Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 104/шш2024/00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******, *******,*******,*******од оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, Налайх дүүрэг, *******, *******, хаягт оршин суух, овогт ын холбогдох 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,659,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Хариуцагч: Ч.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ч.д өөрийн эзэмшлийн соната маркийн машиныг худалдан борлуулсан. Бид машины эхний төлөлтийг 14 хоногийн дотор өгнө гэж гарын үсэг зурж гэрээ байгуулсан. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авто машиныг эд ангийг эвдрэлтэй гэж өөрийн утсаа барьцаанд тавьж, машиныг асуудалгүй болгож хариуцагчид хүлээлгэн өгсөн. Би тухайн үед өөрийн нөөтбүкийг ломбарданд тавьсан байсан ба эхний мөнгөн дүн орж ирэх үед өөрийн эзэмшилд байсан нөүтбүүк, утсаа бүгдийг нь авна гэж бодсон боловч хариуцагч өдийг хүртэл нэг ч төгрөг өгсөнгүйгээс нөтбүүкээ авч чадаагүй, хугацааг нь сунгуулаад яваад байгаа. Хариуцагчтай байгуулсан гэрээний гэрээний 5.2-т гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол 25 хувийн торгуулийг худалдагчид төлөхөөр тохиролцсон тул 25 хувийн торгуулийг нэхэмжилнэ. Уг автомашины мөнгийг бүрэн төлж дууссаны дараа машиныг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан ба хариуцагч автомашиныг өөр хүнд зарж, надаар тэр хүний нэр дээр машиныг шилжүүлүүлсэн. Одоо автомашин хариуцагчийн биш өөр хүний нэр дээр шилжсэн, машиныг тэр хүнд зарсан мөнгийг хариуцагч авсан. Иймд хариуцагч Ч.аас худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 8,800,000 төгрөг, алданги торгууль 25 хувь болох 2,200,000 төгрөг, ломбардны сунгалт хийсэн 538,000 төгрөг, автомашин ашигласны төлбөрт миний нэр дээр 11,000 төгрөг гарсан тул түүнийг болон торгуулийн 110,000 төгрөг нийт 11,659,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэв.

 

Хариуцагч Ч. шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Би хувиараа ажил эрхэлдэг. Би нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Миний цалин дансанд шилжиж орж ирэхээр би нэхэмжлэгчид мөнгийг нь өгнө гэж байсан. Манай захирал гадаад улс руу яваад одоо ирсэн байгаа. Би дөнгөж сая уулзаад ирлээ. Нэхэмжлэгчийн авто машин худалдааж авах үед нэхэмжлэгчийн машин асахгүй байсан ба нэхэмжлэгч нь асахгүй машин хүнд өгөөд яах вэ гэж хэлээд янзалж өгсөн.  Тухайн машин Монгол улсад 10 гаран жил явсан юм байна лээ. Хүний машиныг авсан юм чинь асаагаад унаад явъя гээд Хөвсгөл аймаг руу явсан. Гэтэл машин нь эвдрээд оны дараа хүнээс мөнгө зээлж,*******т чирүүлж авч ирээд Өгөөмрийн хойно янзлуулах санаатай байлгаж байгаад хүнд 5,000,000 төгрөгт зарсан. Би тэгээд учир байдлыг нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгч зөвшөөрсний үндсэн дээр нэрийг нь шилжүүлээд өгье гээд нөгөө хүнд машиныг шилжүүлэн өгсөн. Би машин авсан 8,800,000 төгрөгийг болон нэхэмжлэгчийн нэр дээр гарсан байгаа торгуулийн болон авто зам ашигласны төлбөрийг төлнө, энэ хугацаанд би машиныг ашигллаж байсан нь үнэн. Харин илүү нэхсэн ломбардны мөнгө болон торгуулийг төлөх боломжгүй хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

3.1 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2518 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 02 хуудас)

3.2 авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Г.*******, Ч. нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 03 хуудас),

3.3 Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны 1295 дугаартай тодорхойлолт (хх-ийн 05 хуудас),

3.4 0025956 дугаартай барьцаат зээлийн гэрээ (хх-ийн 06 хуудас),

3.5 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай ЗААН барьцаат зээлийн гэрээ (хх-ийн 07 хуудас),

 

4. Хариуцагч талаас хариу тайлбар (хх-ийн 16 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлээс 8,921,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 2,738,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: ..хариуцагч Ч.д өөрийн өмчлөлийн Хюндай соната маркийн улсын дугаартай автомашиныг 8,800,000 төгрөгөөр зарсан, хариуцагч худалдах худалдан авах гэрээгээр тохирсон хугацаанд машиныг мөнгийг төлөөгүй тул гэрээний 5.2-т заасны дагуу торгуульд 2,200,000 төгрөг, ломбардны сунгалт хийсэн 538,000 төгрөг, авто зам ашигласны төлбөр 11,000 төгрөг, торгууль 110,000 төгрөг нийт 11,659,000 төгрөгийг гаргуулна .... гэж

3.Хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...би түүнээс 8,800,000 төгрөгөөр авто машин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Автомашины төлбөр 8,800,000 төгрөг болон авто зам ашигласан 11,000 төгрөг, торгууль 110,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин илүү нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй.. гэж хэмээн тайлбар гаргаж байна.

4.Зохигчид худалдах, худалдан авах гэрээг байгуулж, авто машиныг худалдан борлуулсан гэх үйл баримтад маргаагүй, гагцхүү нэхэмжлэлийн үнийн дүнд маргажээ.

5. Нэхэмжлэгчийн автомашин зарах хүсэл зоригийг хариуцагч хүлээн авч, зохигч Хюндай соната маркийн улсын дугаартай автомашиныг 8,800,000 төгрөгөөр авахаар тохиролцсон нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэж, талууд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

6.Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь өөрийн өмчлөлийн Хюндай соната маркийн улсын дугаартай автомашиныг 8,800,000 төгрөгөөр зарж, хариуцагч Ч. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,400,000 төгрөгийг, үлдэх 4,400,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээрх Голомт банкны тоот дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

7.Хариуцагч Ч. нь автомашины үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдох бөгөөд хариуцагч автомашиныг эвдрэлтэй байсан хэмээн хариу тайлбартаа тайлбарласан боловч үүнийг нотлоогүй, гуравдагч этгээдэд 5,000,000 төгрөгөөр зарж, өөрөө мөнгийг авсан хэмээн зохигч тайлбарлаж байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч автомашины үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй тул түүнээс 8,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгох нь зүйтэй.

8.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбогдуулан 25 хувийн торгуулийг нэхэмжилсэн ба уг шаардлагын үндэслэлээ гэрээний 5.2-т гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг цуцалж, төлсөн нийт төлбөрийн 25 хувийн торгуулийг худалдагчид төлнө гэснийг үндэслэл болгож шаардсан, гэрээний 5.2 дахь заалт нь гэрээг цуцлах тохиолдолд нэхэмжлэгчид үүсэх шаардах эрх үүсэх ба нэхэмжлэгч гэрээг цуцлахгүйгээр автомашины үнийг шаардсан атлаа нэмж торгууль нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

9.Нэхэмжлэгч өөрийн нөөтбүкийг заан барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан байсан, хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс болж 538,000 төгрөгийн сунгалт хийлгэсэн хэмээн уг мөнгийг гаргуулахаар шаардсан ба хэрэгт авагдсан Заан барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээнээс үзвэл зохигчийн хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний харилцаанаас өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр барьцаалан зээлдүүлэх газар нөөтбүкийг барьцаанд тавьсан нь худалдах худалдан авах гэрээтэй шалтгаант холбоотойгоор учирсан хохирол гэж дүгнэх боломжгүй, энэ нь гэрээнээс өмнө нь үүссэн харилцаа байхаас гадна 538,000 төгрөгөөр сунгуулсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10.Мөн автомашиныг хариуцагчид шилжүүлснээс хойших гуравдагч этгээдэд шилжүүлэх хүртэл хугацаанд дээрх автомашины зам ашигласны төлбөр 11,000 төгрөг, торгууль 110,000 төгрөгийг Е Mongolia дээр миний нэр дээр төлбөр гарсан хэмээн тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй хэдий ч хариуцагч уг төлбөр гарсан гэдэгтээ маргаагүй, 121,000 төгрөгийг төлж барагдуулна хэмээн тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрч байгаа дүнгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

11.Иймд харицагч Ч.аас автомашины үнэ 8,800,000 төгрөг, торгууль, зам ашигласны төлбөр 121,000 төгрөг нийт 8,921,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,738,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157,686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.аас 8,921,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, үлдэх 2,738,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,494 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 157,686 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА