Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 148/ШШ2024/00113

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 148/ШШ2024/00113

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: ******* *******, ******* ******* нарт холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,222,063.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107,852.15 төгрөг, нотариатын зардалд 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагч: А.*******, Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.******* нар нь ******* банкны Сэлэнгэ салбарын Ерөө тооцооны төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-нө өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 17,637,388.53 төгрөгийг жилийн 13.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу үнсэн төлбөрт 3,415,324.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,150,587.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,104.09 төгрөг, нийт 4,572,016.62 төгрөг төлсөн.

Зээлдэгч А.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.******* нар нь зээлээ хугацаандаа төлөөгүй 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийт 382 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн, мөн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн төлбж барагдуулаагүй байна. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1.    2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

А/ Үндсэн зээлийн төлбөр 14,222,063.96 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 2,145,661 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,852.15 төгрөг

Г/ Нотариатын зардал 3,200 төгрөг

Нийт 16,478,777.11 төгрөгийг гаргуулах.

Улсын тэмдэгтийн хураамж 240,345 төгрөг гаргуулах.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.

2022 оны 04 сарын 13-ний өдрийн зээлийн гэрээгээр 17, зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл авсан. 2023 оны 11 сар хүртэл 380 хоног хугацаа хэтэрсэн байсан. Нийт 16,478,777.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

2. Хариуцагч А.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед би ажил хийдэггүй байсан. Энэ хүнд би өрөө дараарай гээд авто машинаа өгөөд явуулсан. Сүүлд авсан 8,000,000 төгрөгнөөс би мөнгө аваагүй. Би өрх толгойлсон 4 хүүхэдтэй. Энэ зээлийг төлвөл хүүхдүүдээ тэжээх боломжгүй байдалд хүрнэ гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А.*******, Г.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,222,063.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107,852.15 төгрөг, нотариатын зардалд 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүхээс дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч болох хариуцагч нарт 17,637,388 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13,8 хувийн хүүтэй олгосон үйл баримт дугаартай зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч А.******* нарын дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Г.*******ийн шүүх хуралдаанд гаргасан: ******* гуйсан болохоор очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн тайлбар нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

2. Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэрээтэй холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас нь зээлүүлсэн мөнгө, гэрээгээр тохирсон зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т зээлийн хүүг жилийн 13,8 хувиар тохирч, зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс гэрээний 2.1.6-т заасны дагуу зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан байх тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

3. Талуудын зээлийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 30 сарын хугацаатай буюу 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байгуулсан боловч зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, гэрээ дуусах хугацаанаас өмнө зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг зээлдэгч буюу хариуцагч нараас шаардахаар заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хариуцагч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс зээлийн төлөлтийг хийхгүйгээр гэрээгээ зөрчиж эхэлсэн байх бөгөөд банкнаас зээлийн эргэн төлөлтийг шаардаж байсан нь Зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл болон хариуцагч нарын шүүх хуралдаанд энэ талаар гаргасан тайлбараар нотлогдож байна. /хэргийн 10-р хуудас/

 

Иймд нэхэмжлэгч банкнаас зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээнээсээ татгалзаж, гэрээ дуусах хугацаанаас өмнө хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардсаныг шүүхээс үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал болох нотариатын зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

 

4. Хариуцагч Г.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар...үүснэ гэж заасны дагуу түүнд тухайн зээлийн гэрээний үүрэг үүсжээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан тул хариуцагч А.*******, Г.******* нараас тэнцүү дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах нь зүйтэй байна.

 

5. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,222,063.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,852.15 төгрөг, нотариатын зардал 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөгийн хэмжээ дээр маргаагүй, үгүйсгээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.*******, Г.******* нараас Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,222,063.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107,852.15 төгрөг, нотариатын зардалд 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК -нд олгохоор шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 240,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ******* ******* /РД:/, овогт ******* ******* нараас Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,222,063.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107,852.15 төгрөг, нотариатын зардалд 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 240,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН