Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/01082

 

 

 

 

 

 

 

 

 

 2024       03        07                                           182/ШШ2024/01082

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... тоот хаягт оршин суух, Д.Ц-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... байранд байрлах, Ш-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ш-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2202010056, Г-2202010056 дугаарт тус тус бүртгэгдсэн ............ тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаартай шийдвэрээр Д.Ц-аас 70,784,083 төгрөг гаргуулж “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-д олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар Ш-с гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Ц-ын өмчлөлийн ............ тоот хаягт байрлах улсын бүртгэлтийн Ү-2202022435 дугаарт бүртгэлтэй 132 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2202010056 дугаарт бүртгэгдсэн 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээчээр “Баянмодод” ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар болсон.

“Баянмодод” ХХК нь ............ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202022435 дугаарт бүртгэлтэй, 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 81,375,799.43 төгрөг, мөн тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2202010056 дугаарт бүртгэгдсэн 311 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20,837,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

“Баянмодод” ХХК нь улсын бүртгэлийн Г-2202010056 дугаарт бүртгэгдсэн 311 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлэхдээ илт буруу үнэлсэн байна.

Тодруулбал, манай хашааны яг урд талд буюу 1 метрийн зайн дотор 2020 онд төвийн халуун, хүйтэн усны шугам тавьж, тэр дагуух газрын зах зээлийн үнэ илт өссөн байхад үнэлгээний тайлангийн 8 дугаар нүүрэнд байх хүснэгтийн 5 дахь эгнээнд “Инженерийн шугам сүлжээнд халбогдоогүй” гэж хамгийн үнэд хүрэх, үнэлгээнд нөлөөлөх бодит нөхцөл байдлыг худал бичиж, хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид хэт хохиролтойгоор үнэлсэн байна.

Иймд “Баянмодод” ХХК-ийн 2023.09.01-ний өдрийн 2356713200252 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч Ш-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаар шийдвэрээр Д.Ц-аас 70,784,083 төгрөгийг гаргуулж “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д олгох, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох ............ тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202022435 дугаар бүртгэлтэй 132 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202010056 дугаарт бүртгэлтэй 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, ............ тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006550 дугаарт бүртгэлтэй 180 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2206001028 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Ц-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Б-ны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202022435 дугаарт бүртгэлтэй, ............ тоот хаягт байршилтай 132 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- 2202010056 дугаарт бүртгэлтэй, 311 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 108,400,00 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байхад нэхэмжлэгч 22 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна.

Иймд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргах хугацааг хэтрүүлж гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

-2023.09.27, 2023.12.27-ны өдөр тус тус улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3, 29 х/,

-Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2023.09.11-ний өдрийн 231100001003131, 231100001003132 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа” /хх-ийн 4, 5 х/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.09.04-ний 04-120/16372 тоот “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 6 х/

-“Баянмодод” ХХК-ийн 2023.09.01-ний өдрийн 2356713200252 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 7-20 х, нотлох баримтын шаардлага хангаагүй/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаартай шийдвэр /хх-ийн 21-23 х/,

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.18-ны өдрийн 181/ШЗ2023/15504 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 24-26 х/,

-Итгэмжлэл /хх-ийн 27, 28 х/ зэрэг баримтуудыг,

 

3.1.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.01.09-ний 1-120/14 тоот Б.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 35 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 182/ГХ2017/00960 дугаар гүйцэтгэх хуудас /хх-ийн 41 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 182/ШШ2017/09493 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 42-43 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаартай шийдвэр /хх-ийн 44-48 х/,

-2018.09.04-ний өдрийн 18300988 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол /хх-ийн 49 х/,

-2019.03.13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 50 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.03.13-ны өдрийн 18300988/05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 51-52 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.15-ны өдрийн 18300988/01 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол /хх-ийн 53-54 х/,

-Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.08.15, 2023.08.17, 2028.08.18, 2023.09.04, 2023.09.15-ны өдрийн тэмдэглэлүүд /хх-ийн 55, 58, 60-61, 101, 103, 106, 109, 112 х/,

-2023.08.15-ны өдрийн 988/01, 988/02 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 56 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.17-ны өдрийн 04-120/15279 дугаар албан тоот /хх-ийн 62 х/,

-Ш-д Д.Ц-ын гаргасан үнийн санал /хх-ийн 59 х/

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.18-ны өдрийн 04-120/15203 дугаар албан тоот /хх-ийн 57 х/,

-Ш-д Д.Б-ны гаргасан хүсэлт /хх-ийн 63 х/

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.17-ны өдрийн 04-120/152204 дугаар албан тоот /хх-ийн 64 х/,

-Жижиг дунд үйлдвэрийн газрын 2023.08.22-ны өдрийн 1/678 тоот албан бичиг, итгэмжлэл /хх-ийн 65, 66 х/,

-2023.08.24-ний өдрийн 8/301 тоот “Шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 67 х/,

-2023.08.25-ны өдрийн “Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай” баримт /хх-ийн 68 х/,

-2023.08.25-ны өдрийн “Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 69 х/

-2023.09.04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцсэн акт /хх-ийн 70 х/,

-“Баянмодод” ХХК-ийн 2023.09.01-ний өдрийн ГОҮ-23/03 тоот албан бичиг, 2356713200252 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 71, 72-98 х/

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.09.04-ний өдрийн 4-120/16371, 4-120/16372, 4-120/16360 дугаар “Үнэлгээний мэдэгдэл”-үүд /хх-ийн 99, 100, 102 х/,

-2023.09.12-ны өдрийн 10/19 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх-ийн 104 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.09.15-ны өдрийн 04-120/17339, 04-120/17340, 04-120/173391 дугаартай “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл”-үүд /хх-ийн 105, 107, 110 х/ зэрэг баримтуудыг өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Ц нь ............ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202022435 дугаарт бүртгэлтэй 132 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө буюу хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2202022435 дугаарт бүртгэлтэй 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус 108,400,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаартай шийдвэрээр Д.Ц-аас 70,784,083 төгрөг гаргуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 21-23 х/  

 

б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

 

б. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 182/ШШ2017/00777 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Д.Ц нь уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхээс 2017.10.18-ны өдрийн 182/ШШ2017/09493 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж гарч, мөн өдрөө 182/ГХ2017/00960 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” тус тус бичигджээ. /хх-ийн 41, 42-43 х/

 

г. Ийнхүү гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.09.04-ний өдөр 18300988 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоол гарч төлбөр төлөгч Д.Цад холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2019.03.13-ны өдөр 18300988/05 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2023.08.15-ны өдрийн 18300988/01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 49, 51-52, 53-54 х/

 

д. Хариуцагчийн зүгээс 2023.08.15-ны өдөр төлбөр төлөгч Д.Ц-д 988/02 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, төлбөр төлөгчид хугацаа олгосон байх боловч төлбөр төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2019.03.13-ны өдөр 18300988/05 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор Д.Б-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202022435, Г-2202022435 дугаарт тус тус бүртгэлтэй ............ тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай хувийн сууц, 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, 2023.08.15-ны өдрийн 18300988/01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Б болон төлбөр төлөгч Д.Ц нарт мэдэгджээ. /хх-ийн 55, 63 х/

 

е. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

 

ё. Үүний дагуу хариуцагч нь 2023.08.18-нд 04-120/15279, 04-120/15203, 04-120/15204 тоот үнэ тогтоох тухай мэдэгдлүүдийг талуудад хүргүүлсэн байх ба ............ тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай хувийн сууц, 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Б нь “...2014 онд Д.Ц-д зарсан тул үнийн санал өгөхөөс татгалзаж байна...” гэсэн хариуг, төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь шинжээч томилуулах, төлбөр төлөгч Д.Ц нь 300,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлжээ. /хх-ийн 59, 63, 65 х/

 

ж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.24-ний өдрийн 8/301 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор шинжээч томилжээ. /хх-ийн 67 х/

 

з. Дээрх “Шинжээч томилох тухай” тогтоолын 1 дэх заалтаар С.Ц-ыг шинжээчээр томилсон байх ба 2 дахь заалтад шинжээч С.Ц-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 11, 12 дугаар зүйлүүдийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч С.Ц гарын үсэг зуржээ.

 

и. Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай зохицуулсан бөгөөд С.Ц буюу “Баянмодод” ХХК-иар үнэлгээ гаргуулах ажиллагаа нь уг зүйлд заасан урьдчилсан нөхцлийг хангах шаардлагатай. Тодруулбал:

10.2. “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна”,

10.3. “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан.

 

й. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилсон тогтоол гарснаас хойш Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тус тус заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч С.Ц гэх хүнээр гарын үсэг зуруулж хэрэгт нотлох баримтаар өгсөн нь хуульд заасан зохих зохицуулалтад нийцсэн байна. /хх-ийн 68, 69 х/

 

к. 2023.09.01-ний өдрийн 2356713200252 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан”-г “Баянмодод” ХХК-ийн гүйцэтгэх захирал үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн үнэлгээчин С.Ц бичсэн байгаа нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

 

5. Шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзлын тухайд

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”,

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”,

79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж тус тус заасан.

 

а. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.09.04-ний өдрийн 04-120/16372 дугаартай “Үнэлгээний мэдэгдэл”-ийг хүлээн авч 2023.09.11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх ба тус шүүхээс 2023.09.18-ны өдөр нэхэмжлэлийг 181/ШЗ2023/15504/ дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар татгалзжээ. /хх-ийн 24-26 х/

 

б. Нэхэмжлэгч уг захирамжийг хүлээн аваад тус шүүхэд 2023.09.26-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2023.10.03-ны өдөр 182/ШЗ2023/12308 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023.12.14-ний өдөр 182/ШЗ2023/16466 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

6. Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2023.09.04-ний өдөр хүлээн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.09.04-ний өдрийн 04-120/16372 дугаартай албан бичгээр Д.Ц-д ............ тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай хувийн сууц, 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 108,400,000 төгрөгөөр үнэлэгдснийг мэдэгджээ. /хх-ийн 6 х/

 

а. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2202022435, Г-2202022435 дугаарт тус тус бүртгэлтэй ............ тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай хувийн сууц, 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 108,400,000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, манай хашааны яг урд талд буюу 1 метрийн зайн дотор 2020 онд төвийн халуун, хүйтэн усны шугам тавьж, тэр дагуух газрын зах зээлийн үнэ илт өссөн...” гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд “...Ү-2202022435, Г-2202022435 дугаарт тус тус бүртгэлтэй ............ тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай хувийн сууц, 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 108,400,000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, манай хашааны яг урд талд буюу 1 метрийн зайн дотор 2020 онд төвийн халуун, хүйтэн усны шугам тавьж, тэр дагуух газрын зах зээлийн үнэ илт өссөн...” гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

7. Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан “Баянмодод” ХХК-ийн Ү-2202022435, Г-2202022435 дугаарт тус тус бүртгэлтэй ............ тоот хаягт байрлах 132 м.кв талбайтай хувийн сууц, 311 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 108,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА