Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00081

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00081

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У*******р хот, *******н дүүрэг, 6 дугаар хороо, С******* үйлдвэрчний эвлэлийн гудамж, 106 дугаар байр, ******* тоотод оршин суух, Ө******* овогт Б*******ын Б******* /рд:Д*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Хр сум, 2 дугаар багт оршин суух, Т овогт Сн Б /рд:ГГ81111006/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 4,021,400 /дөрвөн сая хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00006/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б*******,

Хариуцагч С.Б /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч С.Бт холбогдуулан 4,021,400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б.Б******* миний бие 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б******* аймгийн Хр суманд бараа зарж явж байхдаа Сн Б гэх хүнд 8,662,400 төгрөгийн 11 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулсан. Тэрээр бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч гарын үсэг зурж баримт үйлдэж өгсөн байдаг. Мөн тэр өдрөө хониор 500,000 төгрөгийн бараа болихоор тохиролцсон боловч тэр өдрөө Б нь архи ууж яваад хонио өгөөгүй. Б бара бүтээгдэхүүний төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны дотор өөрийн малаас зарж төлбөрийг барагдуулна гэж тохиролцсон. Б нь бараа бүтээгдэхүүнийг борлуулж чадахгүй болохоор миний бие 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4,010,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцааж авч хоорондоо баримт үйлдсэн. Мөн өдрөө нэмж 265,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нэмж авсан. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний бие мөн 1,396,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцааж авсан. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүний мөнгийг төлөөгүй ба төлбөрийг шаардахад янз бүрийн худал зүйл ярьж өнөөдрийг хүргэлээ. Иймд С.Бээс миний бие бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 4,021,400 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хр сумын багуудаар тойрч бараа зарсан. Үүнд гутал, оймс, ариун цэврийн цаас, ургамлын тос, саван, элсэн чихэр, өмд, дотуур хувцас, дугуйны олгой хаймер, комиссын хувцас, хүүхдийн хувцас зэрэг бараануудыг зарсан. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бараа зарсан айлуудаасаа хонио цуглуулсан. Гэтэл Бийн нөхөр Э ирж гутал, элсэн чихэр авах гэсэн юм манайд очоорой, би хонь цуглуулхад чинь тусалъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт Хоёрдугаар багийн айлуудаар явж 10 гаруй хонь цуглуулсан. Эгийнд ирээд ба 150.000 төгрөгийн гутлыг хонь өгнө гээд авсан. Би сумын төв орж хонинуудаа нядлах байсан боловч Э манай эхнэр хот явсан маргааш ирнэ, манайд хонио бөөгнүүлээд нядалчих гэсэн. Тэгээд цуглуулсан 10 хонио Эгийнд үлдээгээд явсан. Дараа нь бусад багуудаар явж нийтдээ 22 хонь цуглуулж тэднийд үлдээсэн. Би буудалдаа хоноод ирэхдээ нядалгааны хүмүүс дагуулж очсон. Нядалгаанд буудлын Б гэдэг хүн 4-5 хүн олж дагуулж ирсэн. Үлдсэн бараагаа аваад тэр хүмүүстэй хамт Эгийнд очсон. Гэтэл эхнэр С.Б нь ирсэн байсан. С.Б тогоо нэрдэг гээд элсэн чихэр авсан. Мөн 5,000 төгрөгийн комиссын тедди цамц 33 ширхэг, 5,000 төгрөгийн комиссын хүүхдийн өмд, цамц 38 ширхэг, сүүлд 10 литр бинзен гэх зэрэг барааг аваад 3 толгой хонь хотноосоо барьж өгье гэж тохирсон. Хамаатны Б гэдэг залуугаас хонь авах байсан. Тэдний хониноос барьж өгнө гэж ярьсан. Дараа нь эгчдээ бараагаа үлдээчих би бараа зардаг. Барааг чинь зараад мөнгийг нь өгье гэж гуйсан. Хамаатны залуу гэх Бгаас энэ эгч найдвартай хүн мөн үү гэж асуусан. Тэгэхэд манай хамаатны хүн, найдвартай гэсэн. Тэгэхээр нь би 8,000 төгрөгийн дугуйны хаймер 18 ширхэг, 1,600 төгрөгийн ариун цэврийн цаас 96 ширхэг, 30,000 төгрөгийн ургамалын тос 8 ширхэг, 1,600 төгрөгийн шар саван 298 ширхэг, 200,000 төгрөгийн элсэн чихэр 4 шуудай, /1 килограммыг 4,000 төгрөг/, 130,000 төгрөгийн гутал 36 ширхэг, 23,000 төгрөгийн өмд 62 ширхэг, 4,000 төгрөгийн дотуур хувцас 63 ширхэг, 2,000 төгрөгийн хүүхдийн оймс 43 ширхэг, 3,000 төгрөгийн том хүний оймс 80 ширхэг, 4,000 төгрөгийн эсгий улавч 40 ширхэргийг өгсөн. Нийтдээ 8,662,400 төгрөгийн бараа үлдээж явсан. Тухайн үед өмдийг тоолоход зөрүү гарч байсан. Намайг ирэхэд хамаатных нь 2 хүн ирсэн байсан. 4 хүн дахиж тоолоход ямар ч зөрүү гараагүй. Б хамаатныхаа 2 хүнд 5-6 ширхэг өмдийг миний хажууд 35,000 төгрөгөөр зарсан. Тэгээд ашиггүй гэж яриад байсан. С.Б болон нөхөртэй нь ярилцаад хонь өгье гэсэн санал гаргасан. Дараа нь ярилцаж байгаад мөнгөөр нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буюу яг сарын дараа өгье гэж тохирсон. Дараа нь хамаатны хүмүүстэйгээ нийлээд архи уусан. Үдээс хойш малаа нядалчихаад айл руу явсан. С.Б согтуу байсан учраас нөхөрт нь хонио бариад өг би явах гээд байна гэсэн. Тэгтэл нөхөр нь согтуу байсан. Нөхөр нь дараа ирэхэд чинь өгье гэхээр нь тэгж тохироод би явсан. Ирэхээсээ өмнө залгахаар утсаа авахгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дн суманд ирсэн. Би зарах комиссын хөнжил, гутал гэх мэт бараатай явж байсан. Энэ хүнд 25,000 төгрөгийн 2 ширхэг гутал, 30,000 төгрөгийн хөнжил 4 ширхэг, 25,000 төгрөгийн гудас 4 ширхэгийг өгсөн Нийт 265,000 болсон. Тухайн үед би өмнөх бараагаа зарагдахгүй байгаа бол буцаагаад авъя гэсэн. Өмнө нь өгсөн бараанаас үлдсэн 130,000 төгрөгийн гутал 10 ширхэг, 1,600 төгрөгийн үнэтэй ариун цэврийн цаас 12 ширхэг, 30,000 төгрөгийн үнэтэй наран цэцгийн тос 6 ширхэг, 1,600 төгрөгийн үнэтэй саван 298 ширхэг, 1 кг нь 4,000 төгрөгийн үнэтэй элсэн чихэр 100 кг, 23,000 төгрөгийн өмд 41 ширхэг, 4,000 төгрөгийн үнэтэй дотуур хувцас 48 ширхэг, 3,000 төгрөгийн үнэтэй том хүний оймс 55 ширхэг, 4,000 төгрөгийн үнэтэй улавч 42 ширхэг, 2,000 төгрөгийн үнэтэй хүүхдийн оймс 39 ширхэг нийт 4,010,000 төгрөгийн үнэтэй барааг буцааж авсан. Цаана нь 10 ширхэг гутал үлдсэн боловч надад өгөөгүй. Бусад бараа нь зарагдсан гэсэн. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр над руу залгаад Дн сум руу хонь авч очиж зарах гээд байна. Бг нааш нь аваад ирээч гэхээр нь очсон. Цагаан портер дээр ачиж авч очсон. Барааныхаа мөнгөнд бод мал үзэх үү гэсэн. Үхэр 1,500,000 төгрөгөөр, адуу 2,000,000 төгрөгөөр авах уу гэж санал тавьсан. Шүдлэн үхэр нь туранхай байсан болохоор нь аваагүй. Явахдаа та мөнгөө найдвартай өгөөрэй гэхэд эгч нь банкны зээлтэй. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 4,421,000 төгрөг өгье гэж тохирсон. Портерт 20 толгой хонь багтдаг. Сүүлд ирээд хонио авах гэтэл бензиний мөнгө нэхсэн. Нэг гутлаас 100.000 төгрөгийн ашиг олсон байгаа. Хэрэв ашиггүй байгаа бол 10 ширхэг гутлыг буцаагаад өгчих гэхэд өгөөгүй. Дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр очихдоо авсан. Буцааж авсан барааны хувьд 4,010,000 төгрөг. Үүнд дээр нэмээд 8,000 төгрөгийн мотоциклын дугуйны олгой хаймер 12 ширхэг, 130,000 төгрөгийн гутал 10 ширхэг нийт 5,406,000 төгрөгийн барааг буцааж авсан. Үлдэгдэл 3,256,400 төгрөгийн бараа аваагүй байгаа. Үүнд дээр хөнжилний үнэ нэмэгдээд 3.756.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

2.  Хариуцагч С.Б шүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Б миний бие 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр наймаа хийж яваа гэх Б.Б*******той танилцсан. Тэрээр бараагаа хониор сольж явсан бөгөөд борлуулах айл заалган явж зарсан. Бараагаа айлуудаар явж борлуулаад ирэхдээ 37 хонь болгон авч ирж малын хашаанд хонуулсан бөгөөд маргааш нь бойчид авч ирэн 37 хонио нядлуулсан. Явахдаа малтай хамт бараагаа авч явж болохгүй байна. Би тантай ашиг хуваалцъя, та боломжоороо айлуудаар яваад зараад б байгаач, бензин түлшний мөнгөө бараагаа буцаж ирж авахдаа тооцъё гэж гуйсан. Б.Б******* нь өөрийн бараа болох 8,502,400 төгрөгийн 11 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хониор зарж байгаарай, буцаж ирээд авъя гээд үлдээгээд явсан. Барааг нь борлуулж өгч тус болъё гэж б******* гарын үсэг зурсан болохоос би өөрөө Б.Б*******оос тухайн өдөр 500,000 төгрөгийн барааг хониор солилцох наймаа хийгээгүй болно. Мөн үлдээсэн барааг өөрийн малаар зарж барагдуулна гэж тохиролцоогүй нь үнэн тул дээрх тохиолдлыг цэвэр гүтгэлэг гэж үзэн миний хувьд гомдолтой байна. Бидний барааны талаар ярилцаж байхад хамт байсан хүмүүс бий. Миний бие Б.Б******* гэх хүн рүү Дн суманд бараа зарж явна гэж сонсоод утасдан манай суманд түлш өгөхгүй бас цас их орсон учир бараа зарагдахгүй байна ирж бараагаа аваарай гэж хэлсэн. Тэрээр 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ирэн 4,010,000 төгрөгийн бараа буцаан авч хоорондоо баримт үйлдсэн ба дахиад комиссын хөнжил гудас зараад өгөөч хэмээн гуйж баримт үйлдэн үлдээсэн. Түүнчлэн Б.Б******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,396,000 төгрөгийн барааг буцаан авсан. Тэр өдрөөс хойш Б.Батлоржид авсан бараагаа буцааж өгөх гээд утас руу нь залгаж хэлэх гэтэл согтуу ярьж, сошиалаар цацна гэж хэл амаар доромжилж, дарамталсан төдийгүй гэрийн хаягаа зааж өгөөгүй. Нэхэмжлэл дээр нь бичсэн манай 3 утасны дугаараас залгахад утсаа авдаггүй бөгөөд холбоо барих аргагүй болон өдийг хүрсэн.

Иймд С.Б миний бие нийт авч үлдсэн 8,782,400 төгрөгийн барааг хүлээн авсан ба нийт 5,406,000 төгрөгийн үлдэгдэл барааг буцаан хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3,376,400 төгрөгийн барааны тооцоотой. Үүнээс хасагдах 4 хөнжил, 2 гутал байна. Энэ бараа нь нийтдээ 170,000 төгрөгийн үнэтэй ба үлдэгдэл тооцооноос хасвал 3,206,400 төгрөгийн тооцоо үлджээ.

Миний бие өөрийн зардлаар цаг зав гарган явж барааг нь зарсан бөгөөд нийт 20 хонь болсоноос 13 тооны хонийг өөрийн зардлаар айлуудаас цуглуулан авч ирээд хариулж байгаа төдийгүй цас ихтэй байгаа учир давхар тэжээж байна. Бусад 7 хонь нь машин очихооргүй цас ихтэй, хол хол нутаглаж байгаа айлуудад байгаа тул авч чадаагүй байна. Хонио ирж аваарай гэж олон удаа залгасан ч утсаа аваагүй. Тэгсэн мөртлөө бэлэн мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд эхнэр хүүхэд нь гадаадад байдаг, өөрөө бараагаа зарчихвал ардаас нь очино гэж гуйсан болохоор тус болох сэтгэлээр авч үлдсэн байхад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бараа тус бүрийнхээ тооцоог нэмж бичсэн байгаа нь хачирхалтай байна.

Иймд миний бие С.Б нь Б.Б******* гэх хүнийг тухайн үлдэгдэл төлбөрийг анх тохиролцсон ёсоор хониороо төлбөрөө авахыг хүсэж байгаа ба 13 тооны хонийг тэжээж, хариулж мөн цуглуулж авсан бензин түлшний төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Мөн хэл үгээр доромжлон, гүтгэсэн гомдолтой байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 18 хонь нь манай хотонд байгаа. Үлдсэн 3 хонь нь айлд байгаа тул айлаас аваад өгөх боломжтой. Б.Б******* бараа борлуулж байхдаа эм хониор тохирсон. Энэ хүн манай гэрийн гадаа хүмүүсээр бой хийлгээд 30 гаруй хонь нядалсан. 30 гаруй хонины мах ачаад дээр нь бараагаа ачиж явах аргагүй боллоо. Махны цус болоод байна танайд бараагаа тоолоод үлдээчихье. Бараанаас зарагдахыг нь зараад өгөөч гэсэн. Та бараа зараад тус болоод өгөөч эхнэр, хүүхэд 2 маань гадаадад амьдарч байгаа. Би араас нь явах гээд бараагаа зарах хэрэгтэй байна гэсэн. Би өөрөө зовлон үзсэн хүн болохоор энэ хүнд тус болчих гээд танихгүй хүний барааг аваад үлдсэн. Комиссын барааг шилэгдээд дууссан та юм арчихыг нь арчиж хаяад заримыг нь бой хийж байгаа хүмүүст өгчихнө биз гээд 2 торон шуудайтай хувцас үлдээсэн. Манай гадаа шуудайтайгаа б л байна. Манай суманд бөөний дэлгүүртэй тул үнэтэй бараа авахгүй юм байна гэж хэлсэн. Бараа маань муухай болчих гээд байна дараа ирэхдээ авъя гээд үлдээсэн. Нэг залуу 2 өмд авсан боловч буцаагаад өгчихсөн. Хужаагийн муухай үнэртэй, үнэтэй байна гээд буцаагаад өгчихсөн. Дотоодын 80,000 төгрөгийн гутлыг хэн эр хониор зараад 200,000 төгрөг болгоод явж байх юм бэ?. Харин ч би харин 23 хонь болгож өгчихөөд байхад хүний тус мэдэхгүй байна. Одоо 23 хонь байгаа. Тэр чинь хэзээд л мөнгө шүү дээ. Тэр өдөр нь манай нөхрийг та хонийг хашиж хоноод, бараануудыг борлуулж өгвөл нэг гутлаар шагнана гээд 1 гутал өгсөн. Би элсэн чихэр л авах юм байна гэж хэлсэн. Тэр өдөр би энэ хүнд 3 хонь өгнө гэсэн наймааг ерөөсөө хийгээгүй. Харин ч би бой хийж байгаа хүмүүст хоол унд хийж өгөөд сайхан сэтгэл гаргасан. Малын гарал үүслийн бичиг авч чадахгүй байна гэхэд нь би сум руу малын эмчтэй ярьж, өөрийнхөө мал дээр бичиг авч өгсөн. Зарим айлаас нь Б.Б******* хурга авчихсан байсан. Үлдсэнийг нь хүргүүлээд өгье гэхэд ирж авсан. Гэтэл сайн зарагдаж байна гээд 10 гутал үлдээсэн. Манай хүн уурлаад наад гуталнуудаа аваад яв гэж хэлсэн. Яагаад ингээд худлаа яриад байна вэ?. Би бас нэр төрөө сэргээлгэмээр байна гэв.

 

3.    Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2 тал/,

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3 тал/,

-тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр бичсэн бараа хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 4-6, 36-р тал/,

-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7-р тал/,

Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

- Хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 14-17-р тал/,

-тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр бичсэн бараа хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 18-19-р тал/,

-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн20-р тал/,

-хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21-р тал/,

-нэхэмжлэгчийн хүсэлтээр Б******* аймгийн Хр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/18 дугаартай албан бичгээр С.Б нь малын гарал үүслийн гэрчилгээ аваагүй тухай албан бичгийг шүүхээс бүрүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч С.Бт холбогдуулан 4,021,400 /дөрвөн сая хорин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Б.Б******* нь Б гэх хүнд 8,662,400 төгрөгийн 11 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулсан. Тэрээр бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч гарын үсэг зурж баримт үйлдсэн. Бараа бүтээгдэхүүний төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны дотор өөрийн малаас зарж барагдуулна гэж тохиролцсон. 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4,010,000 төгрөгийн барааг буцаан авч хоорондоо баримт үйлдсэн. Мөн өдрөө С.Б 265,000 төгрөгийн бараа нэмж авсан. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,396,000 төгрөгийн барааг буцааж авсан. Иймд С.Бээс бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 4,021,400 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.С.Б нь Б.Б******* бараагаа зараад 37 хонь авч ирж манай малын хашаанд хонуулсан. Маргааш нь 37 хонио нядлуулсан. Явахдаа малын махтай хамт бараагаа авч явах боломжгүй байна. 8,502,400 төгрөгийн 11 нэр төрлийн барааг хониор зарж байгаарай, буцаж ирээд авъя гээд үлдээгээд явсан. Барааг нь борлуулж өгч тус болъё гэж б******* гарын үсэг зурсан. Би тэр өдөр Б.Б*******оос 500,000 төгрөгийн барааг хониор солих наймаа хийгээгүй. Мөн үлдээсэн барааг өөрийн малаар зарж барагдуулна гэж тохиролцоогүй. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирээд 4,010,000 төгрөгийн барааг буцаан авсан. Тэгээд энэ талаар баримт үйлдсэн ба дахиад комиссын хөнжил, гудас зараад өгөөч гээд баримт үйлдэн үлдээсэн. Түүнчлэн Б.Б******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,396,000 төгрөгийн барааг буцаан авсан. Нийт 8,782,400 төгрөгийн барааг хүлээн авсан ба 5,406,000 төгрөгийн барааг буцааж хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3,376,400 төгрөгийн барааны тооцоотой. Үүнээс 4 хөнжил, 2 гуталны үнэ хасагдана. Энэ бараа нь нийтдээ 170,000 төгрөгийн үнэтэй ба үлдэгдэл тооцооноос хасвал 3,206,400 төгрөгийн тооцоо үлджээ. Б.Б*******ид үлдэгдэл төлбөрийг анх тохиролцсоноороо буюу хониор төлнө. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Б.Б******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б******* аймгийн Хр сумын багуудаар явж айлуудад бараа зарсан ба бараагаа хониор үнэлэн зарсан болох нь зоигчдын тайлбараар тогтоогдож байна.

Б.Б******* нь нядалсан малын махтай хамт бараа авч явах боломжгүй тул 11 нэр төрлийн 8,662,400 төгрөгийн барааг С.Бт үлдээж, хониор зарж байгаарай гэж хэлээд явсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа С.Бт худалдан борлуулсан барааны үнэ 4,021,400 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна. Гэвч нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч С.Бт дээр дурдсан 11 нэр төрлийн 8,662,400 төгрөгийн барааг худалдан борлуулсан гэдэг үйл баримт зохигчийн тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна. Хариуцагчаас дээрх 11 нэр төрлийн барааг худалдан авах зорилгоор авч үлдээгүй. Барааг зарж борлуулж өгье гэсэн аман тохиролцоо хийж, авч үлдсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн уг тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэж, няцаасан тайлбарыг гаргаагүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх 11 төрлийн барааг худалдан борлуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбар нь бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлалын үндэслэлээ тус тус нотлох баримтаар нотлох ёстой. Хэн аль нь нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй. Хэргийн материалд бараа хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэсэн бичвэр бүхий гарын үсэг зурсан баримтыг гаргаж өгсөн. Гэвч энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тийм учраас нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй болно.

Нэхэмжлэгч нь хониор тооцоогоо хийхгүй, бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн зөвшөөрлийн хэмжээгээр шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хариуцагч С.Бийн нийт 8,782,400 төгрөгийн барааг авч үлдсэн ба 5,406,000 төгрөгийн барааг буцаан хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3,376,400 төгрөгийн барааны тооцоотой. Мөн манай нөхөрт 130,000 төгрөгийн үнэтэй гутал өгсөн ба гуталны үнийг нэхэмжилж байгаа бол 160,000 төгрөгөөр үнэлээд 1 хонь өгье. Одоо манай хотонд 18 толгой хонь байгаа. 3 хонийг айлаас авч өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт тодорхойлсон 3,756,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон ба үлдэх 236,400 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт тодорхойлсон 3,756,400 төгрөгийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 1 хонийг 160,000 төгрөгөөр тооцож, 3,520,000 төгрөгөнд дүйцүүлэн 22 толгой хонийг хариуцагч С.Бээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******ид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн -д заасныг баримтлан хариуцагч С.Бээс 3,520,000 /гурван сая таван зуун хорин мянга/ төгрөгөд тооцож 22 хонь гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 236,400 /хоёр зуун гучин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,293 /далан есөн мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 71,270 /далан нэгэн мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ