрийг төлнө,

2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/ NUM-06 тоот ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээний 3 дугаар зүйлд “зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулах тухай 2012 оны 73 тоот тогтоолын хавсралт 2-ын В-д заасны дагуу дугаарлалтын төлбөрийг хавсралтад зааснаар ХХЗХ-ны Голомт банкин дахь 1102626829 тоот дансанд жил бүр төлнө”, гэрээний хавсралтад нийт сүлжээний дугаарлалтын төлбөр 204,000,000 төгрөг,

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээний 3 дугаар зүйлд “дугаар эзэмшигч нь Зохицуулах хорооноос баталсан “тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд заасны дагуу хавсралтад заасан дугаарлалтын эхний жилийн төлбөрийг дугаар олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг дугаар олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө Зохицуулах хорооны Голомт банкин дахь 1102626829 тоот дансанд жил бүр төлнө”, гэрээний хавсралтад нийт сүлжээний дугаарлалтын төлбөр 24,000,000 төгрөг байна гэж тус тус заасан нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.11-д заасантай нийцэж байна.

 

5. Хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцэж буй нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал ******* ХХК-д олгох Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай гэрээгээр тусгай зөвшөөрлүүдийг 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 15 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд энэхүү хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон байна.

 

******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/ NUM-06 тоот, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот гэрээнүүдэд төлбөрийг жил бүр төлөхөөр заасныг төлбөр төлөх харилцааг гэрээгээр тодорхойлсон гэж үзэхгүй бөгөөд харин сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу хуваарилсан дугаарлалттай холбогдон гарах зохицуулалтын үйлчилгээний хөлсийг буюу төлбөр төлөх хуваарийг тодорхойлсон гэж үзнэ.

Учир нь дээрх гэрээнүүдэд заасан төлбөр төлөх харилцаа нь Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т “үйлчлэгч нь зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулиар хүлээлгэсэн үүрэг юм. Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр тооцогдох тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

6. Иймээс нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 

Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т үйлчлэгч нь зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/ NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээ болон 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээгээр дугаар эзэмшсэний төлбөр буюу зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хариуцагч ******* ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

7. Гэвч нэхэмжлэгч нь 2013 оны сүлжээний дугаарлалтын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/39/ NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээгээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн 2014 оны ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний нийт 1,312,832,876.71 төгрөгийн төлбөрт 2012 болон 2013 оны төлбөрүүдийг багтаасан, 2010 оны гэрээний дагуу үүссэн төлбөрийг эргэн тооцох, цаашид үргэлжлүүлэх эсэх талаар талуудын тохиролцоо хавтаст хэрэгт байхгүй, 2014 оны гэрээгээр 2013, 2012 төлбөрүүдийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Учир нь  2014 оны ЖМ14/391-NUM-06 тоот гэрээгээр талуудын хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 179/08 NUM-02 тоот, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн сүлжээний дугаарлалтын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 179/08 NUM-02 тоот гэрээний нэмэлт гэрээ-2 гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцсон байх бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс өмнөх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хэрхэх талаар тусгаагүй атлаа 2013 оны зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/39/ NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээний зохицуулалтын үйлчилгээний хөлсөөр тооцож нэхэмжлэх боломжгүй юм.  

 Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчийн тооцооны хүснэгтээс /хх 9/ харвал 2012 оны зохицуулалтын үйлчилгээний хөлс 20,400,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2013.06.04-ний өдөр төлсөн байна.

            Нэхэмжлэгч нь 2013 оноос эхлэн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг жилийн 204,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилснээс 2013 оны төлбөр 204,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/39/ NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээний зохицуулалтын үйлчилгээний 2014-2020 оны төлбөрт 1,428,000,000 /7жил х 204,000,000/ төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх төлбөр 64,832,876.71 төгрөг, нийт 1,492,832,876.71 төгрөгийг төлөхөөр байна.

Үүнээс хариуцагч ******* ХХК нь 2014.11.11-ний өдөр 204,000,000 төгрөг, 2015.12.10-ны өдөр 269,000,000 төгрөг, 2022.11.10-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023.3.13-ны өдөр 80,000,000 төгрөг, нийт 653,000,000 төгрөгийг төлсөн байна.

Хэдийгээр хариуцагч ******* ХХК 2015.12.10-ны өдөр 269,000,000 төгрөг, 2022.11.10-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023.3.13-ны өдөр 80,000,000 төгрөгийг дугаарлалтын төлбөрт төлөөгүй харин тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн. Үүнийг нэхэмжлэгч байгууллага дугаарлалтын төлбөрт суутгаж авсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

*******ны 2022.11.11-ний өдрийн дансны хуулгаас /хх 85/ үзэхэд 2022.11.10-ны өдөр ******* ХХК-иас 100,000,000 төгрөгийг лицензийн төлбөр 179/08NUM-2 А-******* гэх утгаар шилжүүлсэн байх ба тус гүйлгээний утга болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “2021 оны 6 дугаар сард манай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Хугацаагаа сунгах гэхэд харилцаа холбооны зүгээс дугаарлалтын төлбөрөө төлөхгүй бол тусгай зөвшөөрлийг чинь сунгахгүй гэсэн. Тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд дугаарлалтын төлбөр 100,000,000 төгрөг төлсөн” гэх тайлбараас дүгнэхэд энэхүү 100,000,000 төгрөгийг дугаарлалтын төлбөрт төлсөн гэж үзэхээр байна.

Мөн талууд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харилцан тооцоо нийлсэн /хх 117/ байх бөгөөд багц дугаарлалтын төлбөрөөс бусад тусгай зөвшөөрлийн төлбөрт тооцоо нийлсэн байна.

Санхүүгийн энэхүү баримтаас харвал 2015.12.10-ны өдөр төлсөн 269,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн төлбөрт тооцуулах талаар тусгагдаагүй, ******* ХХК-ийн 2023.8.10-ны өдрийн 01/1630 дугаар төлбөрийн залруулга хийлгэх тухай албан бичигт энэхүү 269,000,000 төгрөгийн төлбөрийн талаар тусгаагүй байна.

 Мөн тус албан бичигт 2023.3.13-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023.01.31-ний өдөр 30,000,000 төгрөгийг дугаарлалтын төлбөрт шилжүүлээгүй 24320004 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрөөс хасч тооцуулах талаар дурдсан байх хэдий ч хасч тооцуулсан талаарх баримтыг хариуцагч нь шүүхэд өгөөгүй, хариу тайлбар, татгалзлаа бичгийн нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагч ******* ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/39/ NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээний зохицуулалтын үйлчилгээний хөлс /1,492,832,876.71-653,000,000/ 839,832,876.71 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны гэрээний тооцоо гаргахдаа 2016 оны төлбөрт 473,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байгааг дурдав.

 

9. Мөн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518/ NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээний зохицуулалтын үйлчилгээний хөлс 2015-2020 оны төлбөр 144,000,000 /6жил х 24,000,000/, 2021 оны 04 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх төлбөр 15,978,082.19 төгрөг, нийт 159,978,082.19 төгрөгийг төлөхөөр байна.

 

Үүнээс хариуцагч ******* ХХК нь 2015.09.11-ний өдөр 24,000,000 төгрөг, 2016.11.15-ны өдөр 24,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг төлсөн байна.

 Иймд хариуцагч ******* ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518/ NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээний зохицуулалтын үйлчилгээний хөлс /159,978,082.19-48,000,000/ 111,978,082.19 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны гэрээний тооцоо гаргахдаа 2016 оны төлбөрт 72,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байгааг дурдав.

10. Шүүх дээр дурдсан үндэслэл, тооцооллыг нэгтгэн нэхэмжлэлийн шаардлага 1,448,810,958.9 төгрөгөөс 951,810,958.9 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 497,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас 4,917,004.79 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/ NUM-06 тоот, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээний зохицуулалтын үйлчилгээний хөлс 951,810,958.9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 497,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,917,004.79 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА