Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/01080

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 27

101/ШШ2024/01080

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Хар Жамьяан овогт Батсүхийн ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,******* тоотод оршин суух, Тангууд овогт Барамсайдоржийн ******* /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.*******тай зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 1,760,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 2 сарын зээлийн хүү 880,000 төгрөгийг төлөөгүй. Үндсэн төлбөр 5,500,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 880,000 төгрөгийг нэмж, нийт 6,380,000 төгрөг байна. Үүнээс хугацаандаа төлөөгүй алданги 3,190,000 төгрөг тооцож, нийт 9,570,000 төгрөг төлөхөөс үндсэн төлбөрт төлсөн 3,500,000 төгрөгийг хасч тооцвол 6,070,000 төгрөг байгаа. Гэхдээ би 6,070,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, төлөх төлбөрөөс нь багасгаж 5,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.*******гаас 5,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Уг мөнгөнөөс 2,465,000 төгрөгийг охин Н.Уянгын Б.*******д төлөх зээлийн төлбөрт өгсөн. Зээлийн гэрээний үүрэгт охин Н.Уянгын дансаар 1,599,800 төгрөг, Төрийн банкиар 570,000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 3,500,000 төгрөг, нийт 5,669,800 төгрөгийг төлсөн. Одоо 890,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Н.*******тай байгуулсан зээлийн гэрээ, гэрээний сунгалт,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.******* нь 5,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт хугацаандаа төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Уг зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Баянзүрх дүүргийн дугаар хороо, *******,******* тоотод байрлах, 477 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг барьцаалсан байна.

 

3.1 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний дагуу 5,500,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

4. Хариуцагч Б.******* нь өөрийн охин Н.Уянгын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансаар дамжуулан 2023 оны 01 сарын 25-нд 440,000 төгрөг, 2023 оны 03 сарын 07-нд 350,000 төгрөг, 2023 оны 03 сарын 28-нд 270,000 төгрөг, 2023 оны 04 сарын 03-нд 100,000 төгрөг, 2023 оны 05 сарын 30-нд 200,000 төгрөг, 2023 оны 08 сарын 21-нд 36,000 төгрөг, 2023 оны 09 сарын 06-нд 80,000 төгрөг, 2023 оны 09 сарын 11-нд 123,800 төгрөг нийт 1,599,800 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн төлсөн байна. /хх-27-35/

Нэхэмжлэгч Б.******* нь Н.Уянгын дансаар дамжуулан төлсөн 1,599,800 төгрөг нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.*******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцон төлөгдсөн болохыг өөрөө шүүх хуралдаанд тайлбарласан.

 

4.1 Хариуцагч Б.*******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас Б.*******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 03-нд 2,500,000 төгрөг, 2023 оны 10 сарын 05-нд 1,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-37/

 

4.2 Хариуцагч Б.*******аас ...Төрийн банкиар дамжуулан зээлийн төлбөрт 570,000 төгрөгийг төлсөн. Уг төлбөрийн баримтаа хэрэгт баримтаар өгч чадаагүй гэж тайлбарласан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******гаас ...2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь Төрийн банкиар дамжуулан 570,000 төгрөг төлсөн нь үнэн, уг мөнгийг хүлээн авсан гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

4.3 Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 5,669,800 /1,599,800+3,500,000+570,000/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. Уг үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй.

 

5. Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Б.******* нь үндсэн төлбөр 5,500,000 төгрөг, 6 сарын хүү 2,640,000 /440,000 х 6/ төгрөг, нийт 8,140,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Уг үүргээс зээлдэгчийн төлсөн 5,669,800 төгрөгийг хасч тооцвол 2,470,000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн үүрэгт төлөх үлдэгдэлтэй байна.

 

5.1 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.******* нь алдангийн хугацааг зээлдэгчээс хамгийн сүүлд төлбөр төлсөн буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тооцно гэж тайлбарласан. Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн алдангийг тооцох журамтай.

 

5.1а Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба уг өдрөөр түүний алданги шаардах хугацаа тасалбар болно. Иймд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 55 хоногийн алдангийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй.

 

5.1б Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 2,470,000 төгрөгөөс алдангийг 0.5 хувиар тооцвол өдрийн 12,350 төгрөг ба үүнээс 55 хоногийн алдангийг тооцвол 679,250 төгрөг байна.

 

5.2 Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас зээлийн үндсэн төлбөр 2,470,000 төгрөг, алданги 679,250 төгрөг, нийт 3,149,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,350,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 3,149,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 65,338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

7. Бусад:

Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.******* нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, *******,******* тоотод байрлах, 477 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байх боловч зохигчдын хэн аль нь энэ талаар шаардлага гаргаагүй болно.

Хэргийн 36 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар Н.*******ас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,465,000 төгрөгийг Б.*******д шилжүүлсэн байна. Уг мөнгөн шилжүүлгийн мөнгөн хөрөнгө нь энэ хэргийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй, Н.*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн болохыг талуудын хэн аль нь тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас 3,149,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,350,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,338 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ