Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/00841

 

 

 

 

 

 

 

 

               2024         02        26

182/ШШ2024/00841

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т.Б ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч ******* нь ******* ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 29,505,664 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* би 2012 оны 08 дугаар сард Хадгаламж банкны хархорин салбарт теллэрээр ажилд орж байсан. Тус банканд 8 жил ажилласан. Нэг жил теллер хийгээд ахлах теллер, эдийн засагч хийгээд албан тушаал ахицтай ажиллаж байсан. 2012 онд харилцааны менежерээр ажилд ороход 30 гаруй хүмүүс сургалтад суугаад хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг шалгаруулахад би 2-т орсон. Тэгээд 2018 онд Баянгол тооцооны төвд харилцааны менежерээр тушаал дэвшин ажиллаж байсан.

Гэтэл гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/539 тоот тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан. Намайг үндэслэлгүй  халсан тул би Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан  шатны шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00038 тоот шийдвэрээр үндэслэлгүйгээр халсан гэж үзсэн. *******наас давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж 2021.03.17-ны өдрийн 498 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаагүй. Энэ хугацаанд би маш их сэтгэл санаагар унаж, санхүүгийн хямралд орсон. Би 2 жил гаруй хугацаанд ажилгүй байсан. Би шүүхээр яваад эцсийн шийдвэр гараагүй байхад аав маань нас барсан. Би маш их харамссан. Би буруугүй гэсэн шийдвэрийг аавдаа сонсгож чадаагүй. Би 2 жил гаруй шүүхээр яваад 2021 оны 1 дүгээр сарын 07-ны анхны шүүх хуралдаанаар ажилдаа эргэж орох шийдвэр гарсан. Гэвч би ажилдаа эргэж орж чадаагүй. *******ны гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/747 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилох тушаал гарсан байсан боловч надад мэдэгдээгүй. 2022 онд би бие давхар болоод  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Бие минь хавантай байсан учир үргэлжлүүлээд жирэмсний амралтаа авсан. Одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. 12 сардаа ажилдаа орсон болохоор жирэмсний амралтын мөнгө олгогдох юм байна гэж бодсон. Нийгмийн даатгалын газартай уулзахад боломжгүй гэсэн учир сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл 6 сараар нь төлөөд жирэмсний өмнөх болон дараах мөнгөө авсан.

 Иймд 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны тэтгэмж 29,505,663 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх хүсэлтэй байна.

1.2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрийг ******* 2022 оны 12 дугаар 02-ны өдрийн Б/1788 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон байдаг. 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын өдрийг тоолохоор 472 ажлын хоног болж байгаа. Дундаж цалин хөлсийг өмнөх шүүхийн шийдвэрт дурдсан байгаа. Нэг өдрийн цалин хөлс 62,512 төгрөг байгаа. Мөн Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан Дундаж цалин тогтоох журмын 2.3 дахь заалтын дагуу бодоход ч 62,512 төгрөг болсон. Үүнийг 472 хоногт үржүүлэхэд нийтдээ 29,505,663 төгрөг гарч байгаа юм. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилж байгаа дүн юм. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үндэслэлгүйгээр цуцалсныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлын гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг ажил олгогч нөхөн олгоно гэдгийг хуулиар маш тодорхой үүрэгжүүлсэн заалт байгаа. Энэ заалтаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж байгаа. ******* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар ажилд ороод 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс жирэмсний амралтаа авч хүүхдээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн байдаг. Ажилд хэзээ авах нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан учраас ажилд эгүүлэн тогтоох хугацааны цалинг нэхэх боломжгүй байсан. Ажилдаа эргэж ороод сарын дараа жирэмсний амралтаа авсан. Нэхэмжлэгчийн хүүхэд бор хоолонд орсны дараа шүүхэд хандсан. Хариуцагчийн зүгээс ажилгүй байсан цалин хөлсийг өгөх хуулийн заалт байхгүй гэж маргаагүй. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас харахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг тайлбар өнөөдрийг хүртэл явж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгчийн зүгээс бүх холбогдох нотлох баримтыг өгсөн. Ямар нэгэн байдлаар хэрэг үүсгэх үед урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шаардлагатай юм гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй учир шүүгч иргэний хэрэг үүсгээд өнөөдрийг хүртэл явж байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Цалин хөлс гаргуулах шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад маргаан буюу хуулийн 158.1.2-т зааснаар бусад маргаанд хамаардаг. Энэ маргаан нь шууд шүүхэд ханддаг. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах маргааны шаардлага нь өөр хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой үүссэн эрх зүйн үр дагавар байдаг. Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбоотой энэ маргаан үүссэн. Түүнээс дангаараа шийдвэрлэх маргаан биш юм. Иргэний хуулийн 80.1-д зааснаар тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэсэн зохицуулалт байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хуулийн хүчин төгөлдөр шаардлага гэдэг нь өөрөө шүүхийн шийдвэр нэхэмжлэлийг хангасан буюу хуулийн хүчин төгөлдөр болсон бол нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д зааснаар ажлаас халагдсан, ажил үүргийг гүйцэтгүүлэх хугацааны цалин хөлсийг нөхөн авах шаардах эрх нь үүсэж байгаа юм. Энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 2. Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/747 дугаартай тушаал гарсныг надад мэдэгдээгүй гэж нэхэмжлэлдээ тусгасан байна. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/539 тоот тушаалаар *******г ажлаас нь чөлөөлсөн. Үүнд гомдол гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоох гэснийг давж заалдах шатны мөн оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 498 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлээд ажилгүй байсан хугацааны олговорт 18,502,404 төгрөг гаргуулах нь хэвээр үлдсэн байдаг юм. *******ны зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б/747 дугаартай тушаалыг гаргасан.

******* дээрх тушаалаар томилогдсон ажил, албан тушаалд ажиллаагүй бөгөөд түүний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтийг үндэслэн ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1488 дугаар тушаалаар Баянгол дүүрэг сарбарын харьяа Баянгол тооцооны төвын харилцааны менежерийн ажил, албан тушаалаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож чөлөөлж, мөн оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүрэг салбарт харилцааны менежерээр томилон ажиллуулсан. ******* энэ өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан. Манай талаас шүүхэд гаргаж өгсөн баримтад ******* тушаалаа хүлээж авсан гарын үсэг зурагдсан байгаа. Энэ тушаалыг гардаж авсан мөртлөө мэдээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилогдох үедээ 7 сартай жирэмсэн байсан. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажил үүргээ биелүүлж байгаад тус өдрөөс жирэмсний амралтаа авсан байдаг. 

Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхийг нь зааж өгсөн байдаг. Гэтэл *******г 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болон 12 дугаар сарын 02-ны өдрийн ажилд томилсон тушаал байна. ******* энэ тушаалыг гардаж аваад мэдэж танилцсан атлаа эрхээ зөрчигдсөн талаар гомдлоо шүүхэд болон хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн байдаг. Банкны зүгээс хөдөлмөрийн маргаан таслах комисстой гэдэг баримтыг хариуцагч тайлбараа гаргаж өгөхдөө өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манайх хөдөлмөрийн маргаан таслах комисстой болсон. Нэхэмжлэгч нь энэ үед маргаан таслах коммист эсхүл энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргахад нэгэн адил хамаардаг. Комисстойг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа бол шүүхэд гомдлоо гаргах боломжтой байсан. Нэхэмжлэгч эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан үеэс энэ нэхэмжлэлийг гаргах эрх нь нээгдсэн боловч 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа банкийг хөдөлмөрийн маргаан таслах комисстой байсныг мэдээгүй байсан. Шүүх мөн  үүнийг мэдээгүй байсан учраас 65.1.3-т заасан үндэслэл байгаа гэдгийг дурдаж тайлбартаа оруулсан. Энэ маргаан нь анхны маргаанаас хойш үүссэн тусдаа шаардлага болохоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/

3.2. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 240 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх-4-6/

3.3. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.21-ний өдрийн Б/747 дугаар *******г ажилд томилж нөхөн олговор олгох тухай тушаал /хх 7/

3.4. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.04.02-ны өдрийн Б/539 дүгээр *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал  /хх 8/,

3.5. *******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 9/,

3.6. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.02-ны өдрийн Б/1488 дугаар *******г ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал /хх 10/

3.7. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00038 дугаар шийдвэр /хх 11-14/,

3.6. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 498 дугаар магадлал /хх 15-23/,

3.7. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2021/06984 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүчгийн захирамж /хх 24/,

3.8. *******гийн *******ны дансны хуулга /хх 25-32/,

3.9. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Өлзийсайханы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх 62/,

3.10. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 63/,

3.11. Ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол /хх 64/,

3.12. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж дутуу авсан тооцоолол /хх 65/,

3.13. *******гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 66-68/,

3.14. *******гийн Хаан банкны дансны хуулга /хх 69-80/.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

4.1. ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 38/,

4.2. Итгэмжлэл /хх 39, 95/,

4.3. Хариу тайлбар /хх 45/,

4.4. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/419 дүгээр Комисс байгуулах тухай тушаал /хх 46/,

4.5. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.02-ны өдрийн Б/1488 дугаар *******г ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал /хх 47/

4.6. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1285 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх 48-53/,

4.7. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.21-ний өдрийн Б/747 дугаар *******г ажилд томилж нөхөн олговор олгох тухай тушаал /хх 96/,

4.8. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* ХК-д гаргасан *******гийн хүсэлт /хх 97/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

1.1. Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 29,505,664 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 80.1-д зааснаар тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацааг тооцохгүй, 10 жилээр тооцно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

1.2. Хариуцагч ******* ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар *******г 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болон 12 дугаар сарын 02-ны өдрийн ажилд томилсноос хойш 90 хоногийн дотор ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шаардах эрхтэй, уг хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

2.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00038 дугаар шийдвэрээр *******г ******* ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын харьяа Баянгол тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ******* ХХК-иас 12,502,400 төгрөгийг гаргуулж *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид  даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 498 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 11-23/

 

2.2. Дээрх шүүхийн шийдвэр нь  шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй тул маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

2.3. Хариуцагч ******* ХК-иас гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б/747 дугаар *******г ажилд томилж, нөхөн олговор олгох тухай тушаал гаргасан байх хэдий ч энэхүү тушаалаар *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, тушаал бодитоор хэрэгжээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэх асуудалд талууд маргаагүй болно.

 

3. Нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул хариуцагчийн урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

4. Хариуцагч ******* ХК нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж *******г ажил эгүүлэн авсан болох нь ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/1488 дугаар *******г ажлаас чөлөөлж, томилох  тухай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1285 дугаар Хөдөлмөрийн гэрээ,  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Өлзийсайханы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, нэхэмжлэгч *******гийн *******ны 101100211196 тоот дансанд 2022.12.13-ны өдөр 12,837,388 төгрөгийг ******* ХХК-н төлбөр ШШШГГ-с гэх утгатайгаар шилжүүлсэн банкны дансны хуулга, талуудын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл ******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу *******г ажлын байранд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр биелүүлсэн байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговорыг шаардах эрхтэй байна.

 

6. Гэвч хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан нь нарийвчилсан буюу Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлсан хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бөгөөд Иргэний хуулийн 80 дугаар зүйлд хамаарахгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй тухай маргаанаас бусад нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00038 дугаар шийдвэрийг ******* ХК нь  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авснаар биелүүлсэн буюу энэ өдрийг хүртэл нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой атал 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс жирэмсний амралтаа  авч, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр амаржсан. Хүүхэд бор хоолонд орсны дараа шүүхэд хандсан гэж тайлбарлаж байх хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д “Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн амаржсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 120 хоногийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 90 хоногийн хугацаа дууссан байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 235,278.32 төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн хамт улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 29,505,664 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг болон нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  235,278.32 төгрөгийг нөхөн гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА