| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/00814/И |
| Дугаар | 101/ШШ2024/01221 |
| Огноо | 2024-03-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2024/01221
| 101/ШШ2024/01221 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 27 байр, 15 тоот хаягт оршин суух, Багш овогт Ганхуягийн Галбадрах /хд:ЧЕ86090217/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 15-363 тоот хаягт байрлах, Дэлгэрэх таван чандмань ХХК /рд:6183034/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 804 байр 601 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цэдэндамбын Сийлэгмаа /рд:ВЭ75101260/,
Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоот дахь 3 өрөө байр болон Дэлгэрэх апартмент 1 дүгээр байр 1 давхарт байрлах худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоот дахь 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг гарган өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Галбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Сийлэгмаа, түүний өмгөөлөгч Н.Хишигзаяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Дэлгэрэх таван чандмань ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент, 1 дүгээр байр, 1 давхарт байрлах, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 156,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. Мөн уг компанитай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №ОСЗГ-2018 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 74,910,000 төгрөгөөр авахаар тохирсон.
1.1 Би орон сууцны төлбөр 74,910,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө бүрэн төлж барагдуулсан. Үйлчилгээний талбайн төлбөрт 57,000,000 төгрөг төлсөн байгаа. Дэлгэрэх таван чандмань ХХК нь одоо болтол надад орон сууц болон үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй хохироож байна.
1.2 Дэлгэрэх таван чандмань ХХК-иас 2021 онд орон сууцны үнийг 1 м.кв-ыг 400,000 төгрөгөөр нэмэх санал гаргасныг би хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед дарамтанд орж, хууль мэдэхгүйгээс болж өгсөн мөнгөө буцааж авах, эсхүл орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг үйлчилгээний талбайн үнэд тооцон шилжүүлэх тухай бичгийг бичиж өгсөн.
1.3 Би цар тахал гарахаас өмнө орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн, мөн бидний хооронд байгуулсан гэрээгээр үнэ нэмэх талаар тохироогүй байхад үндэслэлгүйгээр орон сууцны үнийг нэмсэн. Иймд намайг 68.1 м.кв талбай бүхий орон сууц, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Г.Галбадрахтай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент, 1 дүгээр байр, 1 давхарт байрлах, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 156,000,000 төгрөгөөр, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №ОСЗГ-2018 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 74,910,000 төгрөгөөр тус тус худалдахаар тохирсон.
2.1 Гэрээ байгуулж, барилгын үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд бүх нийтийг хамарсан ковид цар тахал гарсан. Ковид цар тахал бий болсны улмаас зах зээл дээрх барилгын материалын үнэ огцом нэмэгдсэн, хил гааль хаагдсан, барилгын салбарт ажиллах хүч байхгүй, хомсодсон гэх зэргээр хүнд нөхцөл байдал бий болсон. Г.Галбадрахад орон сууцны 1 м.кв-ыг 400,000 төгрөгөөр нэмэгдэх болсоныг мэдэгдэхэд тэрээр мөнгөө буцааж авах, эсхүл орон сууц захиалгад өгсөн мөнгөө үйлчилгээний талбай руугаа шилжүүлье гэдэг санал гаргасан. Уг саналыг үндэслээд орон сууц захиалгын гэрээ захиалагч талын хүсэлтээр цуцлагдсан.
2.2 Орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан тул 170,250,000 төгрөгөөр орон сууцыг Ц.Сийлэгмаад худалдсан. Иймд Г.Галбадрахаас гаргасан орон сууцны өмчлөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2.3 Г.Галдбадрах нь үйлчилгээний талбайн төлбөрт 57,000,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Тэрээр үйлчилгээний талбайн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Мөн бид гэрээнд үйлчилгээний талбайн байрлал зааж тохироогүй тул нэхэмжлэгчээс гаргаж буй ашигтай байрлалд 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа:
Миний бие үл хөдлөх эд хөрөнгийн зуучлагч Шиг Баялаг Пропертиз ХХК-ийн гаргасан зарын дагуу Дэлгэрэх таван чандмань ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын 2071 тоот гэрээ байгуулжДэлгэрэх апартмент хотхоны 3 дугаар байр, 8 давхар, Си тоот, 68,1 м.кв талбайтай 3 өрөө байрыг 170,250,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Мөн уг орон сууцанд автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан.
3.1 Уг гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 7 дугаар сард барилгыг Улсын комисс хүлээж авч, би орон сууцандаа хүү Э.Шинэбаярыг гэр бүлийн хамт амьдруулж байгаа. Автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Харин шүүхээс орон сууцыг битүүмжилсэнтэй холбоотойоор орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна.
3.2 Нэхэмжлэгч Г.Галбадрах нь өөрөө орон сууцны гэрээнээс татгалзсан байна. Иймд түүний гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгчийн үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь миний эрхийг зөрчөөгүй тул энэ талаар тайлбар надад байхгүй.
3.3 Иймд намайг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 3 дугаар байрны 8 давхрын Си тоот буюу одоогоор 99Б байрны 3057 тоот өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:
Хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь намайг болон гуравдагч этгээдийг хуурч, хэн хэнд нь орон сууцыг худалдах гэрээ байгуулсан байна.
4.1 Би анх уг орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж, төлбөрөө бүрэн төлсөн тул Ц.Сийлэгмаагаас гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5. Хариуцагчаас гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:
Ц.Сийлэгмаа нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул түүний орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
6.1 нэхэмжлэгчээс гаргасан орон сууц захиалгын гэрээ, кассын орлогын ордер, иргэний үнэмлэх, Худалдаа үйлчилгээний талбай захиалгын гэрээ, Хаан банкны албан бичиг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас,
6.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, барилгын ажлын зөвшөөрлийн хугацааны сунгалт, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм, дотор сантехникийн системийн дүрэм, орон сууц захиалагчдын жагсаалт, орон сууц захиалгын гэрээний нэмэлт, мэдэгдэл, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, төсөвт өртгийн тооцооны баримтууд, Г.Галбадрахаас гаргасан бичиг,
6.3 гуравдагч этгээдээс гаргасан автозогсоолын гэрээ, орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн баримт, дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, барьцаат зээлийн гэрээ, бараа хүргэлтийн баримт, үндсэн үйлчилгээний гэрээ, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт,
6.4 шүүхийн журмаар бүрдүүлсэн Хаан банк ХК, Капитрон банк ХК-ийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалт, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Галбадрах нь хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоот дахь 3 өрөө байр болон Дэлгэрэх апартмент 1 дүгээр байр 1 давхарт байрлах худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ц.Сийлэгмаагаас Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоот дахь 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг гарган өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК-д холбогдуулан гаргасан.
1.1 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Галбадрах, хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Дэлгэрэх таван чандмань ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент, 1 дүгээр байр, 1 давхарт байрлах, 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 03 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, Г.Галбадрах нь 1 м.кв талбайг 2,600,000 төгрөгөөр тооцон нийт 156,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх-32-34/
Мөн талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №ОСЗГ-2018 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Дэлгэрэх таван чандмань ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 02 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, Г.Галбадрах нь 1 м.кв талбай үнэ 1,100,000 төгрөг буюу нийт 74,910,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-5-6/
2.1 Нэхэмжлэгч Г.Галбадрах нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг төлсөн болохыг талуудын хэн аль тайлбарлаж маргаагүй. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №ОСЗГ-2018 тоот гэрээний үүрэгт 74,910,000 төгрөгийг төлсөн болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдсон. Уг үйл баримтад талууд мөн маргаагүй. /1-р хх-7-8/
2.2 Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот гэрээ байгуулагдах үед орон сууц баригдаж эхлээгүй, барилгын суурийн ажил явагдаж байсан талаар талууд тайлбарласан. Үүнээс дүгнэхэд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Харин талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №ОСЗГ-2018 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулагдах үед орон сууцны карказ, гадна фасадны ажил явагдаж байсан талаар талууд тайлбарлаж байна. Иймд уг гэрээний тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
3. Нэхэмжлэгч Г.Галбадрах нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн байхад өмчлөх эрхийг надад шилжүүлэхгүй байна. Мөн үйлчилгээний талбайн төлбөрөөс 57,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг хэзээ ч төлөхөд бэлэн. Дэлгэрэх таван чандмань ХХК нь бараа материалын үнэ өссөн тул орон сууцны үнийг нэмж төлөх талаар гэрээнд заагаагүй байхад үндэслэлгүй шахалт үзүүлсэн. Би тухайн үед дарамтанд орж орон сууцны үнэд төлсөн мөнгөө буцааж авъя гэдэг бичиг бичиж өгсөн. Гэрээ байгуулсан даруй төлбөрөө бүрэн төлсөн тул хожим барилгын үнэ нэмэгдэх асуудал нь надад хамаагүй гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Орон сууцны захиалгын гэрээ байгуулснаас хойш Ковид-19 цар тахал гарч барилгын материалын үнэ нэмэгдсэн. 1 м.кв талбайн үнэ 1,100,000 төгрөгөөр Г.Галбадрахтай тохирсон ба уг үнийг зах зээлийн бараа материал нэмэгдсэн үнэд дүйцүүлэн 400,000 төгрөгөөр нэмэх санал тавихад тэрээр орон сууцаа хүлээн авахаас татгалзаж, мөнгөө буцааж авах хүсэлтийг гаргасан. Мөнгөө буцаан авах хүсэлт гаргаснаар бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй. Г.Галбадрах нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан тул түүний захиалсан байсан орон сууцыг Ц.Сийлэгмаад нэмэгдсэн үнээр худалдсан. Үйлчилгээний талбайн үнийг бүрэн төлөөгүй байгаа тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.
4. Хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний зүйл болох 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 02 дугаар улиралд багтаан нэхэмжлэгч Г.Галбадрахад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд Ковид-19 цар тахал гарсаны улмаас Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд барилгын угсралт, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ороогүй. Уг үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт байна.
Дээрх үйл баримт болон барилгын материалын үнэ өссөн зэргийг үндэслэн Дэлгэрэх таван чандмань ХХК-д гэнэтийн буюу давагдахгүй хүчин зүйлийн гэрчилгээ болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг тус тус Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгожээ. /2-р хх-146-147/
Хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК-иас барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор орон сууцны м.кв-ын үнийг зайлшгүй нэмэх болсон талаарх төсөвт өртгийн тооцоо, мэдэгдэл зэрэг баримтуудыг хэрэгт цуглуулж өгсөн. Мөн бусад орон сууц захиалагч нартай орон сууцны захиалгын үнийг нэмж, гэрээнд өөрчлөлт оруулсан талаарх баримтуудыг хэрэгт гаргасан. Уг баримтуудыг нэхэмжлэгч няцаагаагүй. /1-р хх-168-176, 2-р хх-148-172/
4.1 Эдгээрээс дүгнэхэд талуудыг орон сууц захиалгын гэрээ байгуулснаас хойш гэрээний талуудаас үл хамаарсан шалтгаанаар орон сууцны үнэд өөрчлөлт орсон байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан.
Хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК-иас нэхэмжлэгч Г.Галбадрахад гэрээ байгуулснаас хойш барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор орон сууцны 1 м.кв-ын үнийг 400,000 төгрөгөөр нэмж, гэрээнд өөрчлөлт оруулах саналыг тавьсан байна. Уг саналд Г.Галбадрахаас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бичгээр хариу өгөхдөө ...танай компанийн танилцуулсан үнийн нэмэгдэлтэй танилцлаа. Надад 2 санал байна. 1. Төлбөрөө 100 хувь буцаан авах, 2. Танайхтай хийсэн ХҮТ-1901 гэрээний төлөлтөд төлбөрийг 1.1 үржүүлж хийх гэсэн хүсэлттэй байна гэжээ. /2-р хх-145, 2-р хх-219/
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Уг бичгийн агуулгаас дүгнэхэд Г.Галбадрах нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан авахаа тодорхой илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч Г.Галбадрахаас 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн бичгийг дарамталж бичүүлсэн гэж тайлбарласан боловч уг тайлбараа тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Мөн тэрээр хууль мэдэхгүйгээс болоод 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн бичгийг бичиж өгсөн гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар түүний гэрээнээс татгалзах саналыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч Г.Галбадрахаас гаргасан уг саналыг үндэслэн хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №ОСЗГ-2018 тоот орон сууцны захиалгын гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 74,910,000 төгрөгийг Г.Галбадрахын эхнэр П.Мөнхтуяагийн эзэмшлийн Хаан банк дахь 5024570896 тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ОСЗГ-2018 гэрээний буцаалт төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдсон. /1-р хх-57/
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Г.Галбадрах нь орон сууцны үнэ нэмж төлөхийг зөвшөөрөөгүй, тэрээр орон сууц захиалгын гэрээнээс татгалзах хүсэлтээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан ба түүний саналыг хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь хүлээн авч гэрээнээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.
4.1а Хэдийгээр нэхэмжлэгч Г.Галбадрахаас орон сууцны үнэд төлсөн 74,910,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр данс андуурсан гүйлгээ буцаав гэх гүйлгээний утгаар Дэлгэрэх таван чандмань ХХК руу буцаан шилжүүлсэн байх боловч үүнээс өмнө 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тэрээр гэрээнээс татгалзах санал гаргасан, уг саналыг гэрээний нөгөө тал хүлээн авч гэрээг цуцалсанаас хойш мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлсэн байна. /1-р хх-82/
Хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь Г.Галбадрахтай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц.Сийлэгмаад худалдсан байна. /1-р хх-205-208/
4.2 Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч Г.Галбадрах нь уг гэрээг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Г.Галбадрах нь хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот орон сууцны захиалгын гэрээний үүрэгт 156,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Уг үүргээс 57,000,000 төгрөг төлсөн болохыг талуудын хэн аль нь тайлбарласан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.
Мөн дээр дүгнэснээр Г.Галбадрах нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 74,910,000 төгрөгийг Дэлгэрэх таван чандмань ХХК-ийн данс руу буцаан шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгө одоо компанийн дансанд байгаа болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.
5.1 Нэхэмжлэгч Г.Галбадрах нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дэлгэрэх таван чандмань ХХК-д орон сууцны үнэд төлсөн төлбөрийг худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлөх төлбөр рүү шилжүүлэх агуулга бүхий хүсэлтийг бичгээр гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Галбадрахаас ...орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг үйлчилгээний талбайн төлбөр рүү шилжүүлээд, өөрт таалагдсан байрлалд үйлчилгээний талбай авмаар байна гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон орон сууц захиалгын гэрээ цуцалсанаас хойш 74,910,000 төгрөгийг Дэлгэрэх таван чандмань ХХК-ийн данс руу шилжүүлсэн, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд өнөөдрийг хүртэл байрлуулж байгаа зэргээс дүгнэхэд уг мөнгөн хөрөнгийг талууд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот гэрээний үүрэгт тооцох хүсэл зоригийн илэрхийлэлтэй байжээ.
5.2 Хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь төлбөрөө бүрэн төлөөгүй тул үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Захиалагч Г.Галбадрах нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот гэрээний үүрэгт нийт 131,910,000 /57,000,000+74,910,000/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон.
Г.Галбадрах нь үйлчилгээний талбайн төлбөрт 156,000,000 төгрөг төлөхөөс 131,910,000 төгрөгийг төлж, 24,090,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь үүргийг ялимгүй зөрчсөн байхаас гадна тэрээр үлдэх төлбөрөө төлөхийг илэрхийлдэг. Захиалагч нь гүйцэтгэвэл зохих үүргийн 84 хувийг биелүүлж, үлдэх 16 хувийг гүйцэтгээгүй байгаа нь үүргийг ялимгүй зөрчсөн үндэслэлд хамаарч байна.
Мөн үйлчилгээний талбайн төлбөрийн үлдэгдлийг Хаан банк ХК-иас зээлийн мөнгөн хөрөнгө авах замаар төлөх боломжтой байсан болох нь тус банкны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон. /1-р хх-36/ Тухайн цаг хугацаанд хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь нэхэмжлэгч Г.Галбадрахыг Хаан банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах боломжийг олгоогүй байна.
Түүнчлэн хариуцагчаас гаргаж буй ...74,910,000 төгрөгийг Г.Галбадрахын данснаас манай компанид шилжүүлээгүй, П.Мөнхтуяа гэх иргэний данснаас шилжүүлсэн, уг иргэнтэй гэрээ байгуулаагүй тул дээрх мөнгөн хөрөнгийг Г.Галбадрах төлсөн гэж үзэхгүй гэх татгалзал үндэслэлгүй. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Нэхэмжлэгч Г.Галбадрах нь П.Мөнхтуяаг өөрийн эхнэр болохыг тайлбарласан ба эхнэрийнхээ дансаар дамжуулан төлбөрийг төлсөн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Харин хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь үйлчилгээний талбайн төлөгдөөгүй байгаа үлдэх төлбөрийг нэхэмжлэгч Г.Галбадрахаас шаардах эрх нь нээлттэй.
5.3 Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 99а дугаар орон сууцны 1 давхарт Н.Нармандах 30.37 м.кв, Б.Өлзиймаа 304.93 м.кв, Дэлгэрэх таван чандмань ХХК 38.92 м.кв, 126.95 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөгчөөр бүртгэгдсэн, бусад үйлчилгээний талбай нь бусдын өмчлөлд шилжээгүй болох нь тогтоогдсон. /2-р хх-192-196/
Мөн талуудын гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент, 1 дүгээр байр нь одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 99а дугаар орон сууц гэж хаягийн бүртгэл хийгдсэн болох нь улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Хариуцагч уг үйл баримтыг мөн тайлбарласан.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Галбадрахыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 99а дугаар орон сууцны 1 давхарт байрлах 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.3а Харин талууд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №Худалдаа үйлчилгээний талбай-1901 тоот гэрээгээр үйлчилгээний талбайн тоот, дугаарыг тодорхойлж тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан ...өөрт таалагдсан хэсэгт талбайн өмчлөгчөөр тогтоолгоно гэх тайлбар үндэслэлгүй. Шүүх талуудын гэрээний эрх чөлөөний байдалд хөндлөнгөөс оролцох замаар талуудын тохиролцоогүй зүйл болох үйлчилгээний талбайн тоот, байрлалыг зааж өмчлөгчөөр тогтоох боломжгүй.
6. Гуравдагч этгээд Ц.Сийлэгмаа нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дэлгэрэх таван чандмань ХХК-тай №ОСЗГ-2071 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, талуудын маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцон нийт 170,250,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. /1-р хх-97-102/
Мөн Ц.Сийлэгмаа нь Дэлгэрэх таван чандмань ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №АЗЗГ-2008 тоот автозогсоолын захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент1 хотхоны хүүхдийн талбай доорх 24 тоот автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ. /1-р хх-92-96/
Дээрх нэр бүхий гэрээг байгуулах үед орон сууц баригдаж дууссан, улсын комисс хүлээн авсан байсан болохыг талууд тайлбарласан. Иймд Ц.Сийлэгмаа болон Дэлгэрэх таван чандмань ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6.1 Худалдан авагч Ц.Сийлэгмаа нь орон сууцны төлбөр 170,250,000 төгрөг, авто зогсоолын төлбөр 30,000,000 төгрөгийг тус тус 2021 оны 12 дугаар сарын 13, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд төлж барагдуулсан болох нь төлбөрийн баримтууд, дансны хуулгаар тогтоогдсон. /1-р хх-103-105, 205-209, 2-р хх-33-36/
6.1а Нэхэмжлэгч Г.Галбадрахаас ...Ц.Сийлэгмаа орон сууцны төлбөрийг өөрөөс зардал гаргаж төлөөгүй, Дэлгэрэх таван чандмань ХХК-тай дүр үзүүлэн гэрээ байгуулсан байж болзошгүй гэж тайлбарласан боловч шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт болох Хаан банк ХК, Капитрон банк ХК-иас ирүүлсэн дансны хуулгын баримтуудаар Ц.Сийлэгмаа нь өөрийн дансанд байсан мөнгөн хөрөнгөөс орон сууцны төлбөрийг төлсөн болох нь тогтоогдож байна. /2-р хх-95-112, 134-136/
6.2 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №АЗЗГ-2008 тоот автозогсоолын захиалгын гэрээний дагуу Ц.Сийлэгмаа нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/ Дандарбаатарын гудамж, 99/3 байр, зоорийн давхар 22 тоот хаягт байрлах, 12.5 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /2-р хх-37/
Маргааны зүйл болох орон сууцны эзэмшлийг Ц.Сийлэгмаад хүлээлгэн өгсөн, одоо уг орон сууцанд түүний хүү Э.Шинэбаяр нь гэр бүлийн хамт амьдарч, орон сууцанд зориулан цахилгаан бараа, тавилга худалдан авч, орон сууцны хэрэглээний зардал төлж байгаа болох нь бараа хүргэлтийн баримт, үйлчилгээний гэрээ, дансны хуулгын баримтуудаар тогтоогдсон. /2-р хх-43-92, 207/
6.3 Ц.Сийлэгмаа болон Дэлгэрэх таван чандмань ХХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан №ОСЗГ-2071 тоот орон сууц захиалгын гэрээг үндэслэн Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтын №57-д 68.1 м.кв, 3 өрөө, Ц.Сийлэгмаа, ВЭ75101260, 170,250,000 төгрөг, 100 хувь төлсөн гэж улсын бүртгэлд бүртгэгджээ. /2-р хх-139-144, 213-214/
Талуудаас гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок 3 дугаар байр 8 давхрын С тоотод байрлах, 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхон 99б дүгээр байр, 3057 тоот болж хаягийн бүртгэл хийгдсэн болохыг тайлбарласан.
Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхон 99б дүгээр байр, 3057 тоотод байрлах 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь өнөөдрийн байдлаар өмчлөх эрхийн бүртгэл хийгдээгүй, эрхийн зөрчилгүй буюу бусад этгээдийн эзэмшил, өмчлөлд бүртгэгдээгүй байгаа болох нь тогтоогдсон. /2-р хх-213/
6.4 Хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК нь ... орон сууцны төлбөрийг Ц.Сийлэгмаа бүрэн төлж барагдуулсан тул түүнийг өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон талуудын тайлбараар Ц.Сийлэгмаа нь Г.Галбадрахтай байгуулсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдсанаас хойш маргааны зүйл болох орон сууцыг худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан, орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа, уг орон сууцанд амьдрах зориулалтаар автозогсоол худалдан авсан болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ц.Сийлэгмааг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхон 99б дүгээр байр, 3057 тоотод байрлах 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг гарган өгөхийг хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 975,450 /532,500+442,950/ төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 1,079,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 937,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 1,079,400 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Галбадрах нь үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний үнийн дүн болох 156,000,000 төгрөгт ногдох 937,950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх үүрэгтэй. Үүнээс 442,950 төгрөг төлж, 495,000 төгрөгийг дутуу төлсөн байгааг түүнээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Галбадрахыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 99а дугаар орон сууцны 1 давхарт байрлах 60 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхон 99б дүгээр байр, 3057 тоотод байрлах 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Сийлэгмааг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент хотхон 99б дүгээр байр, 3057 тоотод байрлах 68.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг гарган өгөхийг хариуцагч Дэлгэрэх таван чандмань ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 975,450 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 1,079,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 937,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Галбадрахад, 1,079,400 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Ц.Сийлэгмаад тус тус олгож, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 495,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ