Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/102

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2538005060568 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол Улсын иргэн, Н.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг ... дугаар гудамжинд бие хамгаалж чадахгүй, өндөр настай Д.Л- г ямар ч шалтгаангүйгээр цохиж, зодон цээжний зүүн талд 6, 7, 8, 9-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2025 оны 10 дугаар сарын 11-ний орой ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт ... гэх газраас иргэн Т.Д-ийн өвөлжөөнөөс 1 тооны морь, 17 тооны үхэрийг хулгайлсны улмаас бусдын өмчлөх эрхэд нийт 26,147,500 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538005060568 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

  1. Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг ... дугаар гудамжинд бие хамгаалж чадахгүй, өндөр настай Д.Л- г ямар ч шалтгаангүйгээр цохиж, зодон цээжний зүүн талд 6, 7, 8, 9-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-ийн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

Хохирогч Д.Л- гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед гэрээсээ ... сумын ...-р хороонд дүүгийндээ очих гээд явган явж байсан. ...дүгээр багийн ...-р гудамжинд явж байтал нэг хашаанаас согтуу танихгүй хүн архины шил барьчихсан гарч ирээд архины шилтэй гараараа цохих гэхээр нь гараараа хаатал намайг унагааж байгаад толгой, хавирга руу хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Түүний эхнэр бололтой миний зүс таних Ч- гэх эмэгтэй гудамжны үзүүрээс хөгшин хүн аллаа шүү дээ болиоч гэж орилж байсан. Тэгээд би цааш юу болсныг сайн мэдэхгүй ухаан алдчихсан байсан. Хэр удаж сэрснийг би мэдээгүй ухаан ороход би ганцаараа гудамжинд хэвтэж байсан. Дүүгийндээ очтол хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь буцаад явган алхаад гэртээ ирсэн. Унтаад сэртэл миний хамаг бие өвдөөд хөдөлж чадахгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 тал/,

Гэрч Н.Э-ы өгсөн: "...миний хуучин нөхөр болох Н.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирэхээр нь би тухайн хүнийг чи согтуу байж яах гэж ирсэн юм бэ манай гэрээс гар гэж хэлсэн чинь Н.Б- гараад явсан. Хэсэг хугацааны дараа би хашааны хаалгыг түгжих гээд гартал гудамжинд Н.Б- нэг хүнтэй зодолдож байсан. Би шууд хашаанаасаа гараад Н.Б-ийг тэр хүнээс салгах гээд хичээж байгаад арай гэж салгасан. Тэгтэл Н.Б- гэр лүүгээ бололтой яваад өгсөн. Харин тухайн зодуулсан хүн хашааны хажууд сууж байгаад яваад өгсөн. Хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Н.Б- тухайн хүнийг газарт унагааж байгаад цээж хэсэг рүү өшиглөөд толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ө-гийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 439 дугаартай: “...Д.Л- гийн биед цээжний зүүн талд 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн хацарт цус хуралт, дух, баруун шанаа, дагз, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Л- гийн биед цээжний зүүн талд 6-9-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 137-138 тал/,

Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тэгээд Н.Э- худаг дээр согтуу ирлээ гэж над руу уурлаад чи одоо яв яах гэж ирсэн юм бэ гээд уурлаад байхаар нь ээжийн гэрт очих гээд явж байгаад уурандаа гудамжинд явсан хүнийг татаж унагаад өшиглөсөн юм. Тэгээд дараа нь Н.Э- Д.Л-  гэдэг хүнийг өшиглөөд байсан шүү дээ гэж байсан. Тэгээд ээж рүү залгаж хэлсэн гэж байсан. Би өөрийн гаргасан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 165-166 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

  1. Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 10 дугаар сарын 11-ний орой ... сумын ...дугаар багийн нутаг дэвсгэрт ... гэх газраас иргэн Т.Д-ийн өвөлжөөнөөс 1 тооны морь, 17 тооны үхэрийг хулгайлсны улмаас бусдын өмчлөх эрхэд нийт 26,147,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-ийн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар,

Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 10-12 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...1 тооны морь, 17 тооны үхрийг хохирогч Т.Д-ид 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн...” тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Хохирогч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 11-ний орой 21 цаг болж байхад ... сумын ... дугаар баг ...  гэх газрын урагш ... голын ард байх ... гэх газарт өөрийн өвөлжөөндөө буюу гэрийн гадаа 1 тооны морио аргамжаад, мөн 17 тооны үхрээ хотлуулсан. ... сумаас гэр орны юмаа цуглуулж аваад 22 цаг өнгөрч байхад гэр лүү хөдөлсөн. Бид хоёрыг ...  хавьцаа явж байхад морь унасан үхэр туусан хүн утсаар яриад байгаа юм уу чанга дуугарсан явж байсан. Тэр үед сайн анзаараагүй гэртээ иртэл гэрийн гадаа хотлуулсан болон аргамжсан морь үхрүүд байхгүй болсон байсан. Гайхаад буцаад түрүүн зөрсөн мал манайх байна гэж бодоод буцаж ... сум руу гарсан. Хайж байгаад шинэ ... дугаар багийн далангийн зүүн талын ногооны талбайн хэсэгт очтол тухайн хашаа руу манай малыг хашсан морийг минь бариад нэг эрэгтэй сууж байсан. Чи яахаараа миний морийг унаж явдаг юм гэхэд юм дуугарахгүй байсан. Миний морийг өгөхгүй урдаас зодох гээд нэлээн ноцолдож байгаад морио авсан. Мөн тэр хашаанд дандаа манай үхэр байсан тул манай гэрийн гаднаас аргамжаатай байсан морийг нь унаад үхэрнүүдийг минь тууж хулгайлж авчирсан гэдгийг мэдсэн. Тэр эрэгтэй намайг морио авсан даруй зугтаад явсан. Би утасгүй байсан учир ... сумын ... дугаар багт байх дүү Т.Д-гийн гэрт очиж нөхцөл байдлыг хэлж буцаж ногооны хашаа руу дүү Т.Д-тай ирж үхрээ авах гэтэл нөгөө эрэгтэй үхрийн хажууд сууж байсан. Тэгэхээр нь дүүтэйгээ нөгөө нөхрийг барьж аваад цагдаад хүлээлгэн өгч гомдлоо мэдүүлсэн. Тэр үедээ малаа аваачих гээд бүүр шөнө байсан учир мэдүүлгээ өгч чадаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Гэрч Г.Д-гийн өгсөн: “...Бид хоёрыг ...  хавьцаа явж байхад бор морь унасан үхэр туусан хүн утсаар яриад чанга дуугарч байсныг би сайн анзаарсан. Бид хоёрыг гэрт ирэхэд аргамжаатай байсан морь алга байсан ба үхрүүд байсан байхгүй болсон байсан. Би гэртээ үлдэж нөхөр мотоциклоо асааж морь, үхрээ хайхаар яваад алга болж бараг үүрээр үхрээ туусаар ирсэн. Яасан юу болсон талаар асуухад чи бид хоёртой зөрсөн үхэр тууж явсан хүн манай үхрийг тууж гэрийн гадаа аргамжаатай байсан морийг унаж явсан байна. Арай гэж морио авч Т.Д-тай буцаж очиход үхрийн хажууд байхаар нь нөгөө хулгайчийг барьж аван цагдаад өгөөд ирлээ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Т.Д-гийн өгсөн: “...төрсөн ах Т.Д- хулгайч миний морийг унаад үхрүүд хөөсөн юм шиг байна. Надтай ... ын даваан дээр нэг бор морь унасан үхэр туусан хүн зөрсөн юм. Тэгээд гэртээ очиход аргамжаатай морь байхгүй гэрийн ард хэвтэж байсан үхэр байхгүй болохоор нь явж байтал ...-р хорооны ногооны хашааны хажуу талд миний морийг барьсан зогсож байхаар нь морио булааж аваад танайд хүрээд ирлээ үхрүүдээ олохгүй байна гэж хэлэхээр нь би хоёулаа тэр морь авсан газраас чинь үхрийн мөрөө хөөе гээд төрсөн ахыгаа аваад гарсан би тэр морь авсан газраас нь мөрөө хөөгөөд манай ах Т.Д- хогийн толгой руу харахаар явсан. Тэгтэл үхрийн мөрөө хөөгөөд явж байтал ... сумын ..-р хороонд байрлах ногооны хашаанд манай үхрүүдийг хашаанд оруулсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд машиндаа сууж байтал тэр ногооны хашаан дотор нэг хүн сууж босоод байхаар нь машинаар гэрэлтүүлтэл хашаан дотор явган тонгойгоод яваад байсан. Тэгэхээр би ногооны хашааны үүдэн дээр яваад очсон. Тэгээд цагдаа ирээд бид хэд хоёр машинтай тэр хавиар хайгаад олоогүй цагдаа нар яваад өгсөн. Тэгээд би үхрийнхээ хажууд байж байтал төрсөн ах хогийн толгойгоос ирээд бид таны морийг унаж явсан нөхөр ямар хувцастай явж байсан юм бэ гэж асуухад ажлын поспортой хувцастай явж байсан гэж хэлэхээр нь тэр үхрийн хажууд байгаад байсан хүний хувцастай яг таарсан юм би тэгээд ахыг үхрээ туугаад явж бай гэж хэлээд явуулсан. Тэгээд би ногооны талбайг 3 удаа машинаараа тойроод ногооны талбайны урд талд эзэнтэй эзэнгүй хэдэн хашаа байдаг юм тэрний урд талаар яваад машинаа зогсоосон. Тэгээд эргээд машинтайгаа ногооны хажуу талын замаар гараад иртэл, тэр ногооны хашаанаас нэг хүн гүйж гарч ирээд замын хонхор луу хэвтсэн. Тэгэхээр нь би шууд явж очоод бариад авсан юм. Тэгтэл тэр хавьд нэг мотоцикльтой хүн явж байхаар дуудаад энэ хавьд ойрхон манай ах үхэр тууж яваа та дуудаад өгөөч гээд мотоциклтой хүнийг гуйхад нөгөө хүн яваад манай ахыг дуудаад ирсэн. Тэгтэл манай ах Т.Д- энэ миний морийг унаад явж байсан хүн мөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад авчирч өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Гэрч Ц.Б-ийн өгсөн: “...Намайг эрүүгийн мөрдөгчөөр жижүүрт гарч байхад 2025 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн үед Т.Д-, Т.Д- гэдэг хоёр хүн Цагдаагийн газарт ирээд ... сумын ... баг ... гэх газарт байх манай үхрийг бүгдийг нь туугаад аргамжаатай байсан морийг унаад ... сумын ... дугаар баг ногооны хашааны тэнд явж байхад нь таараад нэлээн ноцолдож байж барьж авлаа гэсээр шар өнгийн царайтай, том хамар, улаан хацартай, дух хэсгээр халзан, 170 см өндөртэй туранхай, өмссөн хувцас нь хар өнгийн бакалан гуталтай хөх өнгийн ажлын өмдтэй, хөх өнгийн жинсэн цамц, дотуураа хар өнгийн цамцтай хүн байсан. Тухайн үед би хүлээж аваад цагдаагийн дотоод сүлжээгээр регистрийн дугаараар шүүж үзэхэд урьд өмнө мал хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан ... сум ...багийн ... тоотод оршин суух хаягтай Н.Б- ... регистрийн дугаартай хүн байсан бөгөөд Цагдаагийн газрын 106 тоот өрөөнд оруулаад биед нь үзлэг хийхэд Самсунг маркийн хар өнгийн гар утас байсныг авч үзлэг хийх зорилгоор аваад тухайн үед ... гэдэг газар юу хийж явсан талаар асуухад тодорхой юм хэлэхгүй байхаар нь шөнийн 03 цаг өнгөрч байх үед дуудлагад явах зорилгоор маргааш өглөө ирээрэй гээд утсыг авч үлдээд явуулсан. Н.Б- нь маргааш өглөө нь ирж уулзаагүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Гэрч Н.М-гийн өгсөн: “...19 цагийн үед манайхаас хамтран амьдрагч Н.Э-ы хамт мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд манай нөхөр Б.Ч- надад хэлэхдээ Н.Б- ах залгаад намайг ... дугаар хороонд хүргэж өг гээд согтуу залгаад байна би очиж ... дугаар хороонд дөхүүлж өгөөд ирье гээд 20 цагийн үед ганцаараа машинаа унаад гараад явсан. Тэгээд удаа ч үгүй манай нөхөр Б.Ч- Н.Б- ахыг ... дугаар хороонд хүргэж өгөөд ирлээ гээд бид гэр орноо цэвэрлээд орондоо орсон юм. Тэгээд шөнийн 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.Ч- руу Н.Б- ах ... гэсэн дугаараас залгаад ... дугаар хорооны ногооны хашаанд намайг хүмүүс зодоод байна хүрээд ирээч гээд манай нөхөр Б.Ч- руу залгахаар нь би согтуу байгаа юм чинь яах гэсэн юм гээд унтаж амарцгаасан юм. ... дугаар миний нэр дээр байдаг мобикомын дугаар юм. Манай нөхөр Б.Ч- одоо барьж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

“...” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 525/914023 дугаартай “...үхэр, адууны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 10 сарын байдлаар 26,147,500 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-ийн 51-54 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Б-ийн яллагдагчаар өгсөн: “…2025 оны 10 сарын 11-ний өдөр ...архи уучихсан байсан юм, би тэгээд нэмж архи уумаар санагдаад Ч-г дахиж дуудаад ... дугаар хороонд байх далангийн тэнд хүргүүлсэн, би тэндээс хогийн цэгийн ойролцоо байх айлын үхэрнүүдийг тууж ... сум руу оруулж ирээд нэг үхрийг цохиж махлаад махыг зарж мөнгө ольё гэж бодоод ганцаараа тэр айлын өвөлжөөний зүг алхчихсан, би урд өмнө тэнд айлын өвөлжөө, айлын үхэр байхыг харж байсан юм. Тэр үед би зодооны хэрэгт холбогдчихсон байсан, мөн архи уух мөнгөгүй болчихсон байсан учраас мөнгөний хэрэг гараад тэр айлыг үхрийг тууж оруулж ирье гэж бодоод ...алхаж явсаар өвөлжөөний ойролцоо аргамжаатай байсан морийг нь унаад үхрүүдийг туугаад ... лүү явж байтал малынх нь эзэн ирээд гэх залуу ирээд намайг барьж аваад цагдаагийн газарт авч ирж өгсөн…” гэх мэдүүлэг /1 хавтас 70 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Л- гийн мэдүүлэг /хх-ийн 123-124 тал/, нэрч Н.Э-ы мэдүүлэг /хх-ийн 127-128 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ө-гийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 439 дугаартай дүгнэлт /хх-ийн 137-138 тал/ зэргээр шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг ... дугаар гудамжинд бие хамгаалж чадахгүй, өндөр настай Д.Л- г ямар ч шалтгаангүйгээр цохиж, зодон цээжний зүүн талд 6, 7, 8, 9-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 10-12 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13 тал/, хохирогч Т.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, гэрч Г.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, гэрч Т.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, гэрч Н.М-гийн мэдүүлэг /хх-ийн 39 тал/, “...” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 525/914023 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-54 тал/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 10 дугаар сарын 11-ний орой ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт ... гэх газраас иргэн Т.Д-ийн өвөлжөөнөөс 1 тооны морь, 17 тооны үхэрийг хулгайлсны улмаас бусдын өмчлөх эрхэд нийт 26,147,500 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тус тус нотлогдож байна.    

Хохирогч Т.Д-ийн 1 тооны морь, 17 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 26,147,500 төгрөгийн хохирол учруулсан, шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Л- гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Л- гийн бие, эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч Н.Б- энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн бусдын олон тооны малыг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдын малыг хулгайлж хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарын зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлж “Мал хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” “гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Д-ид 26,147,500 төгрөгийн хохирол, хохирогч Д.Л- гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Т.Д- нь 1 тооны морь, 17 тооны үхрээ буцаан авсан, хохирогч Д.Л-  нь гомдол саналгүй гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-ийн 157 тал/ авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 80,784 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалдтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 85-86, 88-101 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 80,784 (наян мянга долоон зуун наян дөрөв) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Д-, Д.Л-  нарт төлөх төлбөргүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР