Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2024/00093

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг, Ц.Х.х.з.х-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Дэлгэр сум, 0 тоотод оршин суух, Б овгийн Ч-ын И,

хариуцагч: Говь-Алтай аймаг, Дэлгэр сум, 0 тоотод оршин суух, Х овгийн Д-ийн Мнарт холбогдох,

зээлийн төлбөрт нийт 16,897,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

 

Хариуцагч Ч.И, Д.М нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.И, Д.М нарын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241,237 төгрөг, нийт 16,897,704 төгрөг гаргуулах тухай.

2.Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд бол хадгаламж зээлийн хоршоо гэдэг нь олон хүний хөрөнгө оруулалттай, олон нийтийн байгууллага байдаг. Олон хүний хадгаламж аваад үйл ажиллагаа явуулж байгаа.

Тэгээд энэ хүний мөнгийг хэлснээр нь өгчихөөр нөгөө хүмүүс нь надаас хадгалуулсан мөнгөнийхөө хүүг сарын 2 хувийн хүүтэй авдаг. Тийм учраас хүүг хөнгөвчлөх тал дээр манай зүгээс ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, нийт 16,626,467 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241,237 төгрөг, нийт төлбөр 16,897,704 төгрөгийг гаргуулна. Би өдөр бүр хүмүүсийн дарамтад ажиллаж байна. Үндсэн зээлээс нь хасчихъя гэхээр санхүүгийн программ цаанаасаа зохицуулалттай учраас өр нь харагддаг. Манай тусгай зөвшөөрөл уг нь хугацаагүй эрхтэй байсан боловч одоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг маань цуцална гэсэн бичиг ирсэн. Энэ хүнтэйгээ хэдэн сар, жил ингэж явах гэсэн юм бэ гэх мэт шаардлагууд ирж байгаа. Миний хувьд маш гомдолтой байна гэв.

3.Хариуцагч Ч.И, Д.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэхдээ зээлийн үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 3,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, нийт төлбөр 16,626,467 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Миний бие нь 11 сая төгрөгийн зээл авснаас хойш 3,125,000 төгрөг төлсөн. Миний хувьд үндсэн зээлийн төлбөрөө төлнө. Харин зээлийн хүү 5,603,272 төгрөг нэмэгдсэн хүү 116,209 төгрөг төлөх боломжгүй тул зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсье гэжээ.

 

4.Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хувьд тухайн зээлийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн үндсэн төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлдэг. Болж өгвөл нэхэмжлэгчтэй тохироод хүүгээ хуваагаад сар, сараар нь төлөхөөр тохирох хүсэлтэй байсан юм билээ. Энэ хүн төрийн албан хаагч хүн байгаа. Нэгэнт нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг. Бодит байдал дээр Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр зээлийн хүүг багасгаж болох хуулийн зохицуулалт шүүхийн эрх хэмжээнд байдаг. Ингээд зээлийн гэрээг харах юм бол сарын 4,5 хувийн хүү буюу өндөр хэмжээтэй, жилийн 54 хувийн хүүтэй зээл байдаг. Нэхэмжилж байгаа зээлийн үндсэн үнэ болохоор 10,906,986 төгрөг байдаг. Гэтэл үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн үнээр буюу хүүгээсээ бараг өндөр 5 сая 800 гаран мянган төгрөгийг хүү нэхэмжлээд байгаа нь бас бодит байдал дээр үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн нөхцөл байдал харагдаж байгаа учраас шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг тус тус харгалзан тухайн зээлийн хүүгээс тодорхой хэмжээнд багасгаж өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн баримтууд:

-2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №0102/ЗГ дугаартай зээлийн гэрээ,  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №0102/БГ дугаартай барьцааны гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №0102 дугаартай Зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, дансны хуулга,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

-*** улсын дугаартай Nissan X-Trail маркын автотээврийн хэрэгслийн гэрээний хуулбар,

-Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээ,

-Иргэний газар эзэмших эрхийн **** дугаартай гэрчилгээ,

-Ц.Х ХЗХ-оос зээлдэгч Ч.И-т хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”

-Хариуцагч Ч.И, Д.М нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зээл төлөх баталгаа,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн уригдсан талд өргөдлийг танилцуулсан тухай баримт

-Ц.Х.х.з.ххуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

6.Хариуцагч нотлох баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.Х.х.з.хшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Ч.И, Д.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241,237 төгрөг, нийт 16,897,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, нийт 16,626,467 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Ц.Х“...хадгаламж зээлийн хоршоо гэдэг нь олон хүний хөрөнгө оруулалттай, олон нийтийн байгууллага байдаг. Олон хүний хадгаламж аваад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ хүний мөнгийг хэлснээр нь өгчихөөр нөгөө хүмүүс нь надаас хадгалуулсан мөнгөнийхөө хүүг сарын 2 хувийн хүүтэй авдаг. Зээлийн гэрээ бол 4,5 хувийн хүүгээр явдаг. Би доороо 2, 3 хүн ажиллуулдаг. Тэр хүмүүсийн цалин, байрны түрээс гээд би дундаас нь өөрийнхөө цалинг гаргаж авдаг. Энэ бүхэн нийгмийн даатгалаар бүх зүйл нь нотлогдоно. Иймд хүүг бууруулах боломжгүй. Тийм учраас хүүг хөнгөвчлөх тал дээр манай зүгээс ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, нийт 16,626,467 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241,237 төгрөг, нийт төлбөр 16,897,704 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

3.2. Хариуцагч нар нь “...зээлийн үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 3,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, нийт төлбөр 16,626,467 төгрөг нэхэмжилж байна. Миний бие нь 11 сая төгрөгийн зээл авснаас хойш 3,125,000 төгрөг төлсөн. Миний хувьд үндсэн зээлийн төлбөрөө төлнө. Харин зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдсэн хүү 116,209 төгрөг төлөх боломжгүй тул зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсье...” гэж тайлбарлаж татгалзжээ.

4. Нэхэмжлэгч Ц.Х х.з.х, хариуцагч Ч.И, Д.М нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №0102/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 4,5 хувь буюу жилийн 54 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0,9 хувь, жилийн 10.8 хувийн хүүтэй, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 11,000,000 төгрөгийг өгч, авалцсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “зээлдэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж тус тус заажээ.

 

6. Ц.Х.х.з.ххуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг зээл олгох бусад үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч гэрчилгээ олгосон байх тул зээл олгож, зээлийн гэрээний харилцаа үүсгэх эрхтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 452 дугаар зүйлд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж зохицуулсан байна.

Хариуцагч Ч.И, Д.М нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 470,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 75,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 480,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 600,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,125,000 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтаар талаар зохигч маргаагүй.

Эдгээрээс үндэслэн дүгнэвэл зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсон хугацаанд хувиарын дагуу бүрэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

8. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, нийт 16,626,467 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9. Мөн нэхэмжлэгч тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад төлсөн хураамж 30.000 төгрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг төлсөн болох нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрийн сангийн 100050000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь зээлдэгч үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардал байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу зардлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

10. Иймд хариуцагч Б овгийн Ч-ын И, Х овгийн Д-ийн М нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, нийт 16,626,467 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 16,656,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х х.з.х-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж,

56.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг оруулан тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон байх бөгөөд энэ хэргийг хэрхэн шийдвэрлэгдсний дагуу зохигчдын аль нэгээр нь төлүүлэхээр хуульд зааснаар хуваарилагддаг тул нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

12. Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд “…зээлийн гэрээг харах юм бол сарын 4,5 хувийн хүү буюу өндөр хэмжээтэй, жилийн 54 хувийн хүүтэй зээл байдаг. Нэхэмжилж байгаа зээлийн үндсэн үнэ болохоор 10,906,986 төгрөг байдаг. Гэтэл үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн үнээр буюу хүүгээсээ бараг өндөр 5 сая 800 гаран мянган төгрөгийг хүү нэхэмжлээд байгаа нь бас бодит байдал дээр үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн нөхцөл байдал харагдаж байгаа учраас шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг тус тус харгалзан тухайн зээлийн хүүгээс тодорхой хэмжээнд багасгаж өгнө үү” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар анзын төрөлд зээлийн хүү орохгүй байхаар заасан байна.   

Зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдохгүй, харин нэхэмжлэгчийн “…нөгөө хүмүүс нь надаас хадгалуулсан мөнгөнийхөө хүүг сарын 2 хувийн хүүтэй авдаг. Зээлийн гэрээ бол 4,5 хувийн хүүгээр явдаг. Би доороо 2, 3 хүн ажиллуулдаг. Тэр хүмүүсийн цалин, байрны түрээс гээд би дундаас нь өөрийнхөө цалинг гаргаж авдаг. Энэ бүхэн нийгмийн даатгалаар нотлогдоно. Иймд хүүг бууруулах боломжгүй” гэх тайлбар нь үндэслэлтэй байх тул хариуцагч Ч.И, Д.М нар болон тэдний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын зээлийн хүүг багасгах агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.И, Д.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 241,237 төгрөгийг гаргуулан Цахир хүрд хадгаламж зээлийн хоршоонд олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг тус тус үндэслэн хариуцагч хариуцагч Б овгийн Ч-ын И, Х овгийн Д-ийн М нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,906,986 төгрөг, зээлийн хүү 5,603,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,209 төгрөг, нийт 16,626,467 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 16,656,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЦХ х.з.х-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.И, Д.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 241,237 төгрөгийг гаргуулан ЦХ х.з.х-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ОЮУНБИЛЭГ