Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1059

 

  2021             12              16                                       2021/ДШМ/1059                               

 

 

     М.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч М.Бы өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Доржсүрэн, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/551 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурор Л.Төгсжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч М.Бы гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2110000000677 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Улаанбаатар хотын Гаринзоны шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял,

          Хан-Уул, Туул дүүргийн шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

             Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 Б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар 22 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Булган аймгийн  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаар шүүгчийн захирамжаарЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн1,2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сар 22 хоногийн өмнө суллаж, хяналтын хугацааг мөн хугацаагаар тогтоосон,

             Шүүгдэгч М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах “Хүмүүн” сургуулийн харуулын байранд 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан Э.Быг “ажлын байранд архи ууж болохгүй” гэж шаардлага тавихад нь эсэргүүцэж, толгойн тус газарт нь алхаар 2 удаа, нуруу мөр хэсэгт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь гавлын орой суурь ясны нийлмэл цөмөрсөн хугарал, зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, хүзүү, баруун гарын долоовор, эрхий хуруунд шарх, зүүн бугалга, шуу, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Бд 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө суллаж, хяналтын хугацааг мөн хугацаагаар тогтоосон ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бд оногдуулсан 10 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бы урьдчилан цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн алх 1 ширхэг, цаасны хутганы ир, 0,75 граммын хараа архитай шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч М.Баас 1,952,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бт олгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүгдэгч М.Бд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж дүгнэсэн байтал тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын шаардлагыг хангаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч М.Быг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолдоо: “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүмүүн” сургуульд харуулын ажил хийж байхад 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Э.Бтай харуулын байранд хамт архи ууж ажил хэргийн асуудлаас болж маргалдан улмаар хохирогч Э.Б нь агсам тавин над руу дайрч, цамцны захаар боож унагаан, цаасны хутгаар намайг ална гэж дайрахад түүнээс биеэ хамгаалж, цааасны хутгыг нь зүүн гараараа хаатал зүүн гарын эрхий хуруунаас долоовор хуруу хүртэл 6 см урттай маш гүн зүсэгдэж их хэмжээний цус алдсан. Ингэхдээ сандралд орж баруун гарт баригдсан зүйлээр өөрийгөө хамгаалж 2-3 удаа цохиход Э.Б хажуу тал руугаа унасан. Би унах үед нь түүнийг цохисон зүйлээ харахад алхаар цохисон байсан. Тухайн үед маш их сандарч, цочирдсон учир юу болж байгааг сайн ойлгоогүй байтал түргэн тусламжийн эмч болон цагдаа нар ирсэн. Миний бие тухайн үед гарандаа хүндэвтэр гэмтэл авсан, хохирогч Э.Бын миний цамцны захаас боож, цаасны хутга барин дайрсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт удаа дараа мэдүүлж байсан боловч энэ талаар шалгаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Бы өмгөөлөгч У.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эсэргүүцэлтай холбогдуулж хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүхийн шатанд өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. М.Бы гар зүсэгдсэн байхад шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт байдаггүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

             Шүүгдэгч М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах “Хүмүүн” сургуулийн харуулын байранд 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан Э.Быг “ажлын байранд архи ууж болохгүй” гэж шаардлага тавихад нь эсэргүүцэж, толгойн тус газарт нь алхаар 2 удаа, нуруу мөр хэсэгт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь гавлын орой суурь ясны нийлмэл цөмөрсөн хугарал, зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, хүзүү, баруун гарын долоовор, эрхий хуруунд шарх, зүүн бугалга, шуу, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Бын “... “за хөгшөөн болно, өөр газар очоод уу, хөгшиндөө битгий гай бол л доо” гэхэд хажуугаар нь хаалгаар гарах гэхэд толгой манас гээд харанхуйлаад хэсэг ухаан балартаад бүх юм дайвалзаад, нүд эрээлжлээд харахад Бы нэг гарт шар өнгийн алх, нөгөө гарт нь цаасны хутга шиг зүйл харагдахаар нь сийчүүлэхгүй гэж бодогдоод барьж авах гэж ноцолдсон шиг санагдаж байна. Тухайн үед Бы гараас хутгыг авах ёстой гэж бодоод зүтгэсэн санагдаж байна. Тэгээд түүнээс хойш юу ч санахгүй байна. ...” /хх 16-21/,

 

гэрч Ч.Оын “... Би маргалдаад зодолдож байхыг нь хараагүй. Ямар ч байсан харуулын байранд түг түг гэх чимээ гарахаар нь харахад харуулын байрны хаалга онгорхой хөл харагдахаар нь гүйж очиход Б ах орон дээр сууж байхаар нь татаад гадаа гаргаад суулгасан. Тухайн үед харуулын байр цус болсон байсан. ...” /хх 35-36/,

 

гэрч М.Тийн “... “Хүмүүн” сургууль дээр ажлаа хийгээд 14 цагийн үед хог асгаад тухайн барилга тойроод явж байхад харуулын путик дотор чимээ гараад байхаар нь очсон. Ойролцоогоор 30 мертийн зайнаас путикны цонхоор харахад нэг харуул нь доошоо хараад хэвтсэн нэг залуу нь сандал дээр сууж байсан. Харуулын байрны шил хэсэг улаан өнгийн цус шиг зүйлээр бохирлогдсон байсныг харсан. Тэгээд яаралтай арга хэмжээ авч түргэн, цагдаа дуудсан. ...” /хх 39-40/,

 

гэрч Г.Гын “... 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б “Хүмүүн” сургуулийн харуулын байранд үүрэг гүйцэтгэж байсан. ... орой 23 цагийн орчимд харуулуудаа шалгахад Б жоохон архи үнэртүүлсэн юм шиг байхаар нь ээлжээс буулгаад маргааш над руу яриарай гэж хэлээд дараагийн харуулыг хүлээж байгаад 03 цагт харуул Энхтайван ирэхээр нь постыг нь хүлээлгэж өгөөд явсан ...” /хх 42-43/,

 

М.Бы яллагдагчаар өгсөн “... тэгээд харуулын байранд ороод Бтай архи хувааж уусан. Ууж байхдаа Э.Бтай маргалдаад ... намайг доромжлоод байхаар нь цонхны тавцан дээр байсан алхыг аваад Бын толгой руу нь хоёр удаа цохиход над руу тонгойгоод ороод ирэхээр нь нуруу, мөр, тохой, хөл рүү нилээн хэдэн удаа цохисон чинь араас хүн тэврээд авахаар нь хартал О гэх залуу намайг “яаж байгаа юм бэ та” гээд өргөөд гадаа гаргаж суулгаад харуулын байрлуу оруулахгүй байж байхад цагдаа, түргэнийнхэн ирсэн. ...” /хх 109-111/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 7081 дугаартай “Э.Бын биед гавлын орой ясны нийлмэл цөмөрсөн хугарал, зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, хүзүү, баруун гарын долоовор, эрхий хуруунд шарх, зүүн бугалга, шуу, зүүн өвдөг, гуя, шилбэ, баруун өвдөг, зүүн баруун мөр, бүсэлхий нуруу, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх 57-59/ гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 13/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 71-75/, өвчний түүх /хх 125-131/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Быг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч М.Бы архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах “Хүмүүн” сургуулийн харуулын байранд 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан Э.Быг “ажлын байранд архи ууж болохгүй” гэж шаардлага тавихад нь эсэргүүцэж, толгойн тус газарт нь алхаар 2 удаа, нуруу мөр хэсэгт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь гавлын орой суурь ясны нийлмэл цөмөрсөн хугарал, зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, хүзүү, баруун гарын долоовор, эрхий хуруунд шарх, зүүн бугалга, шуу, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Шүүхээс шүүгдэгч М.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар түүний урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 Б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар 22 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар Булган аймгийн  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн1,2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сар 22 хоногийн өмнө суллаж, хяналтын хугацааг мөн хугацаагаар тогтоосон ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх төдийгүй хууль сануулж авсан гэрч Ч.Оын, М.Тийн, Г.Гын, хохирогч Э.Бын, М.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нь болсон үйл явдлын талаар агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Бы гаргасан “... Э.Бын цаасны хутгаар над руу дайрсан үйлдлээс хамгаалж түүнийг 2-3 удаа цохисон...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

 

Мөн шүүгдэгчийн “...миний бие тухайн үед гарандаа хүндэвтэр гэмтэл авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдэгдэж байсан боловч прокуророос шалгаагүй орхигдуулсан” гэх гомдлын хувьд, уг гэмтлийг шүүгдэгч хэрхэн, яаж үүсгэсэн талаараа урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой мэдүүлдэггүй бөгөөд энэ талаар ямар нэгэн гомдол саналгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлж байсан нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны үед энэ талаараа анх мэдүүлсэн бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогддоггүй, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11/ болон бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд энэ байдал нь нотлогдохгүй байгаа болно.

 

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

            Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч М.Быг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэн, тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтандаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/551 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/551 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Шүүгдэгч Бэсүүд овгийн Мөнх-Очирын Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Бэсүүд овгийн Мөнх-Очирын Быг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор Л.Төгсжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                        

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ