Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/01167

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 01

101/ШШ2024/01167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , Л******* /рд:*******/,

 

Хариуцагч:  ******* /рд:*******/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,801,460 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч Л.*******, Д.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Л.*******, Д.******* нар нь 2013 оны 8 дугаар сарын 09-ний одор *******тай ЗГ2800004992 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 52,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Талууд ЗГ2800004992 дугаар Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах Ипотекийн гэрээг байгуулсан. Үүнд: ИГ/БГ/2800004992 дугаар Ипотекийн гэрээгээр Л.*******гийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ,, 42 айлын байрны 13 тоот хаягт байршилгай, бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч Л.*******, Д.******* нар нь ЗГ2800004992 дугаар Орон сууцны зээлийн гэрээний Хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 03 дугаар сараас зөрчиж, уг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй. Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 32,571,429 төгрөг, зээлийн хүү 1,068,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,854 төгрөг, даатгалын өр 156,020 төгрөг, нийт 33,801,460 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, гэрээний үүргийг олон сарын хугацаанд зөрчиж байх тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна. Иймд хариуцагч Л.*******, Д.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 33,801,460 төгрөгийг гаргуулж, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Л.*******гийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 32 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.******* шүүхэд бичгээр хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.*******тэй хамтын амьдралтай байсан ба бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Бид гэр бүлээ тав тухтай орчинд амьдруулах зорилгоор *******аас ипотекийн зээлээр авсан. Уг орон сууцны өмчлөх эрх Л.*******гийн нэр дээр байдаг. *******тай 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд би хамтран зээлдэгчээр оролцсон. 2023 оны 3 дугаар сараас Л.******* бид хоёрын харилцаа муудаж намайг гэрээсээ хөөсөн. Тухайн орон сууцанд миний үр хүүхэд амьдарч байгаа тул зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн хувьд зээлийн төлбөрийн үлдэгдлийн 50 хувь болох 15,900,874 төгрөгийг төлнө. Үлдэх 50 хувийн төлбөрийг Л.******* төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч Л.******* шүүхэд бичгээр хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хамтран зээлдэгч Д.*******ийн хамт 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр *******тай ЗГ2800004992 дугаартай сууцны зээлийн гэрээ байгуулж 52,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж Ипотекийн гэрээ байгуулсан. Гэрээний 3.1.2 заалтын дагуу 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлж байсан. Төлөхдөө өөрийн авдаг цалин өрхийн санхүүгийн зардал, зохицуулалттай холбоотойгоор сар бүр 70 хувийн төлөлтийг төлу байсан. Үлдэх 30 хувийг хамтран зээлдэгч Д.******* хийж байсан. Би өөрөө зээлийн төлөлтийг хийж байх хугацаанд хоцорсон, тасарсан удаа байхгүй байсан. Мөн Орон сууцны зээлийн гэрээний 3.1.4 заалтын дагуу зээлийн хөрөнгөөр худалдан авсан орон сууцны ашиглалтын зардал буюу байрны мөнгө, цахилгааны төлбөрийг харьяалах байгууллагуудад цаг тухайд нь хариуцлагатайгаар өөрийн санхүүгийн эх үүсвэр болох цалингаасаа тогтмол төлж байсан. Эдгээр төлбөр, тооцоог банкны баримт болон дансны хуулгаас харж болно. 2020 оны 9 сараас хамтран зээлдэгч Д.******* зээлийг бүтнээр нь төлж эхэлсэн бөгөөд үүний шалтгаан нь би ипотекийн зээлийн 70 хувь, ашиглалтын зардал буюу байр, цахилгааны төлбөр төлж, Д.******* ипотекийн зээлийн 30 хувь, хүүхдийн сургалтын төлбөр төлөхөөр харилцаж тохироод өрхийн санхүүгийн зардлыг хуваарилсан. Д.******* хугацаа хэтрүүлвэл хүү алданги тооцдог болохоор ипотекийн зээлийн өөрт ноогдсон төлбөрийг төлөөд өөрийн ажлын газрын харъяаллын сургуульд суралцдаг хүүхдийн сургалтын төлбөрийг сар бүр төлөх боломжтой цалин авдаг байж төлөхгүй хуримтлуулж байгаад хичээлийн жилийн эцэст амралтын мөнгөнөөсөө төлж санхүүгийн зохицуулалтаа дагаж мөрдөхгүй байсан. Иймээс 2020 оны 9 сараас хугацаа хойшлуулахгүй төлөх ёстойгоор нь ипотекийн зээлийг Д.******* төлөхөөр, миний хувьд хүүхдүүдийн сургалын төлбөрийг төлөхөөр өрхийн санхүүгийн зардлыг хуваарилж, би сарын эхний хагасын цалин болон сүүлийн хагасын цалингаас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тогтмол төлж явсан.

2021 оны 01 сараас Ковид-19 цар тахлын улмаас Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг боломжтой шийдвэр гаргахад Д.******* эргэн төлөлтийг хийж байсан учраас хойшлуулъя гээд төлөлтийг хийхээ больсон. Хойшлуулах шийдвэрээ тайлбарлахдаа мөнгөний ханшны уналттай харьцуулахад ипотекийн зээлд төлж байгаа төлөлт мөнгө, ирээдүйд ч бүр бага мөнгө болохоор мөнгөний ханш унана" тиймээс нь ашигтай гэсэн. Зээлдэгч Д.******* Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2 жилээр буюу 2023 он хүртэл хойшлуулснаар бий болсон санхүүгийн боломжоо ямар нэгэн байдлаар үр бүтээлтэй ашиглаагүй. Миний хувьд 2021 оны 9 сараас охин Аялгуун, Энхрийлэн нарын сургалтын төлбөрийг мэс засалд орох хүртлээ буюу 2021 оны 11 сар хүртэл төлөхийн хамт орон сууцны ашиглалтын зардлыг мөн л төлж байсан.

Миний бие 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг/УНТЭ/-т ходоод, гэдэсний шинжилгээнд ороход 12 хуруу гэдэсний дээд хэсэгт 0.6х0.8см хэмжээтэй ургацаг байна гэж онош гарч тухайн үед эдийн шинжилгээ аваагүй дурангийн мэс засалд орохыг зөвлөсөн. Түүнээс хойш Ковид-19 вирусын халдварын дархалттай холбоотой хөл хорио тогтоож, эмнэлгийн үйлчилгээ хязгаарлагдмал байдалд шилжиж зайлшгүй шаардлагатай хэвтэн эмчлүүлэх гэх мэт асуудал үүссээр 2021.08 сард давтан үзүүлэх цаг авч хэмжээ томорсон эсэх өөрчлөлт байгаа эсэхэд дахин дурангийн шинжилгээ авсан. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эмнэлзүйн лабораторийн хариу гэдэсний дээд хэсэгт байрлалтай муу ялгаралтай булчирхайн өмөн (С17) буюу хортой хавдар гэсэн онош гарсан. Ингээд мэс засалд, эмчилгээ хийлгэж байгаа. Өвчний улмаас би хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т зааснаар зээлийн төлбөрийн үлдэгдлийг Д.*******ээс гаргуулж, намайг зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, зээл болон барьцааны гэрээ, зээл төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээл төлөх мэдэгдэл, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл төлөлтийн хуваарь

4.2 хариуцагч нараас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, эмнэлгийн баримтууд, зээлийн дансны хуулга, зээлийн төлбөр төлсөн баримтууд, дансны хуулгууд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******, Л.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,801,460 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ******* ХК болон хариуцагч Д.*******, Л.******* нар 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2800004992 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нар нь 52,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зээлийн зориулалтаар зээлэхээр тохирчээ.

 

2.1 Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Л.*******гийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,,, бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

3.1 Барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

3.2 Зээлдэгч Д.*******, Л.******* нараас гаргасан хүсэлтийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ2800004992 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2021 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд хойшлуулсан байна.

 

4. Зээлийн гэрээний зүйл болох 52,500,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон ба уг үйл баримтад талууд маргаагүй.

 

5. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Д.*******, Л.******* нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2029 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сар бүр 495,659 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

 

5.1 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

5.2 Хариуцагч буюу зээлдэгч Д.*******, Л.******* нар нь зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлөх үүргээ 2023 оны 3 дугаар сараас эхлэн зөрчиж, өнөөдрийг хүртэл төлбөр огт төлөөгүй үйл баримт нь зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдсон. Хариуцагч нар уг үйл баримтад болон зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй.

 

5.3 Нэхэмжлэгч ******* ХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч байсан болох нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдээр тогтоогдсон.

 

5.3а Гэвч ******* ХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүссэн байна.

 

5.3б Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн хугацаагаар тооцож үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагч Д.*******, Л.******* нараас зээлийн үндсэн төлбөр 32,571,429 төгрөг, зээлийн хүү 1,068,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,854 төгрөг, нийт 33,645,439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

5.4 Хариуцагч Л.******* нь өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 2024 оны 9 дүгээр сарын 29-ний дуустал хугацаагаар тогтоолгосон болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын баримтаар тогтоогдож байна. Тэрээр уг үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь Д.*******эд хариуцуулахаар маргасан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар Д.*******, Л.******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Хариуцагч Л.*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 2024 оны 9 дүгээр сар хүртэл хугацаагаар тогтоосон, уг хугацаанаас хойш түүний хөдөлмөрийн чадварын байдал хэрхэн өөрчлөгдөх эсэхийг шүүх урьдаас тогтоох боломжгүй. Иргэний хуулийн 242.13 дахь хэсэгт Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэж заасан. Хариуцагч Л.*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон баримтыг үндэслэн түүнийг төлбөрийн чадварын гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд хариуцагч Л.*******гээс гаргасан зээлийн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх тухай татгалзал үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч нь даатгалын төлбөрт 156,020 төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээний графикт даатгалын төлбөрийг авахаар тусгасан. Мандал даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

 

6.1 Талуудын байгуулсан зээлийн гэрээнд даатгалын төлбөрийг Мандал даатгал ХХК-ийн өмнөөс банк шаардан авах эрхтэй талаар тохиролцоогүй байна. Зээлийн гэрээний графикт даатгалын төлбөрийг сар бүр авахаар тусгасан нь ******* ХК нь даатгалын төлбөрийг шаардах эрхийг олгосон баримт гэж үзэхгүй.

7.2 Нэхэмжлэгч нь Мандал даатгал ХХК-тай байгуулсан даатгалын гэрээ байдаг гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч уг баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй. Иймд ******* ХК-ийн даатгалын төлбөрт нэхэмжилсэн 156,020 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

 

8.1 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан.

 

8.2 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хариуцагч Л.*******гийн өмчлөлийн хөрөнгө байна.

 

8.3 Талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж зааснаар үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

8.4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

8.5 Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.

 

8.6 Иймд Л.*******гийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,,, бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 396,377 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /326,958+70200/ 397,158 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******, Л.******* нараас 33,645,439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 156,020 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Л.*******гийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,,,тай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 396,377 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ