Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2022/00016/И |
Дугаар | 134/ШШ2024/00069 |
Огноо | 2024-02-27 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 134/ШШ2024/00069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.А
Хариуцагч: Ш
Нэхэмжлэлийн шаардлага: Ү-1902002195 дугаарт бүртгэгдсэн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12 дугаар байрны 49 тоот, 2 өрөө, 48.86 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 90,913,322 төгрөгөөр үнэлсэн Х-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Би Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 134/ШШ2023/00120 тоот шийдвэрээр 34,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Shi Fei-д төлөхөөр болсон. Дээрх шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулахдаа одоо амьдарч буй орон сууцыг минь хурааж, битүүмжлэн улмаар дуудлага худалдаанд оруулахаар үнэлүүлсэн байх бөгөөд хөрөнгийг үнэлүүлсэн талаарх мэдэгдлийг надад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлүүдээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний өмчийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна.
Манай байр нь Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сумын төвд байрлал сайтай, тухайлбал 5 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон аймгийн захиргаа, такси зогсоолын хажууд байрладаг, агаар сэлгэлт сайтай хоёр тал руугаа цонхтой, өдрийн турш нар үздэг, дулаахан зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлдог бүхий л хүчин зүйлүүдийг хангасан маш сайн орон сууц байтал зах зээлийн ханшнаас илтэд доогуур буюу 90,913,322 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Мөн 5 давхар орон сууцны 2 давхарт байрладаг нь бас нэг давуу тал. Учир нь иргэд лифтгүй байрны 1 давхар болон дээд давхруудад төдийлөн таатай байдаггүй бөгөөд дундуур давхарын байрууд илүү эрэл ихтэй байдаг. Мөн манай байр нь 20 орчим сая төгрөгөөр засвар хийж, чанар байдлыг илт сайжруулаад 2 жил л болж байгаа. Мөн манайхтай ойролцоо хэмжээтэй боловч байрлал харьцангуй хол засвар хийгээгүй байрууд 80-90 орчим сая төгрөгийн үнэтэй байхад дээр дурдсанчлан төрийн болон хувийн хэвшлийн бүх үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийнхээ хажууд байрлалтай, бүрэн засвартай, дулаахан дундуур давхарын байр 1 м.кв нь 2,200,000 төгрөг буюу нийт 110-120 сая төгрөгийн ханштай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлүүлээд буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 12 дугаар байрны 49 тоот 2 өрөө орон сууцыг миний бие нөхөр Д.Батхишигийн хамт хамтран өмчилдөг юм. Тус байрны хамтран өмчлөгч миний хань Д.Батхишиг 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд ханийгаа алдаад 10 гаруйхан хонож байхад өөрийн гэсэн ухаан санаагүй, хүнд хэцүү үед буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болсон шүүх хуралдаан болсон. Орон сууцыг хамтран өмчлөгч нас бараад 7 сар л болж байгаа буюу Иргэний хуульд заасны дагуу өвийн асуудал шийдэгдээгүй байхад ийнхүү өвлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, өв хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гээд 520.1.1-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасан. Миний хувьд нөхөртэйгээ гэрлэлтийн батлахтай хууль ёсны гэр бүл бөгөөд дундаасаа 14-25 насны дөрвөн охинтой. Мөн бидний хоёр талын эцэг, эх амьд сэрүүн байгаа зэрэг нь Иргэний хуулийн 520.1-д заасан эхнэр, хүүхдүүд, эцэг эх гэх мэт хамгийн эхэнд өвлөх эрхтэй этгээдүүд байгаа бөгөөд эдгээрээс хэн нь хөрөнгийг өвлөх эсэх нь өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн хугацаан шийдэгдэх асуудал юм. Учир нь, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж заасан. Гэтэл дуудлага худалдаагаар албадан борлуулахаар үнэлүүлж буй дээрх хөрөнгийг хамтран өмчлөгч нас барсан, улмаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогдох хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад дуудлага худалдаанд оруулахаар үнэлүүлж буй ажиллагаа нь өвлөгчдийн эрх ашгийг давхар хөндөж байна.
Иймд, Улсын бүртгэлийн Ү-1902002195 дугаарт бүртгэгдсэн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12 дугаар байрны 49 тоот, 2 өрөө, 48.86 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 90,913,322 төгрөгөөр үнэлсэн Х-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 122.5-д “...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ...гаргана” гэж заасныг тус тус үндэслэн хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаартай шийдвэрээр С.А 34 317 950 төгрөгийг гаргуулж, БНХАУ-ын иргэн Ши Фей-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг төлж барагдуулаагүй учраас С.Алмакулийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 1901002195 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар багт байрлах 12 дугаар байрны 49 тоотод байрлалтай 48.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23060180/02 дугаар тогтоолоор битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23060180/04 дүгээр тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр авагч, төлбөр төлөгч нарын үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 52 дугаар зүйлийг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23060180/06 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Х-ийн үнэлгээчин Б.Бат-Энхийг томилж, үнэлгээчинд эрх үүргийг танилцуулж, шинжээч томилох тухай тогтоолыг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн ба мөрдөнгийн шинжээч Б.Бат-Энхийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урин ирүүлж, төлбөр төлөгч С.Алмакулийн дээрх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоох боломж бололцоогоор нь биечлэн хангуулсан.
Х-иас гаргасан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний 01/56 дугаартай тайланг “Монгол шуудан” ХХК-ийн ажилтан Б.Чанцалдуламаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тэмдэглэл үйлдэн үл хөдлөх эд хөрөнгийг нийт 90 913 322 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар Ад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу ажлын 3 хоногт, төлбөр авагч Ши Фей-д мөн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн ба хөрөнгийг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй хөндлөнгийн байгууллага болох Х-ийн үнэлгээчинг томилон үнэлүүлсэн ба үнэлгээний тайлангийн талаарх дүгнэлтийг мэргэжлийн эрх бүхий этгээд тайлбарлах боломжтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, Х-ийн үнэлгээний тайланд дурдсанаар дээрх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээгээр гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр хэсэгт дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хэтэрхий бага үнээр үнэлсэн байна гэж байна. Энэ нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулан гаргаж өгөх, 38 дугаар зүйлд зохигч буюу гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Сая гаргаж өгсөн нотлох баримт нь албан ёсны нотлох баримт гэж үзэхэд хангалтгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хоёрдугаарт хэсэгт эрх залгамжлагчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж байна. Гүйцэтгэх хуудас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бичигдээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөх хугацаа хангалттай олгож байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгөөс мөнгөн хөрөнгийг гаргуулах дарааллын дагуу бэлэн мөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад бэлэн мөнгө нь хүрээгүй учраас өөрт ногдох хөрөнгөн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
Өвлөгч маань өөрөө хэн гэдэг нь тогтоогдох боломжгүй байгаад байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө шуурхай байх зарчимтай. Хоёрдугаарт, талийгаач Батхишиг гэдэг хүн өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шууд оролцогч этгээд биш. А өөрөө шууд төлбөр төлөгчөөр оролцож байгаа учраас 2 өмчлөлийн хөрөнгөтэй, үндсэн төлбөр төлөгч Ад холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй гэдэг үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл ч байхгүй. Төлбөр төлөгчид ногдох хөрөнгөнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаад магадгүй процессын алдаа гаргаад бид нар алдсан бол эргүүлээд та бүхэн бид нарыг хариуцагчаар татаад тухайн төлбөр мөнгөө гаргуулах бүрэн боломжтой. Хөрөнгө хуваарилах нь өөрөө барьцаалбарыг нэгдүгээрт өгдөг. Тухайн төлбөрийг 2 хуваагаад С.Алмакулийн өөрт ногдох хэсгээс нь төлбөрийг нь гаргуулаад үлдэгдэл төлбөрийг Ад олгоод явах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, талийгаачийг нас барсныг мэдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэрэнгүй ёсны зарчим дээрээ тулгуурлаад таныг зөндөө удаан хойшлуулж хүлээж байсан. Шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Та магадгүй өмгөөлөгч авч байгаа 3,000,000 төгрөгөөрөө төлбөрөө төлөөд явах боломжтой. Тэрийг тооцож бодож үзсэн үү. Өвлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж байгаа боловч яг хэний эрх ашиг сонирхлыг хөндөөд байгаа нь тодорхойгүй. Бид нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зөвхөн төлбөр төлөгчийн ногдох хөрөнгөнд ажиллагаа явуулж байгаа учраас энэ нь хуульд нийцсэн ажиллагаа гэж үзэж байгаа. Гуравдагч этгээд болох талийгаач нас барсан барлаа гээд бид нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байх ямар үндэслэл байгаа юм.
А өөрөө өвлөх эрхийн хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой гомдлыг шууд шүүх рүү гаргаж байна. Энэ нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бол бид нар тухайн үед гомдол хүсэлтийг нь шийдвэрлээд явах бүрэн боломжтой байсан. Шүүхийн шийдвэр шуурхай байх зарчим дээр явагдана. Төлбөр төлөгчийн ногдох хэсэг дээр ажиллагаа явуулж байгаа. Өвлөгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг яагаад ч хөндөхгүй. Хөндсөн тохиолдолд эргүүлээд нэхэмжлэл гаргаад байгууллагыг өр төлбөрт оруулах асуудал нээлттэй байгаа. Шүүхийн шийдвэр гарсан л бол иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2023 оны 06 дугаар сард гүйцэтгэх хуудас нь бичигдсэн. Тухайн үед би амарсан байсан учраас 08 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Тухайн үед үүсгэхдээ төлбөр төлөгч маань өөрөө бас өөр этгээдэд 10 гаран сая төгрөгийн төлбөртэй байсан. Энэ бүгдийг бид нар харгалзан үзэж төлбөр төлөгчийн тухайн орон сууцыг нь аваад үүргийн гүйцэтгэл барьцаалбарыг нь сонгоод бүх юмыг нь төлөвлөж байж ажиллагаа эхлүүлсэн. А шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өвлөгч нарын асуудлаар нэг ч удаа гомдол, хүсэлт гаргаж байгаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шуурхай байх зарчим дээр тулгуурладаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тодорхой дараалалтай явдаг. Төлбөр төлөгчийн нэгдүгээрт бэлэн мөнгөнөөс, хоёрдугаарт төлбөр төлөгчийн өөрийн өмчлөлийн ногдох хэсгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Шинжээч томилох тогтоол дээр Б.Бат-Энхийг томилж, эрх үүрэг танилцуулж, хууль тайлбарласан баримтыг гарын үсэг зуруулж баталгаажуулж авсан байна. Харин хөрөнгийн үнэлгээн дээр Батзаяа гэх шинжээч Б.Бат-Энхэд дэмжлэг үзүүлээд явах боломжтой. Энэ бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заагдсан байдаг. Нэхэмжлэгч тал хэтэрхий бага үнэлсэн гэж ярьж байна. Бага үнэлсэн гэдэг хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадсангүй. Цахим орчинд тавигдсан зарыг харж байна. Тэр зарыг би өнөөдөр ч тавих боломжтой. Хэдэн төгрөгөөр ч тавих боломжтой учраас нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Уг үнэлгээг 90 000 000 төгрөгөөр үнэлсэн нь мэргэжлийн эрх бүхий этгээд үнэлсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөрөнгийн үнэлгээ хууль ёсны үнэлэгдсэн гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг хэлнэ гэж заасан байгаа. 4.1.7-д "шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд" гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан байгаа. Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээчээр томилсон этгээд нь Б.Бат-Энхийг томилсон. Түүнээс биш Х-ийг томилоогүй. Б.Батзаяаг томилсон эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй, маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Батзаяа дүгнэлт гаргасан нь үнэн. Дүгнэлт хийхэд оролцсон нь хууль зөрчөөгүй гэж хэлж байгаа боловч шинжээчээр томилсон тогтоол байхгүй. Хариуцагчийн зүгээс томилсон гэж үзэж байгаа тогтоол дээр нь Б.Батзаяагийн нэр байхгүй. Сүүлд гараар нэмж бичсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж маргаж байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шинжээч нь тусгай мэдлэг бүхий байх, мөн дээр нь эрхтэй байх ёстой байдаг. Шинжээч нь өөрийнхөө эрхтэй болохыг баталсан нотлох баримтыг заавал ирүүлдэг. Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт шинжээчээр томилогдсон Б.Бат-Энх болон маргаан бүхий байгаа Б.Батзаяа нар шинжилгээ хийх эрх бүхий этгээд мөн үү гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй, тусгай мэдлэг эзэмшсэн болох гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хавсралт байхгүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т шинжилгээ хийх эрх бүхий этгээдийг заасан. Үүнд: Эрх авсан шинжээч гэж заасан байгаа. Тэгэхээр энэ эрх авсан гэдгийг баталсан баримт байхгүй байгаа нь энэ шинжээчийн дүгнэлт үндэслэл журмын дагуу гарсан эсэх асуудал өөрөө маргаантай болж хувирч байгаа. Б.Батзаяагийн хувьд эрх, үүрэг тайлбарлаж, танилцуулаагүй. Хариуцагчийн зүгээс Б.Батзаяаг шинжээчээр томилсон гэж маргаж байгаа, шинжээчээр томилсон тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.2-т зааснаар эрх үүрэг танилцуулж, хууль сануулах ёстой.
Өвийн асуудал шийдэгдэхээс нааш бусдын хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хүн 4 охинтой. Энэ хүүхдүүд бүгдээрээ өвлөх эрхтэй. Хэн ч өвлөж болно. Өвлөх эрхийн гэрчилгээ аваад нэр нь бичигдсэн тохиолдолд Ад ногдох хэсгийг яаж тодорхойлох юм бэ гэдэг асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хувьд С.А ногдох хувьд ажиллагаа явуулж байна гэж тайлбарлаж байгаа боловч энэ асуудал шийдэгдээгүй, тодорхойгүй. 4 охин нь нэмэгдээд 5 хүн болсон тохиолдолд өөрт ногдох хэсэг нь 20 хувь болж буурах юм уу гэдэг асуудал тодорхойгүй. Энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Дээр нь Иргэний хуулийн 520-д заасны дагуу төрсөн 4 охин болон өвлүүлэгчийн төрсөн эцэг, эх ч өвлөх боломжтой. Энэ асуудал 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа учраас шийдэгдээгүй хүлээгдэж байгаа. Иймд энэ үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр дуудлага худалдаанд оруулж байгаа нь үндэслэлгүй, боломжгүй. Өөрөөр хэлбэл өвлөх эрхтэй этгээдүүдийн эрхийг хөндөж байгаа асуудал байгаа. Энэ асуудал шийдэгдэхээс өмнө 2 хуваагаад зарчихлаа гэж бодоход ийм шийдвэр тогтоол байхгүй. Энэ хөрөнгөн дээр ажиллагаа явуулаад байгаа боловч энэ хөрөнгийн хэдэн хувь нь С.А гэдэг нь тодорхойгүй. Үлдсэн хэдэн хувийг нь өв залгамжлагч нар үлдээнэ гэдэг ч юм уу ийм асуудал тодорхойгүй байгаа. Гэхдээ эд нар тэрийг шийддэг байгууллага биш. Энэ асуудал хуулийнхаа дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоод улсын бүртгэлд бүртгэгдээд хамтран өмчлөгчөөр тогтоогдох асуудал энэ оны 05 дугаар сард шийдэгдэнэ. Гэтэл тэрнээс өмнө дуудлага худалдаанд оруулах гээд байна. Мөн барьцаатай байгаа. Үүнд талууд маргаангүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгө аль хэдийн гуравдагч этгээдийн буюу гуравдагч этгээдийн барьцаанд барьцаалагчийн эрхийг хамгаалаад улсын бүртгэлд бүртгэгдчихсэн. Ийм байхад дуудлага худалдаанд оруулаад дөрөвдэгч этгээдэд худалдан борлуулах, шилжүүлэх ажиллагаа хийгдэх боломжгүй. Үүнийг мэдсээр байж ийм ажиллагаа явуулаад л байгаа.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар юу тодорхой болж байна вэ гэхээр Б.Бат-Энхийг шинжээчээр томилсон байна. Гэхдээ шинжээчийн дүгнэлтийг хуулийн этгээдийн нэрээр ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл томилогдоогүй этгээд байна. Х-ИЙг томилсон юм болов уу гэж бодож байсан юм гэтэл хэрэгтэй танилцаад тогтоол болон үнэлгээтэй танилцахад шинжээч Б.Бат-Энхийг томилсон байна. Гэтэл шинжээчээр томилогдсон этгээдээс өөр этгээд буюу Х үнэлгээг ирүүлсэн будлиан байна. Хоёрдугаарт, томилогдсон Б.Бат-Энх дүгнэлт гаргаснаас гадна томилогдсон эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй, маргаантай байгаа Б.Батзаяа гэх этгээд мөн хамтран дүгнэлт гаргасан байна. Б.Батзаяаг яагаад тодорхойгүй, эргэлзээтэй маргаантай гэж үзэж байна вэ гэхээр шинжээч томилсон тогтоол дээр Б.Батзаяагийн нэр байхгүй атлаа танилцсан гэдэг дээр гараар нэмж нэрийг бичиж гарын үсэг зурсан байгаа. Дээр нь шинжээчид эрх үүрэг тайлбарлаж, хууль тайлбарласан баримт дээр Б.Батзаяа танилцаж гарын үсэг зурсан зүйл байхгүй. Тэгэхээр Батзаяаг хуулийн дагуу хийх эрхтэй гэж үзэж байгаа тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.2-т заасны дагуу эрх үүрэг танилцуулаагүй, хууль сануулаагүй этгээд дүгнэлт гаргасан. Тэгэхээр энэ этгээдийн дүгнэлтийг үндэслэл бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэн зөв гэж үзэх үндэслэл болохгүй байна. Гуравдугаарт, Б.Батзаяа болон Бат-Энх нар дүгнэлт гаргасан гэж байгаа боловч этгээд этгээдүүдийн тусгай эрхтэй болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нар өөрийн татгалзал, үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар баримтаар нотлоогүй. Энэ этгээдүүд Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу тусгай эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа учраас дүгнэлт хууль бус, үндэслэлгүй байна гэж харж байна. Дөрөвдүгээрт, өвийн асуудал яригдсан. Хариуцагч нарын зүгээс ногдох хувьд нь ажиллагаа явуулсан гээд байгаа боловч өнөөдөр Ад оногдох хувь тодорхой болоогүй. 4 хүүхэд нь өвлөгчөөр тогтоогдсон тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээнд 5 хүний нэр бичигдэнэ. Энэ тохиолдолд хэдэн хувь гэж үзэх вэ гэдэг асуудал үүснэ. С.Алмакулийн хувьд 4 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаатай гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс өвлөх эрхтэй хүүхдүүд байгаа гэдэг асуудал дээр маргаангүй байна. Энэ өвлөх эрхийн гэрчилгээ олгох асуудал 2024 оны 05 дугаар сард шийдэгдэхээр хүлээгдэж байгаа. Энэ асуудал шийдэгдээгүй байхад дуудлага худалдаанд оруулахаар үнэлүүлэх ажиллагаа хуульд нийцэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээ хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ю шүүх хуралдаанд тайлбар байхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээллттэй хорих ангийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Батхишигийн нас барсны гэрчилгээний хуулбар, Б.Энэрэл, Б.Энхрэл нарын төрсний гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 134/ШШ2023/00120 дугаар шийдвэр, хөрөнгийн үнэлгээний тайлан, фото зураг,
5. Хариуцагчаас: Хариу тайлбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 134/ГХ2023/00093 дугаар гүйцэтгэх хуудас, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 134/ШЗ2023/00600 дугаар захирамж, Говьсүмбэр аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 134/ШШ2023/00120 дугаар шийдвэр, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 23060180/02 дугаар тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хөндлөнгийн гэрчид эрх үүрэг танилцуулсан баримт, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, Эд хөрөнгө хураах тухай 2306180/04 дүгээр тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 23060180/05 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, С.Алмакулийн гаргасан үнийн санал, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Үнийн санал ирүүлэх тухай” мэдэгдэл, Ши Фэйгийн гаргасан үнийн санал, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Шинжээч томилох тухай” тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, итгэмжлэл зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А нь хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Ш холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
3.1. С.А-ийн хувьд 49 тоот орон сууцандаа 4 охины хамт амьдардаг. Нөхөр нь 2023 оны 05 дугаар сард нас барсан, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад хөрөнгийг үнэлж байгаа нь хууль бус, тухайн байрыг зах зээлийн ханшнаас доогуур буюу хямдаар үнэлсэн учраас үнэлгээ үндэслэлгүй, шинжээчээр Б.Бат-Энхийг томилсон болохоос Х-ийг томилоогүй. Б.Батзаяа нь дүгнэлт гаргасан гэх боловч шинжээчээр томилсон тогтоол байхгүй, гараар нэмж бичсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна, Б.Бат-Энх, Б.Батзаяа нар шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, Б.Батзаяад эрх, үүрэг танилцуулаагүй ...” тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
4.1. С.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 1901002195 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар багт байрлах 12 дугаар байрны 49 тоотод байрлалтай 48.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023.10.04-ний өдрийн 23060180/02 дугаар тогтоолоор битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023.12.06-ны өдрийн 23060180/04 дүгээр тогтоолоор хураасан, талуудаас үнийн санал авахад төлбөр авагч, төлбөр төлөгч нарын үнийн санал зөрүүтэй байсан тул 2023.12.08-ны өдрийн 23060180/06 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Х-ийн үнэлгээчин Б.Бат-Энхийг томилж, үнэлгээчинд эрх үүргийг танилцуулж, шинжээч томилох тухай тогтоолыг хүлээлгэн өгч, тэмдэглэл хөтөлсөн, гүйцэтгэх хуудас 2023.06.28-ны өдөр бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023.08.02-ны өдөр үүсгэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрхтэй байсан, хуульд зааснаар өөрт ногдох хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй хөндлөнгийн байгууллага болох Х-ийн үнэлгээчинг томилж үнэлүүлсэн, хөрөнгийн үнэлгээ хууль ёсны дагуу үнэлэгдсэн” гэж үгүйсгэсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр С.А-иас 34,327,950 төгрөгийг гаргуулж, БНХАУ-ын иргэн Ши Фей-д олгохоор шийдвэрлэж, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
Улмаар төлбөр төлөгч С.А-ийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр С.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 1901002195 дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12 дугаар байр, 49 тоотод байрлалтай, 48.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023.10.04-ний өдрийн 23060180/02 дугаар тогтоолоор битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023.12.06-ны өдрийн 23060180/04 дүгээр тогтоолоор хураасан байна.
Талуудад 2023.12.07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг үнэлэх үнийн саналаа ирүүлэхийг, тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар хөндлөнгийн үнэлгээчнийг томилж, үнэлгээ тогтоолгохыг мэдэгджээ.
Төлбөр авагч, төлбөр төлөгч нар зөрүүтэй санал ирүүлсэн учраас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 23060180/06 дугаар тогтоолоор Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Х-ийн үнэлгээчин Б.Бат-Энхийг томилж, үнэлгээчинд эрх үүргийг танилцуулж, шинжээч томилох тухай тогтоолыг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлжээ.
Хөрөнгийн үнэлгээний тайлан 2023.12.22-ны өдөр шуудангаар ирсэнийг төлбөр авагч, эд хөрөнгийн өмчлөгч нарт 2023.12.25-ны өдөр мэдэгдэж, нэхэмжлэгч нь 2023.12.26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэснийг зөрчөөгүй гэж үзлээ.
6. Талуудын маргааны зүйл нь миний өмчийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад хөрөнгийг үнэлсэн нь хууль бус, шинжээчээр Б.Бат-Энхийг томилсон болохоос Х-ийг томилоогүй, Б.Батзаяаг шинжээчээр томилсон тогтоол байхгүй, Б.Бат-Энх, Б.Батзаяа нар шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар баримтгүй ...” гэж,
шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Х-ийн үнэлгээчинг томилж үнэлүүлсэн, хөрөнгийн үнэлгээ нь хуульд нийцсэн” гэж тус тус маргана.
7. Хөрөнгө даатгал хохиролын үнэлгээний Х-ийн 2023.12.21-ний өдрийн 01/56 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12 дугаар байр, 49 тоотод байрлалтай, 48.84 м.кв талбайтай, орон сууцыг 90,913,322 төгрөгөөр үнэлжээ.
8. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.12.08-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 23060180/06 дугаар тогтоолоор Хөрөнгө, даатгал, хохиролын үнэлгээний Х-ийн үнэлгээчин Б.Бат-Энхийг томилсон боловч уг тогтоолыг үнэлгээчин Б.Бат-Энх, Б.Батзаяа нарт танилцуулж , гарын үсэг зуруулсан байна.
9. Хэрэгт авагдсан Хөрөнгө, даатгал, хохиролын үнэлгээний Х-ийн 2023.12.21-ний өдрийн 01/56 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд Б.Бат-Энх, Б.Батзаяа нар үнэлгээ хийсэн байхад үнэлгээчин Б.Бат-Энхэд эрх, үүргийг танилцуулсан тэмдэглэл үйлдсэн боловч Б.Батзаяад дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.”,
10.3.-д “Энэ хуулийн 10.2.-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, ...эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэж заасныг тус тус зөрчжээ.
Тодруулбал, шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур эрх бүхий этгээдээр хийлгэх ажиллагаа нь дээрх зүйлд заасан урьдчилсан нөхцлийг хангаагүй байна.
10. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно.”,
Үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11., 15 дугаар зүйлийн 15.1.-д “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно.” гэж тус тус заажээ.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд Х нь эрх бүхий байгууллагаас эрх авсан болон Б.Бат-Энх, Б.Батзаяа нарт хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.
11. Иймд, дээрх үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/56 дугаар үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
12. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2 өрөө орон сууц 110,000,000-120,000,000 төгрөгөөр борлуулагдаж байгаа гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.”,
44.4.-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу олон арга хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад хөрөнгийг үнэлүүлэхээр гаргасан шийдвэрт тухай бүрт нь гомдол гаргах журмыг хуульд нарийвчлан тусгасан байна.
14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12 дугаар байр, 49 тоотод байрлалтай, 48,84 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/56 дугаар үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Алмакулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Ш хорих ангиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ад олгосугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4.-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 134/ШШ2023/00120 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг С.А-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг Ш холбогдох Ү-1902002195 дугаарт бүртгэгдсэн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12 дугаар байрны 49 тоот, 2 өрөө, 48.86 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 90,913,322 төгрөгөөр үнэлсэн Х-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн болохыг Говьсүмбэр аймаг дахь Ш ангид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА