Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/01168

 

 

 

 

 

 

 

 

   2024     03        12                                           182/ШШ2024/01168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. тоот хаягт оршин суух, Т.М,

 

Нэхэмжлэгч: .............. тоот хаягт оршин суух, Р.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... тоот хаягт оршин суух, Т.Р,

 

Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, Ц.Ц нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах тухай үндсэн,

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Ц.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Халиунжаргал,

Хариуцагч Ц.Ц,

Хариуцагч Ц.Ц-гийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, Д.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов

(Хариуцагч Т.Р нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.М, Р.Б нар нь хариуцагч Т.Р, Ц.Ц нарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэлтэй, ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, Ц.Ц, Т.Р нарын хооронд 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023.02.27-ны өдөр гаргаж,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2024.01.11-ний өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1.”...Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Т.Р-той 1989 онд гэр бүл болсон. 2000 онд гэр бүлийн дундын өмчлөлд байсан Сүхбаатар дүүрэгт байрлах 1 өрөө байраа 3,000,000 төгрөгөөр зарж уг мөнгөөрөө тоот хаягт байрлах, Ү-2202005389 дугаартай, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр Т.Р-ийн нэр дээр бүртгүүлэн одоог хүртэл энэ байрандаа 25 жил амьдарч байна. Нөхөр Т.Р нь 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Т.М, Т.Р нар нь албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй. Энэхүү орон сууцанд нэхэмжлэгч нь хүүхдүүдийнхээ хамтаар 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 1989 оноос хойш 2000 он хүртэл нийт 11 жилийн хамтын хөдөлмөрийн үр дүнд худалдан авсан орон сууц тул уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байна. Харин 2022.11.10-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нарын 2023.02.27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс иргэний хэрэг үүсгэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад цугларсан нотлох баримт болох хариуцагч Ц.Ц-гийн хариу тайлбар, НШШГГ-аас ирсэн нотлох баримтын хүрээнд хариуцагч Ц.Ц, Т.Р нарын хооронд хийгдсэн хэлцэл болох 2022.11.10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл болох нь харагдаж байна. Учир нь хариуцагч Т.Р нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэний гүйцэтгэх баримт бичгийн дагуу өр төлбөртэй байсан бөгөөд тухайн өр төлбөрийн зарим хэсэгт ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай хоёр өрөө, Орон сууцны зориулалттай улсын эрхийн бүртгэлийн Ү-2202005389 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тооцуулахаар харилцан тохиролцсон болох нь хариуцагч нарын НШШГГ-т гаргасан хүсэлтүүдээс тодорхой харагддаг.

Гэтэл 2022.11.10-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр 150,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан мэтээр хийгдсэн байсан бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Төлбөрийг 2022.11.10-нд Хаан банкны худалдагчийн 0000000000 тоот дансанд төлсөн. Төлбөр тооцоо дууссан” гэж тусгагдсан. Худалдах, худалдан авах гэрээний гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг тохирсон байх явдал юм. Гэтэл хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь гэрээний зүйл, үнийг тохирсон зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгжээгүй хариуцагч Т.Р-д энэ үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт мөнгөн хөрөнгө шилжигдэж ирээгүй, мөн энэ гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг хариуцагч Т.Р-д байгаагүй зэргээс гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг тохирсон мэт гадаад илэрхийлэл бий болгож гэрээ байгуулсан байдаг. Үнэн хэрэгтээ талуудад НШШГГ-т явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өр төлбөрийн зарим хэсэгт тооцуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, хүлээн авах хүсэл сонирхлын хүрээнд хийгдэх хэлцлээ энэхүү худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилсан байна.

Иймд гэр бүлийн хамтын хүчээр бий болсон хөрөнгө болох ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай хоёр өрөө, Орон сууцны зориулалттай улсын эрхийн бүртгэлийн Ү-2202005389 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөгчөөр буюу нэхэмжлэгч нарыг тогтоож, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн 2022.11.10-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож тус гэрээнд үндэслэн хийгдсэн 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаар бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй бүртгэлийн 22300459 дугаартай төлбөр авагч Г.Г-д төлбөр төлөгч Т.Р-оос 360,000,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

2022 оны 10 дугаар сард төлбөр төлөгч Т.Р-оос 150,000,000 төгрөгт тооцуулж, ................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг төлбөрийн зарим хэсэгт тооцон шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 4-1756408 дугаар НШШГГ-ын албан бичгээр түдгэлзүүлсэн байсан орон сууцыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шилжүүлсэн. Одоо төлбөр төлөгч Т.Р нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй бүртгэлийн 22300459 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Г.Г-д 200,000,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэл гаргаад буй иргэд ч бас өр төлбөрөө хуваах юм байна гэж ойлгогдож байна. Эдгээр иргэд нийлж Г.Г-с 360,000,000 төгрөгийг авсан. Г.Г-ийг их хэмжээний өр зээлэнд унагаж, залилангийн гэмт хэрэгтэн болгосон хүмүүс өөрсдийгөө илчилж байна гэж дүгнэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Хариуцагч Т.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Т.М, Р.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Р, Ц.Ц нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.Р миний бие дараах тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Учир нь гэвэл хариуцагч миний бие 1989 онд нэхэмжлэгч Т.М-тай гэр бүл болсон бөгөөд маргаан бүхий орон сууц болох ...................тоот хаягт байрлалтай, орон сууцыг бид хамтын хөдөлмөрөөрөө худалдаж аван тухайн үед хариуцагч миний бие өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг миний бие өр зээлд орсонтой холбогдуулан түр Ц.Ц-гийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд өр зээлээ төлсний дараагаар буцаан шилжүүлэхээр бид тохирсон. Миний хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өр төлбөрөө төлөх мөнгийг олох зорилгоор бусдын өмчлөлд түр шилжүүлж байгаа учир хамтран өмчлөгч болох гэр бүлээсээ зөвшөөрөл аваагүй гэрээ хийсэн. Ц.Ц-тай хийсэн 2022.11.10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 150,000,000 төгрөгөөр миний бие үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан мэт гэрээ хийсэн боловч үнэн хэрэгтээ тухайн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ганц ч төгрөг Ц.Ц-гаас аваагүй энэ талаараа би шүүхэд өөрийн Хаан банкны 0000000000 тоот дансны хуулга өгсөн байдаг.

Чингэлтэй дүүрэг дэх орон сууцанд миний гэр бүл үр хүүхэд амьдардаг учир би байраа бусдад зарах, өгөх зорилгоор бус түр тэр хүний барьцаанд байлгаж яаралтай мөнгө олж өгөх болзолтойгоор дээрх гэрээг хийсэн. Энэ талаар Шийдвэр гүйцэтгэгч болон хариуцагч Ц.Ц нарын аль аль нь мэдэж байгаа. Ерөнхийдөө би шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өр төлбөрөө төлнө гэх баталгаа болгож хариуцагч Ц.Ц-гийн нэр дээр шилжүүлсэн.

Мөн Ц.Ц нь энэхүү мөнгийг миний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд суутгаж авсан гэдэг боловч бодит хэрэг дээрээ ийм зүйл болоогүй. Миний бие удахгүй дээрх тохиролцооны дагуу хариуцагч Ц.Ц-д 150,000,000 төгрөгийг өгөн байраа буцаан суллаж авах бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарт хүндрэл учруулж байгаа нь миний буруу юм.

Иймд ...................тоот хаягт байрлалтай орон сууц нь нэхэмжлэгч нарын дундын эд хөрөнгө мөн бөгөөд би нууцаар дур мэдэн бусдад түр шилжүүлсэн нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

4.Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч Т.М, Р.Б нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Ц.Ц би Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй бүртгэлийн 22300459 дугаартай, төлбөр авагч Г.Г-д төлбөр төлөгч Т.Р-с 360,000,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд төлбөр авагч Г.Г-ийн нагац эгч юм.

2022 оны 10 дугаар сард төлбөр төлөгч Т.Р-оос 160,000,000 төгрөгт тооцуулж, ................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг төлбөрийн зарим хэсэгт тооцон шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 4-1756408 дугаар НШШГГ-ын албан бичгээр түдгэлзүүлсэн байсан орон сууцыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шилжүүлэн авсан. Одоо төлбөр төлөгч Т.Р нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй бүртгэлийн 22300459 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Г.Г-д 200,000,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй буюу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр Т.Р-ийн шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэсний төлбөр 160,000,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийт төлбөрөөс хасаж тооцсон баримт хэрэгт авагдсан байна.

Ийнхүү ................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны хууль ёсны, шударга өмчлөгч болох нь улсын бүртгэлийн 001027275 тоот гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн Ү-2202005389 дугаарт бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус баталгаажиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

 

5.Нэхэмжлэгч Т.М, Р.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “...Төлөөлөгчийн зүгээс 2024.01.25-ны өдрийн Ц.Ц-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь сөрөг нэхэмжлэлээр ................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Т.М, Р.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба хуулийн хүрээнд шаардлага гаргагч нь зөвхөн өмчлөгч байх ба сөрөг нэхэмжлэл гаргагч Ц.Ц-гийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эргэлзээтэй байгаа. Ц.Ц нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 00102725 тоот гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202005389 дугаар бүртгэлийн гэрчилгээгээр өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч уг бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэсэн бүртгэлийг хийлгэсэн байдаг. Тодруулбал нэхэмжлэгч Ц.Ц болон Т.Р нарын хооронд байгуулагдсан 2022.11.10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Дээрх нөхцөл байдлын хүрээнд Ц.Ц-г хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийг хариуцагч болох Т.М, Р.Б нар нь тухайн орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь үндэслэлгүй. Иймд ................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

6.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2023.02.27-ны өдөр /907,950+70,200/ 978,150 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-6 х/,

-2023.02.24-ний өдрийн 141 тоот Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 7 х/,

-424 тоот гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 8 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 9-10 х/,

-Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 11 х/,

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 12 х/,

-2022.11.10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 13 х/,

-Улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 14 х/,

-2023.05.23-ны өдөр Т.М-гаас Э.З-д олгосон итгэмжлэл /хх-ийн 39 х/,

-2023.05.19-ний өдөр Р.Б-с Р.Ж-д олгосон итгэмжлэл /хх-ийн 40 х/,

-2023.06.13-ны өдөр Р.Б-с Э.З-д олгосон итгэмжлэл /хх-ийн 74 х/ баримтуудыг,

 

7.Хариуцагч Ц.Ц тайлбар татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2023.04.07-ны өдрийн 23-01/07 дугаар Хууль, зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 25 х/,

-2022.04.05-ны өдрийн 560 тоот Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 71 х/,

-2022.10.12-ны өдрийн 2-175/19173 тоот Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-ийн 72 х/,

-Т.Р-ийн хүсэлт /хх-ийн 73 х/,

-2023.08.26-ны өдөр Ц.Ц-гаас Ц.Ц-д олгосон итгэмжлэл /хх-ийн 100 х/,

-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.01.25-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /2-р хх-ийн 6 х/,

-Гэрэл зургууд /2-р хх-ийн 8-9 х/,

-Улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /2-р хх-ийн 10 х/,

-Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.02.08-ны өдөр 957,950 төгрөг тушаасан баримт /2-р хх-ийн 24 х/,

-Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /2-р хх-ийн 25 х/,

-Т.Р-ийн хүсэлт /2-р хх-ийн 27 х/ зэрэг баримтуудыг,

 

8.Хариуцагч Т.Р шүүхэд хариу тайлбарыг ирүүлсэн байна. /1 хх-ийн 211-212 х/ ирүүлсэн.

 

9.Шүүхийн журмаар зохигчийн хүсэлтээр 2023.06.23-ны өдрийн 182/ШЗ2023/08339 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ................... тоот хаягт байршилтай, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202225389 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагаа /хх-ийн 89-99 х/,

-Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч Г.Г болон төлбөр төлөгч Т.Р нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх-ийн 111-158 х/,

- Хариуцагч Т.Р-ийн Хаан банкны “Депозит дансны дэлгэрнгүй хуулга” /1 хх-ийн 170 х/

-П.Б-гаас авсан гэрчийн мэдүүлэг /хх-ийн 243-250 х/,

-Гэрч П.Б-гаас гаргаж өгсөн нотлох баримт /2-р хх-ийн 1 х/ баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.М, Р.Б нар нь хариуцагч Т.Р, Ц.Ц нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэгдсэн, ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Ц, Т.Р нарын хооронд 2022.11.10-ны байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээг үндэслэн хийгдсэн 2022.11.11-ний өдрийн Ү-2202005389 дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг,

Хариуцагч Ц.Ц нь эс зөвшөөрч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэгдсэн, ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.М, Р.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.Шүүхээс дараах үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3.Нэхэмжлэгч нар шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

а. Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа “...Т.М нь хариуцагч Т.Р-той 1989 онд гэр бүл болсон. 2000 онд гэр бүлийн дундын өмчлөлд байсан Сүхбаатар дүүрэгт байрлах 1 өрөө байраа 3,000,000 төгрөгөөр зарж, улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэлтэй, ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч, татвараас зайлсхийх зорилгоор өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр Т.Р-ийн нэр дээр бүртгүүлэн одоог хүртэл энэ байрандаа амьдарч байгаа гэр бүлийн дундын хөрөнгө тул орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгоно...” гэж,

б. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаа “...Ц.Ц, Т.Р нарын хооронд хийгдсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн. Энэ гэрээ худалдан авах зорилготой бус өр төлбөрийг төлөх хүртэл түр шилжүүлэхээр тохиролцсон. Ц.Ц-гаас 150,000,000 төгрөг бодитоор Т.Р-д шилжиж ирээгүй, Г.Г-с Ц.Ц-д шийдвэр гүйцэтгэлийн өр төлбөрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах эрх олгогдоогүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 126 дугаар зүйлийн 126.2.4-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй...” гэж тус тус тодорхойлсон.

 

4.Хариуцагч Т.Р нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч “...миний бие Т.М-тай 1989 онд гэр бүл болж, маргаан бүхий орон сууцыг хамтын хөдөлмөрөөрөө худалдаж авч, тухайн үед өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан... Миний хувьд өр, зээлд орсонтой холбогдуулан энэ орон сууцыг Ц.Ц-гийн нэр дээр түр шилжүүлсэн бөгөөд өр, зээлээ төлсний дараа буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэхээр тохирсон... Гэр бүлийн дундын эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

 

5.Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж, сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:  “...Т.Р нь миний төрсөн дүүгийн хүү Г.Г-ийг хуурч мэхлэн их хэмжээний мөнгө буюу 360,000,000 төгрөгийг зээлж аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 150,000,000 төгрөгийн өрөнд маргаан бүхий орон сууцыг шилжүүлж өгсөн. Миний хувьд Г.Г-с олгосон итгэмжлэлийн дагуу орон сууцыг авсан...” гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.М, хариуцагч Т.Р нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу 1989.01.01-ний өдөр гэр бүл болсныг 1991.08.12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэснээр хууль ёсны эхнэр, нөхөр болсон ба гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтран амьдрах хугацаанд 1990.01.17-нд хүү Р.Ж, 1996.06.08-нд охин Р.Б нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн ПА№424 тоот гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Төрсний бүртгэлийн лавлагаа”, №0000717531 Г-768 тоот төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /1хх-ийн 8, 11, 12 х/

 

Нэхэмжлэгч Т.М, хариуцагч Т.Р нарын дундаас төрсөн хүү Р.Ж нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд өөрийн төрсөн дүү Р.Б-с 2023.05.19-ний өдөр олгосон 0447  бүртгэлийн дугаартай итгэмжлэл /1 хх-ийн 40 х/-ээр шүүх хуралдаанд оролцож байсан тул түүний эрх ашиг, хөндөгдөх боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126.2.4-т “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заасан.

 

Энэхүү зохицуулалтаар гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар шаардах эрхтэй.

 

Гэвч шүүх нэхэмжлэгч Т.М, Р.Б нарын “...2000 онд гэр бүлийн дундын өмчлөлд байсан Сүхбаатар дүүрэгт байрлах 1 өрөө байраа 3,000,000 төгрөгөөр зарж, улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэлтэй, ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч, татвараас зайлсхийх зорилгоор өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр Т.Р-ийн нэр дээр бүртгүүлэн одоог хүртэл энэ байрандаа амьдарч байгаа гэр бүлийн дундын хөрөнгө тул орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгоно...” гэх тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагч Т.Р нь 2000.01.19-ний өдөр маргаан бүхий орон сууцыг Д.Д, Б.Б нараас бэлэглэлийн гэрээ /1 хх-ийн 94 х/-гээр хүлээн авсан байдал нь тухайн эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмч бус, харин түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндсийг бүрдүүлэв.

 

Энэ нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна”, 127.1.2-т “Өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө” гэж заасан зохицуулалтад хамаарна.

 

Тодруулбал, эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө дундын өмчлөл байх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Т.М нь гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн дундын хөрөнгийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байдлыг бэлэглэлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймээс нэхэмжлэгч нарын гэр бүлийн дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

 

8. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.3-т “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж заасан.

 

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм.

 

 Хэргийн үйл баримтаас үзвэл, талууд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байгаа мэт байх боловч хариуцагч Т.Р нь өөрийн хуваарьт хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өр, төлбөртөө тооцуулан хэлцлийг хийх хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлсэн байх тул Ц.Ц, Т.Р нарын хооронд байгуулагдсан 2022.11.10-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ц.Ц нь 2022.11.10-ны өдөр байгуулсан гэрээгээр орон сууцыг өмнөх өмчлөгч Т.Р-с 150,000,000 төгрөгөөр худалдан авч,  2022.11.11-ний өдөр гэрээг улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгүүлснээр өмчлөх эрхийг олж авчээ. /1 хх-ийн 96-98, 99 х/

 

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд дээрх маргаан бүхий гэрээг байгуулсан байх боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн 22300459 дугаартай хувийн хэрэг, гэрч П.Б-гийн мэдүүлгээр хариуцагч Т.Р нь бусдад төлөх өр, төлбөртөө тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь, 2021.06.17-ны өдөр хариуцагч Т.Р нь хариуцагч Ц.Ц-гийн төлөөлүүлэгч Г.Г-тэй 1254 бүртгэлийн дугаартай “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр 2018.03.14-ний өдрөөс 2018.04.28-ны өдрийг хүртэл хугацаанд зээлсэн нийт 363,000,000 төгрөгийг 2021.08.01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулж, мөн өдрөө 0001 бүртгэлийн дугаартай “Нотариатын мэдэгдэх хуудас”-аар баталгаажуулжээ. /1 хх-ийн 116 х болон ар тал/

 

Дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ Т.Р нь хугацаандаа биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Г.Г нь 2022.02.21-ний өдөр “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг баталгаажуулахаар хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.28-ны өдрийн 182/ШЗ2022/02435 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулж, 182/ГХ2022/00228 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2022.03.17-ны өдөр 22300459 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарчээ /1 хх-ийн 114, 115, 123 х/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022.09.04-ний өдөр төлбөр авагч Г.Г-с Ц.Ц-д “...Т.Р-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх, ...олгогдох мөнгө, эд хөрөнгийг хүлээн авах..., эрх бүхий 3 жилийн хугацаатай итгэмжлэл /1 хх-ийн 153 х/-ийг олгосон байна.

 

Улмаар Т.Р нь “...миний өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаартай, ................... тоот хаягт байрлах орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байдаг..., Энэ үл хөдлөх эд хөрөнгөө төлбөр төлөгч Т.Р би төлбөр авагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-гийн нэр дээр 160,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон...” гэх хүсэлт /1 хх-ийн 151 х/-ийг,

төлбөр авагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь 2022.10.12-ны өдөр “...төлбөр төлөгч Т.Р-той 160,000,000 төгрөгт тохиролцож ................... тоот хаягт байршилтай, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-д шилжүүлэхээр тохиролцсон тул тус газарт битүүмжилсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт /1 хх-ийн 152 х-ийг тус тус гаргажээ.

 

Эдгээр хүсэлтүүдийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022.10.12-ны өдөр “Хөрөнгийн эрх сэргээх тухай” 22300459 дугаартай тогтоол /1 хх-ийн 156 х ар тал/ гарч, мөн өдрийн 2-175/19173 тоот албан бичгийг Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн /1 хх-ийн 156 х/, мөн Т.Р-ийн бусдад төлөх 363,000,000 төгрөгөөс “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дүнгээр хасалт хийгдсэн болох нь гэрч П.Б-гийн “...талуудын гаргасан хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах, маргаж байгаа энэ байрыг чөлөөлсөн. Тэрийг төлбөр төлөгдсөн гэж үзсэн. Цахимдаа ч гэсэн 160,000,000 төгрөгийн хасалт хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ганц хүний өмч гэж тогтоогдсон. Гэрчилгээн дээр ч нэг хүний нэр байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэмдэглэлээр бол Т.Р нь ганц бие, эхнэр хүүхдээсээ салсан гэж хэлдэг..., энэхүү байрны худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 160,000,000 төгрөгийн хасалт хийгдсэн...” гэх мэдүүлэг, гэрчээс гаргаж өгсөн ажиллагаанд байгаа хувийн хэрэг гэсэн баримтаар тус тус тогтоогдож байна. /1 хх-ийн 244-250, 2 хх-ийн 1 х/, 

 

Дээр дурдсан баримтаар гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх нь бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн адил энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх ёстой.

 

Учир нь, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд тусгагдсан өмчлөгчийн талаарх бүртгэл аливаа гуравдагч этгээдэд чиглэгдсэн байдаг тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэх зохицуулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өр төлбөрт шилжүүлэн авч буй этгээд болох Ц.Ц нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд Т.Р-с өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй юм.

 

Тиймээс хариуцагч Т.Р нь тухайн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх бүхий гэр бүлийн гишүүнийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нэхэмжлэгч нарт хэлцлийн талаар мэдэгдээгүй байгаа эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг хариуцагч Ц.Ц нь хариуцах үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нарын Т.Р, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан 2022.11.10-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Мөн шүүх дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн тул 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагагүйг тэмдэглэв.

 

9.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хариуцагч Ц.Ц-г ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2022.11.11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0010272755 дугаартай гэрчилгээг олгожээ. /1 хх-ийн 99 х/

 

Үүнээс өмнө сууцны өмчлөгчөөр Т.Р бүртгэлтэй байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өр, төлбөрөөс 160,000,000 төгрөгийг хасуулж, 2022.11.10-ны өдрийн 4385 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч Ц.Ц-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон болохыг дээр дурдсан.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу Ц.Ц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэлтэй ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ц.Ц нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Т.М, Р.Б нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

10. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.27-ны өдөр төлсөн 978,150 төгрөг /907,950+70,200/-ийг, хариуцагч Ц.Ц-гийн 2024.01.25-нд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Ц-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 127 дугаар зүйлийн 127.1.2-т тус тус заасныг баримтлан Т.Р, Ц.Ц нарт холбогдох улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаарт бүртгэлтэй, ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Ц.Ц, Т.Р нарын хооронд 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005389 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Т.М, Р.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Ц.Ц-гийн өмчлөлийн ......................... тоот хаягт байрлалтай, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Т.М, Р.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.27-ны өдөр төлсөн 978,150 төгрөг /907,950+70,200/-ийг, хариуцагч Ц.Ц-гийн 2024.01.25-нд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Ц-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА