Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 156/шш2024/00144

 

 

 

 

 

 

   2024        03           11                                           156/ШШ2024/00144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2024/00052/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х банк,

Хариуцагч: С.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээ цуцалж, зээл, зээлийн хүү нийт 3,484,760.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Хариуцагч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,  

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар нь хариуцагч С.Б-ид холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №20230689536 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү нийт 3,484,760.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Ц.О, С.Б нар нь тус банкны Хэнтий салбарын төв тооцооны төвөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №20230689536 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4,466,435.95 төгрөгийг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, тэтгэврийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд тэтгэврийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээл 1,136,278.59 төгрөг, зээлийн хүү 354,287.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 1,490,565.63 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч болох Ц.О нь 2023 оны 7 дугаар сард нас барсны улмаас зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлдэгч С.Бтой уулзалт хийн зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4 болон 4.1.5 дахь хэсгийг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №20230689536 тоот зээлийн гэрээг цуцлах, 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 3,330,157.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 154,603.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 3,484,760.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:

Миний бие Х банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 3 дугаар сард би айлын мал харж байгаад хөдөөнөөс ирээд Эвт худалдааны төв дээр буухад талийгаач Ц.О нь надтай тааралдаад "Би дүүдээ хөөгдөөд 3 хоног гадаа хоноод явж байна, тэтгэврийн зөрүү 130,000 төгрөг авдаг юм. Үүнийгээ авах гэсэн гарын үсэг хэрэгтэй гээд байна. Гарын үсэг зураад өгөөч" гэсэн. Тэгэхээр би "би архи уучихсан байна, бичиг баримт байхгүй байна" гэхэд Ц.О "зүгээрээ би аргалчихна, эдийн засагчийгаа таньдаг, гарын үсэг зурахад л болно" гэж хэлээд гуйсаар байгаад дагуулаад орсон. Ингээд дагуулж ороод нэг эрэгтэй эдийн засагч дээр орж 260,000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Гэтэл 2023 оны 10 дугаар сард миний банкны данснаас 370,000 төгрөг, дараа нь тэтгэврийн 325,000 төгрөг татагдахаар нь банкин дээр очиж уулзахад "та 260,000 төгрөгийн зээлэн дээр гарын үсэг зурсан байна, тэр хүн нас барсан тул та төлөх ёстой" гэсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй удаа дараа дээд байгууллага болон захиралд нь хандсан боловч надад хариу өгөөгүй. Би 325,000 төгрөгийн тэтгэвэртэй өөр орлогогүй хүн. Гэтэл Х банк надаас энэ тэтгэвэрийг маань бүгдийг авчихдаг. Би одоо ямар ч орлогогүй амьдрал маш хэцүү болоод байна. Ц.Оын хүүхдүүд Улаанбаатар хотод байдаг. Нэг нь гоо сайхан ажиллуулдаг, нэг нь Дэнжийн мянгын зах хариуцсан хүмүүс байдаг юм билээ. Тэгээд би тэр хүүхдүүдэд нь учраа хэлэхэд "яах гэж гарын үсэг зурсан юм, хохь чинь" гэж загнасан. Би маш их гомдолтой байна. Х банк энэ байдлыг маань мэдсээр байж амжиргааны ганц эх үүсвэр болсон тэтгэврийг маань авсаар 1,670,000 төгрөг хүчээр татан аваад байгаа. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №202350689536 тоот тэтгэврийн зээлийн гэрээ (хх-ийн 2-5 тал), Х банк ХК-ийн Д.От олгосон итгэмжлэл (хх-ийн 6-8 тал), Х банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал), Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 11-12 тал) зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 19 тал), Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 81 дугаартай тодорхойлолт (хх-ийн 21 тал), хариуцагчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 22 тал), Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт (хх-ийн 23 тал), депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 41-43 тал) зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

6. Хариуцагч талын хүсэлтээр Х банк ХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01/24 дугаартай албан бичиг (хх-ийн 27 тал), 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №202350201302 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ (хх-ийн 28-30 тал), Ц.Оын иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 31 тал), тэтгэврийн лавлагаа (хх-ийн 32 тал), 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №202350435170 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ (хх-ийн 33-36 тал), зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 37-38 тал), Монголын нотариатчдын танхимын 2024 оны 2 дугаар
сарын 19-ний өдрийн 140 дугаартай тодорхойлолт 
(хх-ийн 39 тал) зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Ц.Оын нас барсны бүртгэлийн лавлагааг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар, иргэн Ц.О, С.Б нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 202350689536 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдаж, 4,234,435.95 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 232,000 төгрөгийн зээлийг авч, нийт 4,466,435.95 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай гэрээ байгуулан зээлсэн. Гэтэл зээлдэгч Ц.О нь нас барсан тул хамтран зээлдэгч С.Б нь уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой гэж,

харин хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...энэ зээлийг Ц.О нь өөрийнхөө хэрэгцээндээ зарцуулсан, би уг зээлнээс хэрэглээгүй. Өмнөх зээлийн үлдэгдлийг би хариуцахгүй. Би зөвхөн 232,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир 232,000 төгрөгийг хүүтэй нь төлнө гэж маргасан.  

3. Хэрэгт авагдсан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 202350689536 тоот тэтгэврийн зээлийн гэрээнээс үзэхэд зээлдэгч Ц.О нь 4,234,435.95 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 232,000 төгрөгийн зээлийг авч, нийт зээлийн хэмжээ 4,466,435.95 төгрөг болсон бөгөөд үүнийг 15.60 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагч С.Б гарын үсэг зурсан /хх-ийн 2-3/ байна. Түүнчлэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-ийн 4/-д хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагч С.Б гарын үсэг зурсан байна. Уг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 202350689536 тоот тэтгэврийн зээлийн гэрээний дагуу зээл 232,000 төгрөг нь мөн өдрөө зээлдэгч Ц.Оын нэр дээрх Х банк дахь 00000 тоот данс руу орлого болон шилжсэн /хх-ийн 11/ байна. Улмаар зээлдэгч Ц.О нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нас барж /хх-ийн 59/ зээлдэгч Х банк нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч С.Бийн нэр дээрх Х банк дахь дансанд байгаа 1,710,000 төгрөгт барилт хийсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

Мөн хариуцагч тал гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүгийн хувь хэмжээ, бодолт дээр маргаагүй болно. 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 453 дугаар
зүйлийн 453.1-д зэ
элдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Х банкны Хэнтий салбар нь зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу энэхүү хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хуулийн нэр томьёонд зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч  орно.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч С.Бийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй тул зээлийн гэрээний 3.3-т зааснаар зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд ...би Ц.Оыг сайн танихгүй, намайг зах дээр явж байхад тэтгэврийн зөрүү 200,000 төгрөг авах гэсэн юм, банкнаас заавал хамтран зээлдэгч байх хэрэгтэй гээд байна гэж гуйсан учир би гарын үсэг зурсан. Төлөхөөр бол өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй хэмээн тайлбарласан боловч 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 202350689536 тоот зээлийн гэрээний 1.1.1-д зээлдэгч Ц.О нь өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл 4,234,435 төгрөг дээр нэмж 232,000 төгрөгийн зээл авч, нийт 4,466,435 төгрөгийн зээл болсон талаар зээлийн хэмжээ тодорхой бичигдсэн байна.

Иймд хариуцагч С.Б нь уг гэрээний төлбөртэй холбогдуулан зээлийн гэрээнд сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурсан, тухайн үедээ татгалзах эрх нь нээлттэй байсан, шинээр зээлийн гэрээ байгуулж байгааг ойлгож хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна.

Тэрээр нийт 4,466,435 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байхад түүнийг зөвхөн нэмж авсан 232,000 төгрөгийн зээлийн гэрээнд үүрэг хүлээнэ гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ийм агуулга зээлийн гэрээнд тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, хариуцлага хүлээх эрх зүйн чадамжтай тул түүний татгалзал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээлдэгч нас барснаар түүний хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болдог, харин хамтран үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй.

Иймд нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,  453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 3.3-д заасны дагуу төлөгдөөгүй байгаа үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч С.Боос шаардах эрхтэй тул хариуцагч С.Боос үндсэн зээл, зээлийн хүү нийт 3,484,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №20230689536 дугаартай зээлийн гэрээг цуцлуулах тухайд:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэхээр заасан байдаг тул зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэх талаар урьдчилан мэдэгдсэн байх боловч тэрээр зээлийг эргэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төстэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан банкны зээлтэй холбоотой үүссэн гэрээний харилцааг хугацаанаас нь өмнө цуцлахад хуулийн дээрх зохицуулалт хамааралтай байна.

Иймд хариуцагч тал зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзснаар уг гэрээ цаашид үргэлжлэн хэрэгжих боломжгүй буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээнээс татгалзаж байгаа нь гэрээг цуцлах үр дагаварыг агуулж байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 зааснаар Х банкны Хэнтий салбар, зээлдэгч Ц.О нарын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №202350689536 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах нь үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Боос 70,706 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т заасныг баримтлан Х банкны Хэнтий салбар, Ц.О нарын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №202350689536 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч С.Боос зээлийн гэрээний үүрэгт нийт 3,484,760 /гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарт олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,706 төгрөгийг улсын орлогод
хэвээр үлдээж, хариуцагч С.Боос 70,706 /далан мянга долоон зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА