| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2023/05883/И |
| Дугаар | 101/ШШ2024/00618 |
| Огноо | 2024-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2024/00618
| 2024 01 26 | 101/ШШ2024/00618 |
|
|
| ||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,, тоотод оршин байрлах, ******* ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, гэрч Т.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2021/10 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж 50 тонны хүчин чадалтай, 1 иж бүрдэл асфальт заводыг нийт 250,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиолцож, төлбөрийн нөхцөлийг асфальт заводыг ачихад 60,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгт Nissan Patrol Safari автомашиныг үнэлэн тооцож, нийт 100,000,000 төгрөгийг хүлээж авсан. 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр асфальт заводыг Увс аймгийн Боршоо боомтод акт үйлдэн төслийн талбайд буулгаж угсраад, шалгаж хүлээлгэж өгсөн. Үүний дараа хариуцагч компаниас үлдсэн төлбөрийг нэхэмжлэхэд Боршоо боомтын ажлыг хийж гүйцэтгэсэн, санхүүжилт орж ирэхээр төлбөрийг хийнэ, тэр болтол түр хүлээгээч гэх албан бичиг ирүүлсэн. Асфальт завод үйлдвэрийн үлдэгдэл төлбөр болох 190,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач захирал Ө.*******гийн данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул 40,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нь 60,000,000 төгрөгийг дансаар, 40,000,000 төгрөгт ногдох тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн, нийт 100,000,000 төгрөгийг төлж, үлдэх 150,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тоног төхөөрөмжийн гарал үүслийн бичиг байхгүй. Техник нь хаанаас яаж орж ирсэн гэх гэрчилгээ байхгүй. Гэрчийн мэдүүлгээр сертификат байдаг гэж байсан. Тухайн үед ниссан патрол машиныг 40,000,000 төгрөгт тооцож авсанд маргадаггүй. Нэхэмжлэгч компанийн дансанд 20,000,000 төгрөг, дараа нь 40,000,000 төгрөг гээд нийт 60,000,000 төгрөг төлсөн байдаг. Анх 40,000,000 төгрөгийн урьдчилгаа хийгээд үлдэгдлээ төлөөд нийт 100,000,000 төгрөг төлсөн байгаа. 150,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж техник техникийн гарал үүслийн гэрчилгээ, бичиг баримтыг өгсөн тохиолдолд өгөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
******* ХХК-аас асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүсэл, гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг гаргуулах тухай байгаа. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2021/10 дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компанид асфальт заводыг шилжүүлэхдээ тухайн замуудын бүрдэл хэсэг болох 5 нэр төрөл бүхий тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг өнөөдөр хүртэл өгөөгүй. Үүнд удирдлагын самбар, хайрганы сортын бункер, хайрга дамжуулах конверын хэсэг, хайрга халаах хэсэг, ритм хайлуулах тогоо, нөөц сав байна. Хариуцагч компани нь асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийг зөөвөрлөн хөдөө орон нутагт ашиглах боломжтой гэж үзэж бид нар худалдаж авсан. Гэтэл гэрээний зүйлийн гарал үүслийн гэрчилгээ, бичиг баримт хүлээлгэж өгөөгүй учраас ашиглахад мэргэжлийн хяналтын байгууллага Цагдаагийн байгууллага зайлшгүй зөвшөөрөх бичиг баримтыг шалгаж шаардаж, бүрэн шаардаж ажиллуулахгүй байгаа учраас ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ үүссэн хүндрэлийн учраас төлбөр төлөгдөхгүй явж байна. тухайн нэхэмжлэгч компанийн өмнөх удирдлага хэлж танилцуулж байсан байна. Шаардлагатай бичиг баримт, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгс гэрчилгээг өгнө гэсэн боловч өгөөгүй байна. Иймээс бид нар ашиглаж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагч компани нь Боршоо боомтод тухайн тоног төхөөрөмжийг хүлээж аваад тэндээ асфальт заводоор ажил гүйцэтгэчихээд, энэ ажлын маань мөнгө орж ирээгүй байна гэдэг албан бичгийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23/20 албан бичгээр илэрхийлсэн байдаг. Албан бичигт захиалагч байгууллага болох Сайн констракшн ХХК-аас үлдэгдэл төлбөр орж ирээгүй байгаа тул төлбөрийг барагдуулж чадахгүй байна гэсэн агуулгатай. Тэгэхээр ажлаа гүйцэтгээд захиалагчаас мөнгө орж ирэхгүй байсан шалтгаанаар мөнгөө төлөхгүй байсан болохоос биш бичиг баримт байхгүй учраас төлбөрөө төлөхгүй гэсэн нэг ч удаа тайлбар болон манайд явуулж байсан албан бичиг ч байхгүй. Мэргэжлийн хяналт болон хууль Цагдаагийн байгууллагаас энэ талаар акт, дүгнэлт гаргасан ямар нэгэн нотлох баримт байхгүй. Манай байгууллагаас нэг ч удаа бичиг баримт гэж нэхэж байгаагүй. Бизнесийн зарчим ч гэсэн шударга баймаар байна. Өнөөдөр шүүхэд мөнгөө авч чадахгүй аргаа ядаад хандахад л гарал үүслийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учраас мөнгөө өгөхгүй гээд байгаа. Сөрөг нэхэмжлэл бол үндэслэлгүй, зөвхөн төлбөр төлөхийг хойшлуулсан, төлбөр төлөхгүй гэсэн арга зам хайж байгаа явдал юм. Тийм учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, худалдах-худалдан авах гэрээ, ******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22/15 тоот албан бичиг,
5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зураг, асфальт үйлдвэрлэх завод хүлээлцэх акт, дансны хуулга,
5.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа 40,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 190,000,000 төгрөг гаруулахаар шаардсан. Шүүх хуралдаанд 40,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1 Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Зохигчдын хооронд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь 50 тонн хүчин чадалтай, иж бүрэн Асфальт заводыг хүлээлгэн өгөх, ******* ХХК нь 250,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
2.1 Дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу ******* ХХК-иас Асфальт заводыг ******* ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, асфальт үйлдвэрлэх завод хүлээлцэх акт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдсон. Тодруулбал,
а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Т.*******оос ...******* ХХК нь миний компани юм. Манай компани ******* ХХК-тай хамтран ажиллах тохиролцоотой байсан. ******* ХХК нь 250,000,000 төгрөгөөр асфальт үйлдвэрлэх заводыг ******* ХХК-иас худалдан авахаар болсон. Уг мөнгөө төлөх боломжгүй байгаа тул намайг 60,000,000 төгрөгийг төлөхийг хүссэн. Би өөрийн данснаас 60,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн өмнөөс ******* ХХК-ийн захирал Ө.*******гийн данс руу шилжүүлсэн. ******* ХХК-иас Асфальт үйлдвэрлэх заводыг хүлээлгэн өгөхөд би болон ******* ХХК-ийн хүмүүс байсан гэж мэдүүлсэн.
Т.*******оос 60,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн өмнөх захирал Ө.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн болох нь Голомт банкны дансны хуулга, мемориалын баримтаар тогтоогдсон.
б. Хэргийн 52 дугаар талд авагдсан асфальт үйлдвэрлэх завод хүлээлцэх акт гэх баримтад Асфальт үйлдвэрлэх заводыг Увс аймгийн Давст сумын нутагт Боршоо боомтод тээвэрлэж ирснийг 2021 оны 07 сарын 25-наас 2021 оны 08 сарын 02 хүртэл хугацаанд бүрэн угсарч дуусгав. Тоног төхөөрөмж хүлээн авагч нь цахилгаан хангамж байхгүйн улмаас биет байдлын доголдолгүй хөдөлгүүрүүдийг бүрэн гүйцэт угсаран хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгсөн ******* ХХК-ийн механик Т.*******, хүлээн авсан ******* ХХК-ийн инженер Т.******* гэжээ.
в. Хариуцагч ******* ХХК-иас гэрээний зүйл болох асфальт үйлдвэрлэх заводыг хүлээн авсан болон гэрээний төлбөрт 60,000,000 төгрөгийг Т.*******оос төлж, 40,000,000 төгрөгт тооцон Nissan patrol safari маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, нийт 100,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөр 150,000,000 төгрөг байгаа үйл баримтад маргаагүй.
3. Хариуцагч ******* ХХК-иас гэрээний үлдэх төлбөр 150,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг өгсөний дараа төлнө гэж үндсэн нэхэмжлэлийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
3.1 Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 1.6-д худалдагч бараанд холбогдох аливаа баримт бичгийг худалдан авагчид барааг хүлээлгэн өгөхөөр шилжүүлнэ гэж заажээ.
Хариуцагчаас уг заалтыг үндэслэн Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмж нь 5 бүрдэл хэсэг буюу удирдлагын самбар, хайрганы сортын функер, хайрга дамжуулах конверийн хэсэг, хайрга халаах барваны хэсэг, битум хайлуулах тогоо, нөөц савнаас бүрддэг. Эдгээр бүрдэл хэсгүүд тус бүртээ гэрчилгээтэй байх ёстой ба уг бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүйгээс Мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаагийн байгууллагаас бичиг баримт шаардаж, тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах боломжгүй байдаг гэж тайлбарлаж байна.
3.1а Гэрээний 1.6-д зааснаас үзэхэд хариуцагчийн тайлбарлаж буйгаар Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн удирдлагын самбар, хайрганы сортын функер, хайрга дамжуулах конверийн хэсэг, хайрга халаах барваны хэсэг, битум хайлуулах тогоо, нөөц саванд тус бүр гэрчилгээтэй байх, гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлгийн бичиг баримтыг хүлээлгэн өгнө гэх агуулгагүй, энэ талаар талууд тохиролцоогүй байна.
3.2 Нэхэмжлэгчээс ...уг тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг бүрт гэрчилгээ гэж байдаггүй. Гарал үүсэл болон гаалийн мэдүүлгийн баримт байхгүй. Анх уг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үед одоо шаардаж буй бичиг баримтуудын талаар шаардаж байгаагүй, угаасаа ийм бичиг баримт байдаггүй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Хариуцагч Хоргос халиуда групп ХХК барилгын засвар хийх, эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, гадаад худалдаа, газар тариалангийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Хоргос халиуда групп ХХК нь 2021 онд гэрээний зүйл болох Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийг хүлээн авах үедээ бичиг баримтыг шалгаж хүлээн авах, бичиг баримтгүй байгаа тохиолдолд эд хөрөнгийг хүлээн авахгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй, өнөөдрийг хүртэл уг тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
3.3 Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийг 2021 онд хүлээн авсанаас хойш худалдан авагч Хоргос халиуда групп ХХК-иас сөрөг нэхэмжлэлд дурдсан Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг өгөхийг нэхэмжлэгч ******* ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд шаардаж байгаагүй байна.
******* ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК-д үлдэгдэл төлбөр барагдуулах тухай албан бичгийг хүргүүлэхдээ ...үлдэгдэл төлбөр болох 150,000,000 төгрөг төлөгдөөгүй байна. 2021 онд санхүүжилт авч чадаагүйн улмаас үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна. 2022 оны 06 сарын 01-нээс 07 сарын 01-ний хооронд санхүүжилтээ авч үлдэгдэл төлбөрийг барагдуулах болохыг энэхүү албан тоотоор мэдэгдэж байна гэжээ.
Хариуцагчийн тайлбарласнаар Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг хүлээн авсаны дараа үлдэгдэл төлбөрийг төлөх шаардлага тавьсан гэж байгаа тохиолдолд 2022 онд дээрх албан бичгийг хүргүүлэхдээ энэ талаараа мэдэгдэх боломжтой байхад мэдэгдээгүй байна. Уг албан бичгээр үлдэгдэл төлбөрийг бичиг баримт хүлээлгэн өгөөгүйгээс бус санхүүжилтгүйн улмаас төлөөгүй байгаа гэдгээ тодорхой илэрхийлсэн байна.
3.4 Мөн хариуцагч нь тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг Мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагаас шаардаж Асфальт заводыг ажиллууллах боломжгүй байдаг гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Төрийн эрх бүхий байгууллагаас Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг шаардсан талаарх мэдэгдэл, албан шаардлагыг ******* ХХК-д хүргүүлсэн талаар баримтгүй байна.
4. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК нь тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталгаажуулж, хариуцагчаас гаргасан Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс /907,950+357,950/ 1,265,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт баримтлан хариуцагч ******* ХХК-иас 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагчаас гаргасан Асфальт зуурах зориулалттай тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг, бичиг баримт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь 40,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн /907,950+357,950/ 1,265,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ