Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1057

 

      2021             12            16                                        2021/ДШМ/1057                  

 

     Ш.Т, Э.Б нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Б.Тэнгис, С.Батнасан,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.ОчБ, А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

              Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/572 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.ОчБ, А.Буяндэлгэр, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Т, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1809000001206 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

               Ш.Т нь Э.Бтэй бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Бын нүүрэн тус газарт цохисны улмаас бие махбодид нь зүүн хацрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж алсан,

               Э.Б нь Ш.Ттай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Бын нүүрэн тус газарт цохисны улмаас бие махбодид нь зүүн хацрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Т, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

               Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Т, Э.Б нарыг бүлэглэн хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар шүүгдэгч Ш.Тыг 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бийг 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Т, Э.Б нарын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Тын 448 хоног, Э.Бийн 813 хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 508 дугаар зүйлийн 508.2, 508.4 дэх хэсгийн 508.4.1, 508.4.3 дахь заалтад тус тус зааснаар Ш.Т, Э.Б нараас 12,240,000 төгрөгийг хувь тэнцүү буюу 6,120,000 төгрөгийг тус бүрээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гт олгож, нэхэмжлэлээс 25,460,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь нөхөн төлбөрөө жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие энэхүү хэргийг үйлдээгүй болохыг нотлох баримтууд байсаар байтал анхан шатны шүүх авч хэлэлцэхгүй байгаад харамсалтай байна. Энэ хэргийг үйлдсэн хүн нь Ш.Т юм. Намайг энэ үйлдэлд оролцоогүй болохыг минь үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Шинжээч эмч Н.Тгийн “... уг гэмтлийг нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр буюу нэг цохилтоор үүссэн ...” гэж, гэрч Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Т нь талийгаачийн нөгөө нэг залуугийн араас өшиглөөд цээж рүү нь цохиод байгаа харагдсан. Хаалга нь бүтэн дэлгээстэй, онгорхой, бүх зүйл харагдаж байсан. Б нь хаалганы хажууд зүгээр зогсож байсан ...” гэж, гэрч Эын “... намайг өглөө сэрэхэд талийгаач газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд миний хувцас урагдсан, би зодуулсан байсан. ...” гэж, гэрч А, Б нарын “... танай тэр найз Оноо буюу Т чинь Б ахыг хананд савсан гэж Э хэлсэн ...” мэдүүлгүүдээр намайг хэрэг үйлдээгүй болохыг нотолж байна. Ш.Т нь өөрийн үйлдсэн хэргийг нуун дарагдуулах үүднээс удаа дараа олон гэрчээр худал мэдүүлэг өгүүлэн намайг гэмт хэрэг үйлдсэн мэт болгож байна. Т нь хийсэн хэргээ хийгээгүй мэт, намайг гэмт хэрэг үйлдсэн мэт болгож нотлох баримт бүрдүүлэх гэж байсан нь хэрэгт авагдсан доорх баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.

Гэрч Эийн “... Ш.Т нь “танай камер бичлэгээ хадгалдаг юм уу, бичлэг хийдэг юм уу” гэж асуусан бөгөөд “ажилладаг” гэж хариулахад “камерын бичлэгийг устгаж болдог юм уу, бичлэгээ устгачихаарай” гэсэн” гэсэн, гэрч Бийн “... шүүх хуралдаанд гэрчээр оролцохын өмнө над дээр Б ахын эхнэр гээд хүн ирж уулзаад “Б ийм захиа өгч байна” гээд гараар бичсэн захианы зургийг утсан дээрээс уншуулсан. Тэр захианд “намайг тэр орой ирээд хүн цохиод алчихлаа” гэсэн зааварчилгаа бүхий захиа байсан. Би захианых нь дагуу худал мэдүүлэг өгсөн. Тэр орой тийм зүйл яриагүй” гэсэн мэдүүлгүүд, Т нь гэрч Н рүү залгаж “Баянзүрх дүүргийн цагдаагаас Амарболд гэж хүн ярьж байна, танай буудалд зодоон болоод байгаа юмуу” гэх яриа, Ш.Тын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Ц.Цэцэгсүрэн, н.Даваадорж нар нь хуульд заагаагүй үндэслэлээр надтай биечлэн уулзаж Ш.Тын үйлдсэн хэргийг хүлээлгэхийг шаардан тулгаж маш их шахалтанд оруулж байсан. Миний бие 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр анхан шатны шүүхэд бичгээр үнэн зөвийг мэдүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болсон шүүх хуралдаанаар уг хэрэг мөрдөн байцаалтад буцахад мөн адил мөрдөн байцаалтад хэргийн үнэн зөвийг мэдүүлсэн боловч Т болон түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Мөнхбаяр, н.Даваадорж нарын шахан тулгалт, сэтгэл зүйн дарамт, ял наймаалцах байдлууд нь миний хэрэг хийгээгүй байр суурийг минь ганхуулж өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Мөнхбаяр нар нь “чамайг энэ хэргийг хүлээчих юм бол 6 жилийн ял авч өгнө, шүүх, прокурортой тохирчихсон байгаа, чи бараг 2 жил суучихсан юм чинь 2021 онд өршөөлд хамрагдаад тэнсэн суллагдана, үгүй гэвэл чи 15 жилийн хорих ялаас дээш авна, наад улсын өмгөөлөгч нар чинь чиний төлөө ажиллахгүй, бид нар танил талаараа хөөцөлдөж байгаад л Тыг гаргаад авна. Чи 6 жилийн ял аваад 2021 онд өршөөлөөр гарсан нь дээр үү, 15 жилийн ял авсан нь дээр үү” гэх зэргээр маш их сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Даваадорж гэх өмгөөлөгч нь салхинд гаргах нэрийдлээр “чи залуу хүн, ахынхаа үйлдсэн хэргийг даачихвал 2021 онд гараад ирнэ” гэх зэргээр Тын үйлдсэн хэргийг надад тулгаж байсан. Мөн Т нь шүүхийн машинд явж байхад “чи ахынхаа үйлдсэн хэргийг даачих, чамайг гараад ирэхэд байр, машин, ажил төрөл асуудалгүй, ах нь бол болохгүй байна, хэргээ хүлээгээд ял авчихвал эхнэр салаад явчихна, 4 хүүхэд хэцүүднэ, чи энэ хэргийг хүлээчих юм бол шууд прокурортой ярьчихсан байгаа, чамд 8 жилийн ял өгөөд шүүхээс хасаад 6 жил болно” гэх зэргээр маш шаргуу байдлаар тулгалтанд оруулан 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар Т нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ надаар хүлээлгэсэн. Миний бие 67 кг жинтэй, харин Ш.Т нь 120 кг гаран жинтэй. Миний бие нэг удаагийн цохилтоор энэ хэмжээний гэмтлийг үүсгэж чадахгүй, тэгж мэргэжлийн түвшинд ч бэлтгэгдээгүй. Харин Ш.Т нь хүчээрээ биш, хөнгөн өшиглөхөд нь энэ хэмжээний гэмтлийг үүсгэх боломжтой гэж үзэж байна.

Миний бие урд өмнө нь талийгаач болон Этай танилын харилцаа огт байхгүй, өмнө нь харж байгаагүй. Надад эдгээр хүмүүстэй маргалдаж, муудалцан зодоон хийх шалтгаан ч байхгүй. Миний бодлоор Т нь үнэхээр л гэмт хэрэг үйлдээгүй байсан бол гэмт хэргээс учирсан хохирлыг өөрийн талаас төлөхөөргүй байх байсан. Миний гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг дээр дурдсан нотлох баримтуудаас бага ч болов нотлогдоно гэдэгт итгэлтэй байна. Миний бие Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 39 гудамжны 1960 тоотод эхнэр Нийн хамтаар оршин суудаг. Эхнэр Нэ нь одоогийн байдлаар 7 сартай жирэмсэн юм. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч А.ОчБ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг хэзээ, хаана гарсан талаар мөрдөн байцаалтын явцад нотлох ёстой талаар хуульчилсан байдаг. Гэтэл тус хэрэгт амь хохирогчийн үхлийн цагийг тогтоогоогүй байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дээр үхлийн цагийг цогцост үзлэг хийсэн анхны тэмдэглэлээр тогтооно хэмжээн удаа дараа дүгнэлт дээр тусгасан байдаг. Аливаа хүн амины хэргийн гол нотлох баримт бол эхлээд үхлийн цагийг нарийн тогтоож улмаар түүн дээр тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Тус хэргийн хувьд эсрэгээрээ мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдаг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн хувьд,

гэрч Н.Бийн мэдүүлгийн тухайд, тус хэрэг 2 дахь удаагаа анхан шатны шүүхээр орж хэлэлцэгдэж байгаа бөгөөд өмнөх анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч Э.Бийн найз охин болох Н.Б нь “... тус хэрэг гарсан орой Э.Б ирээд “би хүн цохичихлоо тэр цохисон хүн маань сэргэхгүй байна” хэмээн шөнөжин уйлсан бас зөндөө юм яриад уйлсан ...” хэмээн мэдүүлсэн байдаг. Харин сүүлд болсон анхан шатны шүүх хурал 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өмнөх мэдүүлгийн талаар асуухад “... одоо би энэ Э.Бөөс салсан, тухайн үед Э.Б тийм зүйл яриагүй, шүүх хурал болохоос өмнө хамтран гэмт хэрэг үйлдсэн хэмээн шалгагдаж байгаа Ш.Тын эхнэр өөрийн гар утсан дээрээ нэг зураг авчихсан “Э.Б чамд хорихоос ийм захиа бичсэн байна” гэж хэлээд нэг цаасан дээр бичсэн бичгийн зургийг авчихсан надад уншуулсан. Би тэр захиаг Э.Б л надад бичсэн юм байх гэж бодоод шүүх хурал дээр “шөнө ирээд уйлсан, цохисон хүн нь сэргэхгүй байна, хэмээн мэдүүлэг өгөөд өгөөөчээ” гэж бичсэний дагуу л мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлдэг. Гэрч нь анхан шатны шүүхэд дээрх байдлаар худал мэдүүлэг өгсөн талаараа мэдүүлсээр байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж шүүгдэгч Э.Бийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь, анхан шатны шүүх ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтыг үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ заавал тусгах ёстой байтал анхан шатны шүүх ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Гэрч П.Н нь тухайн өдөр тухайн гэмт хэрэг гарсан буудлыг ажиллуулж байсан эмэгтэй байдаг. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд гэрч П.Н нь “шүүгдэгч Э.Б нь буудлын өрөөний үүдэн хэсэг буюу 00-ын өрөөний үүдэнд зогсож байсан гэх ба шүүгдэгч Ш.Т нь өрөөний цаад талд байсан” гэж мэдүүлдэг. Тус мэдүүлгээс харахад амь хохирогч зочид буудлын өрөөний цаад хэсэгт орны хажуу талын сандал дээр сууж байсан байдаг. Тус гэрч нь тухайн гэмт хэргийг харсан ганцхан гэрч юм. Гэрчийн мэдүүлгийг харахад шүүгдэгч Э.Б нь амь хохирогч руу ойртоо ч үгүй байдаг нь нотлогддог. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн эсхүл үнэлээгүй талаар ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр амь хохирогчид учирсан хамар ясны гэмтэл буюу үхлийн шалтгаан болсон гэмтлийг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үүсгэгдэх боломжтой талаар дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл прокурорын зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй бүлэглэн хүнийг алсан хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хурал дээр шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч нарын үйлдэл оролцоог зөв тодорхойлох талаар улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон байдаг ба шүүх мөн энэ талаар хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийлгүйгээр шийтгэх тогтоол гаргасан байдаг. Дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь аваад үзэхэд, гэрч Н.Бийн анхан шатны шүүх хурал дээр өгсөн мэдүүлгийг харахад аль ч шатны шүүхээр тухайн болсон гэх асуудлыг нөхөн гүйцэтгэх боломжгүй өөр гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан ба хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байгаа нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Үүнд:

Анхан шатны шүүх нотлох баримтын үнэлэхдээ үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүхээс Э.Бийг гэм буруутай тооцохдоо Ш.Ттай бүлэглэн бусдын амь насыг хохироосон гэж дүгнэсэн. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бын "...нүүрэнд учирсан гэмтэл нь нийлмэл учир нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.../4хх 121-122/ гэсэн мэдүүлэг, ... талийгаачид учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд талийгаачид зүүн хацар, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, улмаар амьсгалын замруу цус алдан амьсгалын замын механик бүтэлтэд орж нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгийг үнэлээгүй. Мөн гэрч Н.Н мэдүүлэхдээ “... 402 тоот өрөөнд нөгөө гурван залуу орчихсон хоорондоо дуу нь өндөрсөөд чанга чанга яриад байсан. Тэр үед би очоод хүмүүс амарч байна гэж хэлэхэд бид зүгээрээ гэж хэлээд байсан. 23 цагийн үед хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг чимээ гараад байсан. Тэгэхээр нь би дахиж очоод хүн амьтан унтаж байна ...” гэж хэлсэн /1хх-148/, ...Тэр хоёр үг хэлэхийн завдалгүй дээшээ өгсөөд явахаар нь би араас нь дагасан. Тэр хоёр шууд 402 руу орчихоор нь би араас нь очиж байхад пид пад гэх чимээ гарч байсан бөгөөд өрөөнийх нь хажууд очсон чинь бүдүүн залуу талийгаачтай хамт байсан залууг өшиглөөд цээжрүү нь цохиж байгаа харагдсан. Үүд нь бүтэн дэлгээстэй онгорхой, Ш.Т намайг хальт хараад Э.Бийг “гаръя” гээд гараад явсан. Тэр хоёр шатаар бууж байхдаа бүдүүн залуу нөгөө хүүхдэд “чи муу” гэж хэлж байсан. Цааш юу гэж хэлснийг нь сонсож чадаагүй. Бүдүүн залуу цаад талд нь туранхай залуу наад талд нь байсан гэж мэдүүлдэг бөгөөд хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-119/ 00:00:00 минутанд Т түрүүлээд араас нь Б буудлын өрөөрүү ороход араас нь 16 секундын дараа буюу 00:00:16 цагт гэрч П.Н өөрөөрүү харж байдаг бөгөөд Т, Б нарын өрөөнд байсан хугацаа 47 секунд орчим үргэлжилдэг бөгөөд 16 секундээс хойш болсон үйл явдлыг гэрч П.Н харсан бөгөөд энэ талаар мэдүүлдэг мөн сүүлийн болсон үйл явдлыг харж байгаа нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд Ш.Тын мэдүүлээд байгаа шиг Э.Б талийгаачийн толгой дээр дэвсэх гэж байсан хөлийг нь өшиглөөд аваад гараад явсан гэх үйл баримтыг гэрч Н мэдүүлдэггүй. Гэрч Э мэдүүлэхдээ “... Б ах бүдүүн залуу хоёр хоорондоо микроны талаар юм ярьж байгаад сүүлдээ бүдүүн залуу талийгаачийг хоёр талруугаа татаж унагаагаад байхаар нь би “битгий миний ахыг битгий дээрэлхээд байгаарай” гэж хэлж байсан. Тэгээд би тэр залуутай барьцалдаж авсан. Талийгаач тэр бүдүүн залуугийн урд зогсоод ярьж байхад тэр бүдүүн залуу талийгаачийг заамдаж аваад хүүхэд шиг хоёр талруугаа унагаж шидээд байхаар нь би тэр залууд “ахыг битгий дээрэлхээд байгаарай” гэж хэлсэн. Би тэр залууд “чиний том биенээс чинь айхгүй шүү” гэж хэлж байсан. Талийгаачийн хажууд тэр залуу маш том биетэй залуу байсан. Анх мэдүүлэг өгөхдөө сандарч балмагдаж байсан гэж мэдүүлдэг.

Гэтэл Ш.Т мэдүүлэхдээ ”...би буудлын өрөөнд түрийвчээ авах гэж орсон Эыг зодоогүй” гэж мэдүүлдэг бол Э.Б мэдүүлэхдээ “Ш.Т ах гэрч Эын дээр суугаад цохиж зодоод байсан би салгах гээд Ш.Т ахыг татахад Эын өмд урагдсан” гэрч П.Нийн “гэрч Эыг Ш.Т цохиод өшиглөөд байсан” гэрч Эын “өглөө сэрэхэд хамаг бие хөндүүрлэсэн өмд урагдсан байсан” гэх зэрэг мэдүүлгээр Ш.Тын мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа бөгөөд Тын мэдүүлгүүд нь тогтворгүй анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “талийгаач болон гэрч Э нарыг муудалцаад байж байсан” гэж мэдүүлж байсан бол буудалд түрийвч авахаар орохдоо “нэг бол түрийвчээ аваад гарсан, олоогүй гарсан, гудас сөхөж үзээд байгаагүй, аль эсвэл ширээний дор унасан байсныг авсан” гэх мэтээр мэдүүлэг бүгд зөрүүтэй байгаа. Мөн Ш.Т мэдүүлэхдээ “би Алагаатай уулзаад цуг Нарантуул зах яваад Алагаад өчигдөр Бийг дуудсан чинь хүн зодчихлоо гээд болсон явдлын талаар хэлээд “Бүрт” төвийн хэрэг гарсан газар луу Алагааг оруулсан” гэж мэдүүлдэг. Гэрч Алагаа буюу Дэлгэрням нь “2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  07 цаг 20 минутын үед Т над дээр алхаж ирээд “100 айл яваад ирмээр байна” гээд нэг хүн рүү их олон залгаад байсан. Нөгөө хүн утсаа авахгүй байж байгаад эргүүлж залгаад “ахын дүү 100 айл дээр хүрээд ир” гэж байсан удалгүй Б ирсэн. Бийг ирсэн чинь “нөгөө хоёрын нэг нь нас барчихсан байна ш дээ” гэсэн чинь Мөнхөө юу ч дуугараагүй. Тэгээд Мөнхөө “найз охинтойгоо уулзаадахъя” гээд 17 дугаар сургуулийн автобусны буудлын гудманд зогсож хүлээсэн. Удалгүй Ш.Тын найз Б нь жижиг машинтай хүрээд ирэхтэй зэрэгцэн Э.Бийн найз охин ирсэн. Ш.Т утсаар ярих болохоороо машинаас буугаад яриад байсан. Т надад юу ч яриагүй, ямар ч хэргийн талаар яриагүй гэж мэдүүлдэг бөгөөд Ттай Нарантуул зах хамт яваагүй, Бийг дуудсан чинь “хүн зодчихлоо” гэж хэлсэн зүйл байдаггүй юм. Мөн Ш.Т камерын бичлэгийг устгуулахаар санаархаж байсныг Э.Б хэрэг хүлээлгэх болон өөрт нь нөлөөлөхөөр оролдоод байгаа талаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. /3хх 127/ “Намайг 461 дүгээр ангид байхад мэдүүлэг битгий өгөөрэй түрүүвч авах гэж орсон, ямар ч зодоон болоогүй” гэж хэлээрэй гэж Т ах эргэлт уулзалтад орох үедээ хэлж байсан. Тэгээд Т ах надад “Зулбаяр гэх өмгөөлөгч авсан байгаа” гэж хэлж байсан. Т ах надад “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлнэ, мэдүүлэг өгч болохгүй шүү, цаг нь болохоор ах нь өөрөө хэргээ хүлээнэ” гэж хэлсэн. Тэгээд намайг “мэдүүлэг өгөхөөр бол түрийвч авах гэж орсон, ороод зодоон болоогүй, орны цаанаас түрийвч авах шиг болсон гэж хэлээрэй” гэж надад хэлээд байсан. Тэгээд сүүлдээ Т ах “миний хэргийг үүрчих юм бол ах нь чамд том тус болно. 5 жил суугаад гараад ирэхэд чинь орох орон машин тэрэг асуудалгүй байна” гэж надад амаар болон бичгээр хэлсэн. Би тэгээд удаан бодсоны эцэст үнэнээ хэлсэн нь дээр гэж бодоод одоо болсон зүйлийг үнэн зөвөөр хэлж байна. ... Хэрэг болсон цаг хугацаанаас 1 жил орчмын дараа Ш.Тын өмгөөлөгч Мөнхбаяр гэрчээр Б, Б нарыг гэрчээр асуулгах хүсэлт өгсөн бөгөөд гэрч Б нь Ш.Тын багын найз бөгөөд 20 гаруй жил найзалж байгаагаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Гэрч Б мэдүүлэгтээ “Э.Бтэй анх уулзахад буюу машинд хамт явж байхдаа талийгаачийг би цохисон гэж хэлсэн” гэж мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлэг нь үндэслэл бүхий эргэлзээтэй байна. Учир нь, хэрэг болсны маргааш Э.Б, Ш.Т, Б нар буудалд байсан хоёр хүний нэг нь нас барсан гэдгийг мэдэж байснаас хэн нь талийгаач болсон талаар мэдээгүй мэдэх боломжгүй байсан. Мөн тухайн өдөр цуг явсан гэрч Алагаа буюу Дэлгэрнямын мэдүүлгээс эрс зөрүүтэй байгаа юм.

Харилцан эсрэг сонирхолтой холбогдогчийн ар гэрээс гэрчид нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байхад буюу Ш.Тын эхнэр шүүх хурлын өмнө гэрчийг худал мэдүүлэг өгүүлсэн нөхцөл байдлыг үнэлээгүй. Үүнд: Гэрч Б шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 27-нд мэдүүлэг өгөхдөө Э.Бийг шөнө ирчихээд “би хүн цохичихсон чинь сэрэхгүй байсан гээд зөндөө уйлаад байсан” гэж мэдүүлдэг бол 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Шүүх хуралдаанд гэрчээр оролцохын өмнө над дээр Э.Бийн ахын эхнэр /Ш.Тын эхнэр Жагаа/ гээд хүн ирж уулзаад Э.Б ийм захиа өгч байна” гээд гараар бичсэн захианы зургийг утсан дээрээс уншуулсан. Тэр захианд намайг ингээд хэлээд өгөөч гэсэн зааварчилгаа бүхий захиа байсан. Би тэр захианых нь дагуу шүүхэд мэдүүлэг өгсөн. Тэр захианд “намайг тэр орой ирээд хүн цохиод алчихлаа” гэх утгатай захиа байсан, худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгосон боловч би Э.Бийн захиа гэхээр нь тэр захианы дагуу худал мэдүүлэг өгсөн. Тэр орой тийм зүйл болоогүй гэж мэдүүлдэг. Дээрх нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Т үгүйсгээгүй бөгөөд манай эхнэр гэрч Бтэй очиж уулзсан талаар мэдүүлдэг.

Шүүгдэгчид нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Тын өмгөөлөгч нар болох Г.Мөнхбаяр, Ц.Цэцэгсүрэн, Даваадорж нар нь Э.Бийг цагдан хоригдож байхад 461 болон 409 дүгээр хорих анги дээр удаа дараа очиж уулзсан бөгөөд давж заалдах шатны хуралдаан дээр тайлбар хийхдээ “ар гэрээс нь очиж уулзаач” гэж гуйж байсан гэж тайлбарласан боловч хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсанаар Э.Бийн ээж болох Эаас мэдүүлэг авсан. Гэрч Ш.Э мэдүүлэхдээ “миний хүүтэй уулзаж байсан гэх өмгөөлөгч нараас Даваадорж гэх өмгөөлөгчтэй уулзаж байсан бусад өмгөөлөгч нартай уулзаж байгаагүй. Даваадорж өмгөөлөгч манай хүүг өмгөөлнө” гэдэг байсан. Даваадорж өмгөөлөгчийн төлбөр мөнгийг нь Ш.Тын эхнэр Золжаргал төлдөг байсан /5хх 37-38/. Мөн Даваадорж өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ “би Э.Бтэй 10 удаа уулзсан гэж мэдүүлдэг боловч 461 дүгээр хорих ангийн лавлагаагаар 42 удаа уулзсан нь нотлогддог бөгөөд өмгөөлөгч хүртэл мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байна. Ш.Тын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн Э.Бтэй 409 дүгээр хорих анги дээр 4 удаа очиж уулзсан, Ш.Тын өмгөөлөгч Г.Мөнхбаяр Э.Бтэй 461 хорих анги дээр 6 удаа ирж уулзсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэдийгээр дээрх өмгөөлөгч нараас мэдүүлэг авсан боловч Э.Бөд нөлөөлөөгүй гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй. Э.Б хэрэг хүлээлгэх болон өөрт нь нөлөөлөхөөр оролдоод байгаа талаар 2019.08.21-нд өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. /Зхх-127/ Намайг 461 дүгээр ангид байхад “мэдүүлэг битгий өгөөрэй түрүүвч авах гэж орсон ямар ч зодоон болоогүй гэж хэлээрэй гэж Т ах эргэлт уулзалтад орох үедээ хэлж байсан. Тэгээд Т ах надад Зулбаяр гэх өмгөөлөгч авсан байгаа гэж хэлж байсан. Т ах надад “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлнэ, мэдүүлэг өгч болохгүй шүү цаг нь болохоор ах нь өөрөө хэргээ хүлээнэ” гэж хэлсэн. Тэгээд “намайг мэдүүлэг өгөхөөр бол түрийвч авах гэж орсон, ороод зодоон болоогүй, орны цаанаас түрийвч авах шиг болсон гэж хэлээрэй” гэж надад хэлээд байсан. Тэгээд сүүлдээ Т ах “миний хэргийг үүрчих юм бол ах нь чамд том тус болно. 5 жил суугаад гараад ирэхэд чинь орох орон машин тэрэг асуудалгүй байна” гэж надад амаар болон бичгээр хэлсэн. Би тэгээд удаан бодсоны эцэст үнэнээ хэлсэн нь дээр гэж бодоод одоо болсон зүйлийг үнэн зөвөөр хэлж байна. Мөн шүүхийн шатанд бичгээр явуулсан гэж мэдүүлдэг бөгөөд шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь зөрүүгүй байгаа юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр надад холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Гэтэл шүүгдэгч Э.Бийн гүтгэлгийн шинжтэй, худал зөрүүтэй мэдүүлэг зэргийг үндэслэн намайг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг бүлэглэн хохироосон гэмт хэрэгт буруутгаж байгаад маш их гомдолтой байна. Иймд хэргийг шударга ёсны зарчимд нийцүүлэн, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... мөрдөн байцаалтын ажиллагааны болон шүүх хуралдааны явцад Ш.Тыг “Э.Бтэй бүлэглэн хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт авагдаагүй байхад удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн гэрч П.Н, шүүгдэгч Э.Б нарын тогтворгүй худал мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... хэдийгээр шүүгдэгч нар хэн аль нь амь хохирогчийг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч хэн хэнийгээ талийгаачийн нүүрэнд өшиглөсөн болохыг харилцан мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач Г.Бод олон тооны гэмтэл учирснаас зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдаж амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаанд холбоотой байна. Дээрх гэмтэл нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтойг шинжээч эмч мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн хэнийх нь үйлчлэлээр дээрх гэмтэл учирсныг тогтоох боломжгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэснийг зөрчсөн. Мөн уг гэмт хэргийг шүүгдэгч нар санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар хуульчилсан. Гэтэл хэнийх нь үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсныг тогтоох боломжгүй байна гэж тодорхойлсон атлаа шүүгдэгч нарыг бүлэглэсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болох гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгй гэснийг, мөн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим болох Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн үндсэн зарчим алдагдсан байна.

Өмгөөлөгч нар Э.Бийг ганцаараа хэргээ хүлээчих гэсэн дарамт шахалт үзүүлж байсан гэх үндэслэлтэй ... гэж тодорхойлсон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчмын хүрээнд өөрийгөө гэм буруугүй гэх шүүгдэгч Э.Бийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэв өмгөөлөгч нар шүүгдэгчид дарамт шахалт үзүүлсэн бол шүүх хурал зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн сонгож авсан өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, ЭрдэнэТ нараас хууль зүйн туслалцаа авч, мэдүүлэг өгөх, шүүх хуралдааны явцад хамт байсан. Мөн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өөрийн сонгож авсан өмгөөлөгч нартайгаа оролцсон бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Ш.Тыг захиа дамжуулсан гэж мэдүүлсэн нь огт үндэслэлгүй. Учир нь, цагдан хорих ангиас захиа гарах ямар ч боломжгүй, давхар харуул хамгаалалт шалгаж, нэгжлэг хийдэг. Мөн Ш.Т нь бичиг үсэг мэдэхгүй болох нь хавтас хэрэгт нотлох баримтаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байгаа эсэхийг хянаж Ш.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар нэг үйл баримтад дүгнэлт хийхдээ нөгөөхийг нь үгүйсгэсэн талаар дурдаагүй гэдэг нь харагдаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээс үзэхэд, анхны шинжээчийн дүгнэлтээр цусанд 3.5, ходоодонд 6.4, шээсэнд 4.6 граммтай гэж спиртийн гүн хордлогод орж нас барсан гэх дүгнэлтийг шинжээч эмч Т, Ц, Б нар цохилтын улмаас амьсгал бүтэж нас барсан гэх харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн. Хэргийн газрын үзлэгийг харахдаа талийгаач ямар байрлалтай хэвтэж байсныг харсан. Талийгаач доошоо харж зүүн талаараа хацраа дарсан байдалтай байсан. Иймд байдалтай байхад амьсгалын замын бүтэлтэд орох эсэхийг шинжээч эмчээс асуугаагүй. Миний ажиллаж байсан хэрэгтэй төсөөтэй байдал харагдаж байгаа тул доошоо харсан байхад бүтэлтэд орох эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал байна. Иймд эдгээр зүйлийг дутуу шалгасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хэзээ, хаана болсон, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Шүүгдэгч нар “би цохисон, чи цохисон” гэж мэдүүлснийг бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагаа хийж спирттэй холбоотой асуудал нь юун дээр үгүйсгэгдэж байгаа, ямар шинж тэмдэг спирттэй холбоотой асуудал дээр байх ёстой юм бэ. Эдгээр ажиллагаа дутуу хийгдсэн байгаа тул гэм буруугийн асуудлыг өнөөдрийн прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нарын хэлж байгаагаар шийдвэрлэх боломжгүй учир хэргийг буцааж хэн нь энэ хэрэгт хамааралтай гэдгийг тогтоож байж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүх бүрэлдэхүүнийг энэ асуудал дээр онцгой анхаарч магадлалд тусгаж өгнө үү гэв.

 

   Шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч С.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нарын мэдүүлгээр нэг удаагийн цохих үйлдлээр энэ гэмтэл үүсэж нас барсан гэж тодорхойлсон. Үүнийг анхан шатны шүүх үгүйсгэж чадаагүй ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Э.Б нь Ш.Ттай садан төрлийн харилцаа холбоотой. Иймд Э.Б нь Ш.Тын ар гэр болон санхүү мөнгийг дэндүү сайн мэднэ. “Байр, машин авч өгнө” гэж амлалт өгөөд түүнийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг дэндүү сайн мэднэ. Ингэж ярьж байгаа нь үүгээр үгүйсгэгдэж байгаа гэж үзэж байна. Гэрч П.Нийн мэдүүлгээс үзэхэд “чи муу гээд том биетэй хүн нь жижиг биетэй хүнийг загнаад доош нь аваад буусан. Доошоо буухдаа чи муу хүн алах уу гээд загнаад аваад буусан” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь Ш.Тын мэдүүлгээр мөн нотлогдож байна. Анхны мэдүүлгээс эхлээд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг дээр тогтвортой өгсөн мэдүүлэг нь энэ байна. Иймд энэ мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн тогтвортой анхаарч үзнэ үү. Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд Нийн мэдүүлгийг нотолж байгаа нотлох баримт гэж үзэж байна. 01 цаг 00 минутад 2 хүн өрөө рүү орж 16 секундийн дараа Н энэ 2 хүнийг харах боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үед Ш.Т нь талийгаачийн хажууд байсан хүнтэй зууралдаж явж байгаа болохоос биш, талийгаачтай ноцолдсон цохисон зүйл байхгүй. Энэ хоромхон хугацаанд хэн цохиж болох вэ гэдэг дээр шүүх үнэлэлт дүгнэлт хийх байхаа.” гэв.

 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эхлээд бүх шүүгч өмгөөлөгч нарт нэг зүйл хэлмээр байна. Шүүх нь худлаа дүгнэлт гаргадаг юм байна. Шүүх эмнэлэг нь худлаа байдаг юм байна. Анхан шатны шүүх худлаа хэлэлцүүлэг хийж энэ хүмүүсийг гүтгэсэн юм байна. Манай нөхөр өөрөө унаад үхчихсэн юм байна. Өмгөөлөгч Б.Тэнгис өнөөдөр орж ирээд процессыг нь мэдээгүй байж манай нөхрийг архины хамаарлаар нас барсан гэж хэлж байна. Нэг хүнийг нэг л оршуулдаг юм шүү өмгөөлөгч Б.Тэнгисээ. 4 удаа задлан хийхийг нь тэвчдэг хүн надаас өөр байхгүй байхаа. Шүүгч нарыг зөв зүйтэй зүйл хийгээрэй гэж гуймаар байна. Анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна.” гэв.

 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангасан. Ш.Т нь хувийн таарамжгүй харилцааны улмаас миний үйлчлүүлэгчийн талийгаач нөхөртэй маргалдаж түүнийг цохиж зодож, хана мөргүүлсэн гэх хууль сануулж өгсөн гэрчийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Мөн дахин хүн дагуулж ирээд миний үйлчлүүлэгчийн амь насыг хохироосон үйл явдал болсон. Үүнээс гадна энэ үйлдлээ нуун далдлахаар камерын бичлэгээ устгуулах гэж оролцож байсан. Э.Бийг энэ хэрэгт хэрхэн, яаж оролцсон талаар мөрдөн байцаагч, прокурор, шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Энэ хүний оролцсон оролцоо маш бага байх магадлалтай гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Олон өмгөөлөгч авч очоод “машин өгнө, байшин өгнө” гэж хэлээд “чи даачих” гэх үйл баримт нь олон нотлох баримтаар тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.Тыг тухайн буудалд архи уун согтуурсан үедээ бусадтай маргалдаж 2 хүнд зодуулж гинжээ таслуулсан үйл баримт бий болсон. Уг гинжээ таслуулсан үйл баримтаас болж өөрийн дүү Э.Бийг дуудаж бүлэглэн зодож хүний амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаж хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянан үзэж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч нарын гэрч Нийн мэдүүлгийг онцолж 5 өөр мэдүүлэг өгсөн гэж хэлж байна. Гэрчээс асуусан байдал, шүүх хуралдаанд мэдүүлсэн байдлыг хараад хуульч хүн байж арай ингэж ярьж болохгүй. Яагаад гэхээр, гэрч Н нь тогтвортой мэдүүлэг өгсөн бөгөөд “402 тоот өрөөнд ороход учир битүүлэг пид, пад гэх дуу чимээ гарахаар нь зодоон болж байна гэж бодоод 402 тоот өрөөний хажуу хананд байсан жаазтай зургийг унаад хагарчих юм болов уу гэж бодоод өөр газарт өлгөсөн” гэж мэдүүлдэг. Энэ хоёрыг ороод гарсны дараа шатаар буухыг нь харсан. Амь хохирогчийг ямар байдалтай хэвтэж байхыг нь харсан гэдэг. Өмгөөлөгч 8 секунд болоод гарсан гэж хэргийн газрын тэмдэглэлийг буруу ойлгосон бололтой. Эдгээр 2 шүүгдэгч нь өмнө нь нэг байр суурьтай байх үед мэдүүлэг өгөхгүй, дундаа өмгөөлөгч авсан байсан. Өмгөөлөгч нар нь хорих 461 дүгээр ангид очиж аль альтай нь уулздаг байсан. Энэ хэрэгт асууж болох бүх хүнийг гэрчээр асуусан. Сүүлдээ хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч нарыг энэ хэрэгт гэрчээр асуусан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор Э.Бийн хуулиар олгогдсон эрхийг хасаж хязгаарласан, эсхүл түүнийг мэдүүлэг өгөхөд Ш.Тын нэр бүхий өмгөөлөгч нар нөлөөлсөн байж болзошгүй гэх нөхцөл байдлыг шалган тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дээрх үйл баримт бий болсон нь тогтоогдоогүй. Зарим өмгөөлөгч нар мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Үйлчлүүлэгчийн талаар мэдүүлэг өгөх нь хориотой байдаг. Энэ хэргийн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй. 2 хүн өрөөнд орсон үйл баримт нь тодорхой. Гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй хэрэг байна гэж хаана ч байхгүй. Энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнд заавал байх хэлбэр юм. Э.Б нь Ш.Ттай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөнд болсон гэж тодорхой бичсэн. Шинжээчийн дүгнэлт гаргасан эмч Тгаас “Талийгаачийн биед учирсан гэмтэл нь ямар үйлдлийн үйлчлэлээс үүсэх вэ” гэхэд “мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн. Хэргийн үйл баримтыг гуйвуулсан зүйл ярихаа болимоор байна. Хүний амь нас хохирсон. 2 хүн ороод гарсан. Нэг хүн нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг бий болгож бусдад зодуулчихаад буцаад зодох зорилгоор дүүгээ дуудаж орж ирээд бүлэглэж зодсон үйл баримт нь тодорхой бий болсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Ш.Т, Э.Б нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Бын нүүрэн тус газарт цохисны улмаас бие махбодид нь зүүн хацрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн “... Маргааш нь 27-ны өдөр залгахдаа “Орой хань нь архи уухгүй гэртээ очно” гэж ярьсан боловч оройн 21:40 цагт над руу залгаад “хань нь архи уучихлаа. Битгий уурлаарай. Зочид буудалд ууж байна, хажууд Э байна. Санаа битгий зовоорой. Би эртхэн харина” гэж хэлсэн. Тэрнээс хойш бид хоёр утсаар холбогдоогүй ба маргааш өглөө нь гар утас руу нь залгаад утсаа авахгүй байсан ба охин дүү нь над руу утсаар яриад талийгаачийг нас барсан талаар хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой талийгаач архи уучихсан гэртээ ирсэн. Тэгэхэд биед нь ил харагдах ямар ч гэмтэл шарх байгаагүй ...” /1хх 126-129/,

 

гэрч А.Эын “... Микроны талаар яриад байсан. Тэр бүдүүн залуу “Та нарын машин засдаг гэж юу байдаг юм” гэх мэтээр Б ахыг дээрэлхэх өнгө аястай байхаар би Б ахыг өмөөрч тэр бүдүүн залуутай маргалдсан. Тэгээд би Б ахад хандаж “Ингэж дээрэлхүүлж архи ууна гэж юу байсан юм, явъя” гэж хэлэхэд намайг тоохгүй бүдүүн залуутай л юм яриад байсан. ... Б ах шалан дээр нүүр нь цус болчихсон дээшээ харсан байдалтай нас барчихсан байсан. Би орон дээр унтаж байсан. Намайг унтахаас өмнө бүдүүн залуутай маргалдаж байсан. ... Талийгаач тэр бүдүүн залуугийн урд зогсоод ярьж байхад тэр бүдүүн залуу талийгаачийг заамдаж аваад хүүхэд шиг хоёр тал руугаа унагаж, шидээд байхаар нь би тэр залууд “битгий ах дээрэлхээд байгаарай” гэж хэлсэн. Талийгаач унаж босч ирчихээд тэр залуугийн өөдөөс дунд хуруугаа гаргасан юм уу, эсвэл гараараа зааж юм ярьсан уу мэдэхгүй, ямар ч байсан гараа урдаа гаргах шиг хөдөлгөөн хийсэн. ...” /1хх 138-141/,

 

гэрч П.Нийн “... Шөнө 00:00 цагийн үед 402 дугаартай өрөөнөөс хүмүүс маргалдаад байгаа чимээ гараад байхаар нь би очоод харахад махлаг бүдүүн залуу, ногоон өнгийн комбинзонтой залуутай барьцалдчихсан, махлаг залуу ногоон комбинзонтой залуугийн өмссөн байсан хувцсыг нь дээш шуучихсан, нурууг нь ил гаргачихаад доош нь дарсан байдалтай байхаар нь би “Та нар зодолдож болохгүй. Хүмүүс амарч байна, боль” гэж хэлсэн. Ногоон комбинзонтой залуу нилээн согтолттой байсан. Тэгэхэд талийгаач өрөөний баруун талд сандал дээр сууж байсан. Тухайн үед уг хэрүүл маргаанд талийгаач оролцоогүй шинжтэй биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй зүгээр байсан. Тэгэхээр нь би гараад явсан. ... Би коридорын үзүүрт сууж байхад бүдүүн махлаг залуу 402 дугаартай өрөөнөөс гарч ирээд “Миний нүүр цус болчихсон байна уу” гэж асуухаар нь нүүр рүү нь харахад зүгээр байхаар нь “Цус болоогүй байна” гэж хэлсэн. ... Тэгээд би гараад бүдүүн залууд малгайг нь өгсөн бa тэр залуу утсаар нилээн ууртай байдалтай 4 давхрын шатан дээр суугаад нэг хүнтэй “Намайг хоёр залуу нийлээд дээрэлхээд байна” гэж ярьж байгаад буудлаас гараад явсан. ... Тэгээд шөнө 01:00 цаг болох гэж байхад буудлын үүдний хаалгыг чангаар пижигнэтэл өшиглөж байгаад бүдүүн махлаг залуу өндөр туранхай, насаар 20 гаран насны залуутай нилээн ууртай орж ирээд шууд 402 дугаартай өрөө рүү алхсан. Би тэр хоёрын араас алхаж байхад түрүүлээд тэр хоёр залуу 402 дугаартай өрөө рүү орсны дараа 2-3 удаа “пэд пэд” гэх чимээ гарахаар нь би яг зодоон болж байна гэж бодсон. Эргээд орох үед Ш.Т нь Эыг өшиглөж байсан. Харин Б зогсож байсан. Тэгээд намайг хараад Т нь буйдан дээр байсан куртикээ аваад явах үедээ Э.Бийг “чи муу” гэж хэлээд гараад явсан. Талийгаач шалан дээр доошоо хараад унасан байдалтай хоржигноод байсан ба нөгөө ногоон өнгийн комбинзонтой залуу цаад талд нь хажуу тийшээ харчихсан хурхираад байсан. ...бүдүүн залуугийн араас харахад нөгөө туранхай залуугаа загнаад байсан. ...өрөө рүү шагайхад ногоон комбинзонтой согтуу залуу орон дээр гараад хэвтчихсэн, харин талийгаач залуу газар доош хараад хэвтсэн байдалтай чигээрээ байхаар нь босгоод орон дээр хэвтүүлэх санаатай татахад огт хөдлөхгүй байсан ба гарнаас нь татаад хажуу тийш болгоход бие нь хөшчихсөн, толгойн доош харсан хэсгийн газар нь нил цус болоод хатчихсан байсан. ...” /1хх 149-158/,

 

гэрч Д.Эийн “... “Камер чинь бичлэг хийдэг юм уу” гэхэд би “ажилладаг” гэж хариулахад Ш.Т “камерын бичлэгийг чинь устгаж болдог юм уу, бичлэгээ устгачихаарай” гэж хэлсэн. ... Эхлээд над руу ярихдаа “Танай буудал чинь хаалгаа онгойлгохгүй байна. Хамт орсон хоёр хүнд зодуулчихлаа. Би цагдаа дуудлаа шүү” гээд яриад байсан. Тэрний дараа дахиж залгахдаа “Камер чинь бичдэг юм уу, маргааш цагдаа сэргийлэх гээд янз бүрийн асуудал гарах вий” гэж яриад байсан. ...” /3хх 158-163/,

 

гэрч П.Бын “... Т “өчигдөр буудлын өрөөнд байхад хоёр залуутай муудалцаад нэг нь миний нүүр рүү өшиглөөд намайг боогоод гинж таслачихаар нь би буудлаас гараад явсан. Би Бийг дуудчихсан байсан. Бийг ирэхээр нь дагуулж ороод миний гинжийг тасалсан, намайг цохисон хүнийг би очиж зодсон” гэж хэлсэн. Харин Б болохоор өөрөө “ Би сандал дээр сууж байсан хүнийг татаад нүүр рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд Т хажуунаас “Бийг өшиглөхөд нэг сонин “түг” гээд дугарсан. Тэгэхээр нь би Бийг “Чи яаж байгаа юм бэ. Одоо боль“ гээд салгаад аваад гарсан” гэж хэлсэн. ...” /3хх 199-203, 5хх 198/ гэсэн мэдүүлгүүд,

 

гэрч Н.Бийн “... шүүх хуралдаанд гэрчээр орохын өмнө над дээр Бийн ахын эхнэр гээд хүн ирж уулзаад “Б ийм захиа өгч байна” гээд гараар бичсэн захианы зургийг утсан дээрээс уншуулсан. Тэр захианд “Намайг ингээд хэлээд өгөөч ээ” гэсэн зааварчилгаа бүхий захиа байсан. Би захианых нь дагуу өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Ямартай ч захианд “намайг тэр орой ирээд хүн цохиод алчихлаа” гэх утгатай мэдүүлэг өгчих гэсэн захиа байсан. Би худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгосон боловч би Э.Бийн захиа гэхээр нь тэр захианы дагуу худал мэдүүлэг өгсөн. Тэр орой тийм зүйл яриагүй ...” /5хх 190-191/

 

Ш.Тын яллагдагчаар өгсөн “... Тэгээд би такси барих гэсэн чинь түрийвч байхгүй байсан болохоор буудал руу Бийг дагуулаад ороод буудлын өрөө рүү би эхлээд орсон чинь талийгаач сандал дээр суусан, Э орон дээр хэвтэж байсан. Би талийгаачийн урд талаар гараад Эын хэвтэж байсан орны урд очоод түрийвчээ ширээний дээд талаас авах гэхэд миний түрийвч байхгүй болохоор Эын цээж хавиас татсан чинь орны урагшаа унах гэхээр нь өмсөж байсан комбинзоноос татсан чинь урагдаад урагшаа унасан. Тэгээд Эыг буцаагаад татах гэхэд түрийвч ширээний булан хэсэгт шалан дээр хэвтэж байсан. Би түрийвчээ аваад эргээд харахад Б талийгаачийн толгой хэсэгт дэвсэх гэж байсан болохоор би болиулаад цаашаа авч гараад Бөд хандаж “ Хүн алах нь дутаа юу “ гээд уурлаад шатны бариул цохиод гарсан ... Б бид хоёр такси бариад явж байхдаа “Яаж байгаа юм бэ“ гэхэд Б “Ах аа зүгээр ш дээ“ гэсэн. Тэгэхээр нь би “Хамар амнаас нь цус гарсан байна лээ ш дээ. Чи яаж цохисон юм бэ“ гэхэд Б “Өшиглөсөн“ гэж надад хэлсэн. Би түрийвчээ авах гэж байгаад Бийг яаж цохисныг хараагүй ...Тэгээд Чимгээ рүү залгаад ярихад Чимгээ гэртээ байхгүй, дүүгийндээ байна гэхээр нь би Чимгээд хандаж “Нэг балай юм болчихлоо. Чи маргааш очихоороо харах байлгүй дээ. Чи наад бичлэгээ устгаад өгч болох уу“ гэж асуухад Чимгээ “За, за“ гэж хэлээд утсаа тасалсан. ...” /3хх 131-133/,

 

шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт “... Түрийвчээ авна гээд бид хамт буудал руу орсон. Өрөөнд ороход талийгаач сандал дээр сууж байсан ба намайг “Чи муу шээс юу хийж яваа юм бэ“ гэхээр нь миний уур хүрээд нүүр лүү нь өшиглөөд, баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Мөн цамцнаас нь татаад дээрээс нь дэвсэх гэтэл ах “Саяхан шийтгүүлчихээд” гээд загинахаар нь “иймэрхүү юм болж л байдаг шүү дээ” гэж хэлээд гарсан. Тэгээд ахад “Таньдаг хүн байдаг юм бол яриад бичлэгийг устгаад өгөөч” гэж хэлсэн. ...” /4хх 101-105/ мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Тгийн гаргасан 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай “... Талийгаач Г.Бын цогцост тархины аалзан хальсан доорх бичил цус харвалт, уушги, цагаан мөгөөрсөн хоолой дахь цусархаг агууламж, зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн гайморын хөндий дэх сул цус, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн завьжны дотор салстад язарсан шарх, дээд уруулын зүүн хэсгийн дотор салстад, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралтууд, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн завьжны хэсэг, эрүүний доор зулгаралт, нүүр хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн завьжны дотор салстад язарсан шарх, дээд уруулын зүүн хэсгийн дотор салстад, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралтууд, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөрт, хамрын нуруу, зүүн завжны хэсэг, эрүүний доор зулгаралт, нүүр хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаач Г.Б нь зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлын улмаас цус алдаж улмаар амьсгалын замд гадны биет /цус/ орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан нь шүүх эд эсийн шинжилгээгээр уушигны цулцан жигд бус авчсан, зарим нь тэлсэн, капилляр судсууд тархмал цус дүүрэлттэй, цулцангийн хөндийд цус харвалт, голомтод хавантай, эдийн зарим хэсэгт улаан эс ууссан, бактерийн бөөгнөрөл, ялзралын өөрчлөлт эхэлсэн, гуурсан хоолойн хучуур эд хадгалагдсан, зарим гуурсанцрын хучуур эд үгүйрч улаан эсээр дүүрсэн, зарим нь салсархаг, масстай, судас тойрсон эдэд лимфоцитийн бөөгнөрөл, тоосжилттой, венийн судсууд цус дүүрэлттэй, капилляр венийн цус дүүрэлт, голомтод хаван, судас тойрсон үрэвсэл, цөс гуурсанцрын хөндий дэх цус, салсархаг агууламж илэрсэн байгаа зэргээр тогтоогдлоо. Талийгаач Г.Бын цогцосноос авсан цусанд 3.5 промилли, ходоодны шингэнд 6.4 промилли, шээсэнд 4.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба талийгаач нь спиртийн хордлогонд ороогүй байгаа нь шүүх эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна. ” /1хх 213-217/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Т, Ш.Ц, О.Б нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай “... Шарил дахин шинжлэх шүүх эмнэлгийн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр талийгаач Г.Б нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байна ... Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн хацар яс, зүүн хоншоор ясны ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн завьжны дотор салст дахь шарх, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэн зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацар, хамар, зүүн завж, эрүүний доод хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мөн журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Г.Б нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна. ...Талийгаач Г.Б нь спиртийн цочмог хордлогын улмаас нас бараагүй бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. Талийгаачийн нас барсан хугацааг шарил дахин шинжлэх шинжилгээгээр тогтоох боломжгүй ба цогцост хийсэн анхны үзлэгээр тогтооно.” /1хх 218-222/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Б, Д.Д, Ц.Оэ нарын 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 987 дугаартай “... 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ №151 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна ... Дээрх дүгнэлт нь үхлийн шалтгаан нэгдсэн саналд хүрсэн ба дүгнэлт нь товч ба дэлгэрэнгүй бичигджээ. Талийгаач нь зүүн хацар, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь шарилд дахин шинжилгээ болон шүүх эд эсийн шинжилгээгээр тогтоогдож байна.” /3хх 108-112/ гэсэн дүгнэлтүүд,

 

шинжээч эмч О.Бгийн: “... Н.Т эмчийн гаргасан 151 дугаартай дүгнэлттэй Ш.Ц эмч бид хоёрын гаргасан 151 дугаартай дүгнэлт агуулгын хувьд ямар нэгэн зөрүү байхгүй. Бичиглэл болон найруулгын хувьд дүгнэлтийн зарим хэсэгт зөрүүтэй байгаа болно. ... эд эсийн шинжилгээгээр болон шарилыг дахин шинжилж үзэхэд үхлийн шалтгаан нь амьсгалын замд цус алдаж, амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдсон болно. Уг нөхцөл байдлын улмаас урьд гаргасан 2639 дүгнэлттэй санал нийлээгүй болно.” /1хх 228-231/,

 

шинжээч эмч Ш.Цгийн “... Дүгнэлтийн хувьд тусдаа гарсан нь хоорондоо утга, агуулгын хувьд ямар нэгэн зөрүү, ялгаа байхгүй. Н.Т эмчийн дүгнэлт хэсгийг бичсэн хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байсныг О.Б эмч бид хоёр уншаад зарим нэг асуултад хариулсан байдлыг товчхон хариулах санал хэлсний улмаас тусдаа дүгнэлт гаргах болсон. Уг дүгнэлтүүд хоорондоо утга, агуулгын хувьд зөрүүгүй болно. ... уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүсч болно. ... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан” /1хх 232-235/,

 

              шинжээч эмч Н.Тгийн “... Томилогдсон шинжээч нар дүгнэлтэд санал зөрсөн асуудал байхгүй. 151 дугаартай 2 дүгнэлт хоорондоо агуулгын хувьд ямар нэгэн зөрүү байхгүй. Утга найруулгын хувьд бага зэргийн зөрүүтэй. Миний гаргасан дүгнэлт нас барсан шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарласан. ... Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт хурц ир ирмэгтэй зүйлээс бусад зүйлс багтана. Олон удаагийн үйлчлэл гэдэгт 2 ба түүнээс дээш удаа гэдгийг ойлгоно. Нүүрний яснуудад үүсгэгдсэн хугарал гэмтлүүдийг эхний задлан шинжилгээгээр шалгах боломжгүй. Яагаад гэвэл шинжилгээгээр нүүрний хэлбэр дүрс алдагдуулдаг, нүүрний арьс, булчин зөөлөн эдүүдийг бүгдийг нь шулж авч цэвэрлэж шалгадаг учраас эхний шинжилгээгээр хориглодог. Арьсны гаднаас тэмтэрч дээрх гэмтлүүдийг илрүүлэх боломжгүй. ...талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шарилд эксгумаци хийж нүүрэнд учирсан хугарлыг шинээр илрүүлсэн. Мөн эд эсийн шинжилгээгээр уушгинд гарч буй өөрчлөлтүүдийг үндэслэн дүгнэлт гаргасан. Ингээд нүүрэнд гэмтэл учирсан байх боломжтой юм байна гэх дүгнэлтэд хүрч бүх нүүрний арьсыг хуулж цаана нь байх нүдний алим, ухархайн хана, хоншоор яс зэрэг бүх зөөлөн эдийг шулж үзсэний үндсэн дээр нүүрний ясны хугарлуудыг илрүүлсэн. Эдгээр олон ясны хугарлуудын улмаас хялгасан бичил судаснууд хагарч амьсгалын замруу орсноор талийгаач нь цусаа сорж залгиад амьсгалын дээд замыг бөглөж нас барсан. Иймд механик амьсгал бүтэлт байсан гэдгийг тогтоосон.” /2хх 214-218, 4хх 118-122/,

 

              шинжээч эмч Ц.Бын “... нүүрэнд учирсан гэмтэл нь нийлмэл учир нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /4хх 121-122/ гэсэн мэдүүлгүүд,

 

хатуу дискенд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 67-121/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 35-44/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 45-49/, цогцсыг оршуулсан газраас гаргаж, дахин шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 241-250/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

             Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг судлан үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00:59:54 секундэд Ш.Т, Э.Б нар “Бүрт” нэртэй зочид буудлын хаалгаар орж, 00:59:59 секундэд Ш.Т буудлын 402 өрөө рүү түүний араас 01:00:00 секундэд Э.Б буудлын 402 өрөө рүү тус тус орж, 01:00:47 секундэд Э.Б, түүний араас 01:00:48 секундэд Ш.Т нар тус тус буудлын өрөөнөөс гарсан байх бөгөөд шүүгдэгч Ш.Т, Э.Б нар өрөөнд байсан 48 секундын хугацаанд хохирогч Г.Быг бүлэглэн зодож, нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас бие махбодид нь зүүн хацрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж алсан үйл баримт тогтоогдож байна.

 

             Дээрх үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ш.Т, Э.Б нарыг бүлэглэн хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Ш.Т, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Тыг 13 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Бийг 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

             Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 658 дугаартай тогтоолоор “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах зорилгоор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан эсэх, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн байцаалтаар шалгаж, тогтоолд заасан зөрчлийг арилгасны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан.

 

             Үүнээс хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэрчээр Ш.Э, Б.Даваадорж, Ц.Цэцэгсүрэн, Г.Мөнхбаяр нарыг, шүүгдэгч Ш.Т, Э.Б нарыг тус тус асууж мэдүүлэг авсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор Э.Бийн хуулиар хязгаарлагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл түүнийг мэдүүлэг өгөхөд Ш.Тын нэр бүхий өмгөөлөгч нар нөлөөлсөн байж болзошгүй гэх нөхцөл байдлыг шалган тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

    Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдүүдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

 

Хэрэгт авагдсан камерын бичлэг “... уг бичлэгийн 00:34:18 секундэд Ш.Т буудлаас гарч ирээд шатан дээр сууж гартаа утас барьсан байгаа дүрс. ... 00:34:41 секундэд Ш.Т буудлын шатан дээр сууж гартаа барьсан утсаараа ярьж байгаа дүрс. ... 00:59:54 секундэд яллагдагч Ш.Т буудлын хаалгаар орж байгаа болон түүний араас 00:59:55 секундэд яллагдагч Э.Б орж байгаа дүрс, мөн араас нь 01:00:10 секундэд П.Н орж байгаа дүрс. ... 01:00:54 секундэд Э.Б, Ш.Т нарын буудлаас гарч буй дүрс, ... 00:59:58 секундэд Ш.Т буудлын 402 өрөө рүү түрүүлж орж байгаа дүрс, 01:00:00 секундэд Э.Б буудлын 402 өрөө рүү орж байгаа дүрс. ... 01:00:16 секундэд гэрч П.Н буудлын 402 өрөө рүү харж байгаа дүрс. ... 01:00:47 секундэд Э.Б 402 өрөөнөөс гарч байгаа дүрс. ... 01:00:50 секундэд Ш.Т араас нь гарч байгаа дүрс. Түүний хажуугаар гэрч П.Н зөрөн алхаж байгаа дүрс. 01:00:55 секундэд гэрч П.Н 402 өрөө рүү харж байгаа дүрс. ...” болон шүүгдэгч нарыг өрөөнд орсноос хойш 16 секундын дараа араас нь очсон гэрч П.Нарангэрэлийн “... тэгэхэд тэр залуу шатан дээр суучихсан хүнтэй утсаар яриад байсан ба “таксины чинь мөнгийг би даана, хурдан ир” гээд уурлаад байсан. ... Тэгээд би гараад бүдүүн залууд малгайг нь өгсөн бa тэр залуу утсаар нилээн ууртай байдалтай 4 давхрын шатан дээр суугаад нэг хүнтэй “Намайг хоёр залуу нийлээд дээрэлхээд байна” гэж ярьж байгаад буудлаас гараад явсан. ... Шөнө 12 цаг өнгөрч байхад гадаа үүдний хаалгыг хүн учир зүггүй чанга өшиглөөд байхаар нь би доошоо буугаад шатан дээр ирж байсан чинь нөгөө махлаг залуу 18, 19 насны залуутай хамт өшиглөсөөр байгаад ороод ирсэн. Тэр хоёр үг хэлэхийн завдалгүй дээшээ шатаар өгсөөд явахаар нь би араас нь дагасан. Тэр хоёр шууд 402 руу очихоор нь би араас нь очиж байхад “пид пад” гэх чимээ гарч байсан. ... Тэгэхээр нь би хананд байдаг жаазыг аваад угаалгын өрөө рүү хийсэн юм. ... тэр хоёр шатаар доошоо бууж байхдаа бүдүүн залуу нөгөө хүүхдэд “чи муу” гэж хэлж байсан, их л ууртай явж байсан бөгөөд шатны төмөр цохих шиг болсон.  ... тэгээд би зөрөөд өрөө рүү шагайж харсан чинь талийгаач залуу сууж байсан сандалныхаа урд хоржигноод бөглөрч байгаа юм шиг сонин дугараад доошоо харчихсан хэвтэж байсан. ...” гэх, мөн гэрч П.Бын “... Т “өчигдөр буудлын өрөөнд байхад хоёр залуутай муудалцаад нэг нь миний нүүр рүү өшиглөөд намайг боогоод гинж таслачихаар нь би буудлаас гараад явсан. Би Бийг дуудчихсан байсан. Бийг ирэхээр нь дагуулж ороод миний гинжийг тасалсан, намайг цохисон хүнийг би очиж зодсон” гэж хэлсэн. Харин Б болохоор өөрөө “Би сандал дээр сууж байсан хүнийг татаад нүүр рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд Т хажуунаас “Бийг өшиглөхөд нэг сонин “түг” гээд дуугарсан. Тэгэхээр нь би Бийг “Чи яаж байгаа юм бэ. Одоо боль“ гээд салгаад аваад гарсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг шүүх хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

 

            Иймд дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ш.Т, Г.Б, А.Э нар нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөнд архидан согтуурч байгаад Ш.Т нь А.Э, Г.Б нартай маргалдсан, уурандаа өөрийн дүү Э.Бийг утсаар дуудан авчирч буудлын 402 тоот өрөө рүү дагуулан орж амь хохирогч Г.Быг бүлэглэн зодож, нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас зүүн хацрын яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд орж нас барсан үйл баримт хангалттай тогтоогдсон гэж үзэж байх тул шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.ОчБ, А.Буяндэлгэр нарын, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан гэм буруугийн талаарх, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/572 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.ОчБ, А.Буяндэлгэр, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ