Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/01253

 

 

 

 

 

 

                                2024       03          06

                    101/ШШ2024/01253

           

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:/-д холбогдох,

 

78,767,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б., өмгөөлөгч Ч. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь “*******" ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Т230906 дугаартай “Тээврийн үйлчилгээний гэрээ” -г байгуулж, Тээвэрлэгч нь Монгол улсын Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орших булаг уурхайгаас ийн боомтын талбай хүртэл ачаа тээвэрлэн хүргэх, “*******" ХХК нь тээврийн хөлсийг 1 тонн нүүрсний тээврийн хөлс НӨАТ ороогүй дүнгээр 95 юань (НӨАТ-тай дүнгээр 104.5 юань) гэж тохиролцон, тээврийн хөлсний урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцон гэрээг байгуулсан.

Манай компани нь гэрээний дагуу 2023.09.21-2023.10.15-ны өдрийг хүртэл нийт 2,225.6 тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд нийт тээврийн хөлс 232,575.2 юань (НӨАТ орсон) болсон бөгөөд Тээвэрлүүлэгч нь урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг тээвэрлэлт эхлэхээс өмнө төлөх ёстой байсан боловч 2023.09.22-ны өдөр 30,000,000 төгрөг буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 63,265.8 юань, 2023.09.27-ны өдөр 5,000,000 буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 10,559.4 юанийг тус тус төлсөн.

Тээврийн хөлс нийт 232,575.2 юань төлөхөөс урьдчилгаа төлбөрт 73,825.2 юанийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 158,750 юанийг төлөөгүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Монгол банкны албаны ёсны ханш 478.16 төгрөгөөр тооцоход 75,907,900 төгрөгийн тээврийн хөлс төлөгдөөгүй байна. Мөн хариуцагч нь 2023 10 06-ны өдөр 2,860,000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг мөн төлөөгүй болно.

Дээрх төлбөрийг хариуцагч талаас төлөхийг шаардсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл бодитоор биелүүлсэн зүйлгүй, төлнө л гэдэг ба манай компанийг тээврийн жолооч нарынхаа цалин хөлсийг төлж чадахгүй санхүүгийн хүнд байдалд оруулаад байна.

Иймд хариуцагч талаас 78,767,900 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж

байна.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл

Иргэний хуулийн 380 дүгээр зүйлийн 380.1. “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, Талуудын хооронд байгуулагдсан 2023.09.06-ны өдрийн “Тээврийн үйлчилгээний гэрээ”-ний 3.1-д “... пүүний баримтыг үндэслэн тээврийн хөлсийг Б талд 2 хоног тутам тооцоо хийх ба тээврийн хөлсийг төгрөгөөр хийх бол тухайн өдрийн Монгол банкны ханшаар төгрөгөөр тооцоо хийнэ.” гэж заасны дагуу 75,907,900 төгрөг, Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу 2,860,000 төгрөгийг тус тус шаардаж байна.

Иймд хариуцагч талаас 78,767,900 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023.9.6-нд тээвэр үйлчилгээний гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгаас ачаа тээвэрлэх, хариуцагч нь тээврийн хөлс 104.5 юаниар төлөхөөр тохирсон. Урьдчилгаанд 50 саяыг төлөхөөр тохирсон. Улмаар тээвэрлэлт хийсэн. Урьдчилгаагаас нийт 35 саяыг төлсөн. Тээврийн хөлсний нийт үнэ 232,578.20 юань төлөхөөс 73,825.20 юань төлсөн. Үлдэх 158,750 юань төлөөгүй байна. Нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцоод 75,907,900 төгрөг болно. Мөн хариуцагч нь 2,800,000 төгрөг зээлсэн боловч төлөөгүй. Эдгээр төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Нийт 78,767,900 төгрөг гаргуулж өгнө үү. 2,860,000 төгрөгийг хариуцагчийн захирал Цэрэндулам уруу шилжүүлсэн. Төлбөртөө түлш авахаар тохироод агуулах дээр нь очиход төлбөртэй гээд оруулахгүй байсан тул төлсөн. Тооцоо нь ханшийн зөрүүгээр зөрж байгаа юм.

1б. Шинээр гаргах хүсэлт, баримт байхгүй. Өмнөх хурал товлоод хойшилсон. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлгүй тул 100.3-р хэргийг хянан шийдвэрлэх саналтай. Уртын тээвэр гэдэг нь уурхайгаас боомт хүртэл тээвэр хийсэн. Тээвэр хийсэн баримтыг пүүний баримтаар тогтоогдож байгаа юм. Пүүний баримтаар цэвэр жин нь байгаа юм. Зээлийн асуудал бол хариуцагч нь манай компанийн төлбөр байгаа ба төлчихвөл 50 тонн түлш өгөх боломжтой гэсэн тул захирлынх нь данс уруу шилжүүлсэн. Хариуцагч нь тайлбар гаргаж маргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.             Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Тээврийн үйлчилгээний гэрээ /хх4-7/, Төрийн банк дахь Х.Дүгэрсүрэнгийн дансны хуулга /хх44/, уртын тээврийн тооцоо /хх45/, пүүний баримт 28 ширхэг /хх46-73/, Хаан банк дахь М.гийн дансны хуулга /хх85/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 66,269,585.04 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч “*******” ХХК нь тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 75,907,900 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 2,860,000 төгрөг, нийт 78,767,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Шүүх хариуцагчийн төлөөлөгч Н.Хэрлэн-д 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар хариуцагчийн өмгөөлөгч Н.Оролжмаад 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдөр өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан.

Шүүх хэргийн оролцогч талуудад хуралдааны товыг мэдэгдэх бөгөөд оролцогч тус бүрд мэдэгдэх шаардлагагүй юм. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

 

4.             Зохигчид 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн үйлчилгээний гэх гэрээ байгуулсан байна. /хх4-7/

Гэрээний 3.1, 3.2-т зааснаар талууд 1 тонн нүүрсийг 95 юаниар тээвэрлэх, урьдчилгаа төлбөрт хариуцагч нь 50,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг 35,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээгээр тээвэрлэгч нь ачааг тогтоосон газарт хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

 

5.             Нэхэмжлэгч нь гэрээний дагуу тээвэрлэсэн нүүрс, түүний жингийн талаарх санхүүгийн анхан шатны баримтыг холбогдох тооцооллын хамт шүүхэд ирүүлсэн. /хх46-73, 45/

Хариуцагч нь энэхүү тээвэрлэсэн нүүрсний жин, түүний төлбөрийн тооцоололтой маргаагүй тул зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул хариуцагчийн маргаагүй үйл баримтыг шүүх давхар нотлох шаардлагагүй юм.

Иймд дээрх тооцоололд дурдсанаар хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгчээр нийт 2,225.6 тонн нүүрс тээвэрлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

6.             Гэрээний 3.1-д 1 тонн нүүрсийг 95 юаниар тээвэрлэхээр тохиролцсон бөгөөд харин тоо хэмжээ болон төлбөрийн нөхцөлийг зохицуулсан гэрээний 3 дугаар зүйлд НӨАТ нэмж төлөх талаар тохиролцоогүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцоогүй НӨАТ-г хариуцагчаас шаардах эрхгүй.

Дээрх үндэслэлээр гэрээний дагуу хариуцагчид үүссэн төлбөрийн үүргийг тооцвол 211,432 /2,225.6*95/ юань болно. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нийтэд илэрхий үйл баримт болох  Монгол банкны албан ханшны лавлагаагаар тухайн өдрийн төгрөг юанийн харьцах ханш 478,97 төгрөг байх тул хариуцагчид 101,269,585.04 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг 35,000,000 төгрөгийн урьдчилгаа хөлс төлсөн гэж тайлбарлаж, хариуцагч нь энэ талаар маргаагүй тул 66,269,585.04 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй.

 

7.             Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 2,860,000 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч тал нь энэхүү мөнгөн хөрөнгө нь хариуцагчийн бусдад төлөх байсан гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Улмаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг нотлохоор Хаан банк дахь М.гийн тоот дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлжээ. Энэхүү хуулганаас үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “******* ХХК-с түлшний үнэ” гэсэн утгаар 2,860,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн байна. Цаашлаад нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчийн гүйцэтгэх удирдлагын дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан.

Эдгээрээс үзэхэд 2,860,000 төгрөгийг нэхэмжлэгч олгоогүй бөгөөд хариуцагч хүлээн аваагүй байна.

Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх мөн үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 66,269,585.04 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,498,314.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 66,269,585.04 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,498,314.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 489,297.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД