Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/01362

 

 

 

 

 

 

 

 

2024 03 12

101/ШШ2024/01362

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,,*******,******* тоотод оршин суух, Молхыхошах овогт ы ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, тоот оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6,190,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч К., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., гэрч Э. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №20/07/02-2 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээг ******* ХХК-тай байгуулсан. Уг гэрээнийн 2.2-т заасан *******, Sky residence 3-B,*******,, 51.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр гэрээг байгуулсан байдаг. Гэрээний дагуу төлбөрөө 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6,600,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 14,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 35,100,000 төгрөг төлж үлдэгдэл 785,000 төгрөгийг бэлнээр төлж нийт 56,485,000 төгрөгийг ******* ХХК-нд төлж 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр надад и-баримтыг гаргаж өгч байсан.

Манай гэр бүл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 45а-108 тоот, 2 өрөө орон сууцанд амьдардаг байсан бөгөөд уг байраа 2020 оны 1 дүгээр сард зарж борлуулан ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Ө.******* миний хувьд байр түрээслэх боломжгүй байсан тул аавынхаа хашаанд гэр барьж, ашиглалтанд орох хугацааг хүлээн 2 жаахан хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан. Гэрээ байгуулахад 1 жилийн дараа ашиглалтанд орно гэсэн боловч бараг 3 жилийн дараа ашиглалтанд орсон. Энэ хугацаанд

хүүхдүүдийн хувьд хүйтэнд даарч, маш их ханиад хүрэх өвдөх асуудлууд их байсан. Гэрээний 2.6-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан гуйцэтгэнэ" гэж заасан боловч уг байр нь 2022 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон болно. Захиалагч миний хувьд төлбөрийг нь хугацаанд нь төлж дуусгасан. Харин ******* ХХК нь уг гэрээнд заасан хугацаандаа орон сууцны байрыг ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй тул 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №20/07/02-2 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 5.4-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алдангийг 2021 оны 07 сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний хооронд 548 хоногийн алданги нь 6,190,756 төгрөг болж байна.

Иймд 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №20/07/02-2 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний алданги болох 6,190,756 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн хувьд нэхэмжлэгчтэй Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил хойшлогдсон. Мөн гэрээгээр алдангийг тохирохдоо хууль зөрчсөн байна. Юуны өмнө барилгын ажилд Ковид-19 буюу цар тахлын улмаас барилга угсралтын үйл ажиллагааг 2020 оны 11 сараас 2021 оны 05 сар хүртэл хугацаанд зогсоосон байдаг. Үүнээс үүдэлтэйгээр барилгын ажил хойшилж эхэлсэн бөгөөд цар тахлын хөл хорио дууссан ч хил гааль хаалт, бараа материал буюу арматурын үнийн нэмэгдэл, хомсдол, ажиллах хүчингүй болсон. Учир нь цар тахлын өмнө байгуулсан үнэтэй гэрээгээр хөл хорио дууссаны дараа ажиллахгүй гэх зэрэг олон зүйл нөлөөлсөн. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд уг заалтаар дээд хэмжээ болон юунаас алданги тооцохыг тодорхой заажээ.

Гэтэл гэрээгээр гэрээний үнийн дүнгээс алданги төлөхөөр тохирсон нь хууль зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан төлбөр төлсөн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орон сууц захиалан бариулах гэрээ,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2106045482978 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, цахилгаан лифт худалпах-худалдан авах гэрээ, дансны хуулга, цахим сайтуудад тавигдсан гэх мэдээлэл, Хил хамгаалах Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2б/321 тоот албан бичиг, хавсралт,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 6,190,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Зохигчид 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь *******, Sky residence 3-B,*******,, 51.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Ө.******* нь 1 м.кв-ыг 1,100,000 төгрөгөөр тооцож нийт 56,485,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7-8/

 

3.1 Дээрх гэрээгээр Ө.******* нь 56,485,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтад талууд маргаагүй, хэн аль нь тайлбарласан.

 

3.2 Нэхэмжлэгч Ө.******* нь *******,*******,*******,******* тоотод байрлах, 51.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх-9/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...анх гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. 2022 оны 12 дугаар сард байр ашиглалтад орж, надад хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 5.4-т зааснаар байр ашиглалтад орж дуусах 2020 оны 12 дугаар сараас хойш 6 сар хүлээх учиртай тул энэ хугацааг дуусгаж, 2021 оны 07 сарын 31-ний өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 548 хоногийн алданги 6,190,756 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Цар тахал гарсантай холбоотойгоор хил хаагдаж, барилгын материалын нийлүүлэлт хомсдолт орсон. Мөн Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байсантай холбоотойгоор барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсоны улмаас гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Энэ нь манай компаниас болсон зүйлгүй, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Гэрээний 5.4 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцно гэснийг зөрчиж, гэрээний үнийн дүнгээс тооцохоор тохирсон байх тул энэ заалтаар алданги шаардах эрхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

5. Зохигчдыг гэрээ байгуулах үед орон сууцны карказ боссон, гадна фасадны ажил явагдаж байсан болохыг талууд тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга болон тэдгээрийн гаргасан тайлбараас дүгнэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

5.1 Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заажээ.

 

5.2 Барилга байгууламжийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтад оруулсан болон орон сууцны эзэмшлийг Ө.*******т 2022 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн болохыг талуудын хэн аль нь тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

5.3 Дээрх баримтуудаар гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байх ба уг үйл баримтад хариуцагч маргаагүй. Харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас орон сууцыг тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй байсан тул алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж маргасан.

Харин хариуцагч нь гэрээний үүргийг 548 хоногийн хугацаанд хэтрүүлсэн болон энэ хугацааны алдангийн үнийн дүн 6,190,756 төгрөг болох үйл баримтад маргаагүй.

 

6. Гүйцэтгэгч нь 2020 оны 04 дүгээр улирал буюу 2020 оны 12 дугаар сард ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй байх ба 2022 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн нь гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн байна.

 

6.1 Гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг тогтоолын хавсралтаар 11 төрлийн төрийн байгууллага, хуулийн этгээдээс бусад бүх хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хойш удаа дараа Засгийн газрын тогтоолоор 11-12 төрлийн төрийн байгууллага, хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг зогсоож байсан.

Үүнээс хойш 2021 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Дээрх үйл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт байна.

Иймд Монгол Улсын Засгийн газраас гаргасан удаа дараагийн тогтоолуудаар барилгын үйл ажиллагааг зогсоосноос орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, бараа материалын хомсдол үүссэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий байна. Мөн хариуцагч ******* ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгожээ.

 

6.2 Хил хамгаалах Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2б/321 тоот албан бичиг, хавсралтаар 2020-2022 онд Монгол Улсын хилээр ачаа тээвэр хязгаартай нэвтэрч байсан үйл баримт тогтоогдож байна.

 

6.3 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Дээр дүгнэснээр орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй нөхцөл байдалд дан ганц хариуцагчаас шалтгаалсан зүйлгүй байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг 50 хувиар бууруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

6.4 Хариуцагчаас гаргасан талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас 3,095,378 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,095,378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 3,095,378 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 64,476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

9. Хариуцагч хэрэгт нотлох баримтаар гаргасан хэргийн 62-81, 85-111 талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 3,095,378 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,095,378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,476 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ