Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/01096

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 27

101/ШШ2024/01096

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, *******ы 426 дугаар байр, 63 тоотод оршин байрлах, ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, *******ы 428 дугаар байр,******* тоотод оршин суух, Шарнууд овогт Доржхандын ******* /рд:*******/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 2,447,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн *******, Хүннүгийн гудамж, ******* сууц өмчлөгчдийн холбоонд 421, 422, 423, 424, 426, 427, 428, 430 гэсэн нийт 8 нийтийн зориулалттай орон сууц хамаардаг. ******* сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 онд байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийн хуралдаанаар хогны төлбөр 2,000 төгрөг, цахилгаан шат 5,000 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв тутамд 300 төгрөг, гэрэлтүүлэг 2,000 төгрөг, харуул хамгаалалт 5,000 төгрөг, баримтны төлбөр 150 төгрөг, авто зогсоол дан 20,000 төгрөг, авто зогсоол давхар 30,000 төгрөг байхаар үнэ тарифыг мөрдөхөөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Д.*******гийн нэг сард төлөх төлбөр 66,090 төгрөг юм.

Уг үнэ тарифыг 2023 оны 5 дугаар сарыг дуустал мөрдсөн болно. Тус сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор өөрчлөлт оруулж, хогны төлбөр 4,000 төгрөг, цахилгаан шат 7,000 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв тутамд 300 төгрөг, гэрэлтүүлэг 5,000 төгрөг, харуул хамгаалалт 7,000 төгрөг, баримтны төлбөр 150 төгрөг, автозогсоол дан 20,000 төгрөг, автозогсоол давхар 30,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Уг үнэ тарифыг 2023 оны 6 дугаар сараас эхлэн одоог хүртэл мөрдөж байгаа болно. Сүүлд өөрчлөлт оруулсан үнэ тарифаар Д.*******гийн сард төлөх төлбөр 77,090 төгрөг юм.

Хариуцагч Д.******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2021 оны 4-12 сар хүртэл 594,810 төгрөг, 2022 оны 1-12 сар хүртэл 817,080 төгрөг, 2023 оны 1-10 сар хүртэл 727,400 төгрөг, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал 308,360 төгрөг, нийт 2,447,650 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Д.******* нь тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ түүнийг удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацааны төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гараагүй. Гүйцэтгэх захирал би дангаараа аль нэг иргэнийг төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргах эрх хуулиар байхгүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд Д.******* нь үндэслэлгүйгээр сууц өмчлөгчдийн холбоо болон гүйцэтгэх захирал намайг аливаа хэлбэрээр гүтгэж байгаад харамсалтай байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, *******, 428 дугаар байрны******* тоот оршин суудаг. Би 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж ирсэн. 2021 онд төлбөрийн өргүй байсан. 2022, 2023 онуудад Удирдах Зөвлөлийн дарга, гишүүдэд цалин урамшуулал олгохгүй, ажлын үр дүн ачааллыг харгалзан СӨХ-нд төлөх үйлчилгээний хураамжаас чөлөөлөх шийдвэр гарч оны эцэсг Төрийн банкны тооцооны төвд хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар албан тоот явуулсан. Тухайн онд тооцоог нийлэн СӨХ-ны төлбөрүүдийг хааж ирсэн. Өөрөөр хэлбэл, СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр миний бие Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх цаг хугацаандаа цалин хөлс огт авдаггүй байсан ба харин гишүүдийн шийдвэрээр ажлын үр шимээрээ өөрийн******* тоотын төлбөрөөс чөлөөлөгдөж байсан. Энэ нь сардаа 60,000 орчим төгрөг байдаг ба өр төлбөр байгаа талаар өмнө нь огт яриа гарч байгаагүй учир өргүй гэж ойлгож ирсэн. Гэтэл төлбөрөөс чөлөөлөгдөж байсан үеийн төлбөрийг одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. ******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал гэх Ж.******* нь төлөөлөх эрхгүй этгээд юм. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т ...Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дурэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлийн байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ... гэж зааснаар Ж.******* нь удирдах зөвлөлтэй гэрээ огт байгуулаагүй байж ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг хууль бусаар эрхэлж байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл бий болж байна. ******* СӨХ-ны дүрэм болон хуульд зааснаар 2022 оны үр дүнгийн гэрээг оны эцэс, дараа оны эхэнд Удирдах зөвлөлөөс дүгнэх, цаашлаад гүйцэтгэх захирлын гэрээг сунгах, эсэхийг шийдвэрлэх хуулийн хүчин төгөлдөр заалт үйлчилж байгаа. Үүний дагуу гэрээ дүгнэх буюу тайлан тавих асуудлаар 2023 оны 02 дугаар сард Удирдах зөвлөлийн хурал зарлагдсан боловч хурлаар оршин суугчдын төлбөр нэмэх асуудал хөндөгдсөн. Гэвч энэ асуудал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.4-д зааснаар бүх гишүүдийн хурлаар шийдэгдэх асуудал гээд хэлэлцэлгүй орхисон. Үүний дараа 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болсон СӨХ-ны Удирдах зөвлөлийн 13 гишүүнээс 5 гишүүн оролцсон /ирц хүрээгүй/ хурлаар захирал гэх Ж.******* иь өөртэй нь хуйвалдсан Э.*******тай нийлж хуурамч Удирдах зөвлөлийн тогтоол үйлдэн оршин суугчдын үйлчилгээний төлбөрийн тарифыг 9,000-15,000 төгрөгөөр нэмж нийт суугчдаас 60 сая шахам төгрөгийг илүү авсан зэрэг өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн хууль бус баримт бичиг боловсруулж, хууль зөрчиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, СӨХ-ны ашиглалг засвар үйлчилгээний зардлыг Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн мэтээр оролцоогүй гишүүний гарын үсгийг зурсан, мөн нөхөж гарын үсэг цуглуулсан зэрэг хууль бусаар СӨХ-ны төлбөрийг нэмж гишүүдийг хохироож байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад 2023 оны 4 дүгээр сард удирдах зөвлөл хуралдан СӨХ-ны төлбөр нэмсэн гэсэн байх боловч бодит байдал дээр энэ 4 дүгээр сард хурал огт хийгдээгүй, гагцхүү 2023.08.20-ны өдөр л хурал хийгдсэн байхад цаг хугацааны хувьд зөрүүтэй нөхөж үйлдсэн болох нь нотлогдож байна.

Бүх гишүүдийн хурлаар асуудлыг шийдвэрлэх байтал ирцгүй, оролцоогүй хүний гарын үсгийг нөхөж цуглуулсан зэрэг хууль бусаар СӨХ-ны төлбөрийг нэмсэн байх тул оршин суугч би дээрх хууль бусаар нэмсэн СӨХ-ны төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ хүснэгтээр СӨХ-ны төлбөрийн задаргааг тайлбарласан байх бөгөөд харин ч удирдах зөвлөлийн нийт гишүүдийн хуралдаанаар хууль бусаар төлбөр нэмсэн болохоо өөрөө нотолсон байдаг. Надаас нэхэмжилж буй төлбөр нь дээрх байдлаар хууль зөрчиж гаргасан хууль бус төлбөр байх тул надад төлөх үүрэг үүсэхгүй. Миний бие дээрх хууль бус асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэж байгаа тул энэ иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө ү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан цахилгаан шатны техник үйлчилгээ засварын ажил гүйцэтгэх гэрээ, хог тээвэрлэх гэрээ, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, ОСНАА-ын байгууллага, СӨХ-той хамтран ажиллах аж ахуйн гэрээ, харуул хамгаалалтын хамтран ажиллах гэрээ, Олимт хотхон сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, мөрдөх үнэ тариф, 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоол, холбооны дүрэм, төлбөрийн дүнгийн задаргаа, зардлын тооцоо, 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Олл универсал сервис ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23/04 тоот албан бичиг, Ган-Уран гоулд ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22/25 тоот албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21/6 тоот албан бичиг, Хог тээврийн үйлчилгээний гэрээ, хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээнүүд, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд, өргөмжлөл, батламж, удирдах зөвлөлийн дарга Э.*******гаас гаргасан тодорхойлолт, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоол, гэрээний өсөлтийн тооцоолол, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоол, хуралдааны тэмдэглэл, 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 23/02 тоот удирдах зөвлөлийн тогтоол, хуралдааны тэмдэглэл, нөхөн ногдуулалтын акт, Татварын улсын байцаагчийн акт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын ажлын тэмдэглэл, зөвлөмж, Д.*******д сууц өмчлөгчдийн холбооноос хүргүүлсэн албан бичиг, цахилгааны төлбөрийн нэхэмжлэх, ail.mn программын баримт,

3.2 Хариуцагчаас гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, мөрдөх үнэ тариф, 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоол, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албан 2023.12.08-ны өдрийн 01/2350 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 135 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Засан даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01а/135 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гэх өргөдөл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01а/151 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 240600707 дугаар хэргийн бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Төрийн банкнаас ирүүлсэн нэхэмжлэхийн баримтууд, Төрийн банкны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 25-10 24/44 тоот албан бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.*******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,139,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 308,360 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,447,650 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, ******* 421, 422, 423, 424, 426, 427, 428, 430 дугаар байрны бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэлийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга бүртгэж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгожээ. Уг гэрчилгээгээр тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2021/1 тоот тогтоолоор Ж.*******г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т гүйцэтгэх захирал нь энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.

Дээрх сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээгээр Ж.******* нь ******* сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2021/1 тоот тогтоолыг үндэслэн томилогдсон болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргасан Ж.******* нь сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Гүйцэтгэх захиралтай удирдах зөвлөлөөс гэрээ байгуулаагүй байгаа нь төлөөлөх бүрэн эрхгүй гэх үндэслэлд хамаарахгүй.

 

4. Хариуцагч Д.******* нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, *******, 428 дугаар байр,******* тоотод байрлах орон сууцны өмчлөгч, оршин суугч болох үйл баримтад тэрээр маргаагүй. Мөн Төрийн банкнаас ирүүлсэн нэхэмжлэхийн баримтад 428 дугаар байр,******* тоотын оршин суугч хэрэглэгчийн нэр хэсэгт Д.******* гэж бүртгэгдсэн байна.

 

4.1 Хариуцагч Д.******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2021 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 594,810 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 817,080 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл 727,400 төгрөг, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал 308,360 төгрөг, нийт 2,447,650 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа үйл баримтад маргаагүй.

Харин тэрээр дээрх төлбөрийг төлөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Намайг удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд төлбөрөөс чөлөөлнө гэж хэлж байсан. 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын үнийг нэмсэн. Уг тогтоолыг хуурамчаар үйлдсэн. Уг тогтоолыг хуурамчаар үйлдсэн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасанд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гүйцэтгэх захирал Ж.******* нь сууц өмчлөгчдийн холбооноос их хэмжээний мөнгө хувьдаа завшсан. Өөрийн цалингаа үндэслэлгүй нэмсэн гэж тус тус тайлбарлаж, маргаж байна.

 

4.1а ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 23/03 тоот тогтоолоор Д.*******г удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Д.******* нь 2021 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацааны төлбөрөөс чөлөөлөгдсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч нь төлбөрөөс чөлөөлсөн талаарх албан бичгийг сууц өмчлөгчдийн холбооноос Төрийн банканд хүргүүлж байсан гэж тайлбарласан боловч Төрийн банкны Баянмонгол дахь салбарын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 25-10 24/44 тоот албан бичигт ...БЗД *******, *******ы 428-р байр,******* тоот орон сууцны оршин суугч Д.*******д 2021 оны 4 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрөөс чөлөөлөх тухай албан тоотыг манай тооцооны төвд ирүүлээгүй гэж хариуг шүүхэд ирүүлсэн.

Төрийн банкны Баянмонгол дахь салбараас ирүүлсэн нэхэмжлэхийн баримтаар 428 дугаар байрны******* тоот орон сууцны оршин суугч Д.******* нь 2021 оны 4 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т удирдах зөвлөлийн даргын эдлэх эрхийг тодорхой заасан байна. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд удирдах зөвлөлийн даргыг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрөөс чөлөөлөх эрхийг олгоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

4.1б ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №23/01 тоот тогтоолоор гэрээт байгууллагын төлбөр нэмэгдсэн байдал болон байгууллагад үүссэн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан сууц өмчлөгчдийн холбоонд мөрдөгдөж байгаа үнэ тарифыг нэмэгдүүлжээ. Үүнд, цахилгаан шат 5,000 төгрөг байсныг 7,000 төгрөг, хог тээвэр 2,000 төгрөг байсныг 4,000 төгрөг, цахилгаан эрчим хүч 2,000 төгрөг байсныг 5,000 төгрөг, харуул хамгаалалт 5,000 төгрөг байсныг 7,000 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, уг тарифыг 2023 оны 6 дугаар сараас эхлэн даган мөрдөхөөр гүйцэтгэх захиралд үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.******* нь уг тогтоолыг гүйцэтгэх захирал Ж.******* хуурамчаар үйлдсэн, энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаа гэж маргаж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 240600707 тоот тогтоолоор Д.*******гаас гаргасан ******* сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгө хуримтлалтай холбоотой хуурамч бичиг баримт үйлдэж сууц өмчлөгчдийн холбооны нийт гишүүдэд санхүүгийн хохирол учруулсан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн байна.

Уг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоос үзэхэд хариуцагчийн татгалзлын үндэслэл болох ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №23/01 тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэх агуулгагүй, ******* сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгө хуримтлалтай холбоотой хуурамч бичиг баримт үйлдэж сууц өмчлөгчдийн холбооны нийт гишүүдэд санхүүгийн хохирол учруулсан гэх гомдолд эрүүгийн хэрэг нээсэн байна.

Уг хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь энэ иргэний хэргийн маргааны зүйл болох оршин суугчаас орон сууцны өмчлөгчийн дундын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал гаргуулах тухай маргаанд хамааралгүй, тусдаа шийдвэрлэгдэх асуудал байна.

Нөгөө талаар, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.9-д зааснаар сууц өмчлөгчдийн холбоонд мөрдөгдөж байгаа үнэ тарифт өөрчлөлт оруулах нь удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн асуудал байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын эрх, үүрэгт сууц өмчлөгчдийн холбоонд мөрдөгдөж байгаа үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхийг олгоогүй байна.

 

4.1в Хариуцагчаас гаргаж буй гүйцэтгэх захирал Ж.******* нь сууц өмчлөгчдийн холбооноос их хэмжээний мөнгө хувьдаа завшсан. Өөрийн цалингаа үндэслэлгүй нэмсэн гэх тайлбар нь уг иргэний хэрэгт хамааралгүй буюу уг үндэслэлээр оршин суугч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй байх үндэслэлд хамаарахгүй.

 

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох; 13.2.4өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж тус тус заасан.

******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №01 тоот тогтоолоор сууц өмчлөгдийн холбооны мөрдөх үнэ тарифыг тогтоосон байх ба үүнд нэг айл өрх бүрээс сард 66,090 төгрөгийн төлбөрийг тогтоосон байна.

Мөн дээр дурдсанаар ******* сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №23/01 тогтоолоор үнэ тарифыг нэмж 2023 оны 6 дугаар сараас эхлэн нэг айл өрх бүрээс сард 77,090 төгрөгийн төлбөрийг авахаар шийдвэрлэсэн нь тогтоогдсон. Уг нэмэгдсэн үнэ тарифаар ******* 421, 422, 423, 424, 426, 427, 428, 430 дугаар байрны оршин суугчид төлбөр төлж байгаа болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.

Сууц өмчлөгчдийн холбооны мөрдөх үнэ тарифыг нэмсэн нь хууль бус эсэх асуудал нь энэ иргэний хэрэгт хамааралгүй, тусдаа шийдвэрлэгдэх асуудал байна.

Иймд нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.*******гаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2021 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 594,810 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 817,080 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл 727,400 төгрөг, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал 308,360 төгрөг, нийт 2,447,650 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,080 /49,179+9,901/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 59,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гаас 2,447,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 59,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,080 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ