Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/1034

 

      2021             12              2                                     2021/ДШМ/1034                               

 

 

     Д.Од холбогдох эрүүгийн

                                                                      хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Д.Огийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2010007990915 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч Д.О нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 53 дугаар байрны 45 тоотод иргэн Б.Аг асрах хугацаандаа түүний эзэмшлийн 42 төрлийн эд зүйлийг хулгайлж, иргэн Б.Ад 16,228,410 төгрөгийн хохирол учруулсан буюу эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

          Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 д дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ог үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Огийн эдлэх 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн даавуу, “muskatnus гэсэн бичиглэлтэй, дотроо хүрэн өнгийн нунтаг зүйлтэй шилэн сав 1 ширхэг, цэнхэр өвдгөвч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Д.Од буцааж олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Огаас 16,228,410 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аөд олгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн нэг зорилт нь “... коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ...” юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэсэн заалтад шүүгдэгч Д.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял хамаарч байхад түүнийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой оршин суух хаягтай байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээд нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд өршөөл үзүүлэхээр заасан байхад тухайн этгээдийн эд хөрөнгө, хувийн байдлаас шалтгаалан учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж дүгнэж хуулийг ялгамжтай байдлаар хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнийг үндсэн эрхийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хоригдож байгаа хугацаандаа өндөр настай ээждээ сэтгэл зовнин шаналж, цаашлаад өөрийн ганц охиныхоо ирээдүйд хар толбо үлдээж сайн ээж байж чадаагүйдээ харамсаж байна. Мөн хохирогчоос чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Миний бие зөв шударгаар хөдөлмөр эрхэлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд миний хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлсэн зэрэг байдлыг минь харгалзан үзэж өршөөлд хамруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч П.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Иймд шүүгдэгч Д.Ог Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 53 дугаар байрны 45 тоотод иргэн Б.Аг асрах хугацаандаа түүний эзэмшлийн 42 төрлийн эд зүйлийг хулгайлж, иргэн Б.Ад 16,228,410 төгрөгийн хохирол учруулсан буюу эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн “... миний төрсөн ээж Б.А нь хөдөлмөрийн чадвар 75 хувийн алдагдалтай бөгөөд явж чадахгүй гэртээ байдаг юм. Хүний хэлж ярьж байгааг ойлгодог бөгөөд бусдад хэлж ярих чадвар нь муу бөгөөд удаан ярьдаг болохоор би ээжийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр явах болно. ... алдагдсан эд зүйлийг ээжийн өөрийнх нь тэтгэмжийн мөнгөөр авч байсан. ... манай гэрт байсан бүх эд зүйлс ээжийн эзэмшлийн өмчлөлд байдаг. ...” /1хх 173/,

 

гэрч Б.Аийн “... 2019 оны 8 дугаар сард манай дүү А нь О гэх эмэгтэйг гэрийн үйлчлэгчээр авч ээжийг асруулахаар гэртээ байлгасан. Тэгээд тухайн эмэгтэй манайд байж байхдаа манай гэрээс хулгай хийдэг байсан байна. Тэрийг нь сая 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр буюу битүүний өдөр мэдсэн. Яаж мэдсэн бэ гэвэл манайх ам бүлээрээ хүний тоогоор мөнгөн аяга хийлгэсэн бөгөөд энэ гэрт хоёр аяга байдаг байсан бөгөөд цай хийж битүүлгээ хийх гэтэл тухайн аяга байхгүй байсан. Тухайн үед гэрийн үйлчлэгчээс мөнгөн аягаа асуутал би хайрцганд далд хийсэн байгаа гээд гал тогооны тэндээс цаасан хайрцаг авч өгсөн ба нөгөө хайрцаг дотор нь хоосон байсан. Тэгээд “аяга байхгүй байна” гээд дүү болон ээжид хэлтэл уг О гэх эмэгтэй “би төлнө өө” гэж хэлж байсан. Тэгээд тухайн анх аяга хийлгэж байсан дархантай ярьж хэдэн лан мөнгө орох болон модон аягыг ажлын хөлстэйгөө хэд болохыг асуутал “6 сая төгрөг болно” гэж хэлсэн. Тэр үед уг эмэгтэй “надад одоо төлөх боломж алга, цалингийн зээл авч байгаад төлнө, банк орно” гэж хэлж байсан. Тэгээд тухайн цагаас хойш манайд байж байгаад өчигдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 11-ний орой Огийн цүнхнээс ээжийн нарны шил, алчуур, жинсэн урт хүрэм, эрэгтэй дүүгийн футболк зэрэг гарч ирсэн. ... хоёр мөнгөн аяга, ээжийн 5000 доллараар авч байсан булган шуба, мөн ээжийн надад авч ирж өгсөн 350 долларын цүнх, цагаан сувдан ээмэг 200,000-400,000 төгрөг, терагерц бугуйвч 400,000 төгрөг, ногоон пиджак, мөнгөн хос ээмэг, ногоон жинсэн яак зэрэг зүйл одоогоор алга болсон байна. ... манай ээжийн барьдаг байсан алга болсон цүнх нь хар өнгийн арьсан, амны дээд хэсэгт “keneth cole гэсэн бичигтэй, монголд зарагддаггүй, ээж маань Америкаас өөрөө авч ирж байсан. ...би 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Bibi lounge”-д ороход миний араас Д.О орж ирээд намайг харчихаад дуугарахгүй цаашаа яваад өгөхөөр нь харсан чинь ээжийн хэрэглэж байсан ээмэг бөгжтэй ижилхэн зүйл зүүсэн байхаар нь араас нь дагаад явахад вип өрөөнд орсон. Цагдаад дуудлага өгөөд Д.Огийн барьж явсан хүрэн цүнх, зүүж явсан цэнхэр өнгийн шигтгээтэй ээмэг, бөгж, цэнхэр өнгийн шигтгээтэй кулон зүүлт, хүрэн өнгийн шигтгээтэй ээмэг, бөгж, цэнхэр өнгийн шигтгээтэй кулон зүүлт, хүрэн өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, хос бөгж, ногоон өнгийн шигтгээтэй ээмэг, бөгж, кулон, зүүлт, хүрэн өнгийн шигтгээтэй шар өнгийн ээмэг, шаргал өнгийн ээмэг 1 ширхэг, шаргал өнгийн кулон 1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй бөгж, шаргал өнгийн зүүлт, сувдан зүүлт 2 ширхэг, мөнгөн бугуйвч 3 хос, хар эрээн үзэг, “Montblang гэсэн бичигтэй хар өнгийн үзэг, “tiffany гэсэн бичигтэй ногоон өнгийн хайрцаг, хоёр ширхэг уут бүгд ээжийн хэрэглэж байсан юмнууд ...” /1хх 42-45/,

 

Д.Огийн яллагдагчаар өгсөн “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...” /1хх 176-177/ мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ХУ1-20-273 дугаартай “... нийт 17 ширхэг эд зүйлийг 14,940,330 төгрөгөөр үнэлсэн” /1хх 62-65/, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн ХУ1-20-597 дугаартай “... 25 ширхэг эд зүйлсийг 1,288,080 төгрөгөөр үнэлсэн” /1хх 68-74/ хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-28/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх 32/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 33-34/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Огийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирчээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Од холбогдох хэргийг хохирогчид хохирлыг төлж барагдуулаагүй үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан нь шүүгдэгч Д.Огийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд тохирч байна.

 

Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагыг хангасан байх учиртай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Д.О нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 12 дугаар гудамжны 28 тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 260 хоног хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр дүйцүүлэн солих нь зүйтэй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Огийн албан ёсны хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 12 дугаар гудамжны 28 тоот хаягаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов. 

 

Иймд прокурорын бичсэн “... Д.Од холбогдох хэргийг өршөөлд хамруулж шийдвэрлэх үндэслэлтэй ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл, шүүгдэгч Д.Огийн “... учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байх тул өршөөлд хамруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 260 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Д.Ог эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух /Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 12 дугаар гудамжны 28 тоот/ газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Од зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.     

 

  1. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Д.Ог нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

 

                                   ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                                Б.БАТЗОРИГ