Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/00986

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Х Л ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.У холбогдох

5,226,699.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,226,699.26 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.Зээлдэгч Т.******* манай байгууллагатай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр БЗГ/2023-90261 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,299,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авахаар зээлдсэн. Зээлдэгч Т.******* БЗГ/2023-90261 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн гэрээний дагуу DELL inspiron 7420 in i7-1255 U 16GB SSD загварын зөөврийн компьютерыг Пи си молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг хүлээсэн. Зээлдэгч Т.******* БЗГ/2023-90261 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 203 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,588,414.21 төгрөг төлөх байснаас төлөөгүй гэрээний үүргээ зөрчин182 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэг өөрийн санаачилгаар хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхөөс зээлдэгчээс шаардана. Мөн гэрээний 7.2.4-д заасны дагуу хугацаанд нь төлөөгүй үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Т.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Т.******* нь БЗГ/2023-90261 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,299,900 төгрөг, зээлийн хүү 926,799.26 төгрөг нийт 5,226,699.26 төгрөгийг гаруулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Барьцаат зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан, барьцааны зүйлийн талаар эхлээд тайлбарлая гэж бодож байна. 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр *******л цахилгаан барааны дэлгүүрээс буюу *******л ХХК-ийн салбар борлуулалтын газраас Ж.Оч гэдэг үеэл дүү маань Dell загварын зөөврийн нөүтбүүк I7 11 дүгээр үеийн зөөврийн нөүтбүүкийг худалдан авахаар судалгаа хийж, нэхэмжлэлээ бичиж, ойролцоо зээл гаргадаг, зээлийн үйлчилгээ үзүүлдэг газартай очиж нэхэмжлэлээ танилцуулсан юм байна. Тэр үед тухайн иргэнд зээл гаргах боломжгүй гэж зээлийн эдийн засагч тайлбарлаад шалтгааныг нь орлогын эх үүсвэр хангалтгүй байна гэдэг шалтгаанаар татгалзсан. Ж.*******ийн хүсэлтийн дагуу тухайн барааг нь худалдан авч, зээл гаргадаг зээлийн байгууллагаас өөрийн нэр дээр зээл авахыг хүлээн зөвшөөрч би тэр нөүтбүүкийг *******л компанийн борлуулалтын албанаас нэхэмжлэхийг нь өөрийн нэр дээрээ бичүүлж, нэхэмжлэхийг нь үндэслэж *******л дэлгүүрийн 3 давхарт байрладаг ******* ******* барьцаалан зээлдүүлэх газрын эдийн засагч н.*******тэй уулзаж 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БЗГ/2023-90661 дугаартай барьцаат зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулж баталгаажуулсан байдаг. Тухайн барьцаат зээлийн гэрээний зээлийн нөхцөл нь 4,299,900 төгрөг, сарын хүү 2,98 хувь, зээлийн хугацаа 24 сар буюу 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатайгаар тохиролцож хавсралтаар боловсруулсан байдаг. Бидний зээлийн гэрээний хамгийн гол нөхцөл нь юу байсан юм бэ гэхээр зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар зээл авах хэлбэрийг бараа борлуулагчийн данс руу бэлэн бусаар шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд бараа борлуулагчаас надад өгсөн нэхэмжлэх дурдсан арилжааны 5 банкны аль нэг данс руу шилжүүлэх ийм нөхцөл байсан. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тооцно гэдэг нөхцөлийг гэрээний 4 дээр нэмэлт байдлаар хашилт хэлбэрээр тусгайлан оруулж өгсөн байдаг. Гэрээний санал дээр эдийн засагчийн хувьд манайх хоорондоо харилцагч байгууллага. Манайхаас зээл олгогдохгүй, ийм байдлаар шийдэгддэг гэсэн. Хожим нь *******л компаниас надад холбогдуулаад худалдах, худалдан авах хэлцлийн хүрээнд төлбөр гаргуулах байдлаар асуудал яригдах вий дээ. Ийм болгоомжлол бол надад төрж байна шүү. Ийм учраас энэ саналыг чинь бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн чинь манайхаас зээлийг нь шийдээд данс руу нь шилжүүлээд өгчихнө гэдэг зүйлийг ярьсан байдаг. Тийм учраас гэрээний 2.4 дэх заалт дээр 24 сар гэдэг зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацаатай олгоно би саналаараа тусгаж оруулж, тухайн гэрээг баталсан байгаа. Уг гэрээний хэрэгжилтийн явцад эхний төлөлт нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлөгдөх ёстой байсан, төлбөрийн хэмжээ 253,351.29 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр н.*******ий дугаар луу холбогдоод миний зээлийн гэрээний хугацаа эхлэх өдөр нь өнөөдөр юм байна. Танайхаас хуулиар тохиролцож гэрээн дээрээ тусгасан зээл олгосон, зээлээ хэзээ олгосон юм бэ гэдэг зүйлийг асуусан. Юу гэж хариулсан юм бэ гэхээр яг миний тэр гэрээний нөхцөлд тусгахаасаа өмнө илэрхийлж байсан санал буюу манайхаар дамжуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг байсан, борлуулдаг гэдэг тэр агуулга илэрхийлсэн бөгөөд зээлийн хэмжээний төлбөр шилжээгүй байгаа ойлголтыг надад төрүүлсэн. Тийм учраас би тэр зүйлийг 2,3 удаа шаарддаг байсан. Өөрсдөө ч гэсэн над руу зээлээ төлөөч гэдэг зүйлийг ярихад би шаарддаг байсан. Энэ зүйлийн процесс явсаар 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа миний бие энэ хэрэг маргаанд хариуцагчаар оролцож байгаа байр сууриа нэг илэрхийлж явдаг шалтгаан нь бол энэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зээлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зохицуулж өгсөн бөгөөд миний хувьд бараа борлуулагчийн данс руу шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан. Бараа борлуулагчийн данс руу яг тухайн өдөр тухайн үнийн дүнтэй төлбөр шилжигдсэн эсэх, үгүй бол тэр өдрөөс хойших хэзээ шилжсэн баримтыг л надад харуулчхаач гэж шаардсан. Угаасаа зээлийн гэрээний зээлдэгчийн үүрэг дээр тэднийх надад харуулах гэрээний нөхцөлтэй байгаа юм аа. Ийм учраас би зээлийн гэрээг хуулийн дагуу байгуулагдаагүй, төлбөр ороогүй байх магадлалтай гэдэг хардалт сэрдэлтийн улмаас тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхээс татгалзаж байгаа. Гэрээний миний хүлээсэн үүргийн хувьд бол ийм. Агуулгууд нь миний юмыг тухайн байгууллагаас зээл гаргуулаад цахилгаан барааны дэлгүүрээс зөөврийн нөүтбүүк дээр аваад албан хэрэгцээндээ ч юм уу, хувьдаа ч юм уу, техникийн хэрэгцээндээ ч юм уу, ийм байдлаар бол ашигласан зүйл бол байхгүй. Гэрээний асуудал дээр би үүргийн асуудлын хувьд ийм байр суурьтай бол байгаа. Нөгөөдүүлийг эзэмшиж, ашиглаж байгаа хүн нь шал өөр хүн байдаг. Тэгэхдээ барьцаат зээлийн гэрээний үүргийн асуудал дээр дуудагдаж ирсэн учраас гэрээнийхээ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд: хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх5), итгэмжлэл (х6), 2023.01.31-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ(хх7-11), мэдэгдэл(хх12), оршин суугаа хаягийн лавлагаа(хх13), ******* нэхэмжлэл(хх15), нийгмийн даатгалын төлөлтийн лавлагаа(хх16), харилцагчийн анкет (хх17), зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга(хх18), Пи си молл ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх52) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас шүүхэд: Иргэний үнэмлэхийн лавлагаа(хх22) гаргаж өгсөн.

5. Шүүхээс: Пи си молл ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх43), компанийн дүрэм(хх44-45), 2023.01.23-ны өдрийн цахим гүйлгээний баримт(хх41-42), ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа(хх65-66), ******* ******* ХХК хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх67-70), Улсын бүртгэлийн газраас ******* ******* ХХК-тай холбоотой баримтууд (хх71-91) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,299,900 төгрөг, зээлийн хүү 926,799.26 төгрөг, нийт 5,226,699.26 төгрөгийг гаруулахыг шаардсан.

Хариуцагч Т.******* нь зээлийн гэрээгээр тохирсон зээлийн хэмжээний төлбөр шилжүүлсэн эсэх, зээлийн эргэн төлөлт хэзээнээс тооцсон эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

1. Зээлдэгч Т.******* нь зээлдүүлэгч ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №БЗГ/2023-90261 дугаар Барьцаат зээлийн гэрээг байгуулж, 4,299,900 төгрөгийг, нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, зээлийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх ба зээлдүүлэгч нь зээлдэгч Т.*******ын Пи си молл ХХК-иас худалдан авсан 4,299,900 төгрөгийн үнэ бүхий DELL inspiron 7420 in i7-1255 U 16GB SSD загварын зөөврийн компьютер болох барааны төлбөрт шилжүүлэх үүргийг хүлээсэн нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, харилцагчийн анкет, зээл хүсэгчийн өргөдөл, нийт 4,299,900 төгрөгийн дүн бүхий барааны төлбөр шаардсан *******л нэртэй байгууллагын нэхэмжлэх, барааны үнийн дүн 4,299,900 төгрөгийн төлбөрийн мэдэгдэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.(хх7-18)

2. Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №БЗГ/2023-90261 дугаар Барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Энэ гэрээний хавсралт 1-д заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардах, 4.1.4-д гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн, түүнчлэн гэрээг байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг цуцлах, зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон өөрт учирсан хохирлыг барагдуулахыг шаардах, 7 дугаар зүйлийн 7.2.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн бол гэж зааснаар гэж тохиролцжээ.

3. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн эргэн төлөлтийн мөнгөн дүн, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар зохигчид маргаагүй.

4. Хариуцагч Т.******* нь татгалзлын үндэслэлээ: ...******* ******* ХХК Хас банкны 5004047550 тоот данснаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *******л компанийн Хас банкны харилцах 52756090 данс руу 150,000,000 төгрөгийг, 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, гүйлгээний утга нь хоорондын тооцоо гэх гүйлгээ хийсэн байдаг. Миний зээл 4,299,900 төгрөг, зээлийн хэмжээ энэ үнийн дүн дээр шингэж тооцоод 20,000,000 төгрөг байна уу 150,000,000 төгрөгтэй ч байна уу тооцоо хийгдсэн бол 100 төгрөг бага үнийн дүнтэйгээр шилжиж орох ёстой. Барааны төлбөрийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэрэв шилжүүлсэн бол мөнгөний үнийн дүн бутархай байх ёстой гэтэл нэхэмжлэгч нь бүхэл дүнгээр шилжүүлсэн нь эргэлзээтэй гэж маргасан.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.2.-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно., 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заажээ.

6. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

7. ******* ******* ХХК-иас барааны үнэ болох 4,299,900 төгрөгийг Пи си молл ХХК-д шилжүүлснээр хариуцагч Т.******* нь гэрээний зүйл болох DELL inspiron 7420 in i7-1255 U 16GB SSD загварын зөөврийн компьютерыг хүлээн авч үеэл дүүдээ өгсөн атлаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, үндсэн зээл 4,299,900 төгрөгийг болон нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 926,799.26 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй., энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Барьцаат зээлийн гэрээний үнийн дүн 4,299,900 төгрөгийг ******* ******* ХХК-иас Пи си молл ХХК-д шилжүүлсэн эсэх талаарх баримтыг гаргуулахаар шаардсан. ******* ******* ХХК-ийн Хас банк дахь 500404909 данснаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Пи си молл ХХК-ийн Хас банк дахь 5002756090 дансанд 20,000,000 төгрөгийг, тухайн өдрөө 150,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаар баримтыг шүүхэд ирүүлсэн.(хх40-42)

10. Дээрх баримтаас үзэхэд ******* ******* ХХК нь зээлдэгч нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр олгогдсон барааны төлбөр болох мөнгөн хөрөнгийг тухайн өдрөөр нэгтгэж Пи Си молл ХХК-ийн дансанд бөөнд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй.

11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд, зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,299,900 төгрөг, зээлийн хүү 926,799.26 төгрөг, нийт 5,226,699.26 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын тохиролцсон зээлийн гэрээнд заасны дагуу хүү тооцсон нь үндэслэлтэй байх тул хариуцагч төлөх үүрэгтэй.

12. Хариуцагч Т.******* ******* ******* ХХК нь миний авсан барааны төлбөрийг Писи молл ХХК-д шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэрэв шилжүүлсэн бол мөнгөн дүн нь бутархай төлбөрөөр гүйлгээ хийгдэх ёстой байсан гэж марагах боловч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, нотлох эрхээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Т.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,299,900 төгрөг, зээлийн хүү 926,799.26 төгрөг, нийт 5,226,699.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгов.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Хариуцагч Т.*******аас зээлийн гэрээний үүрэгт 5,226,699.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ