Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2024/00061

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2024/00061

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, овогт Б.М /РД:, ИБД:, утас: /

Хариуцагч: тоотод оршин суух, Б овогт С.Ц /РД:УК, утас: /

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: тоотод оршин суух, М овогт Л.А /РД:, ИБД:, утас: /

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: тоотод оршин суух, Б овогт Н.Х /РД:, ИБД:, утас: /

 Нэхэмжлэлийн шаардлага: тоот хаягт байрлах, гэр бүлийн эзэмшлийн зориулалттай, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох үндсэн

хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан нийт 56,963,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага,

76 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулах,

үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ..............

Түүний өмгөөлөгч ...............

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................

Түүний өмгөөлөгч ...............

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .....................

Шинжээч ................

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .........................

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч .................... түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... өмгөөлөгч .................. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. ................ миний бие нь 2022 онд Говьсүмбэр аймагт гэр бүлийн хамтаар шилжин ирсэн. Эхнэр ..................... нь талх нарийн боовны чиглэлээр 2004 оноос хойш тасралтгүй 8 жил ажилласан туршлагатай тул үүнд тулгуурлан өрхийн орлогоо нэмэгдүүлэх болон аймгийн бренд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор шилжин ирсэн. Манай гэр бүл нь ээж Цэвэлмаагийн хамтаар Хорих 75-2-27 тоотод амьдардаг байсан ба УБТЗ-ын Орон сууц ашиглалт үйлчилгээний 2-р ангид сарын 200,000 төгрөгөөр өрөө түрээслэн эхнэр, ээжийн хамтаар талх нарийн боовны “Мандах ундарга бейкери”-ийг ажиллуулж, Говьсүмбэр аймагт байрлах дэлгүүрүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа маань хэвийн явагдаж байсан. 2013 оны өвөл ээжийн найз болох ................ нь “манайх 2001 онд хот руу шилжихдээ эзэнгүй орхисон ХБ-20-2 тоотод байрлах эзэмшлийн газар бүхий объект байгаа. Одоо бүр эзэнгүйдээд тоногдоод балгас болсон байх, та хэд нэгэнт орон сууцанд түрээс төлж байгаа юм чинь тухайн түрээсийн мөнгөөрөө миний балгасыг засвар үйлчилгээнд оруулаад үйл ажиллагаагаа явуул, бас нэг хэсгийг нь засаад амьдар, дараа нь тодорхой хэмжээний үнэ хөлс өгөөд, нэр усаа шилжүүлж авна биз гэж санал тавьсаны дагуу тухайн эзэмшлийн газар бүхий объектыг засварлан орсон.

Энэхүү эхний ээлжийн засвар үйлчилгээнд 12 сая төгрөг зориулагдсан байдаг. Ингээд засвар үйлчилгээ, 380В-ын техникийн нөхцөлийг ёс журмын дагуу бүрдүүлснээр 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цехийн үйл ажиллагаа ХБ-20-2 тоотод эхэлсэн. 2015 онд үнэ хөлсөө 15 сая төгрөг дээр тогтсон ба худалдан авах гэрээг “Хас банк”-ны зээлээр төлбөрийг төлнө гэсэн утгатай байдаг ба “Бидний үнэлгээ өндөр байх тусам зээл өндөр гарах боломжтой байдаг” гэсэн тайлбар хийн анхны үнийг өсгөн 45 сая төгрөгөөр гэрээ хийсэн.

Гэрээний нөхцөлийн дагуу “Хас банк”-ны мэргэжилтэнд хандахад зөрчлүүд илэрсэн. Үүнд: Газар эзэмших гэрчилгээ нь хаягийн зөрчилтэй байхад ХБ-20-2 тоот хаяг дээрх нэгж талбарын код бүхий 1263 м² газрын гэрчилгээ нь 3-р баг Хайгуулчны 2-11Б гэсэн хаягаар гарсан байсан ба дахин засварлах болон төвийн шугамтай холбогдоогүй мөн төвөөс зайдуу байгаа тул зээл гаргах боломжгүй зөрчлөө арилгасан ч 8 саяас хэтрэхгүй гэсэн хариу өгсөн тул ....................... нь газар эзэмших гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримтыг аван хот руу буцсан. 2015 оноос 2021 оны хооронд ................... нь ээжийнд маань нэг сар, хоёр сараар ч хамаагүй ирэн очин байдаг байсан ба ирэх бүрт нь газрын гэрчилгээний зөрчлийг арилгаад мөнгө төгрөгөө ав гэсэн шаардлагыг миний зүгээс байнга тавьдаг байсан ч ямар нэгэн шалтаг шалтгаан тоочихгүйгээр “Яваандаа болно” гэсэн хариуг өгдөг байсан.

.................. нь 2019 онд хэдүүлээ нэгэнт үнээ тохирсон юм чинь төлбөрөө бага ч болтугай өгөөч охин Номинсувд маань Солонгос улсад ажиллах гээд визний мөнгө олдохгүй байна гэж ярьсны дагуу нийт 1.2 сая төгрөг “Байрны төлбөр, зээл” гэсэн утгатай шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сард ................. нар нь “танай газрыг бид 40 сая төгрөгөөр авсан гээд өмчлөлийн нэр шилжсэн объектын гэрчилгээтэй орж ирсэн. Бидэнд урьдчилан сануулж мэдэгдэхгүйгээр С.Цэлмэг нь объектоо зарсан байсан. Энэ тухай ............... утсаар тодруулахад “Би хүү ..............т шилжүүлсэн, одоо та нар хүүтэй маань учраа ол” гэсэн хариуг өгсөн. ............ нь хүүгийн хамт Говьсүмбэр аймагт ирсэн ч уулзаагүй төдийгүй надад эрүүгийн хэрэг үүсгэн гомдол гаргасан байсан. Энэхүү гомдол нь үндэслэлгүй гээд прокурор дээр татгалзсан хариу гарч хаагдсан. ХБ-20-2 тоотод амьдрах хугацаандаа орчны тохижилтыг хийн газартай холбоотой төлбөр тооцоог тухай бүрт нь хийж амьдарч байсан.

 

2001 оноос хойш ашиглагдаагүй орхигдож тоногдсон балгас болсон объект бүхий эзэмшлийн газрыг ............... санал тавьж, нэрээ шилжүүлнэ гэсний дагуу засвар үйлчилгээ хийн 7 жил амьдарсан байна. 10-аад жил эзэнгүй байгаа уг байшинг анх  очиж үзэхэд үнэхээр хүн амьдарч байгаагүй нь илт хашаа нь нурсан, цонх хаалгыг нь тоосгоор бөглөсөн дотор талын хана нь нурсан, дээврээс нь ус гоождог, шууд орж амьдрах боломжгүй байсан. 2012 онд өөрт байсан бүх мөнгөөрөө маргаан бүхий газар буюу ................... засан сайжруулж орсон. Маргаан бүхий Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 1-р баг ХБ-20-2 тоот 114 м² хувийн орон сууц болон орчны тохижилтод нийт 56,100,000 төгрөгний зардал гарсан. Уг зардал нь барилгын материалын зардал, засварын ажлын хөлс, техник түрээсийн төлбөрт зарцуулагдсан төлбөр. Миний хувьд ............. гуайд итгэж өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч буй орчныхоо эргэн тойрныг засаж сайжруулж, өөрөөсөө их зарлага гаргасан төдийгүй зарцуулсан цаг хугацааг үнэлэх боломжгүй юм.

Иймд, Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 1-р баг ХБ 20-2 тоот хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан 56.100.000 төгрөгийг гаргуулах ба нэхэмжлэлийн шаардлагыг 863,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа.

 

.................... гуай анх 2013 оны 09 дүгээр сарын сүүлээр манай ээжийнд ирж танилцуулаад, тэр газар луу бид нар очиж үзээд, хоорондоо тохиролцсон. Тухайн үед очиход байсан зураг, нотлох баримтууд бүгд байгаа. Тийм байхаас нь өдий хүртэл явахад маш их зардал гардаг юм билээ.

Иргэн ..................... нь Улаанбаатар хотоос 2012 онд гэр бүлийн хамтаар Говьсүмбэр аймаг руу шилжиж ирсэн байдаг. Хариуцагч ................... гуай, нэхэмжлэгчийн ээж нар 30 гаран жил найзалсан сайхан найзууд байсан. Хүүхэд нь Говьсүмбэр аймагт ирсэн. Нарийн боовны цех ч юм уу, гэр бүлийн юм хийж амьдаръя, хашаа авах талаар асуудлыг .............. гуайд ярьсан байдаг. Өнөөдрийн энэ маргааныг хүртэл .............. гуай Говьсүмбэр аймагт ирэх болгондоо нэхэмжлэгчийн ээж ............ байнга ирдэг, сайхан ярьж хөөрч хонодог ийм сайхан настай хүмүүс байсан юм билээ. ................ гуай тухайн үед сайхан сэтгэл гаргасанг үгүйсгэхгүй. 2001 онд Улаанбаатар хот руу шилжихдээ үлдээсэн газар байгаа. Газар дээр балгас шахуу болсон, та хэд тэрийг засаж сайжруулаад амьдар. Нарийн боовны цех ажиллуулах гэж байгаа бол эгч нь дэмжье гэдэг байдлаар худалдах, худалдан авах гэрээ хийгээд энэ хүмүүсийг оруулсан байдаг. Зээл, зээлийн асуудал яригдаад, худалдах, худалдан авах гэрээг хийчихээд байж байсан. ............ гуайн зүгээс өмчлөх хүсэлтээ давхар гаргачихъя. Газрын өмчлөх асуудлаа цаашаа тавиад амьдарна уу, үйл ажиллагаагаа явуулах эсэхээ өөрсдөө мэд гэдэг байдлаар энэ хүмүүсийг оруулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ газрыг ................... нэр дээр шилжүүлж өгнө гэсэн хүсэлтийг тухайн үед Говьсүмбэр аймгийн Газрын албанд гаргасан байдаг. Ийм нөхцөл байдлаар анх энэ хүмүүс өнөөдрийн маргаан бүхий, маргаан бүхий объектод ажиллаж амьдарч эхэлсэн. 2001 оноос хойш хэн ч амьдрахгүй, хэн ч байхгүй байсан тул засан сайжруулж байж л хүн амьдарна. Үүнээс биш  балгас болсон, шил толь нь хагарсан, байшин барилгыг онгорхой чигээр нь хүн амьдарна гэж байхгүй учраас засан сайжруулсан. Энэ засан сайжруулсантай холбогдуулан 56,863,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 18,188,130 төгрөг болгон багасгаж байна.

 Хэрэв анхнаасаа бусдад худалдах зорилготой байсан бол ажиллуулна уу, амьдарна уу гээгүй байсан бол энэ хүмүүс тухайн үедээ өөр газар аваад, хашаанд ч юм уу 5 ханатай гэр бариад амьдраад, түрээслээд ажиллуулж болох л байсан. Гэтэл ............... гуайн буруу гэж юу байхав. Тухайн үедээ найз нөхдийн хүүхдүүдийг тусалж дэмжих санаатай энэ асуудлыг ярьсан байх. Нарийн боовны цехийг нь нээгээд бүгдээрээ тууз хайчилж байгаа зураг хавтаст хэрэгт байдаг. Амьдраарай гэхээр нь энэ хүмүүс өнөөдрийг хүртэл амьдарсан. Нэхэмжлэгчийн хувьд том машин засдаг, хашаагаараа том машин оруулаад засаад, өнөөдөр өөрийнхөө хэмжээнд тэр объектийг засаж сайжруулаад байж байгаа. Түүнээс биш зүгээр нэг хүний юман дээр худлаа яриад, хулгай хийж суусан асуудал байхгүй.

2-т 2013 оноос хойш засан сайжруулсан  баримтаараа мөнгө шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж хариуцагч тал ярьж байна. Тэгж ярих юм бол үнэхээр хуурч мэхэлсэн хүн нь хэн юм бэ, тэндээ тэгээд амьдарч бай гээд манаачаа хийлгээд байсан юм биш үү. ............. тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод нэхэмжилье гээд явж байсан. Бүгдээрээ л мэдэж байгаа байх. Гэхдээ өнөөдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй. 2013 онд хийсэн ажлынхаа, засвар үйлчилгээ хийсэн мөнгөө нэхэхгүй бол энэ хүмүүс өөр юуг гаргаж ирэх юм энэ хүмүүс. Засаж сайжруулаад амьдарна уу гэхээс засаж сайжруулахгүйгээр амьдрахгүй. Яваандаа газрын өмчлөх эрхээ гаргаж аваад өргөжүүлье гэдэг зорилготой байж байсан. Олон нялх хүүхэдтэй айл. Та нар мэдэж л байгаа. Боломж бололцоо нь болохгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. 2013 оны элэгдэл, хорогдол гэдэг юм яриад байх юм. Байгаа бүх нотлох баримтуудаа гаргаж ирээд  ярьж байгаа болохоос биш ямар ч нотлох баримтгүй, үйл баримтгүй зүйлийг санаанаасаа зохиогоод яриад байгаа юм биш. Хамгийн гол нь засан сайжруулаад амьдарна гэх юм бол газрын албанд хүсэлтээ гаргаад өмчлөөд авах боломжтой байсан. Энэ хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт маргаан гаргана гэж мэдээгүй өдийг хүрсэн байх. Зарагдаад, гуравдагч этгээдүүд худалдаад авчихсан энэ асуудал үүсээд байгаа. Гагцхүү засан сайжруулахад зарцуулсан мөнгөө нэхэмжилж байгаа. 

Харин газрын шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ асуудлыг шийдсэн учраас шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Нэгэнт үйл баримтыг шийдвэрлэсэн учраас дахин маргахгүй гэв.

 

2. Хариуцагч ............... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ...........  өмгөөлөгч ............ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1. .............. миний бие ............... ээж ............. 1985 оноос эхлэн Говьсүмбэр аймгийн хорих ангид хамт ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл найз нөхдийн харилцаатай байгаа билээ. 2001 онд миний нөхөр ............ нас барсны дараа 2002 онд манай гэр бүл Улаанбаатар хотод шилжин ирж амьдарсан. Түүнээс хойш бидний Говьсүмбэр аймаг дахь ХБ-20-2 тоотод байрлах объект маань эзэнгүй байсан. Тухайн үед найз гэх ............... нь Говьсүмбэр аймаг дахь “Геологи-ийн байранд нарийн боовны цех түрээслэн ганцаараа үйл ажиллагаа явуулдаг байсан. Түүний тухайн үед хэлсэнээр бэр нь олон жил дараалан хүүхэд төрүүлсэн учир өөрт нь туслах хүнгүй, түрээсийн төлбөр төлөх хүнд, их ядардаг гэсэн тул өөрийн найзад туслах гэсэн сэтгэлээр 2015 оноос өөрийн хоосон байгаа объектод оруулах талаар ............. аман хэлцэл хийж 30,000,000 төгрөгөөр худалдан авах, өгөхөөр тохирч, түрээсийн төлбөр маягаар хуваагаад төлөхөөр яриад оруулсан. Манай тус объект нь 2015 онд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 96.645.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. .......... тусалж, өөрийн объектод оруулсаны дараагаас миний объектыг хөгшин настай намайг залилан мэхэлж, өөрийн болгох санаа агуулж байсан нь түүний дараах үйлдлүүдээс харагдаж байна.

Үүнд: Тэрээр намайг юм мэдэхгүй хүнийг далимдуулж хууран мэхэлж, 2015 онд “Хас банк”-д миний нэр дээр миний бичиг баримтыг ашиглан, миний объектыг барьцаалан зээл авч, надад манай объектыг худалдаж авч байгаа гээд ярьж явсан. Одоо бодоход би өөрөө зээл аваад өөрийн зүйлийг худалдаж авна гэж юу байх вэ? Миний нэр дээр авсан зээлийг энэ хүн төлөхгүй тохиолдолд би тэр зээлийг хариуцаж төлөх болно. Миний объектод үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас их хэмжээний засвар үйлчилгээ хийсэн гэж хэлдэг боловч, энэ нь мөн худал зүйл юм. 2015 он болон 2021 оны  харьцуулсан зурагт харагдаж байгаагаас үзэхэд нэмж ямар нэг юм хийгээгүй, өөрсдийн нарийн боовны цехийн тоног төхөөрөмж суурилуулж, ажиллаж байгаад одоо байхгүй болсон, харин ч 20 тонны  ёмкость байсныг дураараа хулгайлж хүнд зарсан. 380 квт хүчдэлийн тогтой, тогны шон хашаанд байсныг байхгүй болгож өөр газарт зөөвөрлөсөн. Бүх тоосгон хашаа, хаалга нурсан байна. ............... нь өөрөө надад Би таны 20 тонны ёмкостийг зарсан нь үнэн, уучлаарай би танд мөнгийг нь төлнө” гэж эхэлж хэлсэн боловч тэр хүнээс чинь одоо очиж авъя гэхэд “Би танд үнэнээ хэлье, би машины тэвш хийсэн юм” гэсэн. Тэр ёмкость нь зах зээлийн ханш нь 10.000.000 төгрөг юм. Түүний төлбөрийг төлнө гэж хэлээд надад 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны миний дансаар 500.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 700.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл энэ шилжүүлгийн утга дээр нь “Байрны хөлсөнд” гэж тушаасан байна. Би сүүлд энэ маргаан үүсэх үед банкны хуулга авахдаа энэ талаар мэдсэн. Энэ үйлдлээс харахад намайг залилж, энэ объектыг өөрийн болгох төлөвлөгөөтэй байсан нь шууд харагдаж байна. Миний объектыг 7 жил огт мөнгө төлөлгүй, түрээсийг төлбөргүй, ашиглалтын төлбөргүй ашиглахдаа .............. нь их хэмжээний ашиг олж бусдад автомашины гаражийг ашиглуулах, байнгын том машины гагнуурын ажил засвар хийж байсан ба иргэдэд “Би 27 сая төгрөгөөр худалдаж авсан, миний өмчлөлийн газар” гэж худал хэлж байсан ч удаатай. Миний бие нь иргэн ............. 7 жилийн хугацаанд улирал бүр мөнгөө төлөөрэй гэж шаардаж ирсэн байдаг бөгөөд надад огт мөнгө төлөөгүйгээр барахгүй, 2019 онд залгаж мөнгөө нэхэхэд ...та чинь юу яриад байгаа юм бэ, та харин надад мөнгө төлөх ёстой шүү  гэж үндэслэлгүй юм ярьсан тул би маш ихээр бухимдаж, дахин холбогдож ярих хүсэлгүй, итгэлгүй болсон. Намайг залгасан ч утсаа авахаа больсон. Миний бие нь энэ урт 7 жилийн хугацаанд .............. мөнгөө төлөхийг хангалттай хүлээсэн бөгөөд УБ хотод амьдрах газар, байртай болохын тулд арга буюу өөр хүмүүст объект, газраа зарсан болно. Миний бие энэ хугацааны туршид хүний өмчлөлийн газар дээр, гэрт амьдарч байна. Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд миний бие өөрийн найзад туслах гэсэн сайхан сэтгэлийн хариуд бусдад мэхлүүлж, өөрийн зүйлээ одоо авъя гэхэд их хэмжээний доромжлол амсаж, гүтгүүлж байгаад их гомдолтой байна. Би энэ хүмүүст ямар нэг өр төлбөргүй, өөрийн объектыг үнэгүй өгөх өргүй хүн болно. Хүний зүйлийг авах албатай мэт ийм үйлдэл гаргаж байгаад үнэхээр гайхаж байна. Эцэстээ найз хүн нь найз биш болж “Мөнгө цагаан, нүд улаан” гэгчээр ............... нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр над руу дарамталсан, миний талийгаач нөхрийг хорихоос хулгай хийсэн хүн гэж хэл амаар доромжилсон мессэж илгээн гүтгэж эхэлсэн. Иймд, би иргэн Б.Мөнхбаяраас дараахь зүйлийг нэхэмжилж байна.

Үүнд: 7 жил газар болон объектыг ашиглаж, нарийн боовны цех ажиллуулж, амьдарч байсаны төлбөрт нэг сарын 800,000 төгрөгөөр тооцож, нэг жил 9.600.000 төгрөг, ёмкость алга болгосны үлдэгдэл төлбөрт 8,800,000 төгрөг, нийт 76,000,000 төгрөг нэхэмжилж байгаа.

Уг газрыг манайх эргэж тойроод явж л байсан. 2001 оноос хойш балгас байгаагүй. Мөнгөө өгч чадахгүй хичнээн жил болсон. Та нарыг тохижуулаад амьдар гэсэн зүйл байхгүй. Цэвэлмаа эгч, ээж хоёр ярьж хөөрсөн. Та нарт итгээд нарийн боовноос гарсан мөнгийг авна гэж тохирсон. Мөнгөө өгөхгүй хэдэн сар болж байгаагаа тооцож байгаа юм уу, энэ олон жил болж байж 50,000,000 төгрөгөөр засвар хийгээд, 30,000,000 төгрөгөө гүйцээчихсэн бол ийм юм болохгүй. Урьдчилгаа ямар ч мөнгө аваагүй хичнээн жил болоод арга ядаад гуравдагч этгээд нарт зарсан. Нэхэмжлэгч талаас 56,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад 56,000,000 төгрөг болсон гэдгийг сайн ойгохгүй байгаа. Дандаа дүн нь таардаггүй. Падаанууд дээр сайн ажилласан гэж өөрийгөө үзэж байгаа. Дүнгээ нэгтгээд баримтаар үзэхээр эхний гаргаж өгсөн материалууд дээр 7,766,480 төгрөг болж байгаа. Цонхны үйлчилгээ, шавардлага гээд энэ нь 7,287,400 төгрөг, сүүлд 863,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингээд нийт 15,570,980 төгрөгийн падаан материал байдаг. Нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримт үнэн зөв, бодитой байх ёстой. Манайх 2012-2013 онд Чойрт ирээд засан сайжруулсан. 2013 онд цонхоо хийж орсон гэх баримт байгаа. Үзлэг ч хийсэн. Байрны байдал нилээн хуучирсан, дахиж засвар хийх үү, өмчлөгч нар нь энэ байранд орвол амьдрах ямар ч боломжгүй. Обой нь хууларсан, зохих байдлаар бохирлогдсон, үргэлжлүүлэх нөхцөл байдал үзлэгээр тодорхой болсон. Элэгдэл хорогдлын асуудал тодорхой байдлаар яригдах ёстой. 2013 онд авч байсан цонх 11 жил болсон байхад элэгдээд, хорогдоод дууссан байх ёстой. 2013 оны падаанаараа нэхэмжилж байгаа нь шударга биш гэж үзэж байгаа. Бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Үнэхээр тэр цонх байгаа бол 11 жил хэрэглэсэн элэгдэл, хорогдлоо хасаж тооцох ёстой. Энэ нөхцөл байдлаа нотлох ёстой. 2013 онд 800,000 хэдэн төгрөгөөр авчихаад 2024 онд 800,000 төгрөгөөрөө нэхээд байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. 800,000 төгрөгөөр энэ цонх үнэлэгдэхгүй. Нотлох баримтуудын хувьд аваад үзвэл 15,000,000 төгрөгөөс яагаад ч дээшээ гарахгүй. Падаан дээр сонин сонин юмнууд, зарим нь мэдэгдэхгүй, тэгсэн мөртлөө тосол, дизель түлш, сангийн засвар үйлчилгээнд хамааралгүй зүйлүүд байдаг. 2-т эдгээр засвар үйлчилгээг 2014 оноос хойш хийлгээд 10 жил болсон байна. Бүх юм хорогддог. Элэгдэл, хорогдол тооцох ёстой. Өөрсдөө тооцоод, нэхэмжлэлийг бодитой байдлаар гаргах ёстой. Дээврийн, сангийн холболтууд элэгдэх нь тодорхой. Бид нар 4-5 жил болоод сангийн бойлуураа сольдог. Засан сайжруулсан байдаг юм байж. Гэхдээ  цонх, хаалга нь нилээн муудсан, түгжээ нь ажиллахгүй, хуучирсан байсныг бүгдээрээ харж үзсэн. Энэ байдлаас авч үзвэл 15,000,000 төгрөг бодит байдал дээр бий болох боломжгүй ийм нөхцөл байдал үүссэн. Энэ орон сууцны өмчлөгч нар 2021 онд  өөрчлөгдөөд гуравдагч этгээд нар болсон. ................ гэдэг хүнээс нэхэж байгаа. Энэ хүн бол орон сууцыг .................... нарт худалдан борлуулсан байдаг. 50,000,000 төгрөгийн хариуцагч болох үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, өмчлөгч биш. Өмчлөгч нь объектын засан сайжруулалтын үйл явцыг хариуцах үндэслэлтэй. Тэгэхээр өмчлөгч биш учраас энэ нэхэмжлэлийн шаардлагын жинхэнэ хариуцагч биш учраас .............т холбогдуулж гаргасан 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ............. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

3.1. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1-р баг, Хувийн байр 20-р байр, 01 тоот хаягт байршилтай 114 м² талбай бүхий орон сууцыг 750 м² талбай бүхий эзэмших газрын хамт иргэн ............ худалдан авсан.

Хариуцагч ............. сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэгч ............ газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2023.03.21-ний өдрийн 113/ШШ23/0003 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/Ш32023/1226 тоот захирамжаар давж заалдах гомдлыг буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Бид тус орон сууцыг худалдаж авснаас өнөөдрийг хүртэл 2 жил өнгөрч байгаа ба хариуцагч ............ нь энэ хугацаанд бидний орон сууцанд хууль бусаар, үнэ төлбөргүй амьдарч биднийг тус орон сууцанд амьдрах, ажил бизнес эрхлэх бүхий боломжийг хааж байгаа тул хариуцагч ........... гэр бүлийн хамт Сүмбэр сум, 4-1р баг, Хувийн байр 20-р байр, 01 тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулах нэхэмжлэл гаргасан.

           

Уг байрыг худалдаж аваад 2 жил 3 сар болж байна. Анх авсны дараа залгаад утсаа авахгүй байхаар нь мессеж бичсэн. Зээл, өр тавиад байр авсан учраас үнэгүй байлгаж чадахгүй тул түрээс төлөөрэй гээд хэлсэн боловч хийгээгүй. Залгахаар өөрсдөө утсаа авдаггүй. Сар болгон түрээсийн төлбөр гэж мессеж бичиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нийт 17,400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт 114 м2 талбайтай байрыг тэр чигт нь эзэмшиж байгаа. Үзлэг хийхэд байсан хуучин юмнуудыг чөлөөлж авах гэхээр чөлөөлж өгдөггүй. Ядаж ашиглахгүй байгаа талбайгаа авах гэхээр өгдөггүй. Газар дээр байнгын үйл ажиллагаагаа явуулж байсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дараа нийтийн эзэмшил рүү гаргаж тавьсан байсан. Хэрвээ энэ байраа худалдаж авсаны дараагаар өөр хүнд түрээсэлсэн бол энэ хэмжээний орлогыг олох байсан. Энэ айл энэ хэмжээний байр, газарт амьдарч, үйл ажиллагаа явуулсан бол энэ хэмжээний зардал өөрсдөөс нь гарах байсан гэж тооцоолоод, энэ үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Анх 2021 оны 9 дүгээр сард ............... “манай өмчийн байранд амьдарч байгаа тул байрны түрээсийн гэрээ байгуулъя” гэж утсаар мэдэгдсэн боловч байгуулаагүй тул сар бүрийн эцэст өөрийнх нь эзэмшдэг 96049811 тоот утанд түрээсийн мөнгө нэхэж мессэж явуулж ирсэн.

........... нь миний явуулсан мессэжүүдийг хүлээж авч, түрээсийн мөнгө нэхэж байгаа гэдгийг ойлгосон гэдэг нь Сүмбэр сумын Засаг даргын 2021.11.12-ны өдрийн А/637 тоот албан тоотоос харахад нотлогдоно. Мөн иргэний хэргийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь “...Н.Х нь түрээсийн мөнгө нэхээд байна ...” гэж хэлж байсан зэргээр нотлогдоно.

2021 оны 10, 11, 12-р сар, сар бүр 500,000 төгрөгөөр тооцож, 2021 онд нийт 1,500,000 төгрөг, 2022 оны 1-8 дугаар саруудад сар бүр 500,000 төгрөгөөр,

Орон нутагт байр, орон сууцны болон түрээсийн төлбөр нэмэгдсэн тул 2022 оны 9-12 дугаар саруудад сар бүр 700,000 төгрөгөөр тооцож, 2022 онд нийт 6,800,000 төгрөг

2023 оны 1-11 дүгээр саруудад сар бүр 700,000 төгрөгөөр тооцож, 7,700,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг,  

Мөн 2021.10.01-ний өдрөөс 2023.11.30-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсан гэж үзэж, орон сууцанд амьдарсан хөлс, манай эзэмшлийн газар дээр том оврын автомашинуудыг байршуулан том оврын машины засвар, гагнуур хийж, байнгын орлого олж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,400,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 17,400,000 төгрөгийг гаргуулна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт, “Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, нэхэмжлэх 3 хуудас, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 107 дугаар прокурорын тогтоол, “БЗӨБЦТС ТӨХК”-ийн Говьсүмбэр салбарын тодорхойлолт, албан бичиг, хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, фото зураг, Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 113/ШЗ2022/0027 дугаар захирамж, “ОСО констракшн” ХХК-ийн албан бичиг, зарлагын баримт /13 хуудас/, зарлагын баримт /2 хуудас/,

 

5. Хариуцагчаас: Хариу тайлбар, “Итгэлт Бээс” ХХК-ийн үнэлгээний тайлан, түүний хавсралтууд, сөрөг нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, итгэмжлэл,

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ................нараас: Итгэмжлэл, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 113/ШЗ2023/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШЗ2023/1226 дугаар захирамж, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мессеж чат, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/637 дугаар албан бичиг, түрээсийн гэрээ, автомашины гаражийн түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ,

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх: Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 01/425 дугаар албан бичиг, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, фото зураг, ”Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны Говьсүмбэр салбарын захирлын албан бичиг, “Хас банк” ХК, “Төрийн банк” ХК, “ХААН банк” ХК-ийн Говьсүмбэр салбарын захирлын албан бичгүүд, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын албан бичиг, “БЗӨБЦТС ТӨХК”-ийн Говьсүмбэр салбарын даргын албан бичиг, Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт, түүний хавсралтууд, Сүмбэр сумын Засаг даргын албан бичиг, Сүмбэр сумын 1 дүгээр багийн дэлгэрэнгүй бүртгэл, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 01/22, А/03 дугаар албан бичиг, шинжээчийн дүгнэлт, нэгж талбар болон барилгын хэмжилтийн үр дүн, шинжээчийн дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэргийг шүүх тус тус бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

3. Нэхэмжлэгч .............. нь хариуцагч .............. холбогдуулан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Хувийн байрны 20-02 тоот хаягт байрлах, гэр бүлийн эзэмшлийн зориулалттай, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох үндсэн,

Хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан зардал нийт 56,963,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

 

4. Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ........... холбогдуулан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Хувийн байрны 20-02 тоот хаягт байрлах, гэр бүлийн эзэмшлийн зориулалттай, 1263 м2 газрын шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

5. Хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан зардал нийт 56,963,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

 

6. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... 2013 онд ................ нь манайх 2001 онд хот руу шилжихдээ эзэнгүй орхисон ХБ20-2 тоотод байрлах эзэмшлийн газар бүхий объект байгаа, эзэнгүйдээд, тоногдоод балгас болсон байх, түрээсийн мөнгөөрөө миний балгасыг засвар үйлчилгээнд оруулаад үйл ажиллагаа явуул, бас нэг хэсгийг нь засаад амьдар, дараа нь тодорхой хэмжээний үнэ хөлс төл гэж хэлсэн учраас бид уг хашаа, орон сууцыг засварлаж ороод, нарийн боовны цехээ хүртэл нээж байсан учраас хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан зардлаа гаргуулна гэжээ.

 

7. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

Найздаа тусалж өөрийн объектод оруулсан, 2015 он болон 2021 оны харьцуулсан зургаас харахад нэмж ямар нэгэн зүйл хийгээгүй, өөрсдийн нарийн боовны цехийн тоног төхөөрөмжөө суурилуулж, ажиллаж байгаад одоо байхгүй болсон, ...шүүхийн шийдвэр яаж ч гарсан нэг ч төгрөг өгөхгүй, ... зардлын тооцоолол зөрүүтэй байна гэж тайлбарлана.

 

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Уг объектыг Сүмбэр сумын Засаг даргын 2015.01.12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар ................ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг шилжүүлжээ.

 

Улмаар ............. нь 2014 оноос эхлэн гэр бүлийн хамт амьдарч, 2015.04.12-ны өдөр нарийн боовны цех ажиллуулж эхэлсэн байна.

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021.11.09-ний өдрийн А/226 дугаар захирамжаар ........... нь газар эзэмших эрхийг ................ 8 жилийн хугацаатай шилжүүлж,

2021.09.09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээгээр Сүмбэр сумын 1-р баг, ХБ 20 дугаар байр 01 тоотыг орон сууцыг ................... нар нь .............. нараас худалдан авчээ.

 

 9. Талууд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй. Харин засвар хийсэн, гарсан зардал, газар, байрыг түрээслүүлсэн болон үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар маргана.  

 

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2.-д “Шударга бус эзэмшигч эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь эрх бүхий этгээдэд орох ашгийг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Энэхүү шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнэ болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй байна.” гэж заасныг үндэслэн хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан зардлаа шаардана.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь “... нийт 15,570,980 төгрөгийн падаан материал байдаг, нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримт үнэн зөв, бодитой байх ёстой, байрны байдал нилээн хуучирсан, дахиж засвар хийх үү, өмчлөгч нар нь энэ байранд орвол амьдрах ямар ч боломжгүй, элэгдэл хорогдлын асуудал тодорхой байдлаар яригдах ёстой, 15,000,000 төгрөг бодит байдал дээр бий болох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ орон сууцны өмчлөгч нар 2021 онд өөрчлөгдөөд гуравдагч этгээд нар болсон. Өмчлөгч нь объектын засан сайжруулалтын үйл явцыг хариуцах үндэслэлтэй тул ................ нь өмчлөгч биш учраас энэ нэхэмжлэлийн шаардлагын жинхэнэ хариуцагч биш” гэж маргана.

 

11. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нийт 56,963,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 18,188,130 төгрөг болгон багасгасан болно.

 

12. Хэрэгт авагдсан объектын гадна, дотор талын фото зураг, 2013 оны объектын фото зураг, 2015 оны засвар үйлчилгээ эхлэх үеийн фото зураг, Зарлагын баримтууд, ОСО констракшн” ХХК-ийн зарлагын баримт, гэрч Баянцогт, Түмэнбаяр, Насанбат нарын мэдүүлэг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, объектын гадна, дотор талаас, нарийвчилж авсан фото зургууд зэргээр тухайн орон сууцанд засвар хийсэн болох нь тогтоогдож байх тул 14,094,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Үүнд:

 

 - “ОСО констракшн” ХХК-ийн баримт-1,847,400 төгрөг.

  • Зарлагын баримт:

184,000+120,000+200,000+360,000+430,000+52,000+2,714,100+12,000+50,000+983,000+30,000+178,000+458,000+116,400+242,500+1,040,000+73,000+740,600+17,300+19,500+100,000+122,500+420,000+42,000+95,000+180,000+517,000=9,496,900 төгрөг.

/Тайлбар: “Ав шүтээн” ХХК-ийн зарлагын баримтын 900,000 төгрөгийг 120,000 төгрөгөөр, 3,331,100 төгрөгийг 2,714,100 төгрөгөөр тус тус тооцсон, мөн нэхэмжлэгч, хариуцагч нараас тодруулсан болно./

-Гэрч ...................... нарын мэдүүлгээр: 150,000+1,100,000+1,500,000=2,750,000 төгрөг. Нийт: 14,094,400 төгрөг.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д “ ... шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, ..., хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно.” гэж заажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг өөр этгээдээр солихыг зөвшөөрч, энэ тухай хүсэлт гаргасан бол шүүх хариуцагчийг сольж болохоос биш өөрийн үйл ажиллагаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж болохгүй тул хариуцагч ................. жинхэнэ хариуцагч биш гэж үзэх үндэслэлгүй.

 

            14. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           

   Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... объектыг түрээслэх юм бол гэрээ бичгээр хийх ёстой, гэрээ байхгүй, талууд ч ярьж байгаагүй, ямар ёмкость яриад байгаа, ямар үндэслэлээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, .............. худалдсан юм уу, энэ талаар хэрэгт баримт байхгүй” гэж,

хариуцагч, түүний өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “... 7 жил газар, объектыг ашиглаж, нарийн боовны цех ажиллуулж, амьдарч байсаны төлбөрт нэг сарын 800,000 төгрөгөөр тооцож, нэг жилд 9,600,000 төгрөг, 7 жилд 67,200,000 төгрөг, ёмкость алга болгосны үлдэгдэл төлбөр 8,800,000 төгрөг, нийт 76,000,000 төгрөгийг гаргуулна гэж тус тус маргана.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

 

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд түрээсийн талбайн хэмжээ, зориулалтыг зааж, түрээсийн гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан байна.

 

Гэтэл хэрэгт энэ талаар баримтгүй, мөн ёмкость алга болгосны үлдэгдэл төлбөр 8,800,000 төгрөг гаргуулах гэх боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуульд нийцнэ.  

 

15. .......................тоот сууцнаас нүүлгэн гаргуулах шаардлагын тухайд:

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021.09.09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Сүмбэр сумын 1-р баг, ХБ 20 дугаар байр, 01 тоотыг орон сууцыг Л.А Н.Х нар нь С.Ц Р.Н нараас худалдан авчээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

16. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,400,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд .................... нараас “... Бид тус орон сууцыг худалдаж аваад 2 жил, 3 сар болж байна, хариуцагч Б.Мөнхбаяр нь энэ хугацаанд хууль бусаар, үнэ төлбөргүй амьдарч биднийг тус орон сууцанд амьдрах, бизнес эрхлэх бүхий л боломжийг хааж байгаа тул 2021.10.01-ний өдрөөс 2023.11.30-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсан гэж үзэж, орон сууцанд амьдарсан хөлс, манай эзэмшлийн газар дээр том оврын автомашины засвар, гагнуур, хийж байнгын орлого олж байсан тул нийт 17,400,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”,

492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;”,

492.1.2.-д “үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай.” тохиолдолд шаардах эрх үүсэхээр байна.

 

Тодруулбал, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492.1.1.-492.1.2.-д заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

17. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 553,912 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн ногдох 228,422 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 537,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

нүүлгэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд нарт олгох,

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 275,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч ............... нь.................... газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ............... нь хувийн орон сууцыг засан сайжруулахад буюу барилгын материал, засварын ажлын хөлс, техникийн түрээсийн төлбөрт зарцуулсан зардалд 56,963,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад 18,188,130 төгрөг болгон  багасгасан ба хариуцагч .................. 14,094,400 төгрөг гаргуулж, үлдэх 4,093,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасныг баримтлан газар болон объектыг ашиглаж байсны төлбөрт 67,200,000 төгрөг, ёмкость алга болгосны үлдэгдэл төлбөр 8,800,000 төгрөг, нийт 76,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан .....................тоот сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч ............... даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгч ................... үндсэн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 553,912 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............... нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн ногдох улсын тэмдэгтийн 228,422 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..................... олгож,

сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 537,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

нүүлгэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ................... 70,200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд ................ нарт олгож,

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 275,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЦОГЗОЛМАА