Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2024/00075

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2024/00075

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** багт үйл ажиллагаа явуулдаг, ***-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** гудамж, *** тоотод оршин суух, *** овогтой ***-ы ***,

Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** гудамж, *** тоотод оршин суух, *** овогтой ***-ны *** нарт холбогдох нэхэмжлэлийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

Хариуцагч ***-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар нэг санал гараагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч ***-ийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,919,973 төгрөг, зээлийн хүү 2,687,015.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 537,403.02 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 113,260 төгрөг, нийт 6,287,651.17 төгрөг гаргуулах тухай

2.Нэхэмжлэгч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ***, *** нар нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,500,000 төгрөгийн зээлийг 4,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж авсан. Үндсэн зээл, зээлийн хүүг сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээл аваад 2022 оны 03,04 дүгээр саруудад төлөлт хийсэн. Үндсэндээ 2022 оны 04 дүгээр сараас хойш 2 жилийн хугацаанд төлөлт хийгээгүй. Нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү 20 хувиас хэтрэхгүй гэж журамд заасны дагуу сарын 0,9 хувиар бодогдсон байгаа. Эхлээд эвлэрүүлэн зуучлалд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хандсан. Эвлэрүүлэн зуучлал дээр 2 удаа уулзалт хийсэн, зээл авснаас нь хойш байнга утсаар ярьж, уулзаж зээл төлөх талаар хэлж мэдэгдэж байсан. Өөрөө мэдэж байгаа байх. Уулзахаар 7,14 хоногийн хугацаа өгчих, энэ тэндээс боломж бололцоо гэж явсаар өдийг хүрсэн. Хугацаа сунжирч явсаар байгаад төлбөрийн дарамт бий болсон. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2,919,973 төгрөг, зээлийн хүү 2,687,015.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 537,403.02 төгрөг, нийт төлбөр 6,144,391.17 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 113,260 төгрөг, нийт төлбөр 6,287,651.17 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд өгөхийн өмнө улсын тэмдэгтийн хураамж нэмэгдэх талаар хэлж байсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 3,950,000 төгрөгийг төлсөн одоо нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 2,337,651.17 төгрөг үлдсэн байна. Үүнийг хөнгөлөх чөлөөлөх ямар ч боломж байхгүй. Санхүүгийн программд орсон учраас ямар ч засварлах боломжгүй. Программд нэхэмжлэл гаргасан тэмдэгтийн хураамжаас эхэлж нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллын дагуу төлөлт хийгддэг гэв.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***-ы нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Үндсэн төлбөр 2,919,973 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийн хүү өндөр байгаа тул хүүг төлөх боломжгүй байна гэжээ.

4.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд зээлийн хүүгээс хасах боломжийг л хүсэж байна. Одоогоор би ажилгүй хүүхдээ харж байгаа. Өмнө нь би энэ байгууллагаас хоёр удаа зээл аваад цаг тухайд нь төлж барагдуулсан. Энэ удаа нялх хүүхэдтэй, өрх толгойлоод явж байгаа учраас төлбөр төлөх боломжгүй байдалд хүрсэн. Иймд хүүг бууруулах талаас бодож үзнэ үү гэсэн саналтай байна

5.Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн баримтууд:

-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №037/ЗГ дугаартай Зээлийн гэрээ, №37/БГ дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 282 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

-Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000455561 дугаартай дугаартай гэрчилгээ,

-Хариуцагч ***, *** нарын иргэний үнэмлэхний хуулбар,

-***-ы хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

6.Хариуцагч нотлох баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ***-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,919,973 төгрөг, зээлийн хүү 2,687,015.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 537,403.02 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 113,260 төгрөг, нийт 6,287,651.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг оруулан тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нь буруу бөгөөд энэ хэргийг хэрхэн шийдвэрлэгдсний дагуу зохигчдын аль нэгээр нь төлүүлэхээр хуульд зааснаар хуваарилагддаг тул нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

4. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,919,973 төгрөг, зээлийн хүү 2,687,015.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 537,403.02 төгрөг, нийт 6,144,391.17 төгрөгийг төлүүлэх тухай шаардлагын тухайд:

5. Нэхэмжлэгч *** ...нийт төлбөр 6,287,651.17 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш 3,950,000 төгрөгийг төлсөн одоо нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 2,337,651.17 төгрөг үлдсэн байна. Үүнийг хөнгөлөх чөлөөлөх ямар ч боломж байхгүй тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэж, хариуцагч нар нь ...үндсэн төлбөр 2,919,973 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч зээлийн хүү өндөр байгаа тул хүүг төлөх боломжгүй... гэж тайлбарлаж татгалзжээ.

6. Нэхэмжлэгч ***, хариуцагч ***, *** нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №037/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувь буюу жилийн 54 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0,9 хувь, жилийн 10.8 хувийн хүүтэй, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 3,500,000 төгрөгийг өгч, авалцсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ.

8. ***-ы хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг зээл олгох бусад үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч гэрчилгээ олгосон байх тул зээл олгож, зээлийн гэрээний харилцаа үүсгэх эрхтэй байна.

9. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 452 дугаар зүйлд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зохицуулсан байна.

Эдгээрээс үндэслэн дүгнэвэл зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсон хугацаанд хувиарын дагуу бүрэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

10. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,919,973 төгрөг, зээлийн хүү 2,687,015.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 537,403.02 төгрөг, нийт 6,144,397.17 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд хариуцагч нар нь 3,950,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нийт нэхэмжилсэн дүнгээс хасахад 2,194,391 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд үүнийг дээр заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөгдсөн гэж тооцоход үндсэн зээлээс 2,194,391.17 төгрөг төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Мөн нэхэмжлэгч тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад төлсөн хураамж 30.000 төгрөг нэхэмжилжээ. Энэхүү шаардлага нь зээлдэгч үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардал байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу зардлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

12. Иймд хариуцагч *** овогтой ***-ы ***, *** овогтой ***-ы *** нараас зээлийн гэрээний үндсэн зээл 2,194,391 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 2,224,391.17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

13. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***, *** нараас улсын тэмдэгтийн хураамжид 113,260 төгрөгийг гаргуулан ***-д олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг тус тус үндэслэн хариуцагч *** овогтой ***-ы ***, *** овогтой ***-ы *** нараас зээлийн гэрээний үндсэн зээл 2,194,391 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 2,224,391.17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***, *** нараас улсын тэмдэгтийн хураамжид 113,260 төгрөгийг гаргуулан ***-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН