Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 159/ШШ2023/0008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Хэргийн индекс: 159/2023/0009/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Их шинэстэй” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Ундарга капитал” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундрага капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшлийн *******, *******, ******* дугааруудтай үр тарианы зориулалттай талбаруудын нийт 11,37 га газрыг давхцуулсан хэсгийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/95 дугаартай захирамжаар ******* нэгж талбар бүхий 2601,88 га талбайг үр тариа тарих зориулалтаар эзэмшүүлжээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг олгохдоо нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын *******, *******, ******* дугаар бүхий газруудтай хэсэгчлэн давхцуулан талбай олгожээ.

Иймд нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай олгохдоо манай эзэмшлийн 3 нэгж талбар бүхий газартай давхцуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгосон байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж маргаж байна.

Нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Манай “Их шинэстэй” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багын нутагт Ерөө сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/95 захирамжаар олгогдсон *******, *******, ******* дугааруудтай газрын эрхийн гэрчилгээнүүдээр баталгаажсан үр тарианы зориулалттай талбаруудыг эзэмшин үр тариа тарьдаг юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар “Ундрага капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг олгохдоо манай компаний эзэмшиж байгаа дээрх газруудтай давхцуулан газар олгосон байна. “Ундарга капитал” ХХК-ийн зүгээс давхацсан газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учраас манай талбайтай давхацсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоныг мэдээгүй байсан.

Харин Ерөө сумын Засаг даргын Тамгын газарт “Хүннү стийл” ХХК-ийн талбайг давхцуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар “Хүннү стийл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт холбогдуулан шүүхээс мэдээлэл авах зорилгоор ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бичгээс манай компаний дээрх 3 талбар бас давхацсан байж магадгүй болохыг мэдэж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсаны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/177 тоот, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/46 тоот албан бичгүүдийг хүлээн авлаа. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/177 тоот, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/46 тоот албан бичигт манай дээр дурдсан 3 талбайн 11,37 га газар нь давхцалтай болохыг нотолсон байна. Иймд манай компаний газар эзэмших эрхтэй холбоотой ашиг сонирхол дээрх эрх бүхий байгууллагуудын тодорхойлолтын агуулгаар зөрчигдсөн шинжтэй байх тул тус шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 тоот захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг олгохдоо манай “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшиж байгаа дээрх 3 газруудтай 11,37 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их шинэстэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундрага капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшилтэй *******, *******, ******* дугаартай үр тарианы зориулалттай талбаруудын нийт 11.37 га газрыг давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцан дараах тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон “Ундарга капитал” ХХК болон бусад 19 аж ахуйн нэгжийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтанд заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэдэг заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хойш уг хугацаанд захирамжаар олгогдсон талбайд үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагааны зардал гаргаагүй зэрэг зөрчлүүд тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар дээрх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийг хүчингүй болгож байсан.

Улмаар аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/937 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын 2017 оны А/104 дугаартай захирамжийг хүчингүй болгож тусгай зөвшөөрөл цуцалсан аж ахуйн нэгжүүдийг кадастрын бүртгэлээс хасч, холбогдох арга хэмжээг авахыг мэдэгдэж байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын программ дээр “Ундрага капитал” ХХК нь устгагдаагүй байсан тул дээрх шалтгааныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 01/797 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай хүргүүлсэн. “Ундарга капитал” ХХК-иас аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Аймгийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар гаргасан ба шүүхээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжийг гаргахдаа “...өөрийн алдааг засах нэрийдлээр бусдын эрхийг зөрчиж тусгай зөвшөөрлийг цуцлахдаа бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлээгүй.

Мөн Түгээмэл тархацтай ашитгт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан 4 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй, тэдгээрийг маргаан бүхий актад дурьдаагүй зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргаагүй сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй...” байна гэж үзэж “Ундарга капитал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн “Ундрага капитал” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны шийдвэр гаргах журам зөрчигдсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул шийдвэрийг хүлээн авч, аймгийн Засаг даргын А/399 дугаартай захирамжаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн “Ундарга Капитал” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байсан.

Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшилтэй үр тарианы зориулалттай дээрх 3 газрыг давхцуулан олгосон нь холбогдох баримтууд болон дээрх нөхцөл байдлуудаар тогтоогддог. Иймд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их шинэстэй” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Их шинэстэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК-ийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлтэй танилцаад дараахь үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшилтэй *******, *******, ******* дугааруудтай үр тарианы зориулалттай талбаруудын нийт 11,37 га газрыг давхцуулсан хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. “Ундарга капитал” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их хөндий” нэртэй газарт 215.63 га талбайд хайрга, дайрганы зориулалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

Улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар дээрх захирамжийг Засаг дарга нь өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч манай компаниас эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “Шүүхээс мэдээлэл авах зорилгоор ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бичгээр манай компаний дээрхи 3 талбар бас давхацсан байж магадгүй болохыг мэдэж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсаны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/177 тоот, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/46 тоот албан бичгүүдийг хүлээн авлаа” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №02/46 тоот албан бичгээс үзэхэд “Их шинэстэй” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №02 тоот албан бичгээр хандсан байгаа ба 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандсан гэж зөрүүтэй байдлаар нэхэмжлэлдээ дурьджээ. Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хангалттай бүрджээ.

Нөгөөтэйгүүр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй “Ундарга капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт манай компанийн түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл явуулж байсныг нотлох баримтууд авагдсан ба “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсныг мэдээгүй, одоо мэдэж байгаа гэх үндэслэлээр шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компанид Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжаар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайхаас хориглосон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй бөгөөд “Их шинэстэй” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн зүйл байхгүй болно. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр “Их шинэстэй” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундрага капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшилтэй нэгж талбарын *******, *******, ******* дугаарууд бүхий үр тарианы зориулалттай талбайнуудын нийт 11,37 га газрыг давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

            Гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК шүүхэд манай компанид Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжаар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь “Их шинэстэй” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн зүйл байхгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэргийн газрын үзлэг, бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэг: “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшил газрын тухайд

            Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/95 дугаартай захирамжаар “Их шинэстэй” ХХК-нд нд Ерөө сумын нутаг дэвсгэр Хулст уул гэх газарт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 28.02 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан 000005559 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын ******* дугаар бүхий 14.4 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан 000005567 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын ******* дугаар бүхий 118.89 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан 000018084 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.

            “Их шинэстэй” ХХК нь дээрх нэгж талбар бүхий газруудаа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаас дээрх газруудын эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гараагүй, “Их шинэстэй” ХХК-нд газар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/95 дугаартай захирамж хүчин төгөлдөр байна.

            Хоёр: Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны А/104 дугаар захирамжийн тухайд

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Их хөндий” нэртэй газарт 215.63 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга дайрга хайх зориулалтаар улсын бүртгэлийн 9011551009 тоот гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийг 3 /гурав/ жилийн хугацаагаар олгожээ.

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд 2017 оны А/104 дугаартай захирамжаар олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын дээрх 2018 оны А/289 дугаартай захирамжийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан дөрвөн үндэслэл бүрдээгүй байхад хүчингүй болгосон үндэслэлээр хүчингүй болгожээ.

            Гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/78 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Их хөндий” нэртэй газарт 215.63 га талбайд дайрга эрж хайх зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хүсэлт /хүсэлтэд холбогдох баримтыг хавсаргасан/ гаргажээ.

            Ашигт малтмал, газрын тосны газрын шүүхэд ирүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 8/3858 тоот албан бичиг[1], түүнд хавсаргасан баримтаар тус газар нь “Ундарга капитал” ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрөл олгосон гэх 215.63 га газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-т заасан ажиллагаануудыг хийж, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх мэдэгдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

            Харин хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Ундарга капитал” ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрөл олгохдоо шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болох нь дараах баримтаар тогтоогдож байна. 

            Ашигт малтмал, газрын тосны газраас “Ундарга капитал” ХХК-нд дугаартай тусгай зөвшөөрөл олгосон гэх 215.63 га газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн мэдэгдэл ирсний дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “ Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, “Ундарга капитал” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай байрших Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй болох нь Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот албан бичиг[2], Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02/824 тоот албан бичиг[3]-ээр нотлогдож байна.

            Гурав: “Ундарга капитал” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшлийн 11.37 га газартай давхцсан тухайд

            Хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авалгүйгээр “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор дараах эрх зүйн үр дагавар үүссэн байна.

            1/Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2017 онд А/104 дугаартай захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах “Их хөндий” нэртэй газарт 215.63 га газар олгосон нь Ерөө сумын Засаг даргын 2009 оны А/95 дугаартай захирамжаар “Их шинэстэй” ХХК-нд үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын ******* дугаартай 14.4 га, нэгж талбарын ******* дугаартай 118 га, нэгж талбарын ******* дугаартай 28 га газруудтай тус тус хэсэгчлэн нийт 11,37 га газраар давхцуулж, “Их шинэстэй” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн болох нь Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/133 тоот албан бичиг[4]-ээр ирүүлсэн давхцлыг харуулсан талбайн байршлын зураг, мөн Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/46 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            2/Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн талбай байрших Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүйн улмаас тусгай зөвшөөрөл хүссэн талбайд “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшлийн 11,37 га үр тарианы зориулалттай газар байгааг хариуцагч өөрөө мэдэх боломжгүй тул давхцуулан олгосон, өөрийнх нь эзэмшлийн газартай давхцуулж олгосныг нэхэмжлэгч мөн адил мэдэх боломжгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан бөгөөд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2017 оны А/104 дугаартай захирамжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК-нд мэдэгдээгүй, мөн хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах журам зөрчсөн, сонсох ажиллагааг хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурьдаж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

            Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “Их шинэстэй” ХХК-ийн эзэмшил газартай 11,37 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Их шинэстэй” ХХК-нд олгосугай.

            Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР

 

             

             

             

             

 

 

[1] Хавтаст хэргийн 180 дугаар талын ар

[2] Хавтаст хэргийн 184 дүгээр талын ар

[3] Хавтаст хэргийн 185 дугаар талын ар

[4] Хавтаст хэргийн 28 дугаар тал