Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч П.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Т-д холбогдох эрүүгийн 2538000000090 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Т-,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Т- нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны үед Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багт байрлах П.Н-н эзэмшлийн байшингийн цонхыг хагалан орж ногоон өнгийн хүрэн улаан толгойтой шар төмөр металл бөгжтэй хөөрөг 1 ширхэг, цагаан хүрэн, алаг хүрэн улаан толгойтой шар төмөр металл бөгжтэй хөөрөг 1 ширхэг, 4 метрийн урттай улан хүрэн өнгийн хээтэй дээлийн торго зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Т- нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны үед Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багт байрлах П.Н-н эзэмшлийн байшингийн цонхыг хагалан орж ногоон өнгийн хүрэн улаан толгойтой шар төмөр металл бөгжтэй хөөрөг 1 ширхэг, цагаан хүрэн, алаг хүрэн улаан толгойтой шар төмөр металл бөгжтэй хөөрөг 1 ширхэг, 4 метрийн урттай улан хүрэн өнгийн хээтэй дээлийн торго зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т-гийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/,

Хохирогч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би ... сумын 5 дугаар багт амьдардаг өндөр настай тэтгэврийн хөгшин хүн. Миний бие ... сумын 5 дугаар багт ... хороололд хашаа байшинд байдаг манай хамтран амьдрагч С.О- бас тус сумын 5 дугаар багт сургуулийн доод хороололд амьдардаг. Бид хоёр тэнд хамт амьдардаг. Би хааяа өөрийн хойно байдаг хашаа байшингаа эргэдэг байсан. Өнгөрсөн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хашаа байшингаа эргэх гээд очтол манай байшингийн цонхыг нь хагалж хүн орсон бололтой байсан. Тэгэхээр нь сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд тэр өдөр нь байшингийн хаалгыг онгойлгож ороогүй маргааш нь буцаж байшиндаа очиж хаалгыг нь онгойлгож орсон. Тэгсэн байшин дотор баруун талын хана дагуу тавьсан байсан модон материалаар хийсэн авдрыг онгойлгож дотор нь байсан эд зүйлсийг гаргаж байшингийн шалаар тарааж хаяад явсан байсан. ...бусад эд зүйлс олдсон байна. Одоо байшингийн цонхоо янзлуулж авмаар байна. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-1, 35 тал/,

 Гэрч С.О-ы өгсөн: "...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай хамтран амьдрагч П.Н- гэрээсээ гараад ... хороололд байдаг өөрийн байшингаа очиж үзээд ирье гээд гараад явсан. Тэгсэн удалгүй буцаж ирээд миний байшингийн цонхыг хагалаад хулгай орсон байна гэсээр ирсэн. Тэгэхээр нь бид хоёр эргээд П.Н-н байшинд очиход цонхыг нь хагалсан байсан. Бид хоёр уг байшингийн хаалгыг нь түлхүүрээр онгойлгож ороход байшин дотор байсан эд зүйлсийг байшингийн шалаар тарааж хаясан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Хөвсгөл аймгийн ... ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн: “...ногоон өнгийн хүрэн улаан толгойтой шар төмөр металл бөгжтэй хөөрөг 1 ширхэг, цагаан хүрэн, алаг хүрэн улаан толгойтой шар төмөр металл бөгжтэй хөөргө 1 ширхэг, 4-н метрийн урттай улаан хүрэн өнгийн хээтэй дээлийн торго зэрэг эд зүйлсийг 100,000 төгрөг...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 23-26 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33 тал/,

Хохирогч П.Н-д хулгайд алдсан гэх эд зүйлсийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч П.Т-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын төвд хонох газаргүй явж байгаад нутгийн өвгөн П.Н-н байшин эзэнгүй байхаар нь цонхоор нь орсон. Намайг очиход цонх нь онгорхой байсан. Тэгээд байшинд ороод авдар дотроос нь хоёр ширхэг хөөрөг, нэг дээлийн торго зэргийг авч гараад гэртээ аваачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргииг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/, хохирогч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-1, 35 тал/, гэрч С.О-ы өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, Хөвсгөл аймгийн ... ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээ /хх-ийн 23-26 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33 тал/, эд зүйлсийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч П.Т- нь шунахайн сэдэлтээр 2025 оны 02 дугаар сарын 03-ны үед Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багт байрлах П.Н-н эзэмшлийн байшингийн цонхийг хагалан нэвтрэн орж ногоон өнгийн хүрэн улаан толгойтой шар төмөр металл бөгжтэй хөөрөг 1 ширхэг, цагаан хүрэн, алаг хүрэн улаан толгойтой шар төмөр металл бөгжтэй хөөрөг 1 ширхэг, 4 метрийн урттай улан хүрэн өнгийн хээтэй дээлийн торго зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжийг нотолсон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч П.Т- нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч П.Т-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Н-д 100,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч П.Н- нь эд зүйлсээ буцаан авсан, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч П.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Т-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: “...миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.Т-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “…гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 38-40, 42-49 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Т- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-гийн цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Т-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-гийн цагдан хоригдсон 23 (хорин гурав) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР