Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1058

 

   2021             12              16                                      2021/ДШМ/1058                               

 

 

     Д.Ц, Ц.Б Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Ю.Тогмид,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Ц, Ц.Б Б.Б нарт холбогдох эрүүгийн 1902006290228 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Ц.Б Ц нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Сийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “... зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.Сээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Цоор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

          шүүгдэгч Ц.Б нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Б, Д.Ц нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Сийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “... зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.Сээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Цоор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

          шүүгдэгч Д.Ц нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Б, Д.Ц нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Сийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “... зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.Сээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ц.Б Д.Ц нарт оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ц.Б Д.Ц нарт оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Бын нийтийн албанд томилогдох эрийг 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Цын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1902006290228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20,000 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг (AG0436434, AE2103861, AF9926381, AH6633710, AZ8244494, AD7283751, AG2082977, AF2369827, AC7385939, AH0663964, AD6639791, AH3267615, AG2297576, AZ1183468, AH4327463, AZ0873281, AH2528032, AG3976958, AG3928541, AE0314284, AD5696315, AZ0316901), 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг (AH8230899) нийт 450,000 төгрөгийг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 2.4-д заасан эргүүлийн чиглэлийн хяналтын хүрээ, 2.13-д заасан нэг чиглэлд 2-оос доошгүй албан хаагч ажиллуулах гэж заасны дагуу тухайн хэрэг гарсан шөнийн ээлжинд Б.Б, Ц.Б нар нь Туул-15 чиглэл буюу тээврийн осол, дуудлагыг шалган шийдвэрлэж, өглөөний 7 цаг 30 минутанд ээлжнээс буух, харин Ё.Б, Д.Ц нар нь Туул-16 чиглэл буюу дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцогч, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, зөрчил илрүүлэх чиг үүрэгтэйгээр өглөөний 9 цаг 30 минутанд ажлаасаа буухаар ажлаа хуваарилан ажилласан нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Б.Б нь Ё.Бийн гуйлтын дагуу жолоочийн машиныг Ц.Баар жолоодуулан хэлтсийн гадаа авчирсан боловч даргын машиныг автобаазаас 6 цаг 30 минутаас өмнө авчирсан байх бичигдээгүй албаны дүрэм, байнгын дарамт шахалтаас болж жолоочийн бичиг баримт, машины түлхүүрийг хураан авч, явчихгүй гэж найдан, 10 минут хүрэхгүй хугацаанд орхин явсан байдаг /1хх 218/. Энэ бол жолоочийг яаралтай шалгаж чадаагүй бодит шалтгаан, нөхцөл мөн бөгөөд энэ нь Б.Бгийн ажил үүрэгтээ хайнга хандсан үйлдэл болохоос энэхүү үйлдэл нь гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход санаатай нэгдэж, зориуд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дэмжиж, ухамсарлаж үйлдсэн үйлдэл, эрүүгийн гэмт хэрэг биш юм. Б.Б дээрх шалтгаанаар яаралтай шалгаж чадалгүй жолоочийг алдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл хүлээсэн. Түүнээс жолоочийг санаатай зугтаалгачихъя, шалгахгүй байя, хариуд нь мөнгө авъя гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив сэдэлт, санаа зорилго байгаагүй, гэмт хэргийг санаачилсан, удирдан зохион байгуулсан үйлдэл эс үйлдэл байхгүй ба энэ талаар анхнаасаа Б.Б зөрүүгүй мэдүүлж ирсэн. Хэдийгээр Б.Б дээрх шалтгаанаар жолоочийг шалгаж чадалгүй зугтаалгасан гэх боловч жолоочийг хэлтсийн гаднаас явахаас 5 минутын өмнө Ё.Б хэлтсийн байранд эргэн ирсэн ч жолоочийг шалгаагүй. Мөн Б 7 цаг 30 минутанд ажлаасаа буухаасаа өмнө жолоочийн бичиг баримт, түлхүүрийг 9 цаг 30 минут хүртэл ажиллах ёстой Ё.Бт хүлээлгэн өгсөн боловч тэрээр жолоочийн шалгуулахаас зайлсхийсэн зөрчлийг тэмдэглэн, дараагийн албан хаагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар жолооч шалгуулахаас зайлсхийсэн бол согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочтой ижил шийтгэл, хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай, шүүх үүнд дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Энэхүү үүрэг хэнд байсан гэдэгт шүүх дүгнэлт хийсэнгүй. Б.Б, Ё.Б нар нэг нэгэндээ үүрэг чиглэл өгөх, нөгөө нь биелүүлэх албан тушаалтан биш бөгөөд адил албан тушаал, цолтой албан хаагчид юм. Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 86 тоот шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 310 болон 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1347 дугаартай магадлалаар тус тус тодорхой даалгавартай прокурорт буцсан хэрэг юм /2хх 129/ Эдгээр шүүхийн шийдвэрт Б.Б болон Ц.Б нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг давхардуулан журамласан нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-3.5 дугаар зүйл болон 3.7 дугаар зүйлийн аль нэгээр журамлан хэрэглэх ёстой гэж дүгнэж буцаасан. Гэтэл энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б болон Б.Б нарын гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл, оролцоог анхнаасаа ялгаж зааглаж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ерөнхий байдлаар давхардуулан хэрэглэж ирсэн бөгөөд шүүгдэгч Б.Б яг ямар хууль бус үйлдэл, эс үйлдлээрээ энэ хэргийг санаачлаад, удирдаж төлөвлөн, зохион байгуулсан гэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй юм. Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Быг хахууль авах гэмт хэргийг санаачилсан, удирдан төлөвлөсөн, хамтран оролцогчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд шүүгдэгч Ц.Б нь маргахгүй болохоо илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Б.Бгийн гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл, оролцоог үгүйсгэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь ... хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйнхээ хариуд өөрөө шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, эсхүл авсан идэвхитэй үйлдэл байхыг шаардаж байна. Гэтэл Б.Б жолоочоос шууд болон бусад шүүгдэгч нараар дамжуулан мөнгө шаардсан, мөнгө авсан зүйл огт байхгүй, үүнийг нотлох нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нэг газар, байгууллагад хамт ажиллаж байсан, Б.Б л Ц.Быг ахалж ажиллаж байсан учраас удирдан санаачилсан байж таарна гэдэг хийсвэр байдлаар Б.Бг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шүүгдэгч Ц.Б Д.Ц нар Б.Бгээс ямар нэгэн мөнгө ав гэх үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй гэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд удаа дараа мэдүүлдэг, харин эсрэгээрээ Д.Ц нь гэрч Ё.Б тухайн бичиг баримтыг аваачиж өгөх, өгсөн мөнгийг нь авах үүрэг даалгавар өгсөн гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нүүрэлдэн мэдүүлсэн байхад шийтгэх тогтоолд хахуулийн мөнгө авах талаар хэн санаачилсан талаар шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлдэггүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Мөн мөнгө авах талаар хэн санаачилсныг тогтоох боломжгүй гэж шийтгэх тогтоолдоо дүгнэчихээд Б.Б энэ гэмт хэргийг санаачилсан гэж гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Б.Бгийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй, Б.Бгийн гэм бурууг хөтөлбөргүй нотолсон нотлох баримт байхгүй, түүний үйлдэл, холбогдол нь гэмт хэргийн шинжгүй болохыг шүүх онцгой анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ", мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг тус тус хэрэглэсэнгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Шийтгэх тогтоолын үндэслэлд: “Хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэлд ... Б.Б, Ц.Б Д.Ц нар 6 цаг 16 минут 15 секундээс жолоочийг явах хүртэл буюу 6 цаг 21 минут 10 секунд хүртэлх 5 минутын хугацаанд хэлтсийн байранд бүгд ирсэн, хамт байсан, энэ хугацаанд жолоочийг драгер багажаар үлээлгээгүй, жолооч явсныг бүгд мэдсэн мөртлөө эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүй үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдаатай, энэхүү үйлдлээрээ гэмт хэрэгт нэгдсэн” гэж шүүх худал дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар уг дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдохгүй, Б.Бгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх. ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хэрэгт Цагдаагийн хэлтсийн гадаах хяналтын камерын бичлэгийг 2 өөр янзаар буулгасан тэмдэглэл авагдсан бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 15-22 дугаар хуудаст авагдсан тэмдэглэлд хэсэгчилсэн байдлаар буулгасан, мөн Ё.Б жолоочийг явахаас өмнө хэлтэс дээрээ ирсэн гэдгийг зориуд орхигдуулж бичсэн, мөн хэргийн 217-218 дугаар хуудсанд авагдсан тэмдэглэл нь бүрэн хэмжээгээр буулгасан тэмдэглэл юм. Гэтэл камерын бичлэгт 6 цаг 21 мин 10 секундэд жолооч хэлтсийн байрны гаднаас автомашинаа орхиод явсны дараа 2 минутын дараа буюу 6 цаг 23 минут 15 секундэд Б.Б, Б нар ирсэн байхад жолоочийг хэлтсийн гаднаас явах хүртэл бүгд хэлтэс дээр ирсэн байсан, хамт байсан, энэ хугацаанд үгсэн тохиролцсон, драгер багажаар үлээлгээгүй, эрэн сурвалжлаагүй үйлдлээрээ шүүгдэгч нарыг гэмт хэрэгт нэгдсэн гэж дүгнэсэн нь бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй байна. Харин Б.Б Ц.Бт жолоочийг дуудахыг үүрэг болгож, хэлтсийн гадна байхгүй байна гэхэд нь өөрөө машин дээрээс нь жолоочийн утасны дугаарыг олж, Ц.Бт өгч жолоочруу яриулж ирэхийг шаардсан, хэлтсийн гаднаас явж хаана байгааг нь олж мэдсэн байхад эрэн сурвалжпах ажиллагаа хийгээгүй гэж үзэх нь бодит байдалтай нийцэхгүй байна. Жолооч Ж.Сэ ажил дээрээ хурууны хээгээ бүртгүүлчихээд очлоо гэж Ц.Бт хэлсэн байсан тул үүнийг нь Ё.Бт дамжуулж, холбогдох бичиг баримт, түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд Б.Б ажлаасаа 7 цаг 30 минутанд буусан. Мөн шийтгэх тогтоолд Б.Бгийн гэмт хэрэг үйлдээгүй, мөнгө авах гэж байгаа талаар мэдээгүй гэсэн нь гэрч Н.Х, О.Б, Р.Мөнхтогоо, А.Э, Н.Г, Н.А нарын гэрчийн мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж дүгнэсэн ба эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр ч Бгийн гэм бурууг тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэтэл эдгээр гэрчүүд гэх шүүгдэгч нарын албаны дарга. бусад албан хаагчдаас хууль, журамд тодорхой заасан байгаа тухайн төрлийн зөрчлийг хэрхэн шалган шийдвэрлэх журмыг тайлбарлуулсан мэдүүлгүүдээр Б.Бг хахууль авах гэмт хэрэгт оролцсон, эдгээр мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж дүгнэж байгааг ойлгох аргагүй байна. Эдгээр бүх гэрчүүдээр Туул-15, 16 чиглэлийн хувьд чиг, үүргийн хувьд ялгаа байхгүй. адилхан нийтлэг чиг үүрэгтэй гэж хууль, журмыг тайлбарлуулсан мэдүүлэг авсан байдаг. Эдгээр хүмүүс тухайн хэрэг гарсан өдрийн гэмт хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх гэрч гэх ойлголтонд хамаарахгүй, мөн хууль, журмыг тайлбарлуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн Анхан шатны шүүхийн 2021 оны 09-р сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/484 шийтгэх тогтоолын Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэл хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах гэмт хэргийн талаар тайлбарлаж хэрэгт хамтран оролцооны хэлбэрийн хувьд тухайн этгээдүүдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхитэй, зарим үед идэвхигүй эс үйлдэхүйгээр илэрдэг гэж тайлбарладаг. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байх ёстой. Нөгөөтэйгүүр, улсын яллагч болон шүүхийн зүгээс Б.Бг гүйцэтгэгч гэж үзэж байгаа нөхцөлд тухайн этгээдүүдийн хуульд заасан буюу хэргийг хэн санаачилж, ямар хэлбэрээр удирдан зохион байгуулж, үүрэг оролцоог хуваарилсан талаар тогтоох ёстой. Гэтэл хэрэгт энэ төрлийн баримтууд огт байхгүй. Улсын Дээд Шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоолд хэргийн оролцогч буюу зохион байгуулагч гэдгийг ямар байх вэ гэдгийг тодорхой заасан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Энэ зарчимд шийтгэх тогтоол нийцэхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Ю.Тогмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тусгайлан гаргах саналгүй. Иймд Д.Цд холбогдох хэргийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Х.Онолт шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг Б.Бг зөвхөн бусад шүүгдэгч нартай нэг байгууллагад ажилладаг, офицер албан тушаалтай байсан гэдгээр энэ хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж дүгнээгүй. Хэрэгт авагдсан цагдаагийн хэлтсийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч Б.Б, Ц.Б нар нь анх хахууль өгөгч Ж.Сийг тандагч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй дохио илэрсэн учраас драйгер багажаар үлээлгэх, мөн түүний согтуурлын зэргийг шалгах зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн гадна авч ирсэн байдаг. Гэсэн хэрнээ ямар нэг арга хэмжээ авалгүйгээр Ж.Сийг хэлтсийн гадна үлдээж, түүнийг шалгуулахаас зайлсхийсэн боломжийг олгосон нөхцөл байдал тогтоогддог. Түүнчлэн, шүүгдэгч нарын зүгээс жолоочийг хэлтсийн гадна орхиж явах болсон шалтгаанаа ахлах албан тушаалтны автомашиныг авчрах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэв яаралтай ажил байсан тохиолдолд хэлтсийн байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид жолоочийг түр хугацаагаар хүлээлгэн өгөх боломжтой байсан боловч уг арга хэмжээг санаатайгаар аваагүй, үүргээ биелүүлээгүй. Энэ нь тухайн үед хэлтсийн байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Батмөрөнгийн “надад ямар нэгэн хүнийг үлдээгээгүй” гэх мэдүүлгээс тодорхой харагддаг. Мөн жолооч Ж.Сийг хэлтсийн байрнаас оргон зайлсан болохыг Ё.Б, Б.Б, Д.Ц, Ц.Б нарын хэн аль нь мэдсэн боловч энэ талаар эргүүлд мэдэгдэж эрэн сурвалжлах арга хэмжээ аваагүй. Мөн Б.Б, Ц.Б нарын үүрэг гүйцэтгэж байсан “Туул 15” чиглэл, Ё.Б, Д.Ц нарын үүрэг гүйцэтгэж байсан “Туул 16” чиглэлд гүйцэтгэх үүргийг нь тусгайлан хуваарилсан зүйл байхгүй, хэн аль нь дүүргийнхээ нутаг дэвсгэрт дуудлага, мэдээлэл хүлээж авч, хяналт шалгалт явуулах үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь бүгд жолоочийн согтуурлын зэргийг шалгаж тогтоох үүрэгтэй байсан боловч хахууль өгөгч Ж.Сийн ашиг сонирхлын үүднээс хэн аль нь албан үүргээ биелүүлээгүй, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үүрэн телефон утасны дуудлагын лавлагаа, арилжааны банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Ялангуяа офицер албан тушаалтнаар ажиллаж байсан Ё.Б, Б.Б нарын хувьд ахлагч Д.Ц, Ц.Б нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангах чиг үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүйгээс шүүгдэгч нар нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, хахууль авах гэмт хэрэгт эс үйлдэхүй болон үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон гэж дүгнэсэн. Ц.Б Б.Б нарын хувьд хамгийн анх жолооч Ж.Сийг цагдаагийн хэлтсийн байранд авчирсан байдаг. Ё.Б, Д.Ц нар нь хахууль өгөгч Ж.Сэтэй харилцаа үүсгэсэн байх боломж нөхцөл байдаггүй. Цагдаагийн хэлтэст авчирсныхаа дараа ямар нэг шалтгаангүйгээр орхиж явсан. Үүний дараа Д.Ц нь Ж.Сээс очиж мөнгө авсан байдаг. Д.Ц Ж.Сээс мөнгө авахаасаа өмнө болон дараа нь Ц.Бтай утсаар ярьсан болох нь ярианы дуудлагын лавлагаагаар тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлуудаар Б.Б, Ц.Б нарыг уг үйл явдлыг зохион байгуулсан гэж үзсэн. Шүүх мөн адил дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

             Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Ц.Б Ц нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Сийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “... зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.Сээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Цоор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

            шүүгдэгч Ц.Б нь Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Б, Д.Ц нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Сийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “... зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.Сээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг Д.Цоор гүйцэтгүүлж, зохион байгуулагчаар хамтран оролцсон,

             шүүгдэгч Д.Ц нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Б.Б, Д.Ц нартай нэгдэж 2019 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 40-52 УБН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Сийг хяналт шалгалтаар илрүүлсэн боловч Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/101 дугаартай тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөнд зохицуулах хянан шалгах журам”-д заасны дагуу шалган шийдвэрлээгүй, хахууль өгөгч Ж.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “... зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гадна Ж.Сээс 450,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогдож прокуророос Б.Б, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж гэмт хэргийн хамтран оролцогчийн үүрэг, оролцоог хуваарилж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Ц.Быг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийг төлөвлөж зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Д.Цыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулжээ.

 

Хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад, анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг дээр дурдсан байдлаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан байхад тухайн зүйл, хэсэгт зааснаас бага хэмжээгээр эрх хасах ял оногдуулж, Эрүүгийн хуулиар тодорхойлсон ял шийтгэл оногдуулах үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар заасан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар, Ц.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар, Д.Цд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус хасч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурьдсан үндэслэлээр хүчингүй болгож, Д.Ц, Ц.Б Б.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн нарын хамтран гаргасан гэм буруугийн талаарх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ц, Ц.Б Б.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.Ц, Ц.Б Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ