Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2024/00081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цогт сумын 00 оршин суух, Ш овгийн Х-ын Агийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын 00 оршин суух, Т-ын А-д холбогдох,

үндсэн зээл 4,228,000 төгрөг, хүү 3,805,200 төгрөг, алданги 1,141,560 төгрөг, нийт 9,174,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч О.Аюурзана, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,228,000 төгрөг, хүү 3,805,200 төгрөг, алданги 1,141,560 төгрөг, нийт 9,174,760 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч талаас сүүлд байгуулсан 4,228,000 төгрөгийн гэрээний талаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр бол би хамгийн анх байгуулсан гэрээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээнийхээ дагуу хариуцагч талаас нэхэмжилнэ гэж үзэж байна. Хамгийн анх 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний Т.А-ийн хүсэлтээр 2 тал сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Тэгээд зээлсэн хугацаанаас хойш 2022 оны 10, 11 сард зээлийн хүүг Т.А хийсэн. Түүнээс хойш 2022 оны 12 дугаар сард хүү болон үндсэн төлөлтөө хийх ёстой байсан боловч ерөөсөө мөнгө төлөөгүй. 2023 онд ч бас ганц ч удаа зээлийн хүү болон үндсэн төлбөрөө төлөөгүй. Тийм учраас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анх байгуулсан гэрээний үндсэн төлбөр болох 3,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэлх буюу 13 сарын хүү 3,900,000 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй буюу 1,500,000 төгрөг нийт 8,400,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-нд хариуцагч тал 2,000,000 төгрөгийг зээлийн хүү гэж төлсөн учраас 6,400,000 төгрөгийг тооцоо байгаа. Т.А 2022 оны 09 дүгээр сарын 21-нд анх гэрээ байгуулаад 10, 11 сард гэрээний хүүгээ хугацаандаа хийхгүй араас нь ярьж, гэрт нь очиж байж хүүгээ хийсэн. 12 сараас хойш өнөөдрийг хүртэл хүү болон үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй явж байгаа. Залгахаар энэ хүн маань ерөөсөө утсаа авдаггүй. Миний дугаарыг блок хийчихдэг. Чат бичихээр хардаггүй. Гэрт нь очиж уулзахаар олон удаа худлаа хэлээд байдаг. Маргааш өгье, хүнээс мөнгө орж ирэхээр өгье, зээл авч өгье, хэд хоноод өгье гэх мэтчилэн худлаа хэлдэг. Тийм учраас ямар ч аргагүй байсан тул шүүхэд өгсөн. Шүүхэд хандахаас өмнө би 2 удаа Т.А-ийн гэрт очиж гуйж, сануулж хэлсэн боловч төлье гэдэг зүйл хэлээгүй болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо бол иргэн Т.А-тай 6,400,000 төгрөгийн тооцоо үлдээд байгаа юм гэв.

3. Хариуцагч талын тайлбар: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 4,228,000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Мөн сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд уг зээлийн гэрээг дараа нь хүү, алданги нэмээд байгуулсан юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 2022 оны 08 дугаар сарын 15-нд анх 1,000,000 төгрөг зээлийн гэрээ хийхгүйгээр авсан. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг авсан. Ингэж зээл авахдаа өмнө нь авсан 1,000,000 төгрөгийг нэмээд 3,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулсан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ 3,000,000 төгрөгөө авъя гэдэг байдлаар өмнөх нэхэмжлэлийн зээлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Уг зээлийн гэрээний 1,000,000 төгрөг нь гэрээ байгуулагдахаас өмнө дансанд нь орсон. 2,000,000 төгрөгийг 09 дүгээр сарын 21-нд өгсөн байна. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 08 дугаар сарын 15-нд зээлээд 09 дүгээр сарын 15-нд 1,000,000 төгрөгийнхөө хүү 100,000 төгрөгийг хийсэн байгаа. 10 дугаар сарын 15-нд өмнөх 1,000,000 төгрөгийнхөө 100,000 төгрөгийг хийгээд 10 дугаар сарын 21-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 21-нд 300,000 төгрөг хийсэн байгаа нь энэ хоёр хүний дансны хуулганаас харагдаж байгаа. 09 дүгээр сарын 21-нд хийсэн зээлийн гэрээний хугацаа бол 3 сар байдаг. Тэгэхээр 12 дугаар сарын 21 гээд зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа. Түүнээс хойш энэ хоёр хүн зээлийн гэрээг сунгах талаар ямар нэгэн байдлаар ярилцаж тохиролцоогүй. Хавтаст хэргийн материалд зээлийн гэрээг сунгасан талаар огт баримт ирээгүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү гэж шаардах эрхгүй байгаа. Энэ нь Иргэний хуулиар зохицуулсан байдаг. Т.А шүүхэд нэхэмжлэл ирсний дараа 2,000,000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгөө үндсэн мөнгөнөөсөө хасуулах хүсэлтэй байгаа. Хөдөөний хүмүүс учраа мэдэхгүй зээлийн хүү л гээд мөнгөө шилжүүлээд байсан байдаг. 2020 оноос эхлээд энэ хоёр хүний хооронд байнгын хүүтэй мөнгө авах харилцаа үүссэн байсан. Тэгээд энэ хүний мөнгөө хийсэн байдлыг нь харахаар дандаа зээлийн хүү гэж хийдэг байсан. Тийм учраас уг 2,000,000 төгрөгийг үндсэн зээлийн мөнгөнөөс хасаж өгнө үү. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг бол төлнө. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай.

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Х.А-ийн нэхэмжлэлтэй, Т.А-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Х.А-гаас 4,228,000 төгрөг зээлж аваагүй тул дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Т.А нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч Х.А-гаас 4,228,000 төгрөгийг гар дээрээ зээлж авсан зүйл байхгүй. Өмнө зээлж авч байсан мөнгө, хүү, алданги тооцоод 4,228,000 төгрөг болгож зээлийн гэрээ хийсэн байгаа тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 4,228,000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Мөн сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд уг зээлийн гэрээг дараа нь хүү, алданги нэмээд байгуулсан юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

6. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар: Х.А-ийн нэхэмжлэлтэй, Т.А-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн зээлийн гэрээг байгуулахдаа хариуцагч Т.А нь өөрийн сайн дураар, хүсэл зоригийнхоо үндсэн дээр байгуулсан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэдий ч шаардах эрхийн үндэслээ тодорхойлоогүй байна.

Иргэний хуульд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тодорхой зохицуулалтууд байгаа. Х.А, Т.А-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцох хуулийн зохицуулалтад хамаарах боломжгүй, талуудын хүсэл зоригийн хүрээнд байгуулагдсан гэрээ учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

7. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримтууд:

-2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ,

-Мал тооллогын цоохор,

-2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, гэрээний хавсралт,

-Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны захирагчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 95 дугаартай албан бичиг,

-Х-ын А-ийн ****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

8. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримтууд:

-2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжлүүлгийн баримт,

-Т-ын А-ийн**** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Х.А нь Т.А-д холбогдуулан үндсэн зээл 4,228,000 төгрөг, хүү 3,805,200 төгрөг, алданги 1,141,560 төгрөг, нийт 9,174,760 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн төлбөр болох 3,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэлх буюу 13 сарын хүү 3,900,000 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй буюу 1,500,000 төгрөг нийт 8,400,000 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

3.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анх байгуулсан гэрээний үндсэн төлбөр болох 3,000,000 төгрөг, нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэлх буюу 13 сарын хүү 3,900,000 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй буюу 1,500,000 төгрөг нийт 8,400,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-нд хариуцагч тал 2,000,000 төгрөгийг зээлийн хүү гэж төлсөн учраас 6,400,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд “...Өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ 3,000,000 төгрөгөө авъя гэдэг байдлаар өмнөх нэхэмжлэлийн зээлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Уг зээлийн гэрээний 1,000,000 төгрөг нь гэрээ байгуулагдахаас өмнө дансанд нь орсон. 2,000,000 төгрөгийг 09 дүгээр сарын 21-нд өгсөн байна. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 08 дугаар сарын 15-нд зээлээд 09 дүгээр сарын 15-нд 1,000,000 төгрөгийнхөө хүү 100,000 төгрөгийг хийсэн байгаа. 10 дугаар сарын 15-нд өмнөх 1,000,000 төгрөгийнхөө 100,000 төгрөгийг хийгээд 10 дугаар сарын 21-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 21-нд 300,000 төгрөг хийсэн байгаа нь энэ хоёр хүний дансны хуулганаас харагдаж байгаа. 09 дүгээр сарын 21-нд хийсэн зээлийн гэрээний хугацаа бол 3 сар байдаг. Тэгэхээр 12 дугаар сарын 21 гээд зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа. Түүнээс хойш энэ хоёр хүн зээлийн гэрээг сунгах талаар ямар нэгэн байдлаар ярилцаж тохиролцоогүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү гэж шаардах эрхгүй. Т.А шүүхэд нэхэмжлэл ирсний дараа 2,000,000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгөө үндсэн мөнгөнөөсөө хасуулах хүсэлтэй байгаа. Тийм учраас уг 2,000,000 төгрөгийг үндсэн зээлийн мөнгөнөөс хасаж өгнө үү. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг бол төлнө. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж татгалзжээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Х.А нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Т.А-тай 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээг байгуулжээ.

Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж  заажээ.

Нэхэмжлэгч Х.А нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ****** тоот данс руу 1,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ****** тоот данс руу 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь Х-ын Агийн ****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.А нь гэрээний үүргийг хариуцагч Т.А-гаас шаардах эрхтэй байна.

Нөгөө талаас хариуцагч Т.А нь зээлийн гэрээний үүрэг буюу зээл, хүү, алданги төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Т.А нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Т.А-гийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн 2,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь  үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

6. Зээлийн гэрээний дагуу 13 сарын хүү 3,900,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х.А нь Т.А-д холбогдуулан хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэлх буюу 13 сарын хүү 3,900,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийн үндсэн дээр хийгддэг бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаа бичгээр байгуулсан байх тул зээлийн гэрээний дагуу хүү тооцох нь зүйтэй байна.

Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн дансны хуулгаар хариуцагч Т.А зээлийн гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг amra гэсэн утгатай, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг amarbaysgalan гэсэн утгатай, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өөр 300,000 төгрөг amarbaysgalan гэсэн утгатай хийсэн байна. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл буюу зээлийн гэрээний хугацааны 3 сарын хүүг тооцож хүүний төлбөр 900,000 төгрөгөөс хугацаандаа төлсөн 600,000 төгрөгийг хасч хүүгийн төлбөрт хариуцагчаас 300,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Харин зээлийн гэрээний хугацаа дууссан хугацаа буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн гэрээг сунгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу хүү авах эрхээ алдахаар байна.

7. Алданги гаргуулах шаардлагын тухайд:

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний 6.2-т “зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1.5 хувийн алданги төлнө” гэж,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.

Хэдийгээр талууд зээлийн гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1.5 хувийн алданги төлнө гэж заасан боловч уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчиж хийгдсэн байх тул хуулиар тогтоосон хэмжээ буюу хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Хариуцагчийн зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тооцоход нийт 362 хоног байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 3,300,000 төгрөгийн нэг хоногийн 0,5 хувь 16,500 төгрөг байна. Нийт алдангийн хэмжээ нь 362*16,500=5,973,000 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 3,300,000 төгрөгийн 50 хувиар тооцож, хариуцагчаас алданги 1,650,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

8. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Т.Агаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,000,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг, нийт 2,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Х.Ад холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь шүүх хуралдаанд “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 4,228,000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Мөн сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөд уг зээлийн гэрээг дараа нь хүү, алданги нэмээд байгуулсан юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэж тайлбарлаж сөрөг нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заажээ.

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 0190 дугаартай итгэмжлэлээр Т.А нь Ж.Мөнхнасанд Х.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг хүлээх, үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад болох 2,950,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,150 төгрөгийг хариуцагч Т.А-гаас гаргуулж нэхэмжлэгч Х.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Т.А-гаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,000,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг, нийт 2,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад болох 2,950,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,150 төгрөгийг хариуцагч Т.А-гаас гаргуулж нэхэмжлэгч Х.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

                        

 

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ