Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1554

 

МАГАДЛАЛ

2019.08.23                                                Дугаар 1554                                     Улаанбаатар хот

Ф.И.Ю.Ч-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/01068 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ф.И.Ю.Ч-гийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч Ж.Б-д холбогдох,

Ж.Б-г гэр бүл, эд хөрөнгийн хамт Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоот байрнаас албадан нүүлгэж, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Канад улсын иргэн Ф.И.Ю.Ч нь 2012 онд Монгол Улсад ирж, Өмнөговь аймгийн Хан богд суманд, Оюу толгой төсөлд ажиллах болсон. Монголд ажиллаж амьдрах хугацаандаа улсын бүртгэлийн Ү-2203021733 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10\1 дүгээр байрны 27 тоотод байрлах, 3 өрөө, 98 м.кв орон сууцыг 2012 оны 4 сард худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон байдаг. Ингээд 2013 онд Оюу толгой төсөлд ажиллах гэрээний хугацаа дуусч, Канад улс руу нутаг буцах болсон. 2014 оны 1 сард түүний Монгол түнш Ж.Б нь түүнтэй аман гэрээ байгуулж, 220 000 000 төгрөгөөр 3 өрөө 98 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоо ёсоор Ж.Б нь 80 000 000 төгрөгийг эхний ээлжинд төлж, үлдэгдэл 140 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сард багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар тохиролцсон юм. Орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дуусгасны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.Б-н нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Мөн түүнчлэн Ж.Б бид хоёр харилцан тохиролцон, орон сууц хөлслөх гэрээг аман хэлбэрээр байгуулж, орон сууцны төлбөр 220 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгах хүртэл хугацаанд сар бүр 1 500 000 төгрөгийг орон сууцыг хөлсөлсний төлбөр болгон надад төлж байхаар тохирсон билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Б нь 2014 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүр 1 500 000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх, 2015 оны 7 сард багтаан орон сууцны үнэ 220 000 000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Цаг хугацаа давчуу байсан тул эдгээр гэрээг бичгээр байгуулж амжаагүй, харилцан итгэлцэлийн үндсэн дээр аман хэлбэрээр байгуулсан билээ. Ингээд Ж.Б-д итгэж, өөрийн орон сууцандаа түүнийг оруулж, одоог хүртэл амьдруулж байна. Тухайн үед Ж.Б-д байрыг хүлээлгэж өгөх үедээ би орон сууцандаа олон сая төгрөгөөр супер засвар хийлгэсэн байсан. Ж.Б нь нэгэнт харилцан итгэлцэлийн үндсэн дээр байгуулсан дээр дурьдсан гэрээнүүдээ зөрчсөн, нэг ч төлбөр төлөөгүй тул Ж.Б-г миний хууль ёсны өмчлөлийн байрнаас нүүхийг шаардсан боловч одоог хүртэл нүүгээгүй байна. Иймд шүүхэд хандаж албадан чөлөөлүүлэхээс аргагүй байдалд хүрээд байна. Хариуцагч Ж.Б-г гэр бүл, эд хөрөнгийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,Оюутны гудамж,10\1 дүгээр байрны 27 тоот \улсын бүртгэлийн дугаар: Ү-2203021733\ байрнаас албадан нүүлгэж, миний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2014 онд 220 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авахаар тохиролцсон тал дээр маргаангүй үнэн бөгөөд нэхэмжлэгчид 2014 оны 03 дугаар сарын 03-нд 512090739 тоот дансанд 100 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 09-нд Ф.И.Ю.Ч-н ХХ Банкны 410034194 тоот төгрөгийн дансанд 79 909 180 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 09-нд мөн 5 000 000 төгрөг тус тус төлсөн. Нийт 184 909 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдагдаж буй орон сууц хөлслөх тухай огт дурьдаагүй бөгөөд түрээсийн гэрээгээр суух байсан бол дээрхи төлбөрийг шууд төлөх биш, бүр бага багаар нь төлж байх байсан. Энэхүү нэхэмжлэл нь Ф.И.Ю.Ч-н өөрийн хүсэл сонирхлоор гаргаагүй ба харилцан тохиролцсон үнэ болох 220 000 000 төгрөгөөс 184 909 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 35 091 000 төгрөгийг худалдан авсан орон байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлнө. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Канад улсын иргэн Ф.И.Ю.Ч-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203021733 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Оюутны гудамж 10/1 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцнаас Ж.Быг гэр бүл, эд хөрөнгийн хамтаар албадан нүүлгэж, Канад улсын иргэн Ф.И.Ю.Ч-н өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ж.Б-с 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Канад улсын иргэн Ф.И.Ю.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уд олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх талуудын хооронд бий болсон үйл баримтыг тодруулсангүй. Тухайлбал, хэзээ худалдах, худалдан авах хэлцэл ямар болзол нөхцөлтэй хийгдсэн. Хэзээ уг орон сууцанд орсон, яагаад орон сууцыг шилжүүлэн авсан. 2013 оноос хойш гэрээний үүрэг хэрхэн хэрэгжсэн. Нэхэмжлэгч хариуцагчийн төрсөн дүүтэй хамтран амьдарч, талууд хоорондоо гэр бүлийн дотно харилцаа холбоотой байсан, хувийн харилцаа гэрээний үүрэгт нөлөөлсөн эсэх зэрэг маргаанд ач холбогдол бүхий асуудлыг хэлэлцэлгүй орхигдуулсан. Талуудын хооронд өөр бусад хэлцлүүд хийгдэж хэрэгжсэн талаар 2 тал тайлбарласан боловч энэ талаар тодруулаагүй. Хариуцагчаас өгсөн баримтуудаар 184 909 000 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байхад ямар үндэслэлээр зарим болох 79 909 180 төгрөгийг тооцон төлбөр хийсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Эрх зүйн үндэслэлийн талаар шүүх талуудын хооронд хэлцлийн гол нөхцлүүдээ тохиролцон хийгдэж хэрэгжиж урт хугацаа өнгөрсөн хэлцлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 1 талыг буруутгаж байгаа бол хэлцлээс татгалзсан үр дагавар салшгүй шийдэгдэх ёстой байтал орон сууцыг буцааж олгочихоод нийт 184 909 000 төгрөг хариуцагчаас төлөгдсөн байхад гэрээний үр дагаврыг арилгалгүй орхигдууллаа. Гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, гэрээний үүрэг хэдий хэмжээгээр зөрчигдсөн гэж үзсэнээ дүгнэлгүй, аль нь хэлцэлд хамааралгүй болох шалтгаан үндэслэлийг ч үнэлсэнгүй. Зөвхөн 1 талд ашигтай дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан нь шүүхийн шийдвэр бүрэн ойлгомжтой үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй. Гэрээний үүрэг, эсвэл гэрээний шаардлагад тооцогдох хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг авч хэлэлцсэнгүй. Гэрээний үүрэг дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгчийг өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардсан гэсэн хуулийн зүйл заалтыг барьж шийдсэн нь эрх зүйн үндэслэл дүгнэлт эсрэг тэсрэг бие биенээ үгүйсгэсэн ямар ч ойлгомжгүй, маргааны үндэслэлийг дүгнээгүй мөртлөө 1 талд үйлчилж шийдвэрлээд байгаа нь зөвхөн нэхэмжлэлийг л хангах зорилго агуулсан гэсэн бодол бий болгож байна. Гэрээнээс татгалзахад хүргэсэн нөхцөл байдал юу нөлөөлсөн, гэм буруу гэрээний зөрчил юу болох, ямар шалтгаантай гэдгийг огт авч үзээгүй зэрэг нь маргаан огт шийдэгдсэнгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн шийдвэртээ маргаанд оролцоогүй гэр бүлийг маань зааж албадан нүүлгэсэн нь ойлгомжгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ф.И.Ю.Ч нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан Ж.Б-г гэр бүл, эд хөрөнгийн хамт, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоот байрнаас албадан нүүлгэж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 184 909 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 35 091 000 төгрөгийг худалдан авсан орон байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа төлнө” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг 220 000 000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч нь худалдан авахаар талууд амаар тохиролцсон талаар маргаагүй боловч орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгчтэй аман хэлбэрээр байгуулсан эсэх талаар маргажээ.

Хэдийгээр гэрээг ямар агуулгаар байгуулах нь гэрээний чөлөөт байдлын зарчим боловч гагцхүү талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуульд нийцсэн байх ёстой бөгөөд талуудын гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ мөн эсэх орон сууцны төлбөрийг төлж дуусах хугацаанд хөлсөлсний төлбөрт нэг сарын 1 500 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь гэрээний нөхцөлийг хүлээн авч буй талын ашиг сонирхолд хэр нийцсэн талаар талуудыг мэтгэлцүүлэн тодруулах нь зүйтэй юм.  

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/01068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                    ШҮҮГЧИД                                                        А.МӨНХЗУЛ

           М.НАРАНЦЭЦЭГ